Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Таван дарга ба таван өөр улс төр


Оршил буюу Ардчилсан Нам мэндэлсэн товч түүх

Ардчилсан Нам 2000 оны 12 дугаар сарын 6 буюу Монголын их эзэнт гүрэн байгуулагдсан тэр өдрийг товлон байж Их хуралаа зарлан шийдвэрээ гаргаж, улс даяар зарласан билээ. 2000 оны сонгуульд ардчиллын төлөөх намууд тус тусдаа салангид оролцсоны уршиг, гол нь төр барьсан дөрвөн жилийн дотор Засгийн Газраа дөрвөнтээ унагасны нөлөө бас олон ааштай төр засагт гадны хөрөнгө оруулагчид үл итгэх болсноор улс орны эдийн засаг тодорхой хэмжээгээр сульдаж, ард түмний амьдрал тэр хэмжээгээр уруудсаны гор зэрэг олон хүчин зүйлийн үр дүнд үндсэндээ УИХ-д нэг ч суудалгүй ялагдсан нь нэгийг бодоход хүргэсэн хэрэг. Ийнхүү дор бүрдээ хэлэлцээд голлох таван нам санал нэгдэж Ардчилсан Нам байгуулагдсан нь тухайн үедээ нийгмийн захиалга байлаа. Ерэн оны ардчилсан хувьсгалын түүчээ бологсдоос зонхилон бүрдсэн МҮАН \ Монголын Үндэсний Ардчилсан Нам \, МСДН \ Монголын Социал Демократ Нам \ хоёр гол цөм нь болж, МСМН \ Монголын Сэргэн Мандлын Нам \, МоАН \ Монголын Ардчилсан Нам \, МНН \ Монголын Ногоон Нам \ -ууд энэ нэгдэлд орсон юм. Хэдийгээр эв нэгдлийн эрхэмлэж, нэгэн дээвэр дор нягтарч, нэг нам болохоо тунхагласан хурлаараа 100 хувь гар өргөн баталсан ч, нам намын удирдагч нарын дотор эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх тухай далдхан хүсэл өвөртөлж ирснийг үгүйсгэх аргагүй. Яагаад гэхээр тийм байдал ердөө дараа жилээс нь цухалзаж эхэлсэн байдаг. Ардчилсан Намыг санаачлагч болохын хувьд хуралд бэлтгэх, бичиг баримтаа боловсруулах, иргэдэд энэ талаараа сурталчлах, бусад намуудтай уулзаж зөвшилцөх гээд үндсэндээ дөрвөн сар шахам үргэлжилсэн зохион байгуулалтын бүх ажлыг МҮАН, МСДН-ын нөхөд гүйцэтгэсэн бөгөөд ажлын хэсгүүд байгуулагдаж, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, З.Энхболд, Э.Бат-үүл нарын зэрэг улс төрчид ахлан ажилласан ба хэсэг тус бүр арав орчим хүнтэй байлаа. 2000 оны 11 сар гэхэд бэлтгэл ажил хангагдаж, гагцхүү намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар хэн хэнийг нэр дэвшүүлэх асуудал маргаантай үлдлээ. Анх төлөвлөснөөр бол намын даргаар М.Энхсайхан, ЕНБД-аар Н.Алтанхуяг гэсэн хувилбар дэвшүүлж, эхэндээ санал нэгдсэн боловч, хэд хэдэн зөвшилцлын дараа Энхсайхан намын дарга болвол ЕНБД-аар Ё.Гэрэлчулууныг авна гэж зүтгэснээр эхний хувилбар задарч, асуудал нилээд хурцадсан юм. Ингээд аль тал нь нэрээ татаж, аль аль тал нь хүлээж авч болох , төвийг сахигч, аядуу зөөлөн нэр дэвшигч хэмээн үзэж намын даргад Д.Дорлигжавыг сонгосон бол ЕНБД МСДН-аас байх анхны тохиролцоо дагуу З.Энхболдыг  Их хуралд оруулсан түүхийг цөөвтөр хүн мэднэ. Анхдугаар хурал ерөнхийдөө баяр ёслолын байдалтай болж, бэлтгэж оруулсан АН-ын мөрийн хөтөлбөр, Үндсэн Дүрэм зэргээ сайшаан, Намын даргаар Д.Дорлигжав, ЕНБД-аар З.Энхболд нарыг баталж, ҮЗХ \ Үндэсний Зөвлөлдөх Хороо \ байгуулагдах хүртэл ажиллах Зөвлөлдөх Зөвлөл гэж байгуулан тодорхой эрх мэдэл өгснөөр үйл ажиллагаа эхэлсэн билээ. Ардчилсан Намын анхаарлаа хандуулах гол ажил нь Ерөнхийлөгчийн сонгууль байв. АН энэ сонгуульд М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын нэрийг дэвшүүлсэн, улс орон даяар сунгаа хийсэн, нэр дэвшигч маань ялагдсан, Булган аймагт явагдсан нөхөн сонгуульд Э.Бат-үүлийн нэрийг дэвшүүлж, цөөвтөр саналаар ялагдсан гээд амжилт тааруухан түүх үргэлжилсэн. Эдгээр нь нэг талаас намын ялагдал мэт харагдавч нөгөө талдаа шинээр байгуулагдсан АН орон нутагт нэр хүндээ өсгөх, гишүүд болон иргэдтэй ойртож ярилцсан их ажлын он жилүүд байсан гэхэд болно. Ойр ойрхон явагдсан хоёр сонгуулиас гадна орон нутгийн сонгуульд ялагдсан нь намын удирдлагын ажилтай холбоотой хэмээн үзсэн тул ЕНБД З.Энхболдыг өөрчилж, Н.Алтанхуягийг оронд нь батлав. Түүх сөхвөл олон олон баримтууд дурдаж болох ч түр орхиж, үе үеийн намын дарга нарын тухай товч өгүүлсүү.

Аядуу зөөлөн ч аль алинтай нь хэл амаа ололцдог Дорлигоо дарга

Тэрээр Монголын Ардчилсан Холбоог байгуулагч анхдагчдын нэг, анхны өлсгөлөнд оролцож, ардчиллын төлөө амь насаараа дэнчин тавигчдын нэг тул жирийн гишүүд, дэмжигчдын талархал хүлээсэн, хайртай улс төрч яах аргагүй мөн. Хувь хүний хувьд төлөв, даруу, зөөлөн талдаа ч аливаа асуудалд нилээд ул суурьтай ханддаг нь хуульч мэргэжилтэй нь холбоотой байх. Юмны түрүүнд орж, чанга хашгирахгүй ч хэлсэн, зөвлөсөн үг нь бусдад нөлөөлдөг учир тулгарсан асуудлыг шийдэхэд хэрэгтэй үг дугардаг гэдэг. Тэр ч чанараараа Бямбасүрэн гуайн Засгийн Газарт шадар сайдаар томилгодож, жирийн иргэн хэн боловч хичээвэл төр жолоодож болох эхлэлийг тавигч мөн. Дорлигоо даргын үед Ардчилсан Нам хуучин МСДН-ын байранд төвлөрч байлаа. Гишүүд, дэмжигчид ер нь хэн хүссэн бүхэн ирж, санал бодлоо хэлдэг, нэг ёсондоо ардчиллыг дэмжигч болгоны төв штаб гэхэд болохоор олны хөлийн газар болов. Ялангуяа Н.Алтанхуяг ЕНБД болсноос хойш ийм байдал илүү нэмэгдсэнийг гишүүд андахгүй. Энэ хугацаанд “Ардчилсан Нам ард түмнээ сонсож байна” их аян зохион байгуулж, 21 аймаг, есөн дүүрэг 150 гаруй сумдад намын удирдлагууд хүрч ажилласан билээ. УИХ-д ганц суудалтай \ Ж.Наранцацралт \ байсан бол Л.Гүндалай гишүүн нэмэгдэж, гол нь жирийн иргэд, бизнес эрхлэгчид, ер нь албан тушаалын наймаа, нэг намын эрх мэдэлдээ эрдсэн үйлдлүүдэд дургүйцсэн олон нийт АН-ыг дэмжих уур амьсгал бүрдсэн гэхэд болно. Намын дэргэд “Сайн байна уу” сонин гарч хийж буй ажил бүрээ орон нутагт түгээх ажлыг эхлүүлэв. Долоо хоног тутам “Цонх” сэтгүүл бэлтгэгдэн намын дотоод асуудлууд болон аймаг дүүрэгт хийгдэж буй намын ажлыг мэдээлэх болсон нь үр дүнгээ өгч байлаа. Намын дээд шагнал “Чингис хааны одон”- той болов. Намын удирдлага сайн ажиллаж, нэр хүнд нь өсөхийн хэрээр намын даргын суудалд санаархагчид нэмэгдэж байсан нь дараагийн сонгуулийн магадлалыг тооцсон хэрэг байсан буй заа. Дорлигжав намын даргаар ажиллах хугацаанд ҮЗХ найман удаа хуралдахад  гишүүдийн сонирхдог гол сэдэв нь намын даргыг огцруулах байсан гэвэл итгэмээргүй байгаа биз. Тэр болгонд сандарч тэвдэж, элдэв арга саам хэрэглэж байгаагүй ч санал хураалт ил, далд ямар ч хэлбэрээр явагдсан удирдлагаа солихгүй дээр төвлөрдөг байснаас үзвэл Дорлигжав, Алтанхуяг нар гар нийлэхийн зэрэгцээ, гишүүд дэмжигчид хийж буй ажилд нь талархалтай ханддаг байсны илрэл гэж дүгнэдэг. Намын даргаас больсон хойноо ч Дорлигжав, Батлан хамгаалахын сайдаас эхлээд  Эрдэнэтийн захирал, Ерөнхий Прокурор хүртэл өндөр албанд итгэл хүлээн томилогдоод явдгийг санамсаргүй тохиолдол гэж үзэмгүй. Өөрөөр хэлбэл тэр сайн улс төрчдийн эхний эгнээнд бичигдэх хүн мөн болов уу.

Мэдлэг чадалтай ч гишүүдээсээ хөндийрсэн М.Энхсайхан дарга

Тэрбээр социализмын үед гадаадад эдийн засагчийн боловсрол эзэмшиж, эрдмийн зэрэг хагаалсан, төр засгийн хариуцлагатай албанд цөөнгүй жил ажиллаж туршлага хуримтлуулсан, дээгүүр түвшинд танигдсан гээд тоочоод байвал ардчиллынхан дотроо дээгүүр эгнээнд бичигдэх эрхэм яах аргагүй мөн. Хэдийгээр ардчиллын “партизан биш ч анхнаас нь талархан дэмжигч байсан ба Ерөнхий сайд асан Д,Бямбасүрэн гуайн нөлөөгөөр ардчилсан намд элсэж, богино хугацаанд нөлөөгөө тэлсэн төрийн зүтгэлтэн гэдэгтэй хэн ч маргахгүй. АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан нь түүний нэр хүндийн илэрхийлэл. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай түүнийг Тамгын Газрын даргаараа томилж байлаа. 2000 онд  намууд нэгдэж Ардчилсан Нам байгуулахыг голлон санаачлагч, зохион байгуулагчдын цөмд явсны хувьд дараагийн намын дарга Энхсайхан гэж цөөнгүй хүмүүст харагдаж, тиймэрхүү зохион байгуулалт хийгддэг байсан ч байж магадгүй.  1996 онд ардчиллын төлөө намууд эвсэж “Ардчилсан Холбоо Эвсэл” байгуулан сонгуульд оролцоход сонгуулийн штабыг Энхсайхан хариуцсан. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг нөхцөл бүрдсэн байсан хэдий ч штаб сайн ажилласны илэрхийлэл бол УИХ-ын суудлын 50-ийг эвслийнхэн авсан нь Энхсайханы зохион байгуулах авьяас чадвартай холбоотой нь ойлгомжтой. Уг нь эвсэл 51 суудал авсан байсан ч ялалтандаа бахардсан “АХЭ” Өвархангайн нэг суудлаа “хөөцөлдөлгүй” хаясан нь аливаа асуудлыг дангаараа шийдэх боломжгүйд хүргэж, алхам тутамдаа цөөнхийн “идэш” болох, улмаар өөр хоорондоо хэмлэлдэж, сайдын суудалд тэмүүлэх сэдэлд хөтлөгдөх болсон төдийгүй “элсний 13”байгуулан төрөөрөө олонтаа тоглох хүртлээ даамжиран дампуурсан гашуун түүх зарим талаар Энхсайхантай холбогддог. Энэ бол намын дарга болохоос өмнөх явдал ч түүнийг намын даргаар санал нэгтэй батлахад саад болж байсан гэхэд хилсдэхгүй. Гэвч 2003 онд Энхсайхан Ардчилсан Намын дарга болов. Тэрээр намын байрыг шинэчлэхээс ажлаа эхэлж, улмаар хуучин ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг нь халж, шинэ хүмүүсээр багаа бүрдүүлсэн ба “АН партизануудаас салах цаг болсон” хэмээн мэдэгдсэн нь жирийн гишүүд дэмжигчдийн дургүйцлийг хүргэсэн удаатай. Намын байр өнгө засан яамдтай төсөөтэй болсон ч жирийн гишүүдээсээ хөндийрсөн гэх шүүмжлэл дагуулсан тал бий. Энхсайхан даргын үед АН-ын гишүүдийн дундах талцал газар авч хэд хэдэн аймаг дүүрэгт намын хороо хуваагдан хоёр дарга, хоёр тамгатай  болох эхлэл тавигдав. Хаа сайгүй намынхаа хөл, гар болж явдаг жирийн гишүүд шахагдаж, хөндлөнгийн болж хувирсан байлаа. Яг ийм эгзэгтэй үед буюу 2003 оны эцсээр намаас “шахагдсан” хэсэг нөхөд санаачлан “Алтан гадас” ТББ байгуулсан билээ. Намын цаашдын амьдралд энэ байгууллага аажим аажмаар зонхилох болсныг дурдах нь илүүц биз. Намын дарга, сайдын албан тушаал хоёр ялгаатайг анзаараагүй, эсвэл нам ингэж шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурьтай Энхсайханы байр суурь гишүүдийн сэтгэлд нийцсэнгүй. Ерөнхийдөө даргаасаа залхах уур амьсгал бий болчихов. Харин 2004 оны сонгуульд АН чамлахааргүй суудал авсан нь Энхсайханы идэвхтэй оролцоо мөн. Ийнхүү Энхсайхан даргыг өөрчлөх санаархал түр зогссон байх. Нөгөө талдаа АН энэ сонгуульд Эрдэнэбатын Эх орон Нам болон С.Оюуны Иргэний зориг-Ногоон Намтай эвсэл болж орсны үр байсан. Ингээд нам тус бүрээс бүрдсэн “түүхий өндөг атгасан мэт” гэгдэх Засгийн Газар байгуулагдаж ,Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдсон. Харамсалтай нь Эрдэнэбатын нөхөд эвслээ орхин гарч сөрөг хүчинтэйгээ сүжрэх болсноор засаг унаж, нөгөө талынхаа тоглоом болох гашуун түүх давтагдсан билээ. Гашуун ч гэлээ болсон түүхийн зарим хэсгийг хойно өгүүлнэ.  2005 онд Ерөнхийлөгчийн сонгууль болов. Нам хоёр хүн дэвшүүлж сунгаа зохион байгууллаа. Энэ сунгаа нилээд будилаантай бас далд зорилготой байсан тухай улс төрчдийн дунд төдийгүй хэвлэл мэдээллээр зөндөө л бичигдсэн болохоор нуршаад яахав. Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд даргын суудлаа дүрмийн дагуу өгснөөр Энхсайхан намаасаа хөндийрч улмаар өөр нам байгуулах хүртлээ “гомдсон” хачирхалтай түүх эхлэв. Ингээд дүгнэвэл Энхсайхан сайн эдийн засагч байж болох ч сайн улс төрч л лав биш гэж улс төрчид дүгнэдэг нь санамсаргүй хэрэг биш буй заа.

Нам “нам тайван” байсан үе буюу Гончигоо даргалсан түүх

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэсэг амсхийгээд  намын даргын өрсөлдөөн эхлэв. Ардчиллын анхагч, анхны Улсын Бага Хурал, УИХ-ын дарга, академич, Чингис хааны одонт, УИХ-д хамгийн олон сонгогдсон гээд намын нүүр царай, үлгэр жишээ болсон Гончигоо гишүүнээс өөлөөд байх юм гарахгүй. Муу хэлэх хүн ч олдохгүй. Энэ л эрчээрээ намын даргын сонгуульд түүртэлгүй сонгогдсон байж таарна. Тэрээр Элбэгээ, Бат-үүл нартай дүйцэхээр хурц дайчин, эрч хүчтэй хүн биш л дээ. Гэхдээ Энхсайхан шиг хувирамтгай, З.Энхболд шиг яхир хатуу хүн бас биш. Харин бусдынхаа үгийг сонсож, дундаж хувилбарыг сонгохдоо гаргуун гэдэг тул эвлэрүүлэх, зөөллөх, зохицуулах шаардлага гарвал голлон оролцуулдаг нь хувь хүнийх нь ухаан, номын хүний чанартай нь холбоотой. Өндөр албанд олон жил суусан гээд зан чанар нь бараг өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл ихэмсэг, дарга зан гаргаад байдаггүй. Жирийн иргэн, гишүүд дэмжигчид нь түвэггүй ойртож, сэтгэлийн үг, санал бодлоо хуваалцахад боломж олгодог энгийн, даруу, эелдэг дотно харьцаатай гээд сайн чанарууд түүнд олон. Үүнээс нь болсон уу Гончигоо даргын үеийг намын хувьд аядуу тайван байсан хэмээн дүгнэх нь бий. Улс төрийн талаас авч үзвэл тийм ч аядуу тайван байгаагүй юм.” Эрэл”-ийн нөхөд эвслээ тараасны дараа АН-ын толгойлсон засаг унаж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярын санаачлагаар “ стандартын бус” гэх Засгийн Газар байгуулагдаж, УИХ-д  “Бүдүүн бүлэг” төрөв. Хуулийн дагуу АН бие даасан бүлэг байгуулах эрх зүйн үндэслэлгүй болсон учир арга буюу хуульд нийцүүлэн энэ эмгэнэлтэй ч өөр гарцгүй хувилбарыг нам дотроо зөвшилцөн байж бүрдүүлсэн байдаг. Гагцхүү нөхцөл байдлыг жирийн гишүүд ойлгохыг хүсээгүй. Тэдний хувьд хуйвалдаан, урьалт болж харагдаж байлаа. АН-ын дарга маань “Бүдүүн бүлгийн- дэд дарга буюу МАХН-ын даргын орлогч маягтай болсон нь АН-ын гишүүдээр зогсохгүй, жирийн иргэдийн ч гайхширлыг төрүүлж, АН-ыг устгалаа гэсэн зэмлэл, доромжлол, гүтгэлэг муу муухай болгоныг Гончигоо даргад үүрүүлэв. Тэр угийн тайван, асуудалд ухаантай ханддаг чанараараа бүгдийг тэвчин өнгөрөөсөн болов уу. Ямар ч гэсэн зорилгодоо үнэнч байж намаасаа урваж шарваагүй л үлдсэн юмдаг.  Намын доторхи талцал улам гүнзгийрсэн хэдий ч  Баярын Засгийн Газарт АН-ын сайдууд ажиллаж, тэр хэмжээгээр төрийн цөөнгүй албанд АН-ын гишүүд ажиллах болсныг буруутгах аргагүй. Өөрөөр хэлбэл АН УИХ-д олонхи болж чадаагүй ч төрийг засаглахад нөлөөтэйгөөр ороцох болсон нь Гончигоо даргын том хувь нэмэр гэж үздэг. Ингээд үзвэл нам “нам тайван” биш харин ч хөдөлгөөнтэй, хувирал өөрчлөлттэй үе байж. Чухам энэ үед “Алтан гадас” улам бэхжин, хүчирхэгжиж, намын үйл хэрэгт нөлөө бүхий олон гишүүд, боловсон хүчнүүд энд төвлөрөх болсон юм. Өөрөөр хэлбэл намтай, засаг төртэй холбоотой асуудал, хэнийг хаана томилох гээд бодлогын чанартай шийдлүүд үндсэндээ “Алтан гадас” –д төвлөрсөн гэхэд болно. Учир нь намын удирдах дээд байгууллага болох ҮЗХ-ны гишүүдийн олонхи нь “Алтан гадас”-ийн гишүүд байсан нь ч нөлөөлсөн байх. Нөгөө талдаа намын төв аппаратад бодлого гаргах түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин үгүйлэгдэж, ор нэрийн төдий ажиллах болсон нь ч нөлөөлсөн байх талтай. Төрийн бус гэж байгуулагдсан “Алтан гадас” АН-ын гол нөлөө бүхий хүчирхэг фракц болсон нь мөн л тухайн үеийн эрэлт шаардлага байсан гэхэд болно.

Ирээдүйн Ерөнхийлөгч намаа даргалсан нь

Намын даргаар Ц.Элбэгдорж сонгогдлоо. Хэдийгээр олон нэр дэвшигч даргын төлөө өрсөлдөх байсан ч асуудлыг үндсэндээ “Алтан гадас” фракц залуурлаж байсан тухай цөөнгүй хүн мэдэх байх. 2008 оны сонгуульд бэлтгэх их ажлын гараан дээр гэсэн үг. Ардчилсан хувьсгалын манлайлагч, туршлагатай улс төрч, Монгол төрийн жолоог залж байсан төрийн зүтгэлтэн тэрвээр хэсэг хугацаанд улс төрөөс хөндийрч, ардчиллын өлгий Америк орноо англи хэлийг сурах ялдамд дэлхийд нэртэй Харвардын Их сургуулийг дүүргэн, хэнд ч чамлагдахааргүй, бас дийлдэхээргүй мэргэшсэн улс төрч болсон гээд түүний талаар өөлөөд байх юмгүй яах аргагүй намын даргад тохирсон нэр дэвшигч . Улс төрч хүнд байх гол шалгуурын нэг болох уран илтгэх чадвар бол Элбэгээд төрөхөөс заяасан авьяас. Мань хүнийг үг хэлсний дараа алга ташин дэмжихгүй хүн бараг үлддэггүй. Хүмүүсийг байлдан дагуулж чаддаг нь түүний мөн чанар. Элбэгээ даргын үед нам харьцангуй цэгц, дайчин байдалдаа эргэж орох хандлагатай болсон ба гишүүд, дэмжигчид намаа тойрон нягтрах хандлага гарч эхэлсэн нь дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хэмээн ойлгож болох. Чухамдаа бол Ардчилсан Нам Ерөнхийлөгчтэй байж чадах эсэхийг харуулах тохироо бүрдсэн учраас тэр. Сонгуулийн үр дүнгийн талаар хүн бүр сайн мэднэ. Ардчилсан Ерөнхийлөгч төрсөн, “долоон сарын нэгэн”-ний эмгэнэлтэй үйл явдал гээд олныг дурдаж болох. Товчдоо бол энэ ялалт Ардчилсан Намын гишүүдэд асар их нөлөө үзүүлж, урам хайрласан юм. Гэвч намын доторхи хуваагдал зарим талаар нилээд газар авсан нь тодорхой учир шалтгаантай гэж харагддаг. Өөрөөр хэлбэл ирэх сонгуульд АН ялах магадлалыг багцаалсан фракц бүлэглэлүүд өөр өөрийн байр суурийг орон нутагт бэхжүүлэх ил, далд хүсэл сонирхолын үр дагавар байсан юм. Орон нутагт ч засаг дара болон түүнтэй ойролцоо албан тушаалд сонирхох хурган дарга нар төрсөн нь ч нөлөөлсөн байх. Гэсэн хэдий ч Элбэгээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр давтан сонгогдож, түүний нэр нөлөө Монголоосоо хальж, дэлхийн “хүн” болж чадсан нь АН-ын үйл ажиллагааны үр дагавар гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай. 

“Мөнхийн генсек” буюу Н.Алтанхуяг намаа авч яваа шинэ түүх эхлэв 

Түүнийг журмын нөхөд нь ингэж нэрлэдэг нь учиртай. Тэр ардчиллын анхдагдын тэргүүн эгнээнд явсан, анхны жагсаал, цуглаан, өлсгөлөн суулт гээд иргэний зориг, тэсвэр тэвчээр сорьж эрсдэл дагуулсан бүхэнд оролцсон гавьятайг хэн ч үгүйсгэхгүй. Зарим сонин хэвлэлд бичээд байгаа шиг хоёр, гуравдугаар эгнээнд явж байгаагүйг түүхэн баримтуудаас харж болно. Нэгдүгээр эгнээнд нам, эвсэл бүрээс нэг л хүн гарахаас биш хоёр гурваараа чихэлдээд эхлэхээр зөрчил үүсч “Жамух” төрдөг жамтай. Тиймээс нэгдүгээр эгнээнд гарагчаа тодруулах үүргийг хариуцлагатай хүлээх найдвартай, бас бусдыгаа хүлээн зөвшөөрүүлэх чадвартай нэгэн гарцаагүй шаардагддаг. Энэ үүргийг сайн гүйцэтгэгч нь Н.Алтанхуяг байсан. Өдгөө ч дур дураараа авирлах гээд байдаг, тал тал тийшээ харсан олон “сайд”-ын харааг нэг тийш эргүүлж, тогтоон барьж, улс орны ирээдүйг тодорхойлох том том ажлуудыг амжуулсаар байгаа нь дээр дурдсан чадварынх нь ач тус гэх. Тэгээд ч АН-ын ЕНБД байхдаа гишүүд, дэмжигчдийнхээ дунд орж, талархал хүлээж явсан нь ч нөлөөлж, намын даргаар тавигдсан нь ҮЗХ-ны гишүүдийн олонхиийн дэмжлэг авсан ч түүний “соцдек” угшил, “Алтан гадас” фракцийн удирдагч, нөлөө бүхий гол албан тушаалуудад нэр дэвшигчийг шалгаруулсаар ирсэн жишиг зэрэг нь цөөнгүй хүмүүст таалагдаагүй нь бас үнэн. Тухайн хэсэг өөрсдийн үгээ янз бүрээр илэрхийлсээр ирсэн байдаг. Эхэндээ намын даргыг их хурлаар баталгаажуулах ёстой гэж зүтгэдэг. Үнэний хувь бий байх. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, УИХ-ын сонгуулийн дараа, орон нутгийн сонгуулийн өмнө гээд хэд хэдэн удаа хуралдсан Их хурлуудаас намын даргаа алга ташин дэмжиж, хүлээн зөвшөөрснийг үгүйсгэж болохгүй. Хичнээн зөрчилдөөтэй байсан ч УИХ-ын сонгуульд АН олонхи болсон, орон нутгийн сонгуулиар үндсэндээ бүх аймаг, ихэнх сумдад ялалт байгуулсан, Ерөнхийлөгчөө давтан ялуулсан, УИХ-ын дарга төрүүлсэн, “Шинэчлэлийн Засгийн Газар” эмхлэн ажиллуулсан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд УБ хотын захирагчтай болсон үндсэндээ төр, засгийн бүх түвшинд  Ардчилсан Нам засаглаж байгаа нь яаж ч үгүйсгэх аргагүй Ардчилсан Намын гавьяа, даргынх нь зохион байгуулсан ажлын үр дүн биш гэвэл арай я үнэнд нийцэхгүй биз. Өнгөц харвал нам зарим хэсэгтээ санал зөрүүтэй ч сонгуулийн ажилд нэгэн тугийн дор нягтарч чадсаны үр дүн мөн байх. Аливаа намын үндсэн дүрэмд зааснаар бол намын удирдлагадаа сайн үнэлгээ өгөх үндсэн хэмжүүр нь сонгуулийн үр байдаг. Тэр заалтыг хамгийн сайн биелүүлсэн даргаар Алтанхуяг тодорч байна . Сайн муу янз бүрээр гоочлуулан, алдаж онож яваа ч Монгол Улсын түүхэнд бичигдэж, АН-ын нэр хүндийг хамгийн өндөр өргөж чадсан дарга хэмээн нэрлэгдэх хувь тавилан түүнд ноогдох нь гарцаагүй гэсэн үг. Алтанхуяг даргын тухай сүүлийн үед хангалттай бичигдэж байгаа болохоор нэмэж магтах, эсвэл муулах шаарлагагүй гэж үзэв. Түүх ургэлжилж байна. Ирэх жил Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой болно. Ардчилсан Нам хүнээр бол эр бие жигдэрч, ухаан санаа тэгшрэн, ноён нуруу тогтох 25-ны жил орж байна гэсэн үг. Чин үнэндээ бол АН ололт амжилтаа цааш улам өргөжүүлэх үү, эсвэл төрөө ч , намаа ч “шинэчлэн” бужигах уу гэдгийг шийдэх эгзэгтэй, эрсдэлтэй цаг үетэй тулгарч байх шиг. 25-ны жилийг хатуу л гэдэг.
                                                                                                                Олхонууд ШААБАР 

0 Сэтгэгдэл
Uneher ARDCHILALiin tuuhend mundag udirdagch Altanhuyag shu Tnaiig denjij bn bitgii shnataarai
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан