Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Жигжид: Бүс нутгуудад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах судалгаа хийж байна


Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидтэй газрын тосны талаар баримтлах бодлого, түүний үр дүн, өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Газрын тосны салбар манай улсын эдийн засгийн гол тулгуурын нэг болж байна. Энэ хурлаас ямар үр дүн гарах бол?
-Газрын тосны хуулиа өнгөрсөн долдугаар сард шинэчилсэн. Ингээд хууль эрх зүйн таатай орчин бүрдлээ. Учир нь өнөөг хүртэл мөрдөж ирсэн хууль нь 1991 онд батлагдсан харьцангуй товчхон байсан юм. Тухайн үед  манай улс газрын тос олборлодоггүй байв. Ингээд 1998 оноос л олборлож эхэлсэн. Үүнээс хойш өнгөрсөн жилийг хүртэл нийт 2.5 сая тонн газрын тос олборлож экспортоллоо. Цаашид жилээс жилд олборлолт нэмэгдэх хандлага бий. Иймд үүнийг зохицуулах шаардлага байгаа. Мөн уламжлалт бус газрын тос гэдэг шинэ нэр томьёо гарч ирсэн. Үүнд шатдаг занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг нүүрс ус төрөгчийн бусад нэгдлүүдийг хэлж буй юм. Энэ ашигт малтмалын нөөц манайд бий. Тогтоосон байгаа.
Одоо хууль эрх зүйн орчноо гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт ойлгуулж танилцуулах нь туйлын чухал. Өнөөдөр газрын тосны салбар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж байна. Цаашдаа ч тэргүүлэх боломжтой. Иймд газрын тос, шатдаг хий, занарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулж байна. Мөн газрын тосны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа ярих юм. Тухайлбал орон нутаг, байгаль орчин, дэд бүтцийн  асуудал бий. Дээр нь олборлолт, боловсруулалтаа хэрхэн хийх тухай мэдээлэл хөрөнгө оруулагч нарт өгнө. Бас уламжлалт бус газрын тосоо танилцуулж байна. 

-Энэ жил газрын тосноос оруулах орлогоо давуулан биелүүлэх боломж бий гэдэг. Одоо ямар хэмжээнд явна вэ?
-Энэ онд 800 мянган тонн газрын тос олборлож экспортлох зорилт тавьж байгаа. одоогоор 620 мянган тонныг борлуулсан. Үүнийг өнгөрсөн оны эхний найман сартай харьцуулбал 35 хувиар нэмэгдсэн байгаа. Тэгээд татварын орлогыг нь  тооцоод үзвэл 109 хувиар илүү юм.

-Ер нь газрын тосны салбарт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж байна вэ?
-Нийт 2.3 тэрбум ам.дол­ла­рын хөрөнгө оруулалт орж ирсэн тооцоо бий. Одоогоор 31 талбайд үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс газрын тос олборлож буй гурван талбай бий. Энэ талбайгаас  Хятадын “Доншен”, “Петро чайна дачин Тамсаг” гэсэн  хоёр  компани газрын тос олборлож байгаа.

-Энд цугласан хөрөнгө оруулагчдын сонирхол ямар байна вэ?
-Ялангуяа уламжлалт бус газрын тосыг их сонирхож байна. Тухайлбал, “Эрдэнэс Таван толгой”-той Солонгосын компани хамтарч нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийх, ашиглахад хөрөнгө оруулж буй юм.
Мөн АНУ-ын “Жени ойл” компани шатах занрын хайгуул хийж байгаа. Ойрын хугацаанд  гэрээ хэлцлээ хийнэ гэж бодож байна.

-Уламжлалт бус газрын тосны нөөцийг тогтоосон уу?
-Одоогоор хараахан тог­тоож амжаагүй. Хайгуулын шатандаа яваа.

-Газрын тос боловс­руулах үйлдвэр байгуулна гэж олон жил ярьсны эцэст шав тавьсан. Бас ТЭЗҮ нь гар­сан гэж байгаа. Энэ ажил хэр урагшилж байна вэ?
-Ийм үйлдвэртэй болох нь манай улсын гол зорилтын нэг яах аргагүй мөн. Манай яам энэ талаар нэлээд судалгаа хийлээ. Засгийн газраас ч энэ талаар тодорхой шийдвэр гарсан. Жишээ нь Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барихаар тодорхой ажил хийсэн. Үүнээс гадна ийм үйлдвэр байгуулах 10 гаруй компани тусгай зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. Эднээс хамгийн их судалгаа хийсэн нь Дарханд байгуулах үйлдвэр байсан. Яг төслийг боловсруулж судлаад эхлэхээр эхний хөрөнгө оруулалтын хэмжээ төсөөлж байснаас нэ­мэгд­сэн юм. Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлөөс Монголдоо олборлож буй газрын тосоо голлох түүхий эдээ болго гэсэн. Үүнийг дахин эргэж харах шаардлагатай болсон.

-Өөрсдөө газрын тосоо боловсруулах үйлдвэртэй боллоо гэхэд хөрөнгө оруулалтаа нөхөх, ашигтай ажиллах бололцоо хэр байдаг юм бол?
-Мэргэжлийн байгууллагын судалгаагаар жилд 3-5 сая тонн газрын тос боловсруулж байж эдийн засгийн үр ашиг гарна гэсэн тооцоо бий.    Гэтэл манай улс жилд нэг сая тонныг олборлож хараахан чадахгүй байна. Ирээдүйд 2017 он гэхэд 1.3 сая тонн газрын тос олборлолоо гэж үзэхэд ашигтай ажиллах хэмжээнд хүрэхгүй байгаа юм. Гэхдээ Дорнод, төв, баруун бүсэд бага оврын үйлдвэр барих, хаана байгуулж болох судалгаа нухацтай хийж байна.

-Газрын тосны салбарын хамгийн том хөрөнгө оруулагч нь урд хөрш. Саяхан Хятадын төрийн тэргүүн айлчиллаа. Энэ үеэр газрын тосны салбарт ямар ямар асуудал шийдсэн бэ?
-Санамж бичиг байгуулсан. Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхий сайд Хятдад айлчилсан. Тэр үеэр “Синопек” компани манай яам хоёр хүрэн нүүрснээс шатах хий гарган авах төсөл хэрэгжүүлэх санамж бичиг байгуулсан юм. Хятадын төрийн тэргүүний айлчлалын үеэр урд хөршийн Хөгжил шинэтгэлийн хороо, манай яам дээрх санамж бичгийг хэрэгжүүлэх,  нүүрсийг гүн боловсруулахад хамтран ажиллах нь зүйтэй гэдэг байр сууриа нотолж санамж бичигт гарын үсэг зурлаа.

-Нүүрсээ боловсруулах талаар бусад оронтой хэрхэн хамтран ажиллах бодлого баримталж байна вэ?
-Нүүрсээ хийжүүлэх, шингэ­рүүлэх асуудал би­дэнд бий. Энэ дашрамд хэлэхэд манай улс нүүрсээ боловсруулах талаар дөрвөн бодлого баримталж байгаа. Нэгдүгээрт нүүрсээ түүхийгээр экспортолно. Хоёрдугаарт нэг хэсгийг нь хагас боловсруулна. Энэ нь нүүрсээ угааж баяжуулаад арай үнэ цэнэтэй болгох юм.
Одоо “Энержи ресурс” компани нүүрс угаах үйлдвэр нэвтрүүлсэн. Цаашид ийм үйлдвэрүүд гадаад зах зээлтэйгээ уялдуулж байгуулах юм. Гуравт нүүрсээ гүн боловсруулна. Өөрөөр хэлбэл, хий гаргаж, шингэрүүлнэ гэсэн үг. Дөрөвт нүүрсний уурхайдаа түшиглэж цахилгаан станц байгуулна. Нэг ёсондоо эрчим хүч үйлдвэрлэх юм. Ингэсэн тохиолдолд нүүрсний үнэ зах зээл дээр унасан ч нөгөө нь илүү үр өгөөжөө өгөх уян хатан боломж гарна.

-Нүүрс шингэрүүлэх та­лаар сүүлийн жилүүдэд нэлээд ярьсан. Энэ ажлын явц ямар байгаа вэ?
-Манай үндэсний дөрвөн компани ажиллаж байна. Жишээлбэл “МАК”, “Эм Си Эс”, “Цэцэнс майнинг”, “Гер Мон газ” компани зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. Уул уурхайн яам нүүрсийг хийжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тэгээд дээр хэлсэн Хятадын “Синопек”-т их ач холбогдол өгч буй юм. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл одоо санал тавиад байгаа олон төсөлд үлгэр дуурайлал болно.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан