Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УНАЖ ЯВААД МОРИО, ХАМТАРЧ ЯВААД САЙД НАРАА...

Нэр нь үл мэдэгдэх төрийн бус байгууллагын залуус төрийн түшээдэд зориулж шагнал гардуулна хэмээх зар түгээж байснаас хойш нэгэн жил өнгөрчээ. Тэд “Мятрашгүй монгол хүн” гэдэг өргөмжлөл санаачилж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулна хэмээсэн. Нэг бодлын бахархан магтаад байгаа ч юм шиг, нөгөөтэйгүүр баалж тавласан ч юм шиг энэ шагналыг гардуулсан залуусыг өрөөндөө хүлээж авсан гэж дуулдаж билээ. Яагаад заавал хэл амны бай болсон хүнд өгч байгаа юм бэ гэж ТББ-ын залуусаас асуухад “Харин тийм ээ, хэл амны бай болж, эсэргүүцэлтэй тулгарч, шүүмжлүүлээд, загнуулаад байгаа хэрнээ тэр ажилласаар л байна” хэмээн хариулж байв. Мятрашгүй Ерөнхий сайд түүнээс хойш өөрийнхөөрөө зүтгэж, ажилласаар хоёр жилийн ард гарчээ. Энэ бол Ардчилсан намынхны хувьд хамгийн урт хугацаанд эрх барьж буй тохиолдол болж таарав. Юутай ч, гүйцэтгэх үүрэгтэй засаглал сайн, муугаар их хэлүүлж, сөрөг хүчнээс огцруулчих гэсэн довтолгоонд олонтаа тэсч, ҮХАА-н сайдыг өөрчилж танхимаа шинэчлээд хоёр ойдоо хүрлээ.
Засгийн газрын тэргүүн саяхан олон нийтийг хүлээл­гэн байж, радио сувагт цаг бүртгүүлэн авч өнөө үеийн асууд­лаар байр сууриа илэр­хийл­­лээ. Ингэхдээ ажлаасаа буух гэж байгаа хүн шиг хий­сэн, хэрэгжүүлсэн бүхнээ эргэн тайлагнаад, тэр хооронд эсэр­гүүцэл, дэмжлэг олон байсныг дурдав. Гэвч 15 минут үргэлжилсэн урт илтгэлийн дотроос хамгийн их анхаарал татсан нь “Засгийн газрын бүрэлдэхүүнд сэлгээ хийх болно” гэдэг өгүүлбэр. Үүний л араас өнөөдөр олон асуултын тэмдэг хариу нэхэн ёрдойж хоцорсон бол эхнээсээ таамаглалаа дэвшүүлж, сана­лаа уралдуулах хэсэг бүлэг бий болжээ. Энэ үйл явдал танд нэг л танил санагдахгүй байна уу. 2008 оноос ноён Н.Алтанхуяг Ардчилсан на­мын дарга болж, хамтарсан Засгийн газрын хоёрдахь тэргүү­­нээр 2012 он хүртэл ажил­ласан билээ. Ингэхдээ өөрийн намаас таван ч хү­нийг сайдаар томилуулж, эх орны эрх ашгийн төлөө гол өр­сөлдөгчтэйгөө эвссэн.


Түүнийг экс Ерөнхийлөгчөөр ахлуулсан тухайн үеийн улс төрийн шинэхэн хүчин “МАНАН” хэмээн томъёолж билээ. Гэнэт л МАН, АН-ын Засгийн газар бутарчихав. 2012 оны нэгдүгээр сард Ардчилсан намын дээд удирдлага Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах үед Н.Алтанхуяг, С.Ламбаа, С.Баярцогт, Х.Баттулга, Л.Болдоос гадна таван дэд сайд алга ташуулан тайз эзэгнээд огцорч байгаагаа мэдэгдсэн. Гэвч тэр үед хариуцлага гэж зүйл байх ёстой гэдгийг хатуу сануулах гишүүд байсан юм. Түүний хамгийн тод жишээ бол өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболд. Тэрээр сайд нараа Д.Эрдэнэбат гишүүний хэлснээр “гөлийтөл зогсоож байгаад” жинхэнэ “АХА” тэмцээн зохион байгуулсан. Энэ зуур Сангийн сайдаар ажиллаж асан С.Баярцогт “Ардчилсан намын мөрийн хөтөлбөр 100 хувь биелсэн шүү” хэмээн ам бардам хэлсэн нь одоо ч чихэнд сонсдох шиг.
Дээрх үйл явдал бол унаж яваад морио, хамтарч яваад засгаа тонгорсон хэрэг болсон. Хэдийгээр намын дарга нь “Үзэл суртлын машин эрчимтэй ажиллаж эхэллээ. Тэд биднийг урвасан мэт муухайгаар харагдуулах гэж оролдож байна” хэмээн өөрсдийгөө өмөөрч байсан ч үнэн гэдэг үнэнээрээ л хоцордог. Тавхан сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болох байсан учир Засгаас гарсан гэж үздэг нь бий. Мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүн хоосон байж болохгүй тул шаварт унасан шарын эзэн хүчээ шавхаж хүний нөөцөөсөө эзгүйрсэн яамдыг нөхөж, таван сар МАН дангаараа засаг барьсан билээ. Гэвч тэд нэгэнт далаараа тавиулсан гэнэтийн шокноос гарч чадахгүй явсаар парламент, орон нутаг, төрийн тэргүүний дараалсан гурван сонгуулиар өвдөг шороодсон. Харин өнөөдөр тэд дахин сэргэхийн төлөө хэл ам, хэрүүл тэмцэл төдийхнөөр оролдож, хүчээ сэлбэж суугаа.
Гэтэл эрх баригч болсон Ардчилсан нам хийгээд Засгийн газрын эсрэг хангалттай их довтолгоо өрнөж байхад тэргүүлэгч нь дотроосоо өөртөө дэгээ тавьж суугаа нь эмгэнэлтэй. Жишээ нь, намын даргаас, Гүйцэтгэх зөвлөлөөс шийдвэр гарахгүй байгаа тул сүүлийн хоёр жил Үндэсний зөвлөлдөх хороо нэг ч удаа хуралдсангүй. Нэг биш, хоёр биш, гурав биш дөрвийн дөрвөн ҮЗХ-ны ээлжит хурлын тов зарлалгүй өнөөдрийг хүрлээ. Энэ намар л хуралдах сураг дуулдах аж. Мөн Ерөнхий сайд нь танхимынхаа бүрэлдэхүүнийг сэлгэнэ ээ хэмээн том ярьж суугаа нь инээдэмтэй. Товчхондоо, хуучин яамдыг хэсэгчилж, салаалуулан шинээр бий болгосон сайд нарын суудлыг танах бололтой. Гэвч тэр сэлгээнд гүйцэтгэгч сайд нараас гадна удирдагч сайд, Н.Алтанхуяг сайд өөрөө ч багтах ёстой гэж үзэх хүмүүс бий. Сайд нараа сайн ажиллуулж, асуудлаа бүхэлд нь харж ажиллах үүрэг нь Ерөнхий сайдад оногддог. Салбар сайн ажиллаагүй бол хариуцлага нь салбарын сайдаар төгсөх биш танхимын хэмжээнд, бүхэлдээ хөндөгдөх нь шударга шүү дээ. Нэг үхрийн эвэр доргивол бүгдийнх нь донсолж байдаг зарчим яалаа даа.
2012 оны эхэнд Ардчилсан намын дарга сөрөг хүчнээ тонгорч байсан бол энэ удаа ханилж яваа нөхдөө зольж буйтай ялгаагүй. Ийм шүүмжлэлийг Ардчилсан намын дотроос тодорхой хэлсэн хүн бол цагтаа Ерөнхий сайдаар ажиллаж асан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Тэрээр “Монголбанкны Н.Золжаргал эрвийх дэрвийхээрээ зүтгэж Монгол Улсын аль ч Засгийн газарт байгаагүй хэмжээний санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж өгсөн. Гэтэл унаж яваад морио гэдгийн үлгэр болж байна. Инээдэмтэй л юм даа. Монголбанк тийм их бололцоо босгож өгөөд байхад өөрсдөө яасан гэхээр итгэл даагаагүй, зүгээр л ажил унагаасан. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа энэ нүүр царайг өөрчлөх ёстой. Ердөө өөр аргагүй” хэмээн ярьсан нь ч бий. Шинэчлэлийн Засгийн газарт хүмүүс сайн, муу дүн өгч хуваагдаж байгаа бол хариуцлагаа таллаж тааруу дүн авсан хэсгээ сайд нараараа халхалж, “туг тахих” нь бололтой. Түүний хэлсэн “Сэлгээ хийх болно” гэдэг үгэнд өөрийгөө багтаасан шинж огт ажиглагдаагүй тул ийнхүү хардах сэтгэлд хөтөлнө.
Түүнээс өмнөхөн үеийн болсон явдлыг эргэн санах шаардлага бий. Сөрөг хүчин Сангийн сайд Ч.Улааныг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамт огцруулъя гэж гуйхад нь гүрийсээр байгаад авч үлдсэн. Гэтэл Ерөнхийлөгч хууль санаачлаад УИХ-ын гишүүд сайдын ажлыг давхар гүйцэтгээд дэмий юм байна гэдэг төслийг мөн л үгүйсгэв. Энэ үед 2016 оноос буюу дараагийн Засгийн газраас л хэрэгжүүлнэ, энэ удаа Шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахгүй бол тун бүтэхгүй хэмээн зөрүүдэлж байсан. Сүүлд ЭЗХ-ийн сайдыг ганцааранг нь огцруул гэхэд элдэв шалтаг тоочсоор хойшлуулж дөнгөсөн билээ. Өнөөх 19-үүлээ ажиллана, олуулаа хөгжье гэж уриалсан нь юу болов. Шинэчлэлийг дундаас нь тасалдуулах гэсэн увайгүй оролдлого хэмээн тайлбарлаж явсан нь юу болов. Нийт дөрвөн жилийн бүрэн эрх талаасаа хэтэрсэн хойно Засаг танагдах нь дээр үү, аль болох их хугацаа байхад цомхотгосон нь илүү ашигтай юу гээд асуулт ч ундраад л байх нь.
Хамгийн гол нь хоёр жилийн өмнө ҮЗХ-ноосоо томилолт авсан энэ засаг халаа сэлгээ хийхдээ тулахад эргээд ҮЗХ-ноос хүний урманд асуугаагүй. Хамтарсан засгаас “мурьж” байхдаа ч ҮЗХ-гоо бүү хэл намын бусад сайдтай зөвшилцөөгүй гэж шүүмжилдэг шүү дээ. Өнөөдөр ч ҮЗХ бидний ажилд хамаагүй гэж, мятрашгүй бодсоор байх шиг. 2012 онд гаргаж байсан шиг ганцаараа бодож халаа сэлгээ хийх нь гэсэн шүүмжлэл АН-ын гишүүд дунд аль хэдийнэ өрнөөд эхэлчихлээ. Нэгэнт энэ Засгийн газар утгаа алдлаа гэдгийг улс төрийн олон нам, сөрөг хүчин, олон нийт, ард иргэд, нам дотроос нь ч хэлж, шүүмжилж байгаа. Цөөрч, цомхорвоос сайн л биз. Гэхдээ хамтарсан засгийн газрын бүрэн эрх дуусах дөхөхөд хариуцлагаас бултаж, зугатсан шиг үйлдэл давтагдах вий гэх болгоомжлол байгаа юм.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
oluulaa baina geed odor shonogui shuumjilne, tsooruulie geheer hamtarch yavaagaa ingeh tegeh ni geed baih, yaval sanaand ni niitseh yum bol. yu ch hiisen shuumjilj l baival buten noirtoi honodog iimerhuu hereggui medemhiiregch nar haana ch hereggui, mongoloos bur delhiigees zailbal taarna
Хамгийн их уншсан