Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мэдэж байгаагаа мэдэгдэж гайхуулахаар ажлаа хийцгээ


Мэдэгдэл, мэдээлэл, мэддэг л... Мэдэхээс цаашгүй. УИХ-ын чуулган завсарлачихсан зун, намрын энэ өдрүүдэд бараг өглөө бүхэн шинэ мэдэгдэл олж уншдаг болох нь. Улс төр, нийгмийн бүлэг, сүргүүд өөр өөрийнхөө нэрээр мэдэгдэл үйлдэж, түүнийгээ олон нийтэд түгээсээр өдгөө байдаг л үзэгдэл мэт санагдах нь холгүй. Хэрэв маргааш сургуулийн хүүхдүүд “Мэдэгдэл” гэж ирээд хэлхсэн өгүүлбэрээ тэрлэбэл гайхалтгүй, харин нэг ч мэдэгдэл шинээр олдохгүй бол яачихав гэж бодоход гэмгүй мэт.

Мэдэгдлийн аадар шаагисан айхтар зун тохиож байна гэж зарим хүн наргиа хийх. Наргианы хэдэн хувь нь үнэн гэдэг билээ. Ер нь, мэдэгдэл гэж юу билээ гэдгийг эргэж харахгүй бол үерлэсэн их мэдэгдлийн дунд урсах нь. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд л “мэдэгдэл” гэгчийг албан ёсоор тодорхойлжээ. Уг хуулийн 4.3-т зааснаар “мэдэгдэл" гэж Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхтэй холбогдон иргэдээс гаргасан хүсэлтийг хэлнэ” гэжээ.

Хуульд тодорхойлсон дээрх өгүүлбэрээр авч үзвэл мэдэгдэл гаргах эрх нь иргэдэд байх бөгөөд тэд өөрсдийнхөө төлөө л үүнийг үйлдэх учиртай аж. Гэвч амьдрал баян юм хойно мэддэг, эс мэддэг хэн бүгдээрээ мэдэгдлээр байр сууриа илэрхийлсээр иржээ. Товчоор бол “Мэдүүлэхийг хүс­сэн зүйлээ бичихийг мэ­дэг­дэл гэнэ” хэмээх ши­нэ тодорхойлолт ургав. Биз­не­сийн байгууллагууд үйл­чил­гээ­гээ хаах, зогсоох, завсар­лах, амрах тухай зарлал тавихдаа Мэдэгдэл гаргана. Улс төрийн намууд Ерөнхий сайд ажлаа муу хийж байгаа тул огцрох ёстой гэдэг шаардлагаа танилцуулж Мэдэгдэл хүргүүлнэ. Монгол орны нөхцөл байдал ер нь эвгүй боллоо шүү, хоорондын толхилцооноо зогсоож ажлаа анхаар гэж сэрэмжлүүлэхдээ ч элдэв клуб, нэгдэл, бүлгээс Мэдэгдэл бичдэг. Уул шугамандаа эдгээр нь тус бүртээ нэртэй, зорилготой, агуулга дараалалтай, ач холбогдолтой хэл найруулгын өнгө аястай албан бичгийн төрөл зүйлс аж. Нэр хийгээд агуулгын андуу ташаарал ч яамай.

Мэдэгдлийн “мөндөртэй” зун

УИХ-ын чуулганы завсарлагаанаар тохиосон энэ их мэдэгдлийн шуургыг зүгээр хараад суухад үнэндээ “Улс төрийн шоу цэнгээн” гэдэг ганцхан тодорхойлолт руу улам л ойртох аж. Яагаад гэвэл бүгдээрээ төстэй. Эрхлэн бичсэн эзэн бие нь ондоо, хандан зорьсон этгээдийн ялгааг эс тооцвол дотоод бичвэрүүд ялгаагүй гэлтэй. Олон мэдэгдлийг ажиглаад анатомитой болсныг нь анзаарч болно. Ерөнхий дүр зураг нь эхлэхдээ улс орны нийгэм, эдийн засаг, боловсрол, соёлын хийгээд үндэстний эрх ашгийн талаар дурдаад бүхэлд нь авч үзвэл тун зутруу байгааг тодотгоно. Нэмээд улстөрч, эрх баригч нам, эвслийн гишүүд, удирдлага хангалтгүй ажиллаж буй идэвх, зүтгэлгүй байдал юм уу буруу бодлого, шийдвэр үүнд шууд нөлөөтэй гэж оношилно. Үргэлжлүүлээд ард түмэн бол улс орны эзэд, эрх баригчид мөн юм эсвэл УИХ, Засгийн газар олон нийтийн дундаас сонгогдсон гэдгээ сана хэмээн заналхийлэх аяс шингээнэ. Тэгээд биднээс асууж, тодруулж, лавлаж, ойлголцож ажилласан бол өнөөдрийн ийм дорой нөхцөл үүсэхээргүй байсныг андгайлах аястай нотлоод төгсгөл хавьцаа нь ажлаа муу хийж, дутуу гүйцээж, үүргээ биелүүлж чадаагүй албан тушаалтан, дарга мяндагтан, эрх мэдэлтэнгүүд эргээд ард иргэдийнхээ дунд ирэх буюу огцрохыг шууд тулгах аж. Жишээ нь, “Бид ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан УИХ-ын даргатай, ардчилсан Ерөнхий сайдтай боллоо хэмээн бахархаж явсан сайхан цаг салхинд хийсч, одоо бие бие рүүгээ чулуу нүүлгэж суух ардчилагчдыг л харж байна” хэмээн Ардчилсан намын журмын нөхөд саяхан мэдэгдэлдээ дурджээ. Нэр нь тодорхойгүй Журмын нөхөд цааш нь “Энэ бидний байгуулах гэсэн нийгэм биш ээ, Бид хаашаа яваад байгаа юм, бидний зорьж байсан ардчилал маань юу авч ирэв, хүний эрх, эрх чөлөө хаана байна. Дахин бодох цаг иржээ. Чухам өнөөдрийн Монголд улс төрийн, нийгмийн, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангах гол хүчин зүйл эв нэгдэл дээр, түүний дотор Ардчилсан намаас томилолт дэмжлэг авсан та гуравт л бий. Бид хангалттай хагаралдаж, тарж бутарч, салж сарниж явсан. Тэр цаг нэгэнт өнгөрсөн. Харин үргэлжлүүлэх хэрэг үгүй билээ. Та бүхнийхээ гэгээн мэлмий, мэргэн ухаан, холч бодолгод найдсаар байгаа, анхааралтай ажиглан суугаа бидний үгийг сайтар ширгээн болгооцгооно уу” гэснээр уртхан мэдэгдлээ өндөрлөжээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд хаягласан тэр мэдэгдлийг Ардчилсан намын журмын нөхөд гаргасан учраас огцор, буу хэмээгээгүйг анзаарч болно. Хэрэв мэдэгдлийг эрх баригч биш улс төрийн хүчнээс гаргавал яадаг вэ. “Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах асуудал бийг МАХН мэднэ. Мэдээд зогсохгүй энэ талаар хамтран ажиллаж буй Засгийн газар, түүний удирдлагад хэлж анхааруулдаг. Тэр тусмаа манай намаас томилогдсон сайд, албан тушаалтнуудын үйл ажиллагаанд ч шүүмжлэл бий учир нэн даруй засахыг шаарддаг. Сүүлийн үед хууль хяналтын байгууллагын ёс суртахуунгүй ажилтнууд нийлж, дахин МАНАН байгуулж, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд хор хөнөөлтэй үйл ажиллагаагаа сэргээн үргэлжлүүлэхийг санаархаж, саад болж болзошгүй улс төрийн нам, улс төрчдийг намнан хэлмэгдүүлэх бусармаг ажиллагаа идэвхжүүлж буйг эрс эсэргүүцэж байна” гэж эхэлжээ. Үүний дараа “МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН нь цаашид ч улс орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн, шударга ёсыг тогтооход чиглэгдсэн, Монгол хүн гадныхны гар хөл бололгүй эх орондоо эзэн сууж, эв найртай, эрх чөлөөтэй амьдрах нөхцөлийг цогцоор нь хангах ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээх аж. Тус намын Гүйцэтгэх товчооноос “Монголын түүхийг аваад үзвэл бид өөрсдөө гадныханд залилуулж байснаас гадныхан бидэнд залилуулсан нь үгүй билээ. Монголчууд бид дотоод зөрчил, эв нэгдэлгүй байдал, шунал зэрэгтээ хөтлөгдөн залилуулж байсан гашуун түүхээс сургамж авъя” гэсэн санаагаа ийнхүү мэдэгджээ.

Ардчилсан намыг алхам тутамд шүүн, тунгааж, шүүмжилж өөнтөглөдөг МАН л гэхэд “Одоо хэдүүлээ эвтэй байя аа” хэмээх мэдэгдлээ үргэлжлүүлээд амжив. Тодруулбал, хойд, өмнөд хоёр хөршийн төрийн тэргүүн айлчлах нь манай улсын нийгэм, эдийн засаг, гадаад харилцаанд чухал ахиц болж, дэвшилд хүргэнэ. Тиймээс хоорондын явцуурсан улс төрөө орхиж, эв нэгдэлтэй болж харагдъя хэмээсэн. Хамгийн сүүлд л гэхэд МАХН-ын бүсийн чуулганаас “Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлэх юм бол МАХН Засгийн газраас гараарай” гэх мэдэгдэл гарсан бол отгон нь “Шинэ ардчилал” гэгч клубийнх аж. Эл клуб нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хандаж ард түмэн Ардчилсан намыг хараан зүхэж, гутарч, доромжилж байгаа тул удирд­лагыг чадварлаг залуусаар сэлгэж, дунд нь хохирч буй гэмгүй биднийг ард түмний доромжлол, адлалаас аварч хайрла хэмээсэн байна.

Мэдүүлсэн мэдэгдлээс үр дүн гаргая

Мэдэгдэл хэмээх энэ албан бичигт нэг давуу тал бий, нэг сул тал байх аж. Сайхан нь юу гэвээс элгээ тэвэрч, гараа хумхиж суугаа мөртлөө ажил хийж, юм бүтээгээд байгаа мэт харагдах. Харин муухай нь гэвэл түүний араас огт хариуцлага дагадаггүй. Ядаж л мэдэгдэл гаргасан хүмүүс хандсан, зорьсон этгээдүүдээс хариу авлаа, сонслоо гэдэггүй дээ. Үр дүнгүй, хий хоосон мэдэгдэл гэдэг бол аргагүй л завтай, завсарлагааны үеэр хийдэг “шоу” учраас парламентын чуулган хоорондын зуны гурван сард газар газраас мэдэгдэл гарсан нь энэ аж.
Хэрэв мэдэгдлүүдийг гүйлгээд үзвэл бүгдээрээ л дор бүрнээ эх орноо, энэ улсынхаа ирээдүйг аврахын төлөө нэгэн чигтэй байгааг шууд ойлгоно. Тэгвэл яагаад тал талд энэ зорилгоо хэсэг, бүлгээрээ ухаарч, түүнийгээ мэдэгдлээрээ дайж, ухаарал гэгээрлээ гайхуулна вэ. Ердөө ард түмнээр тоглож, тавлаж байгаа мэт “Монгол Улс хөгжихгүй байна” гэж хэн бүхэн адил өнгө аястай давтан давтан хэлээд байгаа юм бэ. Хэлэх нэг хэрэг хийх гэдэг тусдаа асуудал. Бүлэг, сүргийнхээ ашиг сонирхолд хүлүүлж тал талдаа нэг мэдэгдэл чулуудаж суухын оронд бүгд нэгдээд Монголын ард түмэн хэмээх ганц эрх ашгийнхаа төлөө нэгдэх цаг хэзээ вэ. Манай нам хийх ёстой, манай фракц л удирдаж чадна, бидний бүлэг үүнийг хийхээр ингэж төлөвлөсөн, бид л урд нь жолоодно гэх манлайллын төлөөх мангуурлаа бүрмөсөн орхиж, эрүүл ухаанаар төрийн бодлогоо тодорхойлох юмсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан