Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аль, алийнх нь маапааны цаана ард түмэн хохирох нь


Хэчнээн гурилын үйлдвэрийн эзэн байсан ч талхыг мөнгөөр авна. Гурил хийх хамгийн чухал бүтээгдэхүүнийг нийлүүлдэг тариаланчид ч талх авахын тулд буудай бус мөнгө л төлнө. Ард түмнээс ялгаатай нь тэд өөрсдөө энэ бизнесийг эрхэлдэг учраас өндөр үнэтэй талх авч идэх нь өөрт нь ашгаа өгч байгаа нэг хэлбэр. Арай давуу энэ шалтгааны улмаас жил бүрийн өдийд гурилын үнэ өсөх, буудайн үнэ бууруулах зэрэг маргаан ид хүчээ авдаг. Энэ жил ч ялгаагүй үр тариа тариалагч аж, ахуй нэгжүүд гурилын үйлдвэрт улаан буудайг хямд үнээр өгч чадахгүй гэсний улмаас гурил үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх тухай яриад байгаа.

Улмаар дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд өчигдөр Үйлдвэр, хөдөө, аж ахуйн яамнаас санаачлан (ҮХААЯ) гурван талт уулзалт зохион байгууллаа. Ургац хураалт эхэлснээс хойш дэгдсэн дээрх асуудлыг талууд өөр, өөрийн өнцгөөс тайлбарлаж байсан ч энэ намар эхний удаагаа хамтарсан зөвлөгөөн хийж, асуудлыг шийдвэрлэх гарц хайхаар цугласан юм. Харамсалтай нь, хэн нь ямар алдагдал хүлээж, үнийг хэд хүртэл өсгөж байж хэн нь алдагдалгүй ажиллах бодит байдлыг ард түмэнд ойлгуулах учиртай энэ удаагийн хурал хаалттай боллоо. Үр, дүнд нь тэд юу ярьж, талхны үнэ өсөхөд “хэн, юу” нөлөөлж байгааг  иргэд мэдэхгүй өнгөрч байна.     

Ашиггүй ажилладаг гэж үү

Хэдэн жилийн өмнөхийг бодвол, газар тариалангийн салбар хүчээ авч, хөл дээрээ тогтлоо. Гурилын салбарт ч Засгийн газраас дэмжлэг үзүүлсний улмаас тогтвортой бас ашигтай ажиллаж байгаа гэж найдъя. Өнөөдрийн байдлаар аль, аль нь Монгол Улсын хэрэгцээнээс илүү хэмжээний гурил үйлдвэрлэж, нөгөөх нь буудай хураадаг. Тухайлбал, улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 328.7 мянган тонн буудай шаардлагатай байдаг бол 2012-2013 оны хэрэгцээнээс 172.8 мянган тонн буудай илүүдэлтэй гарчээ. Гэвч хэн ч энэ салбараас ашиг хүртдэггүй. Хэн ч тэдний зовлонг ойлгож, хөдөлмөрийг нь үнэлдэггүй гэдгийг тэд өөрсдөө хэлж байгаа юм. Тэгсэн мөртлөө нэг нь тариалангийн салбарт 20, 30 жил ажиллаж, нөгөөх нь багадаа гурилын зах зээлийн 10 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг. Үүнээс хэн ч ашигтай ажилладаггүй юу гэдэгт бүрэн дүүрэн хариулах хэцүү ч тэгтлээ дампуураагүй гэдгийг ядах юмгүй харчихаж болно. Тэгвэл Засгийн газраас гурилын үнийг тогтвортой барихын тулд сүүлд ямар арга хэмжээ авч байсныг товч харъя.

Гурилын салбарт

Гурилын үнийг тогтвортой барихад зориулан 61 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгох ажил хоёр жилийн өмнө эхэлсэн. Тухайн үед улсын хэмжээнд 73 үйлдвэр үйл, ажиллагаа явуулж байснаас 46 том, жижиг гурилын үйлдвэр зээл хүсч, шалгуур хангасан 35 аж ахуйн нэгж зээл авахаар үнэ нэмэхгүй байх санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Тухайн үеийн Үндэсний статистикийн газрын судалгаанаас гурилын үнийг харвал, дунджаар нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнэ 550 төгрөг, жижиглэнгийн үнэ 650 төгрөг байжээ. Ингээд бага, багаар нэмэгдсээр өнөөдөр нэг кг нэгдүгээр гурил 730 төгрөгт хүрчээ. Үүнээс харвал, Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах Засгийн газрын 248 тэрбум төгрөгийн ажил үнийн өсөлтийг бага зэрэг сааруулахад л шингэжээ хэмээн харж болохоор байгаа юм. Мөн үнийг тогтвортой барих санамж бичиг хийж эхлэхэд нэг тонн буудайн үнэ 280 мянган төгрөг байсан бол 2013 онд гурилын үнэ өсөхөд нэг тонн буудай 400 мянган төгрөгт хүрээд байжээ. Харин Үндэсний статистикийн газрын дүн мэдээгээр гурилын үнэ сард дунджаар 0.5 хувиар өссөөр байна. Энэ удаад буудайн үнэ дээр тохиролцож чадахгүй бол нэг кг нэгдүгээр гурилын үнэ шууд 1000 төгрөгт хүрнэ гэдгийг гурил үйлдвэрлэгчид хэлж байна. Юутай ч, Засгийн газрын хөтөлбөрөөс илүүтэй гурилын үнэд шууд нөлөөлж байгаа зүйл нь улаан буудай болоод байна.

Үр тарианы салбарт

Улаан буудай нь стратегийн гэдэг утгаараа Засгийн газраас болон харьяа яамнаас олон төрлийн дэмжлэг авч байгаа. Сүүлийн үед улаан буудайн тариалалт, ургац хураалт хурдацтай сэргэж, энэ жил гэхэд 15-16 мянган га-гаар тариалалт нэмэгдэж, 439.8 мянган тонн буудай хураан авна гэсэн тооцоо гараад байгаа. Үүнээс 320 орчим мянган тонн буудай улсын гурилын хэрэгцээг бүрэн хангахад хангалттай хүрэлцэх юм. Харин нөөцийн буудайг тушаахад тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болж, 32 тэрбум төгрөг төсөвлөсөн. Дээрээс нь 460 мянган төгрөгөөр нэг тонн буудайг авах дүнг өнгөрсөн хавар ҮХААЯ-наас зарласан. Ингээд ерөнхийдөө нэг тонн буудайн худалдах үнийг 560 мянган төгрөгт хүргэсэн юм. Зах зээлийн ханшнаас өндөр тогтоогдсон энэ үнээр зөвхөн ҮХААЯ л нөөцөө бүрдүүлэх арилжаа хийх учиртай. Нэг ёсондоо нийтэд зориулагдаагүй үнэ. Гэвч тариаланчид энэ үнээс өндөр үнээр гурилын үйлдвэрт буудайгаа борлуулах хүсэл­тэй байна. Тэд үүнийг хоёр жилийн хүч хөдөлмөр гэж үзэж байгаа бөгөөд ам.долларын ханштай ч уялдуулан тайлбарлаж байгаа юм.
Тодруулбал, ам.долларын ханш 1370 төгрөг  байхад нэг тонн улаан буудайг 460 мянган төгрөгөөр улс худалдаж  авч байсан. Харин  долларын ханш 1800  болоход дээрх үнэд өөрчлөлт ороогүй гэж байгаа юм. Мөн ам.долларын үнэ өссөнтэй холбоотойгоор импортоор  авдаг хог  ургамлыг  устгах бодисыг  хангалттай хэмжээнд оруулж ирж чадаагүйн улмаас  улаан буудайн 50 хувьд  хог  ургамал ургасан байгаа гэдгийг онцолж байна. Ингэснээр хаягдал их гарна хэмээн нэг тонн буудайн үнийг өсгөх болзол тавиад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Гээндээ ч бий Гоондоо ч бий Ер нь тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн өөрийэ өртгийг маш зөв тооцох ёстой Эд нар манголын газар шороог үнэгүй ашиглаж байгаа шүү Яг л феодалын үе шиг хэдхэн газрын эзэдтэй болсон.Хөрсний үржил шимийг байхгүй болгож байгаа эд нараас татаюар авч газар шороогоо өөд нь татахгүй бол бүр сүүлдээ хэт ашиг хөөж рапс тарьдаг боллоо шүү
Хамгийн их уншсан