Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ачаалал, асуудал ихтэй намрын чуулган айсуй



Яг жилийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж эхэлсэн. 2013 он гараад гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, өмнөх оныхтой харьцуулахад 42 хувиар багассан учир парламент ээлжит бус чуулган зарласан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг эдийн засаг, санхүүгийн байдалд арга хэмжээ авахыг анхааруулснаар яаралтай хэлэлцэж батлах асуудлуудыг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар оруулав. Засгийн газраас эдийн засгийг сайжруулах, хөрөнгө оруулалт татах чиглэлийн таван хуулийн төсөл Ээлжит бус чуулганд өргөн барьсан. Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлэгт орж ирсэн цагаасаа маш их шүүмжлэл дагуулж байсан. Тооцоо судалгаа муу хийсэн, батлаад жил ч болоогүй хуулиа өөрчлөх нь гэх мэтээр нэлээн шүүмжилсэн. Харин уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт “Урт нэр”-тэй хуулиас болж буураагүй байтал журмаар нэмэлт өөрчлөлт оруулж, зарим компанийн үйл ажиллагааг сэргээх гэснийг ч цөөнгүй гишүүн эсэргүүцсэн.

Мөн УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын санхүү, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хүндрэлийг давах арга замыг хэлэлцэх санал гаргасан ч хүлээн аваагүй. Үүнд МАН-ын бүлгийн гишүүд дургүйцлээ илэрхийлж, ээлжит бус чуулган ямар ч шийдвэр гаргаж, оруулсан хуулийн төслүүдээ баталж чадаагүй, үр дүн муутай болсон гэж ч тодорхойлж байлаа. Гэхдээ 2013 оны намрын ээлжит чуулганаас өмнө хэд хэдэн чухал асуудалд намын бүлгүүд байр сууриа нэгтгэж, ойлголцож чадсан нь үр дүн хэмээж байв. Тэгвэл энэ жил гишүүд маргаж мэтгэлцэх нь битгий хэл ээлжит бус чуулган гэж хуралдах ч үгүй нь.

Буун дуутай жагсаалыг эргэн сануулна

 Гол, мөрний урсац усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл /”урт нэр”-тэй хууль/ -ийг Засгийн газраас өргөн барьж УИХ-ын өнгөрсөн жилийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбар руу татахын тулд өмнө нь баталсан “Урт нэр”-тэй хуулиар гол мөрөн, усны сан, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглож байснаа сэргээх санал Засгийн газраас оруулсан. Гэвч үүнийг нь иргэний хөдөлгөөнүүд эсэр-гүүцэж жагссан нь сүүлдээ галт зэвсэг агсаж, буун дуу гаргаж, гар бөмбөг шидэн, тэсрэх бөмбөг нуусан ноцтой хэрэгт хүргэсэн билээ. УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэн өдөр “Гал үндэстэн” холбооныхон Төрийн ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлж жагсаал зохион байгуулан “Урт нэр”-тэй хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахгүй 30 минутын до-тор эргүүлэн татаж авахыг Ерөнхий сайдаас шаардсан. Улмаар эсэргүүцэл нь хурц-даж Төрийн ордны хойд хаалга руу гар бөмбөг шидэж, буудсан үйл явдал болж Төрийн ордны ойр орчимд онц байдал тогтоож, зарим яам, агентлагийг цагдаа нар хамгаалалтдаа авч байв. Энэ хэргийг шүүхээр хэлэлцээд “Гал үндэстэн” холбооны тэр-гүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Төмөрбаатарт 10.6 жилийн ял оноож, өдгөө тэд хоригдож буй. Тэгвэл “Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж, жагсаал хийхээр болжээ.

Ээлжит бус чуулган шаардлагагүй бас шаардлагатай

Өнгөрсөн жилтэй харьцуу­ла­хад төрийн алба, албан байгууллага, компаниуд, өрх айл хүртэл эдийн засгийн хүндхэн байдалтай буй. Зүгээр л энгийн хэрэглээнээс эдийн засаг сайнгүй байгааг харж болохоор байгаа учир тайлбарлах нь илүүц биз. Ерөнхий сайд яам, агентлагуудаа бүсээ чангалж, үрэлгэн зардлаа хумихыг анхааруулж, хэмнэлтийн горимд шилжээд нэлээд хэдэн сарыг ардаа үдлээ. Гэсэн ч үндсэндээ зунжингаа найр наадам, сумдын 90 жилийн ой тэмдэглэсэн шиг өнгөрүүлсэн гэхэд болно.

Сангийн сайд Ч.Улаан манай сонинд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд өгсөн тодруулга ярилцлагадаа “Төсвийн тодотгол хийх шаардлага бий. Уул уурхайн салбараас орох орлого санаснаас нэлээд доогуур байгаа нь төсвийн орлого тодорхой хэмжээгээр тасалдаж байгаагийн илрэл” гээд ес, аравдугаар сарын эхээр төсвийн тодотгол зайлшгүй ярих байх гэсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад төсөв тасрах дүр зураг бий. Есдүгээр сар дундаа ороод байхад төсвийн тодотголын сураг ажиг ч алга. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, төсвийн тодотголоо хэлэлцэнэ гэж байсан нь намрын ээлжит чуулганаар оруулах асуудал болж таарав. Уг нь УИХ-ын дарга З.Энхболд 2014 оны хаврын ээлжит чуулганыг хаахдаа “УИХ-аас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй байна. Хамгийн гол нь Засгийн газар ажил, амралтаа зохи­цуулж “ЭЗЭН-100” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө цаг хугацаа алдалгүй идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна” гэж байв. УИХ тавдугаар сарын 8-нд эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 34 дүгээр тогтоол баталж Засгийн газар 100 хоногт эдийн засгийг сайжруулах үүрэг даалгавар өөртөө хүлээсэн. Үүнийг үнэлж, дүгнэх хугацаа болсон гэж сөрөг хүчин үзэж буй. Ам.долларын ханш өссөн, гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа энэ үед парламент завсарлагын хугацааг ажил хэрэгчээр ашиглах ёстойсон. Гэвч дахиад хагас сарын хугацаа өнгөрч байж Төрийн ордон дотор хөл хөдөлгөөн орж, ажлын ачаалал нэмэгдэх нь.

Хамгийн эхний асуудал нь...

Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, М.Зоригт нар УИХ-ын гишүүдэд хандан ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уриалга гаргасан хэдий ч газар авсангүй намжсан. УИХ-ын тухай хуулийн “16.2-т Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар хуралдуулна” гэж заажээ. УИХ-ын 26-аас доошгүй гишүүн хүсэлтээ гаргах боломж бий. УИХ дахь МАН-ын бүлэг 24 гишүүн С.Дэмбэрэл, М.Зоригт гишүүн нарын санаачилгыг дэмжсэн бол ээлжит бус чуулган  зарлан хуралдуулж чадахаар байжээ гэсэн үг.

Намрын ээлжит чуулганаар ирэх оны төсвөөс гадна тодотголоо яаралтай оруулж, хэлэлцэж, шийдүүлэхгүй бол эдийн засаг хүндэрсээр, төсөв багагүй хэмжээгээр тасрах аюулд хүрэв. Түүнээс гадна Ерөнхий сайд долоо хоногийн өмнө Засгийн газрын бүтцээ багасгаж, яамд, сайд нарын тоог бууруулах арга хэмжээ авах болсноо зарласан. Тэгэхээр энэ бол бараг л хамгийн эхний асуудал болж мэдэхээр байгаа. Өнгөрсөн хаврын чуулганы ихэнх хугацаанд “давхар дээл” тайлах тухай ярьсаар өнгөрүүлж байсан парламент томилгоо, халаа сэлгээний асуудлыг улс төр­жүүлэхгүй байх нь юу л бол.

Үүний араас хэлэлцэх асуудлын дарааллын эхээр бичигдсэн 2015 оны улсын төсөв, Ерөнхийлөгчийн санаачилж оруулсан Шилэн дансны тухай, багагүй хүлээлт үүсгэсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой. Мэдээж, өнгөрсөн намрын гол дуулиан болсон “Урт нэр”-тэй хуулийг дагаж мөрдөх журамд өөрчлөлт  оруулах төсөл, хоёр жил шахам боловсруулж буй Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэн шийднэ.
Ээлжит бус чуулган хуралдах хангалттай шалтгаан, шаардлага бий боловч одоо нэгэнтээ намрын ээлжит чуулганы хугацаа хаяанд иржээ. Энэ намрын чуулган ч ачаалал ихтэй, асуудал ихтэй болох нь тодорхой байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан