Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ДАВААЦЭРЭН: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН НАС 30 ЖИЛЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн 35 жилийн хугацаанд 739 сая тонн хүдэр олборлож, 706 сая тонн хүдэр боловсруулж, дөрвөн сая тонн баяжмал дахь зэс, 56 мянган тонн баяжмал дахь молибден үйлдвэрлэсэн гэдгийг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн хэллээ. Дээрх хугацаанд “Эрдэнэт” үйлдвэр 10.6 их наяд төгрөгийн таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөг төвлөрүүлж, 2.6 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Цаашид бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрийн өргөтгөлийн ажил явагдаж байгаа бөгөөд 2011 онд эхлүүлсэн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн ажлыг энэ онд багтаан ашиглалтад оруулах юм. Эдгээр асуудлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Уул, уурхайн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Эр­дэнэт” үйлдвэрийн эхлэ­лийг тавьсан иргэд өнөө­дөр 40 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Үйлд­вэ­рийн удирдлагын хувьд өнөөд­рийг хэрхэн дүгнэж байна?         
-Геологи уул, уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт төлөвлөж, улс орны­­хоо хөгжил цэцэглэлтэд зө­вөөр шингээсэн хамгийн үлгэр жи­шээ бүтээн байгуулалт нь “Эрдэнэт” юм. Энэ уулын баяжуулах үйлдвэрийг анх байгуулсан бүтээн байгуу­­лал­тын үрээр 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хот, Орхон аймаг бий боллоо. Тийм учраас тухайн үеийн ЗХУ, өнөөдрийн ОХУ-ын ард түмэнд оруулсан хөрөнгө оруу­лалтынх нь төлөө талархах ёстой болов уу.
Үүний хажуугаар илгээлтийн эзэд, бидний өмнөө барь­даг монгол инженерүүд Эрдэнэтийн бүтээн байгуулал­тад гар бие оролцож байсан. Ажлын хүндийг үүрч, тал нутгаас хот бий болгосон тэд бол яах аргагүй гавьяатай улс. Тэд хийж бүтээснээрээ бахархах, түүнийгээ гайхуулах эрхтэй. Үе, үеийн уурхайчин хамт олон ч ажлаа сайн хийж ирсэн. Үүний жишээг өнгөрсөн жил төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлсэн, энэ оны наймдугаар сарын байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөг да­вуулан биелүүлсэн зэргээс харж болно.
-Улсад төлж байгаа татварын хэмжээгээр “Эр­дэ­­нэт” үйлдвэр тэр­гүүл­­сээр байна. Цаашид үйлдвэрийн өргөтгөлийн ажил дуусвал хувь, хэмжээ нь нэмэгдэх байх?
-Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтэд хамгийн өндөр татвар төлж, хувь нэмрээ оруулсан хэвээр байгаа. Сүүлийн 10-аад жил тэргүүлж байна. Цаашдаа үйлдвэрээ улам хөгжүүлэх, орчин үеийн техник, технологитой уялдуулж, үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээр бодитой ажил хийж байна. Энэ жилдээ багтаан үйлдвэрийнхээ өргөтгөлийг дуусгаж чадвал ирэх жилээс үйлдвэрийн хүчин чад­лыг зургаан сая тонноор нэмэг­дүүлэх боломжтой болно.
-Одоогоор “Эрдэнэт” үйлдвэрийг 30 жилийн нөөцтэй гэж байна. Гэхдээ жилд олборлох баялгийн хэмжээ өсөх тусам нөөцийн хугацаанд өөрчлөлт орно.
-Дахиад 30-аад жилийн баталгаатай  нөөц бий. Хүчин чадал нэмэгдээд ирэхээр арай өөр тоо гарах байх. Гэхдээ бид геологи, хайгуулынхаа ажлыг өргөтгөж байгаа. Нөөцийг өсгөх талаар бодитой ажил хийж байгаа учраас үр дүнд хүрнэ. Тиймээс 30 жил гэдэг энэ үйлдвэрийн нас биш. Нөгөө талаар, хаалт, хөгжлийн менежмент гэдэг ойлголт уул уурхайн салбарт бий. Хаана гэхээр шууд үйлдвэрийг зогсоочих юм биш. Нөөц дуусвал үйлдвэр хэрхэн ажиллах вэ, гэдгийг л тодорхойлох төлөвлөгөө шүү дээ. Тиймээс ашиглалтын нөөцийг 40 жил сунгалаа гэхэд, энэ үйлдвэр зогсох биш, бий болчихсон байгаа бүтээн байгуулалт, дэд бүтцийг ашиглаад цаашид өргөтгөх, уул, уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэр бий болгох, геологи уул уурхай, шинжлэх ухааны төв болгох зэргээр өөрчилж болно. Ер нь бол бусад оронд уурхайг нээх үедээ л хаах төлөвлөгөөгөө хийж байдаг. Байгаль орчин, нөхөн сэргээх асуудлаас гадна бий болсон хамт олны нийгмийн асуудал зэрэг өргөн хүрээний асуудал багтдаг. Тиймээс хаалт, хөгжлийн менежментийг сайтар боловсруулж, түүн­дээ зориулж тодорхой хэм­жээний санхүүжилт бий болгож ажиллавал үйлдвэрийн нас 30, 40 бус 300, 400 жилээр яригдах учиртай.
-“Эрдэнэт” үйлдвэр хэм­­нэлтийн бодлого ба­рим­талж байгаа талаар юу хэлэх вэ?
-Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналаа. 2011 онд 10 мянга хүрч байсан зэсийн үнэ 2012 онд 8000, 2013 онд 7000 болоод буурсан. Өнөөдөр долоон мянгаас хол давахгүй байна. Ингээд үнэ огцом унасан нь хүнд нөхцөл байдалг бий болгосон учраас эдийн засгийн хэмнэлтийн бодлого баримталж эхэлсэн. Импортоор авдаг сэлбэг, материалыг бодит зах зээлийн үнээр нь, болж өгвөл үйлдвэрлэгчээс нь шууд авах бодит алхмууд хийсэн. Өөрийн өртөг өнгөрсөн оны эхээр 6625 ам.доллар байсан. Өнөөдрийн гүйцэтгэ­лээр 5520 болчихсон явж байна. Үүнээс харвал 1000 гаруй ам.доллароор бид зард­лаа бууруулж чадсан. Тэгэ­хээр эдийн засгийн хэмнэлтийн бодлого тодорхой үр дүнгээ өгч, ашиг нэмэгдэж байгаа. Эдийн засгийн үзүү­лэлтүүд бол дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ муу бай­гаатай холбоотой. Мөн ху­римт­­лагд­сан өр, авлага бай­гаа. Тий­мээс барагдуулах чиглэ­лээр цөөнгүй ажил хийж байна.
-Өр барагдуулах алба бай­гуулагдаад ямар хэм­жээ­­­ний өр барагдуулсан бэ?
-200 гаруй тэрбум төгрөгийн авлагатай үйлдвэр хүлээж авсан. Өнөөдөр 160 орчим тэрбум төгрөг болсон байна. 

Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан