Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНАСАУ-ын Мэдээллийн төв агентлагийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан МОНЦАМЭ агентлагийн даргын урилгаар Монголд айлчилж буй  БНАСАУ-ын Мэдээллийн төв агентлагийн дарга Ким Чан Гуан тэргүүтэй  төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Хонг Кюу, яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ри Ёнг Пил, мэдээний агентлагийн гадаад харилцааны албаны дарга Рим Ху Рён, ажилтан Ким Мён Мин, МОНЦАМЭ агентлагийн дарга А.Баатархуяг, орлогч дарга Ш.Батболд нар байлцав.

БНАСАУ-ын Мэдээллийн төв агентлагийн дарга Ким Чан Гуан хэлэхдээ: “Монгол Улсад анх айлчилж буйгаа дурдаад Хоёр Улсын дипломат харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл өндөр буйгаа илэрхийлэв. Мөн 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг өндөр шатанд хүрснийг харуулж байгааг илэрхийллээ.  Хоёр орны харилцааг хөгжүүлхэд хоёр талын хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо асар их болохыг онцолж тус агентлаг нь МОНЦАМЭ агентлагтай мэдээлэл солилцох хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаа дуулгав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан зочдыг Монгол оронд тавтай морилохыг хүсээд, хоёр орны ард иргэд түүхэн хүнд хэцүү цагт харилцан бие биедээ тусалж ирснийг онцоллоо. Мөн хоёр орны дипломат харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурдаад хоёр орны мэдээллийн төв агентлаг хоорондын хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан “Иргэнийн танхим”-ын үйл ажиллагаатай танилцуулж төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо их байх тусам аливаа шийдвэрүүд  ил тод нээлттэй болж, олон нийтийн санаа бодлыг хууль дүрэмд чөлөөтэй тусгаж байгааг дурдав. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг уг танхимд иргэд, олон нийттэй хамтран хэлэлцэж тэдний санал, санаачилыг хуульд тусгаж ажилладаг болохыг тайлбарлав. Өнгөрсөн 2009 оны санаачилгын дагуу Монгол Улс даяар 300 гаруй Иргэний танхим үүсгэн байгуулж иргэд өөрсдийн асуудлаа нийтээр хэлэцдэг болсон сайн жишиг тогтсон талаар тайлбарлан үзүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан