Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Далай ламын институт татан буугдаж байна


ХIV Далай лам Германы “Велт ам Зонтаг” сонинд ярилцлага өгөхдөө ийм мэдэгдэл хийжээ. Далай лам “Улс төрийн нөлөө байсан тулдаа л Далай ламын институт чухал ач холбогдолтой байсан. Харин өнөөдөр улс төрийн нөлөө байхгүй. Ингэснээр Далай ламын институтын таван зуу гаруй жилийн түүх дууслаа. Энэ бүхэн гадны шахалтгүй сайн дураар болж байгаа” гэсэн байна. Үргэлжлүүлэн “450 жил үргэлжилсэн.

Далай ламын институтэд дуусах нэг өдөр байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй... Далай ламын дараагийн төрлийг тодруулах шаардлагагүй болсон. Төвдийн буддизм ганц хүнээс хамаардаггүй. Бидэнд маш сайн сургасан лам, эрдэмтдээс бүрдсэн байгууллага бий. Бид сүүлийн тавиад жилийн турш энд, Энэтхэгт алхам алхмаар хүчирхэг нийгэмлэг байгуулсан” гэж. Өдгөө 79 настай Далай лам өөрийн эрүүл мэндийн талаар ярихдаа “Намайг үзсэн эмч нар 100 хүрнэ гэсэн.
Миний хувьд 113 хүрэхийг хүсч байгаа. 100 бол лав хүрнэ” гэсэн аж.

Нас дээр гарсан Далай ламыг өөд болохоор хойд дүрийг нь хаанаас тодруулах тухай яриа гараад нэлээд олон жил болж байгаа тул уншигч та лав сонсож байсан биз. Энэ талаар зарим нь Энэтхэгт байгаа Далай лам өөд болсон тухай мэдээ гарангуут Хятадын эрх баригчид тусгай тушаал гаргаж Түвдөөс нэг хүн тодруулаад түүгээрээ дамжуулан түвдүүдийг төдийгүй дэлхийн даяар шарын шашинтнуудыг захирах гэж оролдох байх гэж хардаж буй. Тэгээд ч Ванчин Богдын хойд дүрийг Төв хорооны шийдвэрээр тодруулсан туршлага манай урд хөршид бий.
Нөгөө хэсэг нь Далай ламын хойд дүрийг Монголоос эсвэл бүр Америкаас тодруулан Хятадын эрх баригчдын хийж байгаа түвдүүдийн тэмцэл үргэлжилнэ гэж таамаглах. 1992 онд Энэтхэгийн “The Times of India” сонинд Далай лам “Буддын шашны уламжлалаар миний хойд дүр гагцхүү Түвдээс өөр газар төрөх ёстой” гэж хэлсэн тухай мэдээ ч үүнийг нотлох шиг.

Далай ламын институт сайн дураар татан буугдаж байгаа, цаашид хойд дүрийг тодруулах шаардлагагүй болсон тухай энэ мэдэгдэл олон маргааныг эцэслэж байна гэж болно. Гэхдээ тэр болтол зай ч байна лай ч байна гэдэг шиг.
Өөрөө ямар ч байсан 100 хүрнэ, болвол 113 наслана гэж байгаа тул ХIV Далай лам ахин 30 гаруй жил хүссэн хүсээгүй үг болгоныг нь олон сая хүн алга хавсран хүлээн авдаг шүтээн хэвээр байж, нэлээд олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Тэргүүлэгч нарын ард гарч дэлхийг хамарсан олон чухал үйл явдалд оролцон гэрч нь байх бололтой.
Албан ёсоор бол Далай лам 2011 онд улс төрийн бүх эрх мэдлээс сайн дураар татгалзан Энэтхэг дэх Түвдийн төв Засгийн газрын тэргүүний суудлаа Америкт боловсрол эзэмшсэн Лувсан Сэнгээ гэгч хүнд шилжүүлэн өгсөн. Гэвч олны итгэл, бишрэл, хүндэтгэлийг албан тушаалаар бус олон жилийн турш хийсэн үйлдэл, хэлсэн үгээр олж авдаг тул Далай ламтан хүссэн хүсээгүй их гүрнүүдийн геополитикийн тоглоомонд янз бүрээр оролцсоор байх болно. Иймдээ ч дэлхийн улс төрийн байдал ээдрээтэй болж байгаа өдрүүдэд Далай ламтан энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэлгүй өнгөрч чадаагүй бололтой. Германы сонинд өгсөн ярилцлагадаа Хятад ба Оросын явуулж байгаа бодлогын талаар хэд хэдэн сонирхолтой санаа илэрхийлжээ.

Хятадын тухай

Хятадын шинэ дарга Си Жиньпинийг БНХАУ-ын түүхэнд шинэ эринийг эхлүүлсэн, Ху Жинтаогийн үед байснаас илүү зохистой, чөлөөтэй нийгэм байгуулахыг хүссэн, авлигатай эрс хатуу тэмцэж байгаа, үүнээс болоод хуучин коммунистуудын дунд олон дайсантай болсон, хамгийн гол нь энэ оны гуравдугаар сард Францад айлчлах үеэрээ Буддизмыг Хятадын соёлын чухал хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн гэж магтсан байна.
Далай ламын бодлоор энэ бүхэн хангалттай биш бөгөөд Хятад дэлхийн улс төрийн амьдралд илүү идэвхтэй оролцох ёстойг онцлоод “Одоо Хятадыг хүний эрхийг сахидаг, үг хэлэх эрх чөлөөтэй, хууль эрхэт төрийн тогтолцоотой ардчилсан улс болон төлөвших замд нь дэлхий нийт дэмжлэг үзүүлэх тухай яригдаж байна. Дэлхий нийтийн чиг хандлагад нийлнэ гэдэг сайн, Түвдэд ч хэрэгтэй” гэжээ. Хэдий улс төрөөс ангид болсон гэж байгаа ч хэлсэн үг болгон нь БНХАУ-ын бүрэлдэхүүн болсон Түвд, түвдүүдийн амьдралд ямар нэг байдлаар заавал нөлөөлнө гэдгийг мэдэж байгаа нь мэдээж. Иймд Хятадын одоогийн удирдлагын хэрэгжүүлж байгаа бодлогын үр дүн гарч эхлээгүй байхад шүүмжлээд, хатуурхаад эхлэх нь яарсан хэрэг болно гэдгээр энэ мэдэгдлийг тайлбарлаж болох юм.

Оросын тухай


Харин манай хойд хөршийн даргыг Далай лам эрс хатуу шүүмжилсэн байна. Тэрээр “Ноён Путин эхлээд Ерөнхийлөгч болж, дараа нь Ерөнхий сайд байгаад ахин Ерөнхийлөгч боллоо. Бага зэрэг хэтрүүлж байна. Энэ бүхэн түүний байр суурь “би, би би” гэсэн өөрийгөө хэт дөвийлгөж байгааг харуулж байна. Бүх асуудлын эх нь энд л байна” гэжээ.
Ингээд зогссонгүй Далай лам “Хятад Орос хоёр хоорондоо эрс ялгаатай тохиолдол юм шүү” гээд Хятадыг улс төрийн глобал системийн нэг хэсэг болохоор чармайж, олон улсын тоглоомын дүрмийг удаан хугацааны турш мөрдөхөөр бэлдэж байхад Оросын хувьд, Ерөнхийлөгч Путиний хувьд ийм зүйл байхгүй байна гэсэн утгаар бодлоо илэрхийлсэн байна.
Тэрээр “Бид Берлиний хана нурсан гэдэгт хэдийнэ дассан. Гэтэл одоо Ерөнхийлөгч Путин ханыг ахин барихыг хүсч байгаа мэт сэтгэгдэл төрөөд байна. Гэтэл ингэснээр тэрээр улсдаа хор хүргэнэ. Өөрийгөө бусдаас тусгаарлана гэдэг Оросын хувьд амиа егүүтгэсэнтэй адил” гэжээ.
Далай лам өрнөдийн улс төрийн өндөрлөг, сэхээтнүүдийн ертөнцөд нэр хүндтэй нэгэн. Иймдээ ч өрнөдийн зүгээс байнга дэмжлэг авч явсаар ирсэн. Ийм байтал Америк тэргүүтэй өрнөдийн орнууд дарангуйлагч, ардчиллыг боомилогч, булаан эзлэгч гэж шүүмжлээд байгаа Путиний талаар нааштай үг хэлнэ гэдэг өрнөдийн дэмжлэгийг шууд алдаж байгаатай адил. Мөн Дээрхийн гэгээн энэ шүүмжлэлээрээ Буриад, Халимаг, Тувагийн олон арван мянган буддистуудыг Оросын сөрөг хүчний талд дам дамандаа татсан хэрэг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан