Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Долгорсүрэн: Манай эдийн засагт 18 тэрбум ам.доллар төвөггүй шингэх боломж бий


Санхүүгийн зохицуулах хорооны Хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Долгорсүрэнгээс хөрөнгө оруулалтын сан болон санхүүгийн зах зээлийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө оруулалтын сан байгуулагдах нөхцөл бүрдлээ. Гэвч тулгамдаж буй бэрхшээл юу байна вэ?  
-Миний ойлгож байгаагаар хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн зохицуулалт тодорхой болсон. Өөрөөр хэлбэл хууль, дагаж мөрдөх журмууд нь гарсан. Санхүүгийн салбар заавал бие биеэсээ харилцан хамааралтай байдаг. Тухайлбал, кастодионы үйлчилгээ, хөрөнгийн бирж гээд санхүүгийн салбарын дэд бүтэц нь иж бүрэн байх ёстой. Одоо манай санхүүгийн салбарын дэд бүтэц бүрэн бүрэлдэн тогтсон. Хөрөнгө оруулалтын сангууд орж ирэхэд бэлэн гэсэн үг. Нэг л хэцүү зүйл бий.  Эдийн засгийн хямралын нөлөөгөөр дэлхийн хэмжээнд санхүүгийн зах зээл хумигдсан байна. Манай улсын хувьд өөдрөгөөр харвал он гараад эдийн засаг тэлнэ гэж найдаж буй юм. Жишээлбэл, 2010 онд манай эдийн засаг огцом тэлж өссөн. Үүн шиг эдийн засаг маань тэлвэл хөрөнгө оруулалтын сангууд манайд маш их орж ирнэ. Өмнө нь ч хөрөнгө оруулалтын сангууд Монголд байсан. Гэхдээ  ил хэлбэрээр бус брокер диллерийн компаниудаар дамжуулж зах зээлээс үнэт цаас худалдаж авдаг байлаа. Тэгээд дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр бүгд гараад явлаа. Одоо зах зээл сэргээд эдийн засаг тэлээд ирэхээр мэргэжлийн хөрөнгө оруулалт хэлбэрээр орж ирнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын сан болно гэсэн үг.  Учир нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, эрх зүйн орчингүй байсан юм. 

-Хөрөнгө оруулалтын сан байгуулахад хөрөнгийн босго тавьж байгаа юу?
-Бүх дүрэмж журам нь гарсан. Журам гаргахад Дэл­хийн банк туслалцаа үзүүлсэн. Бүх журамд мэргэжлийн зөвлөхүүд ирж ажилласан. Иймд манай гаргасан журам олон улсын жишигт нийцсэн юм. Аль ч орныхтой журам гажихгүй адил. Сингапур, Тайвань, Тайланд, Монголд Хөрөнгө оруулалтын сан байгуулахад адил журамтай гэсэн үг. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын сан гэж ялгаагүй. Бүгд адил тэгш эрхтэй, шаардлагатай.  Менежментийн компани 100 сая төгрөгийн дүрмийн сантай байна. Тэгээд хөрөнгө оруулалтын сангаараа дамжуулж 10 тэрбум төгрөг босгох шаардлагатай. Энэ бол хөрөнгө оруулалтын сан, менежментийн компанийн хувьд маш бага мөнгө. Бид дөнгөж эхэлж байгаа тул аль болох хүндрүүлэхгүй тааламжтай нөхцөл бий болгохыг зорьж байгаа.

-Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын сан байгуулах  хүсэлт хэр их ирж байна вэ?
-Сонирхож л байна. Уулзалт хийж байгаа. Дотоодын хуримтлалаас илүү гадаадаас хөрөнгө татах сонирхол бидэнд бий. Хамгийн гол нь манай дотоодод мөнгөн хуримтлал бага байдаг. Гэхдээ дахин хэлэхэд гадаад, дотоод гэж алагчилж үзэхгүй. Одоогоор хөрөнгө оруулалтын сан байгуулах эрх хоёр компани аваад байна. Хөрөнгө оруулалтын сан кастодионы үйлчилгээгүйгээр ажил­лах боломжгүй. Одоо­гоор манай арилжааны банкууд кастодионы үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргаад байгаа. Ингээд одоогийн байдлаар Голомт банк кастодионы үйлчилгээ үзүүлэх эрх авсан. Ер нь хөрөнгө оруулалтын сан ажиллах бүх дэд бүтэц нь бүрдээд байна.

-Төрийн мэдлийн олон сан бий. Жишээлбэл, Нийгмийн даатгалын сан гэж мөнгө байгаа үгүй нь мэдэгдэхгүй үхмэл хөрөнгө байдаг. Үүнийг менемент хийж хөдөлгөөнд оруулах ёстой гэсэн яриа бий. Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглах болов уу?
-Миний хариуцсан чиглэлийн асуудал биш болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ идэвхжүүлнэ гэж ярьж л байгаа. Олон улсын жишгээр нийгмийн даатгалын сан хөрөнгө оруулалтад шилжих менежмент хийх учиртай. Ялангуяа тэтгэврийн сан хөдөлж байх ёстой. Гэтэл ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүр л сар бүр мөнгө төлөөд дараа нь хэдэн төгрөг авахаа мэдэхгүй явж байна. Тэр мөнгө өсөөд байгаа үгүй нь мэдэхгүй. Миний ойлгож байгаагаар тухайн үеийн инфляцтай уяж индексжүүлдэг. Гэтэл энэ мөнгө нь бага. Хорин жилийн дараа тэтгэвэрт гарлаа гэхэд өнөөдрийн индексжүүлж байгаа мөнгө нь тэр үеийн мөнгөний ханшинд хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй. Иймд олон улсад мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээл дээр эргэлтэд оруулж байдаг. Тэгэхдээ хамгийн өндөр ашигтай эрсдэл бага хувьцаа худалдаж авч өсгөдөг юм. Өнөөдөр тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын сан болж хувирах эрх нь нээгдсэн.  Тэгээд тэтгэврийн сан хөрөнгө оруулалтын сан болоод хөрөнгийн зах зээлд ороод ирнэ гэсэн үг биш. Манай улсад тэтгэврийн сан өөр хуулиар зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн санг зохицуулдаг хуульд өөрчлөлт оруулж байж л хөрөнгө оруулалтын сан болох эсэхийг нь шийднэ гэсэн үг.

-Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Хөрөнгө оруу­­лалтын сангаар дам­жаад манай улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол. Манай эдийн засагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх багтаамжтай гэж та үзэж байна вэ?
-Үүнийг хэлж мэдэхгүй. Ер нь, манай үнэт цаасны зах зээлийн 90 хувь нь гадаадын хөрөнгө оруулалт дээр тогтож байсан болов уу гэсэн тооцоо бий. Яагаад гэвэл орж ирж буй хөрөнгө оруулалтын тэдэн хувь нь хөрөнгө оруулалтын сангийнх гэж ялгах боломжгүй. Одоо хууль эрх зүйн орчин нь тодорхой болчихоор ялгаж салгаж тооцоо дүгнэлт хийж болно. Монгол Улс эдийн засгийн өсөлтийн оргил үедээ зургаан тэрбум гаруй ам.доллар шингээсэн. Үүний ихэнх нь Оюу толгойн хөрөнгө оруулалт байсан. Тэгэхээр Оюу толгойтой дүйх хоёр том төсөлд хөрөнгө оруулалт орж ирэхэд дор хаяж 12 орчим тэрбум ам.доллар болно. Зөвхөн уул уурхайн томоохон төслийг  дагаад цахилгаан станц, зам гээд хөрөнгө шингээсэн бүтээн байгуулалт бий болдог. Эндээс үзэхэд Таван толгой, Цагаансуварга гээд томоохон төсөл их хэмжээний хөрөнгө шингээнэ. Иймд манай эдийн засагт 18 тэрбум ам.доллар төвөггүй шингэх байх гэж бодож байна. Эдгээр төслөөс гадна Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын бүтээн байгуулалт гээд асар их мөнгө шингээх төслүүд манайд бий.

-Эдийн засаг хямралаа, хөрөнгө оруулалт орж ирэх­гүй байна гэдэг. Манай ул­сад хөрөнгө оруулах со­нир­­хол нь буурчихав уу эсвэл өөр шалтгаан байна уу?
-Монгол бол хөрөнгө оруулагч нарт хоосон орон зай. Иймд үр өгөөж өндөр байх магадлалтай. Яагаад гэвэл шинэ зах зээлд хийх ажил их юм. Урьд нь жилд зургаан тэрбум ам.доллар орж ирдэг байсан зах зээлд дахиад ийм хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэд ямар ч асуудалгүй. Миний бодлоор ихэнх нь хөрөнгө оруулалтын сангаар дамжих болов уу гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шууд орж ирэхгүй сангаар дамжина. Олон улсын туршлагаар хөрөнгө оруулалтын сангуу­дад л итгэдэг. Хөрөнгө оруулагч өөрөө шууд хувьцаа худалдаж аваад арилжаанд оролцох сонирхол байдаггүй. Яагаад гэвэл би тэр зах зээлийг мэдэхгүй байж юу худалдаж авах юм. Тэгэхээр заавал мэргэжлийн сангаар дамжуулж арилжаанд оролцох нь зүйтэй. Хөрөнгө оруулалт, менежментийн компаниудад итгэж түүгээр дамжуулж хөрөнгө оруулалт хийх нь оновчтой байдаг. Шууд хөрөнгө оруулна гэхээр тухайн компанид мөнгө өгч төслийг санхүүжүүлдэг. Хөрөнгө оруулалтын сан бол томоохон ашигтай төслүүдэд санхүүжилт хийдгээрээ ялгаатай.

-Манай хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, уналтад орсон. Иймд хөрөнгө оруулалтын сангууд орж ирэхэд хүндрэл учрах юм биш үү?
-Гадаадаас орж ирж буй мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрсдөө асар их туршлага хуримтлуулсан байдаг. Бид судалж цаг алдах зүйлээ тэднээр дамжуулж олж авч болно. Тэд олон жил менежмент хийсэн туршлагатай. Нөгөө талаар мэргэжлийн чадвартай боловсон хүчин орж ирдэг. Тэгэхээр бид тэднээс суралцаад дагаад хөгжинө гэсэн үг. Нэг ёсондоо бид хойноос нь хөөх бус зэрэгцээд суралцаад, ажиллах юм. Манай хөрөнгийн бирж Англи улстай хамтарч программын шинэчлэлт хийж байна. Монголын зах зээл жижигхэн. Гэтэл дэлхийн эдийн засгийн байдлаас шалтгаалж уналтын үе эхэлсэн. Дээр нь боловсон хүчин, шинэ бүтээгдэхүүн байхгүй гээд бэрхшээл олон бий. Гэвч аливаа зүйлийг болгож бүтээх талаас нь ярьж, ажиллах ёстой. Манай хөрөнгийн зах зээл дээр хэдэн хувьцаанаас өөр бүтээгдэхүүн алга. Хөрөнгө оруулалтын сан ороод ирвэл түүнийг дагаад шинэ бүтээгдэхүүн, боловсон хүчин, бодлого  бий болно.

-Манай хөрөнгийн зах зээл дээр хувьцааны төвлөрөл үүссэн. Үүнийг задлах арга хэмжээ авна гэж байсан. Энэ асуудал ямар шатанд явна вэ?
-Өмч  хувьчлалын алдаа гажуудлаас болж томоохон компаниудын хувьцаанууд нэг хүн, гэр бүр, найз нөхдөд төвлөрсөн. Тэд хувьцаагаа зах зээл дээр арилжаалалгүй түгжигдсэн юм. Өөрөөр хэлбэл, хувьцааны арилжаа зогсонги байдалд ороод байгаа. Үүнээс гадна  төрийн өмчийн компаниуд бас хувьцаагаа зардаггүй. Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 он хүртэлх Санхүүгийн салбарын хөгжил, шинэтгэлийн хөтөлбөр боловсрууллаа. Энэ хөтөлбөрийг УИХ-д өргөн барьсан. Ажлын хэсэг байгуулагдаж байгаа. Уг хөтөлбөрийг ондоо багтааж батлах төлөвлөгөө бий. Энэ хөтөлбөрт  компаниудын төвлөрсөн хувьцааг задлах талаар тусгасан. Олон улсад нэмэлт хувьцаа гаргаж хэт төвлөрлийг задалдаг  юм. Ингэж байж гацаанд орсон хөрөнгийн зах зээлээ идвэхжүүлдэг.

-Хувьцааны төвлөрлийг ингэж задлахад хэдий хэрийн хугацаа шаардлагатай вэ?
-Ер нь эрх зүйн зохицуулалт хийхээс эхлээд нэлээд цаг хугацаа шаардсан ажил. Санхүүгийн салбар их эмзэг. Огцом шийдвэр их хорон байдаг. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг шиг  бүр унагах ч аюул бий. Иймд аядуу зөөлөн, тодорхой,  ойлгомжтой хандаж хувьцааны төвлөрлийг задална. Энэ нь нэг, хоёр жилийн ажил болно.  Төрийн мэдлийн компаниудын 30-40 хувийг хувьчил гэж байгаа.    Үүнийг бид хийх гэж оролдож л байна. Ерөнхий бодлого нь гарсан. Хэрхэн хийх, ямар хугацаа шаардахыг УИХ-аар ярьж л шийднэ. Манайхаас 2016 он хүртэл ямар ямар ажил хийх саналаа өгсөн. Төр өөрийн мэдлийн хувьцаагаа зарж болно. Эсвэл нэмэлт хувьцаа ч гаргах тал бий. Компани болгон өөр өөрийн онцлогтой. Гэхдээ стратегийн салбарын дулааны цахилгаан станц, нүүрсний уурхайг хувьчилна гэж байхгүй гэж бодож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан