Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлгэдлийн тоот төслүүд амьдрах чадвартай байж чадах уу


Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэхийг зорьж байгаа нэг том ажил бол импортыг орлож, экспортыг дэмжих үйлдвэрүүдийг Чингис бондын хөрөнгөөс санхүүжүүлж бий болгох. Мэргэжилтнүүдийн дүгнэж байгаагаар энэ бол бондын мөнгөний зарцуулалтын хамгийн сайн жишээ. Одоогоор Эдийн засгийн хөгжлийн яам, ҮХААЯ болон Хөгжлийн банкнаас 888 төслийг хэрэгжүүлж болох юм хэмээн сонгон шалгаруулаад байгаа. Таван жилийн хугацаатай есөн хувийн хүүтэй зээлийг авахын тулд аж ахуйн нэгж, иргэд жилийн өмнө төслөө бичиж холбогдох газарт нь хүргүүлж, мөн 888-ын нэг болсон гэдгээ ч аль эрт сонсчихсон. Гэвч одоогоор төсөл нь зээл болоод гар дээр очсон нь хэд байгаа билээ. Өчигдөр ҮХААЯ-н дээр зээл хүсэгчид болоод хэвлэлийнхэн тус яамны дэд сайд Б.Цогтгэрэл болон зарим мэргэжилтэнтэй нүүр тулан уулзлаа.

 Дэд сайдыг орж ирэхээс өмнө зарим нэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, төсөл нь ямар шатанд явааг сонирхлоо.

Үйлдвэрлэгчид итгэл алдарсан уу

“Агь трейд” компанийн төслийн менежер Д.Боргил­сайхан:

-Яг өнөөдөр та 888 төс­лийн талаар ямар мэдээлэлтэй байна?
-Ер нь бол бараг мэдээлэлгүй байгаа. Хөгжлийн банк, Засгийн газартай хамтарч хийнэ гэдгээс өөр мэдээлэл ч алга. Хөгжлийн банкин дээр мэдээлэл өгч байгаа хэн ч байхгүй. Өнөөдрийн хурлын зарыг өчигдөр орой л сайтаас нь харлаа. Яг үнэндээ юу болж байгаа нь мэдэгдэх юмгүй битүү, хатуу л байна.

-Танайх жишээ нь ямар төс­лөөр 888-ын нэг болсон юм бэ?
-Шинэчлэлийн Засгийн газрын барьж байгаа бодлогод бүрэн уялдсан импортыг орлож, экспортыг дэмжих бүтээгдэхүүн манайх хийнэ. Малын хаягдал ясыг  эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, техникийн болон хэрэглээний желатин гэдэг зүйл үйлдвэрлэж, зах зээлд гаргах юм. Үйлдвэр маань ашиглалтанд орвол хоёр жилийн дотор зээлээ төлж, 120-150 ажлын байр гарах том төсөл.

-Хэд хэдэн компани төслийн­хөө санхүүжилтийг авсан гэж бай­­­сан. Танайх ямар шатанд нь явна?
-Одоогоор үнэхээр санхүү­жүүлэх юм уу эсвэл тоглоод байна уу гэдгийг ойлгоход бэрх л байна. Хөгжлийн банк, Засгийн газраас шалгарсан төслөө судлаад л байгаа юм шиг байна. Гэхдээ арилжааны банкаар дамжуулах болохоор биднээс өндөр барьцаа шаардана. Уг нь, зээлийг хүн наргих гэж авдаггүй. Тодорхой хэмжээний эрсдэл үүрч, өчнөөн зардал мөнгө болж байж авч, ажлаа эхлүүлдэг. Манай төсөл гэхэд одоогоор 10 гаруй мянган доллар зарцуулчихаад байна. 10 тэрбумын өртөгтэй төсөл. Засгийн газраас 6,2 тэрбумыг хүсч байгаа. Гэтэл  валютын ханшийн өсөлтөөс болоод ахиад л хамаг зүйлийн маань үнэ өсөөд байдаг. Ингэж байтал мөн­гөтэй, мэдээлэлтэй хятад орж ирээд хамаг зүйлийг маань хийгээд хятад руу мөнгө урсах байдал бий болчих юм шиг дүр төрх буух боллоо.

888-ын ард хэзээ гарах вэ

Өмнө нь Хөгжлийн банкнаас өгсөн мэдээллээр хоёр тэрбумаас доош үнийн дүнтэй 20-оод төсөлд зээл олгосон. Үүнд 8,5 тэрбумын санхүүжилт олгосон. Мөн хоёр тэрбумаас дээш үнийн дүнтэй 12 төсөлд 55 тэрбумын зээл олгосон.  Тэд арилжааны банкуудтай зээлийн гэрээ байгуулаад л болоо. Үүн дээр нэмж есөн сарын эхний долоо хоногт 16 тэрбумын зээл олгосон гэж байсан билээ. Зээл олгох байдал удааширсан шалтгаанаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хамгийн шилдэг менежмент хэмээн тайлбарласан. Тэгвэл өчиг­дөр ҮХАА-н дэд сайдын мэдээллээр 145  төсөлд 174 тэрбумын зээл олгох эрхийг нь нээж өгсөн гэнэ. Мөн 270 тэрбум төгрөгийн 133 төсөл судалгааны шатанд яваа бол 93 тэрбум төгрөгийн 46 төсөл буцаагдсан байна. Өөрөөр хэлбэл, 888-ын 371 төсөлд ямар нэг хэмжээгээр хариу өгчихөж. Гэвч цаана нь 517 төсөл бий. 517 хүн хариугаа хүлээж суугаа. Гэтэл цаг хугацаа яваад төслийн үнэ цэнэ унаад л. Наад зах нь ам.долларын ханшийн зөрүү­гээс шалтгаалж авах зээлийн хэмжээ ч нэмэгдээд байдаг.

Төслөө ирүүлсэн хүмүүс одоогоор арилжааны банкнаас түр хүлээ гэсэн үгийг олонтаа хүлээж аваад байгаа гэнэ. Гэвч Эдийн засгийн хөгжлийн яам, ҮХААЯ-тай ярилцаж тохирсноор “Хэрвээ 888-ын нэгээр шалгарсан л бол шууд арилжааны банкиндаа хандаж манай, төслийг судлаач өгөөч гэсэн хүсэлт тавих ёстой” гэнэ.  Төслийг цаашид хэрэгжүүлэх боломжтой юу, эдийн засгийн судалгаа нь зөв хийгдсэн үү гэдгийг арилжааны банк судалж дэмжих эсэхээ мэдэгдэх ёстой. Учир нь Хөгжлийн банктай гэрээ хий­сэн арилжааны 11 банкинд бүх төслийн танилцуулга очсон гэнэ.

Хамгийн гол нь Засгийн газ­раас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн хөнгөлөлт­тэй зээлүүд нь бодлого, нэр,  санхүүжилтийн эх үүсвэр нь өөр учраас төсөлд оролцогчид маань хольж хутгаж болзошгүй байгааг анхаарах ёстой аж.  Одоогоор 888-ын хоёр тэрбум төгрөгөөс доош хэмжээтэй төслүүдийг Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийн сангаас хариуцаж байгаа аж. Харин хоёр тэрбум төгрөгөөс дээшхи  нь ҮХААЯ-нд харьяалагдаж байгаа. Үүнд 262 төсөл бий. Үүнээс гадна Чингис бондоор санхүүжиж байгаа тусгайлсан эх үүсвэртэй ноосны, ноолуу­рын, хүлэмжийн, оёдлын, сүүний чиглэлийн төслүүд бүгдээрээ тусдаа эх үүсвэртэй. Өөрөөр хэлбэл 888 төслөөс тусдаа гэсэн үг.
Мөн жижиг дунд үйлд­вэрийн чиглэлийн төслүүд бол Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн сан, Хөгжлийн банк, арилжааны банк гэсэн гурвалсан хэлбэрээр  явагддаг гэнэ.

Ахиад л асуудал, асуудал...

