Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эцсийн зогсоол Э цэг” багагүй зүйлийг үзэгчдэд ойлгуулсан бүтээл болжээ


Beta Entertainment, Erkhes Entertainment-ийн хамтын бүтээл "Эцсийн зогсоол Э цэг" уран сайхны кино өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Үзэгчид “Эцсийн зогсоол Э цэг” киног өвөрмөц бүтээл болсон байх хэмээн таамаглаж байсан нь хол зөрсөнгүй. Хайр сэтгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хүний сайхан сэтгэлийг уг кино харуулахыг зорьжээ. Киноны гол дүр болох Зоригоо нь ээжтэйгээ хорооллын 3 өрөө байранд амьдардаг эгэл жирийн амьдралтай айлын ганц хүү. Түүний сонирхол бол эр зоригийн тэмцээн болон авто машины “Уралдаан”. Ганц ээжийнхээ багахан цалингаар амьдардаг тэдний хувьд амьдралдаа нэмэртэйн үүднээс хажуу өрөөгөө айлд түрээсэлдэг. Тэдний хажуу өрөөг Хулан гэх охин эгч Сараагийн хамт түрээсэлснээрээ киноны үйл явдал өрнөнө.

“Эцсийн зогсоол Э цэг” уран сайхын киноны ерөнхий найруулагчаар Б.Ариунболд, зохиолчоор Б.Ариунболд, Г.Аюурзана, продюсераар Б.Баясгалан нар ажиллажээ. Гол дүрд реппер Rokit Bay буюу О.Баярсайхан тоглосон бөгөөд киноныхоо дууг өөрөө дуулсан байна. Мөн дүрүүдэд Т.Энэрэл, Ц.Гоодаль, Б.Ариунцэцэг, Б.Батбаяр, Б.Нямхүү, Д.Отгонтөгс нар тогложээ. Киноны туслах найруулагч Э.Лувсандаш “Бүтээл болгон заавал нэг хэлэх санаатай байдаг. Манай киноны хувьд үзэгчдэд хүргэх санаа нь нэлээн дөнгүүр, тод томруун гэж бодож байна. Багагүй зүйлийг үзэгчдэд ойлгуулах болов уу. Хэлэх санаа бол нэлээн бий. Ялангуяа залуучуудад юм бодогдуулах талаас нь бид нэлээдгүй ажилласан. Тэр тал дээрээ бусад уран бүтээлээс ялгарах байх гэж найдаж байна. Үзэгчид үзээд л тунгаах байх л даа” хэмээн ярьж байсан. Тиймээ энэхүү кино залуучуудад ихийг бодогдуулах бүтээл болж чаджээ. Гэр бүлийн үнэ цэнэ, өнөө үед гээгдээд байгаа хүний мөн чанарыг энэхүү киноноос олон хүн ойлгож авна гэдэгт найдаж байна.

Ойрын хугацаанд киноны нээлт танхим дүүрэн хүнтэйгээр нээгдэж байгаагүй бөгөөд үнэхээр үзэгчдийн хүсэн хүлээсэн уран бүтээл болж чаджээ. Ингээд та бүхэндээ "Эцсийн зогсоол "Э" цэг" киноны нээлтийн үйл ажиллагааны зурагнуудаас хүргэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан