Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайдын үгийн цаана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн санаачилгаар танхим­даа өөрчлөлт оруулж, сэлгээ хийхээ мэдэгдлээ. УИХ-ын намрын ээлжит чуулганаар асуудлаа өөрөө оруулж ший­дүүлнэ гэж амласан. Сэлгээнд хамгийн эхлээд хэн өртөх вэ гэсэн таамаг, жагсаалт  өнөөд­рөөс урсч эхлэх нь мэдээж.

Эдийн засгийг эрчим­жүү­лэх 100 хоногийн ажлын хүрээнд илүү орон тоог цөөлж, захиргааны зардлаа хасах үүрэг өгсөн. Илүү орон тоо гэдэгт нь зөвлөх, Засаг даргын орлогч, агентлагийн дэд дарга, түүний туслах гэсэн онцын шаардлагагүй албан тушаалтнуудыг цомхотгосон. Тэдний араас анхнаасаа илүүц гэгдэж байсан дэд сайд нарыг юуны өмнө явуулах тухай яригдаж магадгүй нь. Зарим яамыг нэгтгэж, бүтцээ хумих бодлого баримтлана гэчихлээ. Шинэчлэлийн Засгийн газар илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд сэлгээ хийх шаардлага гарсан гэж Ерөнхий сайд хэлэв.
Өнгөрсөн тавдугаар са­рын 10-нд Засгийн газар 147 тоот тогтоолоор төсвийн хэм­нэлтийн горимд шилжих арга хэмжээнүүдийг тусгаж, 20 гаруй төрлийн аргаар төсвийг хэм­нэж болох шийдвэр гаргаж байсан. Тэгвэл түүнээс хойш доод, дунд шатандаа л давхардлаа багасгаж, гэрээт ажилтнуудаа халах байдлаар асуудлыг шийдсэнээс бус зөв­лөхүүд, олон орлогчоосоо сал­­сан Засаг дарга нарын тухай тийм таатай мэдээлэл дуулдаагүй.

Өмнөх Засгийн газрын үед 148 мянга орчим байсан төрийн албан хаагчийн тоог 30 гаруй мянгаар нэмэгдүүлж, бүтцийг өргөжүүлсэн ч гэдэг. Сү.Батболдын Засгийн газар 11 яам, 14 сайдтай байсныг Н.Алтанхуяг 16 яам, 19 сайдтай болгосон. Шинэ яам байгуулж, заримыг нь хоёр салгасныг тухайн үедээ багагүй шүүмжилж байв.
Гэхдээ одоо л дөнгөж бүтцээ цомхотгох талаар хөндөж байгаад шүүмжлэлтэй хандах нь ч байна.

Олон нийтийн дунд яваа таамгаас хамгийн эхлээд цомхотголд өртөх сайдаар Зам тээврийн сайд А.Гансүхийг нэрлэв. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг хоёр хувааж байсан бол одоо эргүүлээд нийлүүлэх нь бололтой. Тэгэхийн тулд нэг сайдыг төрхөмд нь буцааж таарна. Төрийн нарийн бичгийн даргыг нь ажлаас чөлөөлөөд удаагүй байгаа Зам тээврийн яамыг толгойлж буй А.Гансүх сайдыг бүтцийн өөрчлөлтөд оруулах шалтгааныг хэвлэлүүд тоочиж буй. УИХ-ын хаврын чуулганаар оруулсан Төмөр замын шинэ шугам барих тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй хамааралтай асуудал зангилаа болж байх шиг. Яагаад гэвэл анх Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хятадын талтай 1435 мм буюу нарийн цариг, Оростой 1520 мм-ийн өргөнтэй төмөр замаар холбогдох УИХ-ын тогтоолын төсөл салбарын сайдаас нь санал авалгүйгээр тэр ч бүү хэл Зам тээврийн сайдын өмнөөс боловсруулж УИХ-д өргөн барьсан. Удалгүй төслөө татаж аваад Ерөнхий сайд БНХАУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нөхцөлд Таван толгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай төмөр замын шинэ шугам байгуулах санал оруулсныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжиж, УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж эхлээд түр хойш тавьсан. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр Зам тээврийн сайд А.Гансүх тогтоолын төслийг дэмжихгүй гээд гарын үсэг зураагүй нь хоорондын зөрчлийг илтгэсэн гэхэд болно. Тиймээс Төмөр замаа хөдөлгөхийн чухлыг Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлж байгаа бол санаа бодлоо нэгтгэж чадаагүй сайдтай хамтрахгүй гэж л уншигдана. Хоёр хөршийн тэргүүнүүдийн айлчлалаар төмөр замын талаар чамлахааргүй шийдэлд хүрч, бас ч гэж боломж харагдаж эхэлсэн. Гэхдээ л овоо хараанд нь өртөх өөр нэг шалтгаан намын фракцын харьяалал байхыг үгүйсгэхгүй.   

Харин дараагийн хүн нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр. Түүнийг хангалтгүй ажиллалаа гэж УИХ дахь МАН-ын бүлэг байнга шахуу сануулж, хоёр ч удаа огцруулах асуудал оруулсан боловч суудалдаа үлдэж чадсан. Түүгээр ч барахгүй огцруулах асуудал хаврын чуулганаас дамжин ирэх сараас хэлэлцэж эхэлнэ. Тиймээс сөрөг хүчин УИХ-ын намрын чуулганаар Ерөнхий сайд өөрөө оруулж ирээсэй гэж хүсэн хүлээж байгаа сайдаар хамгийн эхэнд Н.Батбаярыг нэрлэж, бүр шаардаж ч мэдэх юм. Төсөв хуваарилахаас өөр ажилгүй, эрх мэдэлгүй Сангийн яаманд хамаарах ажлыг нь эргүүлэн өгч, Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгавал Ерөнхий сайдын нэр хүнд өсөх нь тодорхой. Эдийн засгийг хөгжүүлэх биш харин ч унагааж буй сайд хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж явуулах ёстойг сануул­сан. Магадгүй ингэхдээ Ерөн­хийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхар хашихгүй байхыг харгалзан үзэж, ойлголцох магадлал бий ч гэх.

Бүтцийн өөрчлөлт гэх энэ мессэж засагт хамтарсан МАХН, Иргэний зориг ногоон намыг нэн яаралтай удирдлагын түвшинд хуралдах нэг үндэслэл болох нь. Яамд, сайдын тоо багасаад ирэхээр бялуу хуваахад хүндхэн болж таарна. Тэгэхээр эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр шийдэхийн тулд тэдэнтэй ч бас тохиролцоно гэсэн үг. МАХН-ынхан гэхэд нийгмийн шинжтэй, үүрэг багатай, төсөв мөнгөний мэдэлгүй яамдаа сэлгэх санал гаргахаар болж. Сангийн яам, Шадар сайд, Эрүүл мэндийн яамыг дэндүү эрх мэдэлгүй, сул гэж голоод буй бололтой. Ядаж л бүтээн байгуулалт хариуцдаг ганц яамыг хариуцан авахыг хүсчээ. Тэгэхдээ нам дотроо сайд нараа ч мөн сольж, сэлгэж үзэх гэнэ. Анх хэлэлцэж тохирсон дагуу хуваарилсан квотоо харин хадгалж үлдэхийг МАХН-ынхан хүссэн байна. МАХН АН-тай урт хугацааны хамтран ажиллах гэрээ байгуулах тухай өнгөрсөн хавар дуулиан шуугиан болоод өнгөрсөн. Энэ гэрээнд зааснаар засагт хамтарсан нөгөө намынхаа дотоод асуудалд оролцохгүй, алдаа дутагдал гаргасан сайдаа сольж, өөрчлөх бол зөвхөн өөрсдөө шийддэг байхыг тусгасан байсан. МАХН-д оногдсон хэдхэн яамыг аятайхан шийдэхийн тулд хэлэлцээр хийж таарах нь. Хэнийг ч сайдаар оруулсан нөгөө намд хүртээлгүй асуудал учир үг дуугүй зөвшөөрөх талаар ч гэрээнд заасныг бас сануулъя. Энэ мэт тохироо хийхэд хоёр намын дарга нар оролцож магадгүй гэсэн мэдээлэл бий. МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо түр ирж, АН-ын даргатай сэм уулзалдаад буцах тухай яриа гарав. 

Эцэст нь, Ерөнхий сайд сэлгээ хийх саналаа өөрөө оруулж ирнэ гээд аль яамыг, хэнийг өөрчлөхөө хараахан зарлаагүй. Энэ бол одоогоор шийдвэр гараагүй, хэлэлцэж, тохиролцоно гэсэн утгыг илтгэж байгаа. Ирэх сарын 1-нд нээлтээ хийх УИХ-ын намрын ээлжит чуулган ямар дуулиантай томилгоо, өөрчлөлтөөр эхлэх нь ойрын хэдэн өдөрт тодорхой болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан