Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хайгуулын лицензээр нэг тэрбум ам.доллар даллаж байна


Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд хайгуулын лиценз 2782 байв. Үүнээс ашиглалтынх нь 1351, хайгуулынх 1431 байгаа юм. Энэ нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн 7.6 хувийг эзэлж буй билээ. Сүүлийн гурван жилд хайгуулын лиценз олгохыг хориглосон.  Үүнээс үүдэн лицензийн тоо буурч ирэх гурван жилд хайгуулын нэг ч лицензгүй болно хэмээн Уул уурхайн яамны мэргэжилтнүүд хэлж байв. Гэвч өнгөрсөн онд ашигт малтмалын 250 ордын нөөцийг тогтоож Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл  хэлэлцжээ. Үүнээс 200 орчим ордын нөөцийг улсын эрдэнэсийн санд бүртгэж авсан байдаг. Өмнө нь, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувьд ашигт малтмал олборлох, хайх 5000 гаруй лиценз гаргаж байсан удаатай. УИХ хаврын чуулганаараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг ч баталсан.

Ингэснээр хайгуулын ажил сэргэж лиценз олгох үүд нээгдэв. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас хайгуулын лиценз энэ сарын 24-ны өдрөөс эхлэн олгоно гэдгийг өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхдээ нийт газар нутгийн 19.88 хувьд ашигт малтмал хайх лиценз олгоно. Үүний 13.39 хувийг өргөд­лөөр, 6.49 хувийг сон­гон шалгаруулалтаар олго­хоор боллоо. Өөрөөр хэлбэл өргөдлөөр 20.94, сонгон шалга­руулалтаар 10.15 сая га талбайд  хайгуулын ли­ценз олгох юм. Ингээд ашигт малтмалын хайгуул хийх нийт талбайн хэмжээ 31.09 сая га талбай болж байна. Энэ талбайд лиценз олгос­ноор чамгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэж үзэж буй. Тухайлбал жилд нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө орж ирж хайгуул хийнэ хэмээн Уул уурхайн яамнаас тоо­цож байгаа ажээ. Хуулиар ашигт малтмалын лиценз олго­­хыг хориглосон талбай нэлээд бий. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу улсын нөөцөд авсан талбай 11.9 сая га, орон нутгийн тусгай хэрэгцээний газар 38.52 сая га байна. Мөн урт нэртэй хуулиар гол, мөрний урсацын эх ундаргын  14.4, усны сан хамгаалалтын бүсийн 10.7, ойн сангийн 18.6 сая га талбайд хайгуул болон ашиглалтын лиценз олгохыг хориглоод байгаа юм. Үүнээс гадна БОНХЯ-наас ашигт малт­малын лиценз олгохыг хо­риглох гэж буй газрын хэм­жээг тогтоов. Үүнд улсын тус­гай хамгаалалтад орох 2.24, Бай­галийн нөөцийн үндэсний парк байгуулах 20 сая га тал­бай тус тус хамрагдаж буй юм. 

Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Хайгуулын лицензийг урдынх шиг замбараагүй олгохгүй. Зөв­хөн төрөөс тогтоосон тал­байд лиценз өгнө. Тэгэх­дээ тухайн талбайн урт­раг, өргөрөг, минутыг на­рийвч­лан тогтооно. Хайгуулын лиценз хүссэн өргөдлийг цахимаар хүлээж авна. Хоёр хоногийн дараа Ашигт малтмалын газрын веб сайтад лиценз олгох газар, талбайн жагсаалтыг тавина” гэж мэдээллээ. Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа “Лиценз олгох өргөдлийн дугаарыг цахимаар олгоно. Энэ дугаарыг авах зааврыг цахим хуудастаа байршуулна. Мөн кадастрын зураглалын нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлэх юм. Өөрөөр хэлбэл, өргөдлийг нь хүлээж аваад тухайн талбайд лиценз олгож болох эсэх хариуг гурван цагийн дараа өгнө. Тэгэхдээ хайгуулын лицензийг Улаанбаатараас дур мэдээд олгохгүй. Тухайн орон нутгийн төрийн захиргааны бай­­гууллагатай зөвшилцөж ли­ценз олгох эсэхийг шийднэ” гэлээ.
Хайгуулын лиценз олгохдоо Монгол Улсад татвар төлдөг хуулийн этгээдэд олгоно. Лиценз эзэмших өргөдөл гаргагч  үйлчилгээний хөлсөнд 250 мянган төгрөг төлөх аж. Тухайн орон нутгийн засаг захиргаа хайгуулын лиценз хүссэн өргөдлийг дэмжиж олгох болсон бол өргөдөл гаргагчид эхний жилийн төлбөрийг төлөхийг мэдэгдэх юм. Ингээд өргөдөл гаргагч 10 хоногийн дотор уг төлбөрийг төлөх ёстой. Энэ мөнгөө төлсөн бол лицензийг нь гурван жилийн хугацаатай олгоно. Хэрэв хайгуулын лицензийн хугацаа дуусвал дахин гурван жилээр сунгаж болох ажээ.

Тухайн талбайд хайгуулын лиценз эзэмшигч л ашиглалтад шилжих өргөдөл гаргах эрхтэй. Нэг ёсондоо өөрөө хайгуул хийж нөөц тогтоосон талбайдаа уурхай нээж олборлолт хийнэ гэсэн үг. Тэгэхдээ эхний үед ашиглалтын лиценз нь 30 жилийн хугацаатай байх нь. Дараа нь ашигт малтмалын олборлолт уурхайн үйл ажиллагаагаа тооцон үзээд 20 жилээр сунгаад явах боломжтой юм.
Ийнхүү үйл ажиллагаа нь зогсч үүдээ хаагаад байсан хайгуул, өрөмдлөг, геофи-зикийн компаниуд ажилдаа орох нь. Эдгээр компаниудад ажилладаг дөрвөн мянга орчим хүн бий гэсэн  гэдэг судалгаа байдаг. Тэгэхээр ирэх жилээс уул уурхайн салбарын хайгуулын ажил эхэлж  сул зогсож байсан нэг хэсэг нь хөдөлгөөнд орох боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан