Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэс баялгийн салбарын уналтыг “эргээд ирээрэй” гэж тодорхойлов


Монголын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс буурсан гэдгийг энэ удаагийн “Дисковер Мон­голиа-2014” уулзалтаас ажиг­лаж болохоор байлаа. Хоёр хоногийн турш “Монголын хүүхдийн ордон”-д үргэлжил­сэн чуулганы эхний өдөр бараг хүнгүй шахуу байсан ч хоёр дахь өдөр гадаад, дотоодын тө­лөө­лөгчид нэмэгдэж, ин­дэр дээрээс илтгэл тавьсан зохион байгуулагчдын нүү­рийг тахлахтайгаа болов.

Сүүлийн хоёр жилийг эс тооцвол Монголын уул уурхайн үндэс­ний ассоциац (МУУҮА)-ын зохион байгуулж байгаа “Дис­ко­­вер Монголиа” уулзалт ийм бага хүнтэй байсан удаагүй.
Салбартаа тулгамдаж бай­гаа гэхээс илүүтэй уул уурхайн ирээдүйг уулзалтаас тодорхойлж, хөрөнгө оруу­лагч­­дыг гуядана уу, гэхээс гуйж байсан тохиолдол бараг л үгүй. Харин 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн уулзалт арай л өөр дүр зургийг харууллаа хэмээн хаа, хаанаа дүгнэлээ.  

Эргээд ирээрэй

Уул, уурхайн салбар цөх­рөнгөө барсан гэдгийг энэ удаагийн уулзалтын уриалгаас харж болохоор байсан нь “Эргээд ирээрэй” гэх хоёрхон үг. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлж буйгаар бол ирэх жилүүдэд энэ салбарт 49 тэрбум ам.долларын өртөгтэй төслүүд хэрэгжих боломжтой гэнэ. Гэхдээ энэ боломжийг хангахын тулд юун түрүүнд хөрөнгө оруулагчдыг татах асуудал тулгамдаж байна. Аргаа барсандаа л Монголын уул, уурхайн үндэсний ассоциац дээрх уриалгыг гаргаж, төрөөс энэ салбарт баримтлах бодлого зөөлөрсөн гэдгийг тоть шиг давтсан байх учиртай. Тэгсэн ч нэгэнт явчихсан хөрөнгө оруулагчдыг татахын тулд олон бэрхшээл даван туулах шаардлагатай гэж гадны төлөөлөгчид үзлээ. Тухайлбал, тэдний нэгэнт итгэл алдарсан зүйл бол Засгийн газар.

Дүүжин савлуур

Засгийн газрыг дүүжин савлууртай адилтгаж болохыг “Mongolian Investment Banking Group” компанийн төлөөлөл илтгэлийнхээ явцад онцлов. Үнэхээр хэлсэн, ярьсандаа хүрдэггүй учраас хөрөнгө оруулагчид болгоомжилж, яаран орж ирэхгүй байгаа гэдгийг уулзалтад оролцогчид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн.  Засгийн газраас уул, уурхайн салбарын бодлогын баримт, бичгийг баталж, гадаадын хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа эхлэх, тусгай зөвшөөрөл эзэмших боломжийг нь нээж өгсөн боловч одоогоор нэг ч компани хөрөнгө оруулах талаар ам нээгээгүй нь  үүнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын хамгийн тогтвортой байж болох түшэц, хууль эрхзүйн орчин нь савалж байнга өөрчлөгдөж байгаа нь тэднийг үргээх хамгийн том шалтгаанд тооцогдож байна. Жишээлбэл, Ашигт малтмалын тухай хуулийг 1994 онд баталж, өнөөдрийг хүртэл олон удаа УИХ-аар хэлэлцэж, өөрчлөлт оруулж байсан ч уул уурхайн салбарт баримтлах бодлогын баримт бичгээ сольж байгаагүй нь хөрөнгө оруулагчдад таагүй байдал үүсгэдэг аж.
Харин оны эхээр дээрх баримт бичгийг Ашигт малтмалын тухай хуультай уялдуулан баталсан нь хөрөнгө оруулагчдад тогтвортой ажиллах үндсийг бүрдүүлсэн хэмээн салбарын сайд онцоллоо.

Улс төрөөс ангид байхыг хүсэв

Уулзалтад оролцсон тө­лөө­­лөгч­дийн дараагийн он­цолж байгаа зүйл нь уул уурхай бол улс төрийн тоглоом биш гэх дургүйцэл. Энэ жилээс дээрх байдалд өөрчлөлт орсон ч БНХАУ-ын ганц, хоёрхон хөрөнгө оруу­­­­лагчдыг эс тооцвол “Дисковер Монголиа” уул­зал­­­­тад оролцохоор ши­нээр бүртгүүлсэн гадаадын хөрөн­гө оруулагч компани байгаагүй. Тиймдээ ч манай улсад үйл ажиллагаа явуулаад үзчихсэн, энэ талын зохицуулалтыг төр хэрхэн хийдэг, улстөрчид уул уурхайгаар хэрхэн шоуддаг гэдгийг мэддэг учраас ийнхүү хэлсэн нь үнэний ортой.
Энэ талаар Геологи, уул, уурхайн мэргэжлийн институтын ерөн­хийлөгч Д.Дамба “Уул уурхай бол цэвэр эдийн засгийн салбар. Тиймдээ ч улс төрөөс ангид байх учиртай. Гэтэл сонгуулийн дараагаар халаа сэлгээ хийж, холбогдох хуульд өөрчлөлт орох, улстөрчдийн өөрсдийнх нь нөлөө орж ирэх зэргээр тогтворгүй байдал үүсдэг” гэсэн юм. Тиймээс УИХ-аар баталсан хууль нь хөрөнгө оруулагчдад тогтвортой байх баталгаа болохгүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэв.

Энэ нь хөрөнгө оруулагчид сайн, муу хууль эрхзүйн орчин гэхээс илүүтэй ядаж хоёр удаагийн сонгуулийн хугацаанд тогтвор­той  байх эрхзүйн орчинг үгүйлж байгаатай салшгүй холбоотой билээ.
Эерэг өөрчлөлтүүд гарсан ч

Эрдэс баялгийн салбарт олон өөрчлөлт гарсан гэдгийг үгүйсгэхгүй. Чуулганы үеэр ч харьяа яамны илтгэлийн зангилаа нь төрөөс баталсан, цаашид баримтлах бодлогын баримт бичгийн асуудалд тулгуурлаж байсан. Тиймээс хөрөнгө оруулагч төр хоёрын гол асуудал нь тогтвортой байх гэдэгт гацчихаад байгаа гэдгийг энэ удаагийн чуулганаар үндсэндээ ойлголцсон гэхэд болно. Хэдийгээр 50 орчим тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт татахад бэлэн байгаа, хууль эрхзүйн орчин нь сайжирсан гэж хэлсэн ч “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг томоохон ордуудыг тойрсон асуудалд хөрөнгө оруулагчид анхаарлаа хандуулж байна. Үүнээс гадна 2016 оны сонгуулийн дараах үйл явцыг ажиглаж байж хөрөнгө оруулагчид томоохон төсөл хөтөлбөрт оролцох шийдэх нь үндсэндээ Засгийн газрыг тандаж буй нь илт. Харин өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд ашигт малтмалын хайгуул хийх, ашиглахыг хориглосон. Үлдсэн газар нутгаас 15-20 орчим хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэл ажлыг харьяа яамны зүгээс эхлүүлээд байгаа юм. Юутай ч, уул уурхайн салбарын баримт бичгүүдийг цэгцэлж, Засгийн газраас уул уурхайтай холбоотой зохицуулалт хийхдээ мэргэжлийн холбоод болон эрдэмтэн, судлаачдын дуу хоолойг сонсож байж аливаа шийдвэрийг гаргах хэмжээнд өөрчлөлт оруулж чадсан ч хөрөнгө оруулагчид хэр тогтвортой байхыг хэсэг хугацаанд ажиглах нь бараг тодорхой болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан