Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Барьвий: Анхны сонгуулиар Хэнтийн Дадал сумынхныг ухуулж явлаа


Архангай аймгийн Чулуут сумын харьяат Гомбосүрэнгийн Барьвий гуайтай уулзлаа. Тэрээр Монголын Ардчилсан холбооны анхдагчдын нэг. Цэргийн байгууллага дотор ардчилсан сонгууль зохион байгуулж асан зоригтон. 1990 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр гэрчилгээ олгосон 179 дүгээр салбар зөвлөлийн зохицуулагч Г.Барьвий ардчилсан хувьсгалд хэрхэн оролцож явсан түүхийг сөхөн ярилцлаа.

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би 1966 онд ОХУ-ын Улаан-Үд хотод техник мэргэж­лийн сургуульд мод боловсруулах тоног төхөөрөм­жийн механикч, мужааны мэргэжлээр суралцаж төгссөн. Эх орондоо ирээд модон заводод нормын ажил, мужаан, тоног төхөөрөмж засдаг хүн болж ажиллаж байлаа. Тухайн үед засварчин ховор байсан учраас төлөвлөгөө биелүүлье гэхээр төхөөрөмж эвдэрчихээд хэцүү байсан. Түүнээс гадна цалин багатай болохоор хийх хүн олддоггүй байлаа л даа. Тэгэхээр нь би хийе гэж зориг гаргаад ажилласан. Ажиллаж эхлээд, бүх зүйлээ задлаад үзэхээр эвээ олчихсон доо. Тэндээ хоёр жил ажиллаж байтал манайх Польшийн тусламжаар шинэ үйлдвэртэй болох төсөл хэрэгжсэн. Одоо төмөр замын вокзалын урд мод боловсруулах комбинат гэж байгууллаа. Өнөөдөр ч зах зээлийн шуурганаар байхгүй болж дээ. Шинэ тоног төхөөрөмждөө сурахын тулд польшуудтай хамтардаг боллоо. Хэл ам нэвтрэлцэхгүй ч яваандаа сурсан даа. Польш руу хагас жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургал­тад суусан. Дараа нь, хойшоо явж мэргэжил дээшлүүлээд механикаар ажиллах болсон юм. Яг тэр үед цэргийн нас дуусаагүй учраас албанд татагдчихлаа. Тухайн үед өмнөд хил нэлээд ширүүн болсон цаг. Цэрэгт жил гаруй болж байтал барилгын мэргэжлээр орон тоо хэрэгтэй байна гээд дуудагдлаа. Тэгээд л барилгын цэрэгт очсон доо. 1980 оноос хойш 17 жил тэндээ ажилласан юм.

-Ардчилсан хувьсгалд та хэдий үеэс, хэрхэн хол­богдож оролцсон юм бэ?
-Барилгын цэрэгт орос тоног төхөөрөмжтэй, танил байсан л даа. Түүндээ цэргүүдийг зааж, сургана, удирдана. Тэгж байтал ардчиллын салхи сэвэлзэж эхэллээ. Би Польшид байхдаа ийм өөрчлөлтийн уур амьсгалыг мэдэрч байсан л даа. Тэд чинь оросуудаас өөр, нэлээд хувьсгалч үзэлтэй, эрх чөлөө ярьдаг хүмүүс. Тэр нь надад нөлөөлсөн байх. Польшууд хувийн өмчийн талаар ярьдаг болохоор би модны үйлдвэрүүдийг хувийн хэвшлийнх байлгахад яадаг бол гэж бодно. Түүгээрээ эсэргүү яриатай болоод л эхэлж байгаа юм. Гэхдээ хүн ажил мэргэжлээрээ бусдадаа хүндлэгдэж, нөлөөтэй болчихоор хэдий буруу юм яриад байна гэх боловч яг надад хэлэхгүй, цаагуураа л ярьдаг байлаа. Тэр үеэс л би ардчиллыг тууштай хүлээж авсан даа.

-Анхны оролцоо хэзээ, ямар үйл явдал байв?
-Залуучуудын соёлын төвийн үүдэнд болсон анхны цуглаанд би сонсогчоор очсон. Харин Ялалтын талбайд болсон хоёр дахь цуглаанаас идэвхтэй оролцож эхэлсэн дээ. Зарим нь дэмжиж байхад үгүйсгэж, муулж, буруутгаж ярих хүн маш олон. Би нэгэнт ардчиллыг дэмжиж байгаа учраас тэдний эсрэг ойлгуулж ярихын тулд өөрийнхөө тархийг цэнэглэх шаардлагатай болсон. Тийм учраас ардчиллынхантайгаа уулзаж, ярилцаж эхэллээ. “Хонх”-ын Цогтсайханы ах эгчтэй нь найз, манай ойрхон байрных учраас нөлөө их. Тэгэхдээ би цэргийн хүн гэдгээрээ жаахан эмээж байсан. Гэлээ ч тэр дундаасаа хоёр, гурван хүн онцолж дагуулаад л хагас, бүтэн сайн өдрийн цуглаанд очно шүү гэнэ. Бидний хамгийн гол зорилго бол анхдагч, лидерүүдээсээ байгууллагатаа урьж лекц, яриа хийх, сонин уншлага гэх мэт үйл ажиллагаа зохион байгуулах. Тэгэхгүй бол бид өөрсдөө хоосон амаараа яриад байх нь итгэл үнэмшилгүй шүү дээ. Хамгийн түрүүнд Нинжийг, дараа нь эдийн засгийн үүднээс Нэргүй докторыг аваачсан юм. Нэргүй доктортой уулзахдаа нягтлан бодогчоос хуурч авсан цэргийн газрын гурван жилийн тайлан балансаа үзүүллээ. Тэгсэн чинь доктор “Ийм ашигтай үйлдвэр би үзээгүй” гэсэн. Бодит байдал дээр манай байгууллагад цалин маш муу боловч цэргийн үүрэгтэн, тушаалтан гэдгээрээ түүнийг хэлэх боломжгүй. Чи цэргийн форм өмсч, хоол иддэг, хангамжтай учраас 600 төгрөгийн цалин ав гээд л. Гэтэл манайхаас олдог их ашгийг хэн иддэг нь хүртэл тайланд тодорхой байсан. Уг нь, тэр мэдээлэл бидэнд нууц юм. Барилгын цэргийн удирдах газар гэдэг нүсэр том аппаратыг манайх хооллож байсныг ойлгосон. Тэд 1990 оны эхээр ерөнхийдөө бужигнаан болох гээд ирэнгүүт яаж өөртөө ашиг унагах вэ гэдгээ бодож эхэлсэн. Нэг газрын даргад зуслангийн байшин бариад өгнө. Тэр бол манай байгууллагад таван төгрөгийн ч ашиггүй гэдгийг мань мэтийн хүмүүс анзаарлаа. Сүүлдээ ил ч нэг аваад, далд ч аваад замаа алдлаа. Тэгэхээр нь би дургүйцээд ангийн зохион байгуулалт хамаагүй задгай, ийм байж болох хэрэг үү гээд эсэргүүцсэн. Ардчилсан холбооны салбар зөвлөлөө ч байгууллаа.

-Тэр нь танд ямар нэг хүч­тэй эсэргүүцэл, сөргөөр нө­лөөлөх байдал үүсгэсэн үү?
-Манай ангийн захирагч биднийг харж, хорьж чадаагүй гээд шууд “хусууллаа” даа. Нөхөр Намсрайгийн оронд Батжаргалыг томил гээд л. Тийм л зүйл болсон. Түүнээс өмнө нэг үйл явдал болсон. Наймдугаар сарын үед манай МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Энхтүвшинтэй таарлаа. Би Хэнтийд сувилалд амрах гэж байгаагаа хэлтэл “Юун сайн юм бэ. Хэнтийн Дадал сумын буриадууд сонгуульд нэр дэвших гэж байгаа Ардчилсан холбооны хүнийг эсэргүүцээд болдоггүй. Чи зохицуул” гэлээ. Тэр хүмүүс нь Зориг, Бат-Үүл хоёр л ирэхгүй бол бид саналаа өгөхгүй ээ гээд хоёр хүн нь төлөөлөөд ирж. Эсрэг нам МАХН-ын нэр дэвшигчийг сонгомооргүй байна гэхээр тэнд сонгуулийн ирц хүрэхгүй, унах болчихоод байсан хэрэг.

-Тэгээд та үүрэг аваад асуудлыг яаж шийдсэн бэ?
-Энхтүвшин ч газар дээр нь бичгийн машинаар “Итгэмжлэх” гэсэн цаас өгөөд, МоАХ-ны тамга дарчихлаа. Би Дадалд нэг ч очиж үзээгүй, таних хүнгүй. Гэлээ ч сумаа төлөөлж ирсэн хоёр хүнтэй таарч, хамт явсан юм. Очсон өдрийн маргааш нь сонгуулийн өдөр болохоор байлаа. Гэлээ ч намайг очсоныг сонсоод Дадалын иргэд маш идэвхтэй цугласан. Хэдий би их тулгамдаж байсан ч хүмүүстээ сонгуульд оролцох хэрэгтэй гээд, ухуулж өглөө. Тэдний хувьд сонгуулийн саналын хуудсанд хоёр хүний нэр биш ганцхан МАХН-ын нэр дэвшигчийн нэр л байгаа гээд ойлгочихож. Юутай ч хүмүүсээ сонгуульд оролцуулахаар болоод хөдөөгийн айлууддаа тараах гэтэл Балж, Онон гол үерлэчихээд болдоггүй. Гэсэн ч хоёр эргээс орилж, хашгирсаар байгаад санал өгөхөөр болсноо ойлголцсон юм.

-Энэ бол таны ардчил­лынхан анхны сонгуульдаа амжилттай оролцоход ту­сал­сан нэг хувь нэмэр байжээ.
-Түүгээр дуусаагүй ээ. Орой нь би өнөөх сувилалдаа ирлээ. Гэтэл өнөөх сумаас нэр дэвшиж байгаа Цэрэн гэж хүн тэнд байна. Уулзаад сонгуульд нэр дэвшсэнээ мэдсэн үү гэтэл тийм гэнэ. Гэхдээ сонгогдоод нэмэр бий юу гэх маягтай зүйл ярилаа. Амьхандаа л ярилцахыг хичээлээ. Тэгээд сувиллын оройн хоол болохоор нь Цэрэн гуайг танилцуулаад энэ суманд нэр дэвшиж байгаа хүн гэнэ. Бүгдээрээ дэмжье ээ гээд л уриаллаа. Сувилалд багш голцуу удирдах албан тушаалтай сэхээтэн 300 орчим хүн байсан. Бүгдээрээ л тэгэлгүй яах вэ гээд алга ташиж байна. Нэгэнт сонгуулийн өдөр Дадалд байгаа хүмүүс тэнд л санал өгнө шүү дээ. Тухайн үед өнөөгийнх шиг сонгуулийн сурталчилгааны хаалт, хугацаа дуусах гэсэн зүйл байгаагүй.

-Үр дүн юу болсон бол?
-Цэрэн гуай гараад л ирсэн дээ. Ёстой гайхмаар сайхан. Ардчиллынхан тэр үед таван нам нэгдээд сонгуульд оролцоод, намын суудал бас сонгосон. Тэгэхэд таван нам бүгдээрээ гараад ирсэн шүү. Ногоон намд хүртэл хоёр хүн санал өгчихсөн байлаа. Харин эсрэг талын нэр дэвшигч сумынхаа Засаг дарга байсан хүн, сонгуулиар уначихаж байгаа нь тэр. МАХН-ынхан сумын төв, хөдөө малчдынхаа дунд л зохион байгуулалт, сурталчилгаа хийгээд явсан. Гэтэл сувилалд тийм олон саналын эрхтэй хүн байгааг тооцоогүй юм шиг байна лээ.

-Та Хэнтийн Дадал сумаар эргэж очсон уу?
-Үгүй. Дахиж тийш очих бололцоо гараагүй юм. Тэр үеийн анхны партизан, ахмадуудын зарим нь өнөөдөр өндөр настан болоод суугаа байх. Батдорж, Батсуурь гэж ах дүү хоёр намайг их сайхан хүлээж авч байсан даа.

-1990 онд түүхэн үйл явдал боллоо. Тэр цаг үеийн өмнөх, дараах хоёр орчны ялгаа, өөрчлөлт юу байсан гэж та хувьдаа үзэх бол?
-Тухайн үед байгууллага бол бидний үйл хэргийг сайхнаар хүлээж авахгүй шүү дээ. Хэнтийгээс эргэж ирэхэд манай ангийн даргыг халчихаж. Үндэслэл шалтгаанд нь МоАХ-ны салбар зөвлөл байгуулахад зоргоор нь тавьж, дураар нь аашлуулсан гэж байсан л байх. Гэхдээ цэргийн салбарт 20 жил ажилласан, боллоо гээд халчихсан юм билээ. Тэгтэл шинэ даргыг нь манай байгууллагынхан хүлээж авахгүй гээд, Ардчиллынхан юу хийгээд байна аа гээд шахаж эхэлсэн. Тэгээд тэр асуудлаас үүдэж тэмцэх болсон доо. Би хуучин ангийн даргатай уулзаад, биднээс л боллоо, яадаг юм билээ гээд хэллээ. Гэтэл тэрнээс болоогүй, эд нар угаасаа намайг зайлуулах гээд байгаа гэж байна. Тухайн үедээ тэгж хэлсэн ч бүр сүүлдээ ойлгомжтой л болсон доо.

Цэргийн байгууллагын даргыг өмнө нь дандаа дээрээс томилдог байсан. Гэвч тэр үед бид ангийн даргаа өөрсдөө сонгуулиар гаргая гээд Батжаргалыг ерөөсөө эсэргүүцсэн. Ерөнхий инженерээ нэр дэвш гэж хэлтэл үгүй гэнэ. Тэгж байтал Барилгын цэргийн удирдах газрын дарга Жаргал намайг дуудаад зэмлэлээ. Хүмүүсийн толгой эргүүлсэн юм яриад, яах гээд байгаа нөхөр вэ гэнэ. Тэгэхээр нь хөдөөнөөс иртэл ийм зүйл болж, би ч учир зүйг нь олох гээд л гүйж яваагаа хэллээ. Тэгсэн тийм сүрхий юм бол даргаар ажиллаж чадах хүнийг нь олоод ир, би томилоод өгье гэж байна. Гараад л Барилгын яамаар орж үзлээ, сайн инженер, мэргэжилтэн хайгаад. Барилгын цэргийнхээс хүн аваачих гэхээр мэргэжил нь гологдоод, энгийн барилгын инженер хошууч болгоод авъя гэхээр цэргийн амьдралаас айгаад болдоггүй. Тэгж тэгж Барилгын цэргийн орлогч дарга ирээд, за ерөөсөө сонгуулиар чинь шийдье гэсэн. Тэд удирдах газраасаа хүн дэвшүүлье гэж байна.

-Тэгээд хоёр хүн нэр дэвшиж өрсөлдөхөөр болж байна уу?
-Үнэндээ гурван хүн. Бид дотроосоо хайж, ярьж ярьж яваад цехийн дарга байсан Өлзийсайхан хошуучийг нэр дэвшүүлэхээр сонголоо. Гэтэл удирдах газрынхан хүч сааруулах гээд дахиад нэг хүн нэр дэвшүүлж байна. 800 гаруй хүний дунд гурван нэр дэвшигч өрсөлдтөл удирдах газрын Очирбат сонгогдчихлоо. Яагаад гэхээр тэр хүний мөрийн хөтөлбөрийг удирдах газар бүхлээрээ сууж байгаад хийсэн, маш том хөтөлбөр. Харин биднийх түүний хажууд хүчгүйдсэн хэрэг. Яг энэ үед миний буруу бол­сон нь Нэргүй доктортой уул­заад, зөвлөгөө аваагүй яв­дал. Хэрэв түүнтэй уулзсан бол эсрэг тал цохиулах байсан юм.

-Тэгэхээр цэргийн байгууллага дотооддоо сонгууль зохион байгуулсан анхны үйл явдлын гол гэрч нь та байх нь ээ?
-Тийм ээ. Тухайн үед цэргийн байгууллагын хүмүүс эрхийнхээ төлөө тэмцээд, эсэргүүцэж, ямартай ч зорьсондоо хүрч сонгууль зохион байгуулсан минь энэ. Гэхдээ тухайн үед сонгуулиас гадна комбинатын үйл ажиллагаатай холбоотой олон олон чухал заалт, шаардлага тавьсан. Тэднийг огт биелүүлээгүй ч сонгуулийг л зөвшөөрсөн дөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан