Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАХИН ХАРАХЫН УЧИР

Манай улсад гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль байдаг ч эл хуулиар шийтгэл хүлээсэн этгээд ховорхон. Гэтэл амьдрал дээр нийгмийн бүхий л давхаргад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч олон байдаг ч хүний амь наснаас л хол хэрэг бол хөнгөн ял эдлээд өнгөрдөг. Гэвч харамсалтай нь тэдний нөлөөн дор хэчнээн хүн амьдрах аргагүй орчлонд гоморхон хорвоог орхиж байгаа билээ. Баян-Өлгий аймагт хоёр ч эмэгтэй яг ийм хэргийн золиос болж, ар гэр, үр хүүхдээ хагацал зовлонд унагажээ. Нөхөр нь агсам согтуу тавьж, эхнэр хүүхдээ айлгаж ичээхээс эхлээд зодож танхайрах, хардаж сэрдэх гээд юу эс байх. Энэ бол гэр бүлийн амьдралд байдаг л зүйл, байх ёстой мэтээр ойлгодог монголчууд нэг талаар хүчирхийллийг өөгшүүлдэг байж болох. Үнэндээ нөхрийнхөө ширүүн дориун байдлыг тэвчилгүй аминд нь хүрч шоронгийн хаалга татсан эмэгтэй, өнчирч хоцорсон хүүхэд, амиа хорлосон, нөхрийнхөө гарт амиа алдагсдын тоо буурах бус харин ч нэмэгдсээр байгаа нь бодит үнэн юм. Түрүүн өгүүлсэнчлэн Баян-Өлгий аймгийн цагдаагийнхан 2014 оны эхний найман сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 657 гомдол хүлээн авснаас 31 нь гэр бүлийн хүчирхийллийн, захиргааны зөрчлийн 1437 гомдол авснаас 273 буюу 18.9 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөрчлийн шинжтэй байжээ. Харин 192 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 24 нь гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн хэрэг гэнэ. Тоон мэдээ нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг өмнө нь гардаггүй байснаа энэ жилээс нэмэгдсэн мэт ойлголт төрүүлэхээр харагдаж буй нь эрхзүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хуулиуд мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч нар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл бүрийг бүртгэж, мэдээллийн нэгдсэн санд оруулдаг болсон. Өмнөх жилүүдэд нөхөр нь гэр орондоо агсам тавьсан гэх мэт ахуйд гарсан тохиолдол бүрийг захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан “Танхайрах” зөрчил гэж бүртгээд захиргааны арга хэмжээ аваад өнгөрдөг байсан бол 2014 онд ийм тохиолдол бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэж авч үзэн, мэдээллийн нэгдсэн санд бүртгэдэг болсон. Эрүүгийн хэргийг ч гэмт хэргийн бүртгэ­лийн нэгдсэн санд оруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл гэсэн цонхыг сонголтгүй дутуу оруулдаг байсныг болиулж, бүрэн дүүрэн оруулдаг болсонтой холбоотой аж.  
Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь энэ боловч жил ирэх тусам гэр бүл дэх хүчирхийлэл нэмэгдэж улмаар далд хэлбэрт шилжиж байна гэсэн дүгнэлтийг тус аймгийн цагдаагийн алба хаагчид хийж байгаа аж.
Ногооннуур сумын иргэн М гэгч нь эхнэр Б-д харгис хэрц­гий хандаж, нэр хүн­дийг нь байнга гутаан доромжилдог байсны улмаас эхнэр Б нь өөрийгөө боомилж нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Иргэн М-д эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээс хоёр жилийн хорих ял оноосон. Мөн Толбо сумын иргэн Б гэгч нь эхнэр Б-г хардан байнга зодож дарамталдаг байсан тул эхнэр нь амиа хорлосон байна. Харин эхнэрээ амиа хор­ло­ход хүргэсэн нөхөр Б-д дөрвөн сарын хорих ял оноо­сон.
Энэ бүгдээс гэр бүлийн хүчирхийлэл гарах үндсэн шалтгаанд ядуурал архидалт газар авч байгаа, нутгийн ёс заншилтай холбоотойгоор бие биенээ танихгүйгээр гэрлэх, түүний дараа үл ойлголцол гарах, гэр бүл салах, иргэдийн амин хувиа хичээсэн байдал, хууль эрхзүйн мэдлэг байх­гүй­тэй холбоотой хэмээн дүгнэжээ.
Манай улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах "Түр хамгаалах" зургаан байр, "Нэг цэгийн үйлчилгээ"- ний дөрвөн төв ажилладаг юм. 2014 он гарсаар эхний таван сард Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Шинжилгээний хэлтсийг түшиглэн байгуулсан нэг цэгийн үйлчилгээний төвөөр 160 хүн үйлчлүүлсэн нь бүгд эмэгтэй, тэдний 41 нь бэлгийн хүчирхийлэлд, 119 нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Ямар нэг хэлбэрийн хүчирхийллийн хохирогчид болсон тэдний 50 хувь нь 17-30 хүртэл насны эмэгтэй, үлдсэн хувийг  0-16 насныхан болон 30-аас дээш насны эмэгтэйчүүд тэнцүү хувиар эзэлж байгаа юм.  
Нэг цэгийн үйлчилгээний энэ төвөөр 2010-2013 онд нийт 516 хохирогч үйлчлүүлснээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон таван эрэгтэй байгаагийн дөрөв нь 0-16 хүртэл насных, нэг нь 30 хүртэлх насных байжээ. Харин дээрх гурван жилийн хугацаанд 266 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь бүгд эмэгтэйчүүд бөгөөд дийлэнх нь 16-30 хүртэл насных байсан байна. Бэлгийн хүчирхийлэлд залуу бусгүйчүүд болон бага насны охид ихэвчилэн өртөж байгаа бол Гэр бүлийн хүчирхийлэлд дунд эргэм болон ахимаг насны эмэгтэйчүүд хохирогч болох нь түгээмэл байгаа аж.  
Нэмж мэдээлэхэд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ үеэр хууль тогтоогчид дээрх төвийн адилаар хүчирхийлэлд өртөгсдөд мэргэжлийн туслалцаа үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн тоог нэмэгдүүлэх нь зөв гэсэн санал ч хэлж байгаа аж. Гэхдээ дээрх хоёр эмэгтэйн амиа хорлох шалтгаан нь гэр бүлийн хүчирхийлэл байсныг сайн санах ёстой. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн хуулийн дагуу оноох ял шийтгэл хатуу байх тухай ч сануулах ёстой мэт харагдана. Юутай ч нийгэмд нэлээд далд байдлаар үйлдэгдэж, ял шийтгэлгүй өнгөрдөг эл ноцтой гэмт хэргийг таслан зогсоох цаг нь болсон хэмээн хуулийн салбарынхан үзэж, анхаарал хандуулж эхэлжээ.

Г.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан