Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Нарангэрэл: Нэг хүний буруутай үйлдэл улсын төсвийг 56.7 сая төгрөгөөр хохироолоо


Өвөрхангай аймгийн Сант суманд 15 настай хүү тарваган тахлаар өвчилсөн тухай өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. ЭМЯ-наас энэ талаар албан ёсны мэдээлэл өчигдөр хийлээ. Тарваган тахлаар өвчилсөн нэг хүнээс болж улсаас их хэмжээний зардал гардаг. Хуулиар тарвага агнахыг хориглосон байхад тарваган тахал гарч байгаа нь хяналт сул буйг илтгэж байна хэмээн шүүмжлэх хүн ч олон юм. Энэ талаар ЭМЯ-ны нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-15 настай хүү тарваган тахлаар өвчлөөд нэлээд удсаны дараа мэдээлэл өгч байгаа нь ямар учиртай юм бэ?
-Өвчтөн анх есдүгээр сарын 9-нд эмнэлэгт хандсан. Бид эрт мэдээлээгүй нь шалтгаантай. Тахлаар өвчилсөн хүү тарваганы махаар боодог хийж, давсгийг нь түүхийгээр нь залгисан гэдгээ эхний гурав хоног хэлээгүй. Сант сум байгалийн голомтгүй учраас хамар залгиурын өөр төрлийн өвчин байх хэмээн таамаглахад хүргэсэн нь эхний шалтгаан. Мөн хавьтал олонтой байсан. Дунд сургуулийн сурагч хичээлдээ явсан учраас нэгдүгээр зэргийн хавталтай 62 хүн байгаа юм.

-Тарваган тахал гэдгийг хэзээ тогтоосон юм бэ?
-Есдүгээр сарын 9-нд тарваган тахлын хамар залгиурын хэлбэр байж болзошгүй гэх онош тавьсны дагуу хүүг тусгаарласан. Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод 11-ний өдөр очиж ажилласан. Нэлээд олон төрлийн шинжилгээ хийдэг юм. Бактериологийн, илдсийн шинжилгээ, өчигдөр /уржигдар/ орой 17 цагт амь сорилын шинжилгээний эцсийн дүн гарч, өвчтөн тарваган тахлаар өвчилсөн нь тогтоогдсон.

-Хүүгийн болон нэгдү­гээр хавьталтай хүмүүсийн биеийн байдал ямархуу бай­на вэ?
-Нэгдүгээр хавьталтай 62 хүнээс 35 нь хяналтнаас гарсан. Өнөөдөр /өчигдөр/ орой 17 цаг хүртэл үлдсэн 27 хүнд тарваган тахлын ямар нэг шинж тэмдэг илрэхгүй бол хяналтын хугацаа дууссан гэж үзээд хяналтаас гаргана. Өвчтөний биеийн байдал харьцангуй сайжирсан.

-Хэрэв өвчин хүндэрвэл олон хүнд халдах аюултай биз дээ?
-Залгиурын хэлбэр бол ховор тохиолддог. Энэ нь хүндэрч уушгиний хэлбэр болох юм бол олон хүн аюулд учрах эрсдэлтэй.

-Тарваганы түүхий хүн мах, цөс үнэхээр хүний эрүүл мэндэд сайн байдаг юм уу?
-Тарваганы болон ямар нэг амьтны элэг, цөс, давсаг зэрэг нь хүний эрүүл мэндэд ямар ч ач холбогдолгүй. Харин ч тарваганы цөс хамгийн их нян үрждэг нянгийн тэжээлт орчин.  Цөсийг түүхийгээр нь залгих нь маш олон тооны микроб нян идэж байгаатай ялгаагүй. Энэ мэт мухар сүсгээс болж эрүүл мэндийн салбар, цаашлаад эх орны эдийн засагт хохирол учруулах нь байж боломгүй үйлдэл.

-Ер нь, эмчилгээ оношилгоонд хэр хэмжээний зардал гардаг юм бэ?
-Эмч мэргэжилтнүүдээс эхлээд маш олон байгууллага ажилладаг. Долоо хоног хөл хорио тогтоосон газарт ажиллаж буй цагдаа, онцгой байдлын алба хаагчдын зардал, 5-6 төрлийн шинжилгээ хийж байж онош баталгааждаг болохоор тэр олон оношлуурын зардал, ариутгалын бодис гээд тооцох юм бол их хэмжээний дүн гарна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 56.7 сая төгрөг зарцуулаад байна. Нэг хүний буруутай үйлдлээс үүдэн ийм хэмжээний мөнгө улсын төсвөөс гардаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Энэ мөнгөөр өөр өвчтэй олон хүнийг эмчилж болно. Бүх зүйл дуусч, хорио цээр тавигдсаны дараа зардлын дүн хэд болохыг хэлж мэдэхгүй.

-Тарваган тахлын вакцин хийж байгаа юу?
-Эрсдэлтэй цагийг угтуулан зургаа, долдугаар сард улс даяар хийдэг. Өвчилсөн 15 настай хүү болон түүний ар гэрийнхэн вакцинд хамрагдаагүй. Учир нь голомтгүй газар вакцин хийх шаардлагагүй учраас голомттой газартаа л хийдэг. Хэдийгээр тарвага агнахыг хуулиар хориглосон ч бүүрэг хачигаар дамжин халдах эрсдэлтэй байдаг учраас иргэдийн хүсэлтээр үнэ төлбөргүй хийдэг юм.

-Хүн махыг нь залгисан аав, цөсийг нь залгисан ээжид нь тахлын шинж тэмдэг илрээгүй юу?
-Илрээгүй. Тарваганы эрхтэнг түүхийгээр нь залгиснаас үүдэн тахлын нянгаас гадна гэдэсний халдвар үүсгэгч, идээт үрэвсэл үүсгэгч гээд олон нянгаар өвчилж болно. Гэхдээ ходоодны хүчлийн байдал, биеийн эсэргүүцлээс шалтгаалан өвчлөхгүй байх нь ч бий. Түүхий эрхтэнг залгисан гэх аав ээж хоёрт нь тарваган тахлын шинж тэмдэг илрээгүй. Гол нь иргэд хууль зөрчихгүй, тарвага, ан амьтны махыг түүхийгээр хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэж айхаасаа өмнө олон хүний эрүүл мэндийг бодож, үнэнээ хэлэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан