Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийд ховордож Монголд ”илүүдсэн” жонш

Уул уурхайн салбар манайд хүчээ авч эдийн засгийн гол орлогыг тодорхойлох болов. Гэвч энэ нь олон сөрөг үр нөлөө дагуулсаар... Жишээ нь, алт, нүүрс, жонш гар аргаар олборлогч нинжа нарын арми тэлж буй. Нүүрснийх нь Налайхад, алтных нь төв болон хангайн бүсэд, жоншных зүүн бүс нутагт төвлөрч байна. Монголын эрдэс баялгийн экспортод зэсийн дараа орж байсан ашигт малтмал бол яах аргагүй жонш. Үүнийг стратегийн бүтээгдэхүүн хэмээн тооцдог. Гэвч сүүлийн жилүүдэд төр засаг зэс, нүүрс, алтны томоохон ордоо яриад, жоншоо тоохоо больсон гэж болно. Ашигт малтмалын газрын мэдээллээр жонш олборлох зөвшөөрөлтэй 138 аж ахуйн нэгж бий гэдэг. Үүний хажуугаар гар аргаар олборлогчид жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байгаа. Тэдний олборлосон жоншийг баяжуулах, анхан шатны боловсруулалт хийх, бага оврын баяжуулах үйлдвэр Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт олон бий. Ихэнхи нь Хятадын хөрөнгө оруулалттай гэдэг.

Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн онд жонш олборлогч 39 аж ахуйн нэгжид шалгалт хийж, тэдний наймынх нь үйл ажиллагааг зогсоож 12 -т  нь сануулга өгсөн удаатай. Тэд уурхай ашиглах ТЭЗҮ-д тусгасны дагуу ажилладаггүй сорчилж олборлож байж. Учир нь, зардал хэмнэж, судал дагуу нь 30-40 метр ухаж  тухайн ордын энд тэндээс олборлодог ажээ. Уг нь, нэгэнт уурхай нээсэн бол  200-300 метрийн гүнд байгаа жоншийг авах ёстой. Жишээлбэл, Дорноговь аймгийн Хулд суманд нинжа нар дураараа авирлаж, 12 метр гүн 150 га газар эвдсэн хэрэг гарсан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр энэ газарт техникийн нөхөн сэргээлт хийхэд 19 сая 250 мянган төгрөг зарцуулах тооцоо гарчээ.  Гар аргаар олборлогчид 92 хувийн агуулгатай нэг тонн жоншоо 180 мянган төгрөгөөр эдүгээ худалдаалж буй. Гэвч Дорноговь аймагт одоо жонш худалдан авч буй газар тун цөөхөн болжээ. Үүний шалтгааныг нутгийн ардууд “Баяжуулах үйлдвэрүүд нөөц ихтэй болчихоор нэг хэсэгтээ авдаггүй юм” хэмээн тайлбарлаж байна.  

Фторт хөнгөн цагаан үйлдвэрлэх боломж бий


Манай жоншны экспортыг  тодорхойлж буй ганц үйлдвэр бол  Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК юм. Монголын экспортлогчдын холбооны мэдээллээр тус компани 2011 онд 250 мянган тонн баяжмал  экспортолжээ. Өнгөрсөн жилийн байдлаар Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр 615 гаруй мянган тонн хүдэр олборлосон аж. Үүний 400 орчим мянгийг нь далд, үлдсэнийг нь ил уурхайгаас олборложээ. Эдүгээ гүний уурхайн хүдрийн нөөц, агуулга нь багасч буй тул үйлдвэрлэлийн зардал нэмэгдэх хандлагатай болжээ. Өөрөөр хэлбэл, жонш авалт буурч баяжмалын чанарт сөрөг нөлөөлж буй юм.

Иймд технолгийн шинэчлэлт хийх болон баяжмалаа боловсруулж, зах зээлд нийлүүлэх нь илүү өндөр ашигтай болно.  Энэ талаар сүүлийн жилүүдэд чамгүй судалгаа шинжилгээ хийж ирэв. Тухайлбал,  ХБНГУ -ын Аахен хот ОХУ-ын Читийн Техникийн их сургууль, “EKOF Flotation”, “Commadas-Ultrasort”, “Новотек”, “РАДОС” зэрэг байгууллага, компаниудтай хамтарч хүдрийн чанар, технологийн шинэчлэлт хийх нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах судалгаа шинжилгээ хийсэн байна. Технологийн шинэчлэлт хийснээр 97 хувиас дээш агуулгатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ хэмээн тооцож буй. Мөн химийн үйлдвэрийн чухал түүхий эд фторт хөнгөн цагаан үйлдвэрлэх боломжтой хэмээн тодорхойлжээ.  Судалгаагаар нэг тонн фторт хөнгөн цагаан гаргаж авахад ойролцоогоор 700 кг жоншны хүчил, 630 кг хөнгөн цагааны шүлт шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Монгол Улс нөөцөөрөө дэлхийд дөрөвт ордог


Олон улсын зах зээлд нэг тонн жоншны үнэ агуулга, чанараасаа хамаарч 400-600 ам.доллар  байгаа аж.  Манайх өнгөрсөн онд 407 мянган тонн баяжмал экспортолсон.  Үүний дийлэнхи нь 25-75 хувийн жоншны агуулгатай бөгөөд 92 сая ам.долларын үнэ хүрчээ. Энэ сард тогтоосон уул уурхайн жишиг үнээр манайх нэг тонн баяжмалаа 79-370 мянган ам.доллар байх нь хэмээв. Хамгийн өндөр үнэ нь ОХУ-ын Наушик өртөөн дээр байна. Харин бага оврын баяжуулах үйлдвэрүүд нэг тонн бүтээгдэхүүнээ дунджаар 80-120 ам.доллараар борлуулдаг мэдээлэл бий. Монгол Улс жоншны нөөц, үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байрт жагсдаг. Тухайлбал, олон улсын судалгааны байгууллагууд өнгөрсөн онд Монголыг жоншны 100 сая гаруй тонн, 32 сая тонн минералжуулсан нөөцтэй хэмээн тооцсон мэдээлэл бий. Энэ нөөцөөрөө дэлхийд БНХАУ, Мексик, Өмнөд Африкийн дараа  орж байна. Дэлхийд жилд 5.7 сая тонн баяжмал ашигладаг гэсэн судалгаа бий. Үүний 60 гаруй хувийг манай урд хөрш дангаараа хэрэглэдэг аж.

Одоо дэлхийн хэмжээнд тогтоогдоод буй нийт нөөц дээрх хэрэгцээг  30 гаруй жил хангана хэмээн судлаачид үздэг. Гэвч жил ирэх тутам уг ашигт малтмалын нөөц дундарч, хэрэглээ нь өсч буй. Иймд жонш стратегийн бүтээгдэхүүнд тооцогддог болоод буй. Жоншийг  металлурги, хими, шилний үйлдвэрт их ашигладаг. Мөн халуунд тэсвэртэй пластик материал гаргаж авахад хэрэглэдэг тул сансрын хөлөг, хиймэл дагуул хийхэд ч гол үүрэгтэй аж. Авто машин, электроникийн салбарт ч чухал түүхий эд болжээ. Өнөөдөр жонш дэлхийд ховордож буй эрдэсийн нэг. Тэгэхээр жонш олборлох, түүнийгээ боловсруулахад цэгцтэй, зөв бодлого яах аргагүй шаардлагатай болж байна. Дур зоргоороо дуртай газраа ухаж буй жонш олборлогчдыг цэгцэлж ховордож буй эрдэсээ төр хяналтадаа авах цаг иржээ. Өнөөдөр бид нүүрс, зэс, алт, уран гэж хошуурах юм. Үүнээс бусад нь манайд илүүдсэн, хэрэггүй  баялаг гэж үү. Уг нь байгаа жаахан эрдэсээ “хатуу юм” болгоод ариг гамтай ашиглаж чадвал монголчууд хангалуун амьдрахсан.

0 Сэтгэгдэл
dornogobi aimagt huld sum baidag genee ha ha ha ha
Хамгийн их уншсан