Засгийн газраас 888 төс­лийг Хөдөлмөрийн яам, ҮХААЯ-тай хамтран хэрэг­ж­үүлэх үүрэг өгсөн. Өөрөөр хэлбэл, хоёр тэрбум төгрөгөөс доошхи санхүүжилт хүссэн төслийг Хөдөлмөрийн яам, хоёр тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт хүссэнийг нь ҮХААЯ судалж, цаашид хяналт тавих үүрэг хүлээнэ. Гэвч хоёр тэрбумын наана цаана түмэн асуудал үүсчээ. 888 төслийн нэгээр шалгарсан ч хоёр тэрбумаас доош төгрөгийн санхүүжилт хүссэн зарим иргэнд Хөдөлмөрийн яам өнгөрсөн наймдугаар сарын 30 гэхэд төслийнхөө материалыг өгөх албан бичиг явуулсан ч гэх. Тэр нь төслийн санхүүжилт наймдугаар сарын 30-наар дууссан ч гэх мэдээлэл ирж. Харин ҮХАА-н дэд сайдын тайлбарласнаар 888 төслийн санхүүжилт хангалттай байгаа.

Хамгийн гол нь төслөө жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй гэнэ. Гэтэл  “Ирвэс интертрейд” -ийн захирал Р.Төгсжаргал хэмээн өөрийгөө танилцуулсан эмэгтэй” Хоёр тэрбумаас доош үнийн дүнтэй бол Хөдөлмөрийн яаманд шилжүүлсэн гэж байна. Гэтэл манайх  ҮХААЯ-ны цөм болсон хөрсний бохирдлыг багасгаж, үржил шимтэй болгох, ургацыг жинхэнэ органик байдлаар ургуулах, малчдын хог хаягдлыг ашиглаад ялзмагтсан хөрс гаргах төсөл боловсруулсан. Хачирхалтай нь бидний төслийг арилжааны банк бараг хүлээж авахгүй гээд байдаг. “Судлаад явуулъя, Хөдөлмөрийн яам руу явуулсан” гэж байдаг.Энэ чинь танай яаманд харьяалагдах асуудал байтал зөвхөн мөнгөн дүнгээр нь ангилна гэдэг байж боломгүй санагдах юм. Хамгийн гол нь та бүхэн яамныхаа стратеги бодлогоо тодорхойлж хараач. Ер нь, төрийн байгууллагууд ямар ч уялдаагүй ажиллаад байгаагаа эргэн нэг харах хэрэгтэй.  Хөрс чинь эрүүл байж гэмээнэ хүн нь эрүүл байна. Үйлдвэр хөдөө аж ахуйн төв болсон төсөл байтал  Хөдөлмөрийн яам руу явуулсан гээд хариуцлагагүй хариулт өгч байна. 1,7 тэрбумын төсөл. Бид 1,2 тэрбумын зээл хүссэн” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

 Ингээд ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлээс зарим асуултад хариу авлаа.

-Та төсөл хэрэгжүүлэгч­дэд одоо хамгийн түрүүнд хэнд хандах, ер нь зээл авах хүртлээ ямар процессоор явыхыг нь тайлбарлаж болох уу?
-Хамгийн түрүүнд 888-д багтсан л бол арилжааны банкин дээрээ очиж зээлээ судлуулах хүсэлт тавь. 888 төсөл дунд яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай нь байгаа ч,  хөнгөлөлттэй зээл л авахсан гэсэндээ хэдэн цаас бүрдүүлээд өгчихсөн нь ч байна. Тэгэхээр энэ удаад маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, санхүү тооцоогоо нарийн хийсэн, техник технологио сонгосон, гадаад дотоод гэрээгээ хийж, байр сав, хүн хүчнээ бэлдсэн төсөл л зээлжих бүрэн боломжтой. 888 төслөө бид сонгоод дэмжээд арилжааны банкууд руу төслийн танилцуулгыг явуулсан учраас танай яамны дэмжсэн ийм төсөлд бид тэдэн төгрөгийн зээл олгох бололцоотой гэсэн мэдэгдэл тухайн нэг арилжааны банкнаас ирнэ.  Бид мэдэгд­лийг аваад яаман дээрээ бодлогын гэрээ хийж, Хөгжлийн банк руу явуулаад, Хөгжлийн банк нь  арилжааны банкууд руу зээлийн эх үүсвэрийг шилжүүлэх замаар арилжааны банк зээлдэгчдээ гэрээ хийгээд зээлээ олгож байгаа. Төсөл хэрэгжүүлэгчид гурвалсан дөрвөлсөн гэрээтэй баахан бичиг цаас аваад банкин дээр очих юм шиг ойлгоод байгаа юм. Ийм ойлголт байхгүй. Арилжааны банк руу 888 төслийн танилцуулгыг хүргүүлсэн. Арилжааны банк таны төслийг судлах үүрэгтэй. Тэдний дэмжсэн төслийг нь бид хүлээж аваад санхүүжилтийн эх үүсвэрийг хөөцөлдөж олж өгөх үүрэгтэй.

-Түрүүн хэд хэдэн аж ахуйн нэгжийн төлөөлөл барьцаа хөрөнгөний асууд­лыг хөндөж байна. Арил­жааны банкуудын босгыг давна гэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд хүндхэн л даваа байх даа?
-Хамгийн том хүндрэл нь барьцаа хөрөнгө байгаа. Нэгэнт арилжааны банк 100 хувь эрсдэлээ дааж байгаа учраас бид арилжааны банкийг дэмжээч, олгооч хэмээн шахаж байгаа ч хуулийн хүрээнд та бүхэн шууд олго гэж тулгаж болохгүй. Зээлжиж чадахгүй байна аа, тэгвэл яах ёстой вэ гэхээр Засгийн  газар үнэхээр стратегийн  чухал гэж үзсэн, өнөөдрийг хүртэл хуримтлал бий болоогүй зарим салбарыг хэрхэн дэмжих вэ гэдэг дээр шинэ арга хайж, хөрөнгө оруулалтын санг хэрхэн ажиллуулах, Хөгжлийн болоод Төрийн банкны дэргэд цэвэр хөрөнгө оруулалт хийдэг банк байх уу, стратегийн чухал салбар дээрээ барьцаагүй санхүүжилт хийдэг ямар арга байж болохыг судалж шийдэхээр  ажиллаж байна. Нөгөө талдаа батлан даалтын сангийн даатгал гаргах хэмжээ 250 сая төгрөг байгаа. Үүнийг нэмэгдүүлээд эхний ээлжинд ядахдаа тэрбум болгох арга хайж судлах ёстой. Бид энэ чиглэлээр Хөгжлийн банк, Сангийн яаманд хандсан. Үнэхээр сайн төслийг санхүүжүүлэхийн тулд батлан даалтын сангаас ядахдаа тэрбум хүртэлх төгрөгийн батлан даалт гаргачихдаг бол их олон  төсөл хэрэгжүүлэх боломжтой юм.

-Нийт төслийн хэд нь экспортыг дэмжих гэсэн ангилалд багтаж байна?
-170 орчим нь экспортыг дэмжих, бусад нь импортыг  орлох төсөл байгаа.

-Уг нь анх энэ хөтөлбөр эх­лэхэд бизнесийн төсөл өө­рөө зээлийн барьцаа бол­но гэж байсан санаг­дана?
-Бид 1990-ээд оны эхээр гадна дотны баахан санхүүжилтээр маш олон төсөл санхүүжүүлсэн. Барьцаа баталгаагүй байснаас зээлдэж байгаа нь ч, өгч байгаа нь хариуцлагагүй хандаж, тэр мөнгө хөрөнгө хаа явааг мэддэг хүн байхгүй болсон. Тэгэхээр гашуун туршлагаасаа суралцаж барьцаагүйгээр зээл гаргахгүй. Зээлдэгчид маань өөрсдөө маш хариуцлагатай байх шаардлагатай.

-Гэхдээ яам шалгаруулсан төсөл дээрээ хяналт тавина биз дээ?
-Яам бодлогын гэрээгээрээ хэрэгжилт, төслийн шат дамжлага, эргэн төлөлт ямар байна гэх зэрэг хяналт тавьж байна.

-Банк эрсдэл үүрсний төлөө зээлийн хүүгийн хэдэн хувийг авах билээ?
-Банк зээлийн хүүгийн 2-3 хувийг авах байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан