Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэт хотын шанг татсан илгээлтийн эзэд чууллаа


Биднийг Эрдэнэт хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд очиход урьд шөнө орсон цасны жавар хайрч, сэрүүн салхи сэвэлзэж байлаа. Намрын сар дуусаагүй эдгээр өдрүүдэд хүйтэн амьсгал гэнэтхэн орсон ч ажигч үгүй инээх хөгшидийн хажууд чичирч зогсохдоо нэгийг бодлоо. Цэнгэлдэх тойрч алхангаа тэдэнтэй ярилцаж, Эрдэнэт хотын бүтээн байгуулалт хэрхэн эхэлсэн талаар хууч хөөрлөө.
Энд Ю.Цэдэнбал даргаас томилолт авч ирсэн анхны хүмүүс үе, үеийн илгээлтийн эзэд цугласан бөгөөд 40 жилийн хугацаанд “Эрдэнэт овоо” гэх уулыг хот болгосон түүхээ эргэн дурсаж байсан юм. Анх “Зил-130”-ийн тэвшин дээр суугаад улаан туг мандуулан Эрдэнэтэд хөл тавихад уулнаас өөр юу ч үгүй байсан нь өдгөө хот болсон учраас эргэн дурсах зүйл нь ч дундрашгүй арвин байлаа. Түүн дотроос нэг газар ажиллахаар ирж, бие биетэйгээ дотносон өнөөдрийг хүртэл ах, дүү, найз нөхөд, гэр бүл болцгоож, 40 орчим жилийг туулах эхлэл тавигдсан тэрхүү цаг хугацааг онцлон ярьж байв.     

Халуун уур савссан тэдний яриа Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлсэн Ю.Цэдэнбал гуай Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Хөтөл зэрэг аж, үйлдвэрийн төвүүдийг бий болгохоор эрчимтэй ажиллаж байснаас эхэлсэн бөгөөд өдгөө зууны манлай бүтээн байгуулалтыг Эрдэнэт хотынхон бий болгож чадсанд сэтгэл хангалуун байдгаараа илгээлтийн эзэд бахархан ярих дуртай аж. Мөн тэрээр аж, үйлдвэрийг бий болгохын тулд томилолтоор залуусыг илгээж, түүндээ тохирсон урмын үгсийг бичдэг байсан талаар Эрдэнэтийн анхны илгээлтийн эзэн Д.Баатар хуучиллаа. Түүнд анхны илгээлтийнх нь дэвтэр өдгөө ч хадгалагдан байдаг бөгөөд “Энэ их үнэд хүрнэ, 10 саяар авах уу” хэмээн тохуурхах дуртай аж. Учир нь зүгээр л нэг дэвтэр өнөөдөр үнэлж баршгүй бүтээн байгуулалтын гэрч болж, тухайн үеийн улс төр, нам засгийн шийдвэрийг хадгалж байгаа түүхэн бичиг болж хувирчээ. Дэвтрийн эхний хуудсанд “Социалист байгуулалтын их зорилтыг биелүүлэх тавилантай манай яруу алдарт хөвгүүд, охид таван жилийн төлөвлөгөөний шийдвэрлэх барилга, байгууламж, түүний дотор Эрдэнэтийн овооны иж бүрэн байгуулалт дээр ажиллаж, эзэмшихэд идэвхтэй оролцоно гэдэгт манай Намын Төв Хороо итгэлтэй байгаагаа илэрхийлж байна” хэмээн бичсэн Ю.Цэдэнбал гуайн үгс байсан нь дан ганц дэвтэрт бус газар бүрээс ирсэн илгээлтийн эздийн цээжинд өнөөдрийг хүртэл үг, үсэггүй хоногшжээ.
Бид энэ талаар Д.Баатар гуайгаас тодруулахад, “1974 онд Эрдэнэтэд ирсэн хүмүүс дараа, дараагийн илгээлтийн түүчээ болж байна. Хамгийн анхны илгээлтээр олон хүн ирж байсан. Над шиг эгэл жирийн ажлаа хийгээд явж байсан зарим нь өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Хэрвээ амьд сэрүүн байсан бол өнөөдөр 40 жилийнхээ ойг үзээд сайхан байх байж дээ гэж бодож байна. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэр 40 жил болох хугацаандаа олон зүйлийг улсад өглөө. Эдийн засгийн хямрал болох үеэр ч “Эрдэнэт” үйлдвэр аминд орсоор ирсэн. Энэ бүхний гавьяа илгээлтийн эздийнх болов уу гэж би боддог. Энэ дэвтэр өнөөдөр түүх болон үлдлээ” хэмээн хэлсэн юм.  

Усан бороо байтугай…

10 гаруй гэр дүрсэлж, хашаалсан дээр “Эрдэнэтийн овоо уул” гэж бичсэн зургийг цэнгэлдэх хүрээлэнд байрлуулжээ. Анхны илгээлтийн эздийг ирэхэд тус газар ямар байсныг харуулахыг зорьсон дээрх зургийн талаар дэлгэрэнгүй ярьж өгөх олон хүн байсан ч “Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгалын цөөн үг сэтгэлд хоногшив. Тэрбээр зургийг харж, “Эрдэнэт овоо уул яг л ийм байсан. Анх ирэхэд ч цас, бороо холилдож орсон өнөөдрийнх шиг өдөр байсан. Гэхдээ их бүтээн байгуулалт, зорилгын өмнө байгалийн энэ үзэгдлүүд нь юу ч биш юм. Цас орж хүйтэн болсныг ажрахгүй байгаа энэ хөгшид бол бүтээн байгуулалтын жинхэнэ жишээ” хэмээн хэллээ. Харин зурагт дүрсэлсэн Эрдэнэтийн овоо уул нь Орхон Сэлэнгийн савд орших зэс молибдены хүдрийн баялаг бүхий уул бөгөөд 1978 онд “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр нэртэйгээр баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулж эхэлсэн байдаг. Улмаар Дорнод Сибирийн төмөр замын сүлжээтэй Наушк өртөө, Хятадын төмөр замын сүлжээтэй Эрээн хотоор дамжин холбогдож үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Анхны хөдөлмөрийн баатар

1974 оны зургадугаар сарын 24-нд Эрдэнэт хотын анхны Хөдөлмөрийн баатар тус нутагт 17 насандаа хөл тавьсан тухайгаа ярилаа. Тэрбээр 1975 онд ЗХУ-руу өрмийн машинчийн курст явж, ирээд “Эрдэнэт” үйлдвэртэй амь, амьдралдаа холбосондоо баярладаг гэнэ. Учир нь сэтгэл зүрхээ зориулан, ажилласан бүхэн амжилт дагуулдаг, “Эрдэнэт” үйлдвэр ч хайр, хишгээ харамгүй хайрласны дүнд тэрбээр өөрийгөө 1988 онд Хөдөлмөрийн баатар, 1979 онд ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг 22 насандаа хүртсэн гэж боддогоо хэлсэн юм. Харин 40 жилийн ойн талаар “Манай Эрдэнэт хотод зууны манлай бүтээн байгуулалтыг бий болгоход оролцож, онгон хөрснөөс нь бүх зүйлийг эхэлж байсан ахмадууд цуглалаа. Байгаль дэлхий маань хураар угааж, анхны цасаа хайрлалаа. Түмэн олон минь баяр цэнгэлтэй байна. Залуу, халуун насаа дурсаж, завгүй хоёр өдрийг өнгөрөөж байна. Энэ баярыг зохион байгуулсан аймгийн захиргаа болон “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагад баярлаж байгаагаа илэрхийлж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 Мөн тухайн үеийн талаар дурсан ярихдаа, “Анх биднийг Эрдэнэт хотод ирэхэд энэ газарт юу ч байгаагүй. Харин модоор барьсан жижигхэн хоёр суурин байсан нь тод санагдаж байна. Ингээд анх ирсэн 52 хүн хоёр байшинд хуваагдаж ороод, ажлаа эхэлцгээсэн. Тэр үед геологийн тосгонд 200-гаад монгол өрх, айл байсан. Бусад нь ЗХУ-ын мэргэжилтнүүд, монгол-орос цэргүүд байлаа. Бид тэр хүмүүсийн дунд орж, хойч үедээ мөрөө үлдээсэндээ үргэлж талархаж явдаг гэдгийг тодотгосон юм. Харин анх мужаанаар ажилд орсон тэрбээр ЗХУ-руу сурахаар явахаасаа өмнө буюу 1975 онд Дунгар даргатай бригадад ажиллаж байжээ. Тухайн үед дарга нар бүгд ЗХУ-ын мэргэжилтнүүд байсан учраас мужааны бригад Монгол даргатай гэдгээрээ онцлогтой байсан гэнэ. Хамгийн гол нь тэд Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын эхлэл болсон сургуулийн барилгын анхны шонг цутгаж, түүхэн явдлын гэрч болжээ. Ингээд аравхан жилийн дараа гэхэд зөвхөн хот бус хивс, хүнсний гээд олон үйлдвэрүүд бий болсон нь энд байгаа ахмадуудын гавьяа хэмээн Эрдэнэт хотоос төрсөн анхны Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан хэллээ.

Эрдэнэт эндээс эхэлнэ

Амьд архив болж байгаа анхны илгээлтийнхэн Эрдэнэт хотын талаарх дүрслэлийг өөр, өөрийнхөөрөө буулгаж байна. 1974 онд Эрдэнэтэд ирэхэд, Эрдэнэт эндээс эхэлнэ гэсэн бичгээс өөр зүйл байгаагүй тухай Эрдэнэтээс төрсөн өөр нэг Хөдөлмөрийн баатар Д.Бямбаа хэллээ. Харин “дотор” нь адуу мал бэлчсэн, алаг цэцэг найгасан үнэхээр сайхан нутаг байсан хэмээн уулга алдаж байсан тэрбээр сайн дураараа илгээлтээр явах саналаа өгснөөс хойш өдгөө 57 нас хүртлээ тус үйлдвэрт тасралтгүй ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд тэрбээр өөрийн гэсэн бүхнээ бий болгосон бөгөөд илгээлтийн бичиг, эвлэлийн тэмдгээс өөр эд хогшилгүй байсан ч энд ирсэн нь хамгийн зөв сонголт байсан гэдэгт 100 хувь итгэлтэй амьдардаг гэнэ.

“Зил-130” хөлөглөв

Биднийг ийн ярилцах хооронд Эрдэнэтийн илгээлтийн эзэд, анхдагчдын 40 жилийн баярын үйл ажиллагаа албан ёсоор эхлэв. Энэ сарын 13-ны өглөө болсон арга хэмжээнд аймаг орон нутаг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүллээ.  Түүнчлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа зэрэг урлаг, соёлын алдарт зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн нь илгээлтийн эздэд том хүндэтгэл болсныг тэд онцолж байв.

Харин үүнээс илүүтэй тэдний залуу насыг санагдуулж, ажил хөдөлмөрийн гарааг нь эргэн сануулсан зүйл нь нээлтийн арга хэмжээний урлагийн тоглолт байлаа. Учир нь Эрдэнэтэд газар газрын залуус илгээлтээр ирж, их ажил хөдөлмөр ундарч, бүхнийг шинээр эхэлж байсан тэртээх түүхэн цаг үе, үйл явдлыг баярын нээлтээр зохиомжлон харуулсан нь илгээлтийн эздийн сэтгэлийг хөндсөн баяр, гунигийн давхцал болж чадсан юм. Мөн илгээлтийн эзэд, анхдагчид Эрдэнэтэд ирсэн он оноороо дараалан эгнэж баярын жагсаалд оролцсон нь хүндэтгэлтэйгээр хүлээн авах шалтгаан байлаа. Тэдний залуу насыг харуулсан “Зил-130”, түүн дээр сууж даллах ид насны залуучууд гээд 40 жилийн өмнөх үйл явдлыг яг байснаар нь дүрсэлсэн дээрх арга хэмжээ цаашид залуу насны тухай дурсан санах уулзалтаар үргэлжилсэн юм.

Баатарлаг хөдөлмөрийн үр дүн байсан

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн илгээлтийн эздийн 40 жилийн ойн хурал дээр мэндчилгээ дэвшүүлсэн нь өргөн цар хүрээтэй байлаа. Тэрбээр юун түрүүнд, “Эрдэнэт хот, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагчид, эрхэм хүндэт илгээлтийн эзэд, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч буй ОХУ-ын иргэд та бүхэндээ Эрдэнэт хотын анхдагч, илгээлтийн эздийн 40 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэсэн юм. Мөн Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол, Оросын найрамдлын бэ лгэ тэмдэг болсныг онцолж, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон өнөөдрийн хөгжил дэвшилд хүргэсэн Орхон аймгийн нийт иргэд, “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад та бүхний нөр их хөдөлмөр зүтгэлээр Монголын хойч үе бахархана гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн хэллээ. Мөн Эрдэнэтийн цогцолборыг барьж байгуулахаар ЗХУ-ын 15, Бүгд Найрамдах Улсын 172 хотоос ирсэн 43 үндэстэн ястны төлөөлөгч 15 мянга гаруй мэргэжилтэн, барилгачид болон манай улсын 18 аймаг, хотоос Монголын хувьсгалт залуучуудын эвлэл (МХЗЭ)-ийн илгээлт, томилолт, зохион байгуулалттай элсэлтээр ирж ажилласан 15 үндэстэн ястны таван мянга гаруй барилгачдын хамтын хөдөлмөрөөр бүтээн боссон Эрдэнэт хот, “Эрдэнэт” үйлдвэрийн үүсэл, хөгжил нь Монгол, Оросын найрамдлын түүх, удаан жилийн уламжлалт харилцааг бататгасан мөнхийн сайн үйлс болон дэлгэрснийг харахад бахархалтай байна хэмээн түүхэн цаг үеийг дурсан ярилаа. Өнөөдрийн Эрдэнэт хот та бүхний баатарлаг хөдөлмөрийн үр дүн байлаа хэмээн онцолсон юм.                  

Түүх сөхвөл

БНМАУ-ын Сайд нарын зөвлөл (СнЗ)-ийн  1974 оны  304 дүгээр тогтоолоор “Эрдэнэт” үйлдвэрийн барилгад МХЗЭ-ийн илгээлтээр залуучууд элсүүлэх үндсэн нөхцөлийг баталж, Монгол-Зөвлөлтийн хамтар­сан Зэс молибдений “Эрдэнэт” үйлдвэрт МХЗЭ-ийн гишүүд залуучуудыг ажилчнаар элсүүлж, МХЗЭ-ийн илгээлтээр ажиллуулах асуудлыг бодлогын түвшинд  шийдвэрлэсэн юм. МАХН-ын Төв Хорооны удирдамж БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэх асуудлыг МХЗЭ-ийн Төв хороо хэлэлцээд 1974-1976 оны эхний хагас жил хүртэл Эрдэнэтийн барилга байгууламж дээр  1000  залууг илгээлтээр элсүүлэх хуваарь баталсан тогтоол гаргаж, уг тогтоолоор илгээлтийн эзэн залуучуудын дунд  үзэл суртал, соёл, хүмүүжлийн ажлыг зохион байгуулах штабыг МХЗЭ-ийн Төв Хорооны хоёрдугаар  нарийн бичгийн дарга С.Бадамхатанаар ахлуулан байгуулжээ. Энэхүү тогтоолоор илгээлтээр ажиллах хүмүүсийн бэлтгэлийг хангуулж, эхний  ээлжийг  1974 оны  наймдугаар сарын  15-ны дотор явуулахаар шийдвэрлэсэн байна. МХЗЭ-ийн Төв хороо, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хорооноос зохион байгуулж, маш богино хугацаанд МХЗЭ-ийн  Илгээлтийн эздийн анхны цувааг  54 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж явуулсан юм.
МАХН-ын уриа, МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэтэд ажиллахаар болсон анхны  54 залуучуудыг  1974 оны   наймдугаар  сарын  19-ний өдөр Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав тэргүүтэй, МХЗЭ-ийн Төв хороо Улаанбаатар хотын  ХЗЭ-ийн хорооны холбогдох удирдлагууд хүлээн авч  уулзан МХЗЭ-ийн  илгээлтийг  гардуулжээ. МХЗЭ-ийн илгээлтийн эздийг үдэх нийслэлийн залуучууд, нам улс  олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийн цуглаан  Монголын залуучуудын театрын өмнөх талбай дээр болж,  МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн   дарга Ч.Пүрэвжав нээж үг хэлжээ. Түүний дараа БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Шарав илгээлтийн эздэд хандан үг хэлж,  Монгол  Зөвлөлтийн хамтарсан том үйлдвэрийг барьж байгуулах их ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсээд залуу насандаа хэрэглэж байсан хөдөлмөрийн багажаа Илгээлтийн  нэг номерын эзэн Ч.Давагт  гардуулжээ.  Мөн нийслэл хотын ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Чойжамц илгээлтийн эздэд хандан баяр хүргэн үг хэлж,  БНМАУ-ын Төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав Илгээлтийн эзэн залууст зориулсан  шүлгээ уншжээ. Ийнхүү Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад оролцох анхны илгээлтийн эзэн залуучуудын цуваа  “Хайрт залуучуудаа” МАХН-ын уриа, эвлэлийнхээ илгээлтээр эх орныхоо аль хэрэгтэй газар очиж ажиллацгаая”, Улаанбаатар-Эрдэнэт” гэсэн үгтэй уриа лоозон хадсан автобус машинаар үлээвэр хөгжмийн аялгуун дор Эрдэнэтийн зүг хөдөлсөн түүхтэй.

МХЗЭ-ийн Төв Хорооны анхны илгээлтийн эзэн А.Адъяа, Б.Пэрэнлэй, Д.Балдангомбо, Д.Баатар, Ч.Банзрагч, Л.Борхүү, Л.Баярмагнай, А.Бямбаа, М.Батчулуун, Г.Баатар, Л.Ганхуяг, Л.Галсайхан, Г.Дарамбазар, Ч.Дагва, О.Даваа, Р.Жанчивдорж, С.Жигжид­даваа, Д.Ёндонжамц, Д.Зоригтбаатар, Ж.Лхасүрэн, Б.Мишиграгчаа, Л.Миш­ка, Ч.Мөнхбат, Х.Махмудхан, Р.Оро­соо, С.Оюунгэрэл, Г.Оюун, Л.Оюун, Б.Очирбат, Х.Пүрэвдорж, Ш.Пүрэв­­даш, Н.Сэрэгзэн, А.Сэ­рээтэр, Д.Сувд, Д.Түмэнжаргал, Г.Төмөр­баатар, А.Төгсбаясгалан, Н.То­нир, Х.Цэрэндорж, Д.Чойжил, Б.Цэвээн­лхасүрэн, Д.Төртогтох, З.Цэрэннадмид, Б.Түвшинжаргал, Ч.Эрдэнээ нарын  54 залуус дээрх цувааг бүрдүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан