Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Алга болсон хүүхдүүд хаачдаг юм бэ


Цахим сүлжээ тэр дундаа фейсбүүкээр “хүүхэд алга боллоо” гэсэн мэдээлэл цөөнгүй тархдаг.  Саяхны жишээ гэхэд л “Хүүхдийг маань цэцэрлэгээс нь танихгүй хүн авах гэж байжээ, хар машинтай хүмүүс хоёр хүүхдийг авч явахыг завдаад ээжтэй нь ноцолдож, эцэст нь туранхай юм байна гээд хүүхдийг нь шидээд явсан байна” гэх мэт мэдээ харагдсан. Ийм мэдээлэл уншсан хэн ч санаа зовох нь мэдээж. Эд эрхтэнг нь авах зорилгоор ч юм  болов уу, хүүхэд хулгайлах гэмт хэрэг ихсэв үү гэх айдастай болно. Тэгвэл алга болсон гэх хүүхдүүд хаачсан бэ гэх сэдвээр ЦЕГ-аас албан ёсоор мэдээлэл хийлээ.  Энэ оны есдүгээр сарын 4-нөөс эхлэн алга болсон хүүгийн талаарх мэдээлэл арав хоногийн турш цахим ертөнцөөр тархаж, 10 мянга гаруй хүн бусдад түгээжээ. Гэтэл алга болсон гэх хүүхдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хоёр цагийн дотор олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байж. Өөрөөр хэлбэл хүүхэд олдсоноос хойш олдохгүй байна гэсэн мэдээлэл тархсаар л байсан гэсэн үг. Олон нийтийн цахим сүлжээнд тархсан алга болсон гэх хүүхдүүд бүгд олдсон гэдгийг цагдаагийнхан хэлсэн. Хүүхэд нь олдчихоод байхад цахим сүлжээгээр олдоогүй гэсэн мэдээлэл тархах нь хэр хор уршигтай талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү, “Хүүхэд олдсон байхад фейсбүүкээр олдоогүй гэх зар тархаад байна. Үүнээс болж хүүхэд маань сургууль, цэцэрлэг, найз нөхдийнхөө дунд эвгүй байдалд орж байна, бидний утас байнга дуугарч байна гэсээр эцэг эх цагдаад хандах нь бий. Нэгэнт олон нийтийн цахим сүлжээгээр тархсан мэдээлэл устдаггүй. Хэдэн жилийн дараа алга болсон гэх хүүхдэд өөрт нь ч энэ мэдээ ирж мэднэ. Тэгэхээр ийм айдас хүйдэс, хор уршиг дагуулахуйц мэдээллийг тараахдаа иргэд болгоомжлох хэрэгтэй. Хэрэв хүүхэд нь алга болсон бол тэр тухай мэдээллийг цахим сүлжээнд тараах эсэхээ цагдаагийн албан хаагчтай зөвшилц  гэж зөвлөмөөр байна. Хүүхэд төөрөх, алга болох тохиолдол өдөр бүр цөөнгүй гардаг ч ихэвчлэн хоногтоо л олддог. Хүүхэд алга болсон гэх мэдээллийн цаана гэрээ олохгүй төөрдөг, эсвэл гэр бүлийн таагүй байдлаас үүдэн гэрээсээ дайждаг, компьютер тоглоомын газарт өнждөг, эсвэл салсан эхнэр нөхөр хоёрын нэг нь нөгөөдөө хэлэхгүйгээр хүүхдээ аваад явдаг гээд янз бүрийн шалтгаан байдаг.” гэсэн юм.

Цагдаагийн байгууллагад хүүхэд алга болсон гэх дуудлага хоногт дунджаар 8-10 ирдэг гэнэ. Тэдний олонхи нь өдөртөө, удлаа гэхэд 1-3 хоногт олддог байна. Энэ он гарснаас хойш гэрээсээ алга болоод гэмт хэргийн хохирогч, золиос болсон хүүхэд байхгүй аж. Мөн өнөөдрийн байдлаар манай улсад хүүхдийн эд эрхтэнг авах зорилгоор хулгайлсан гэмт хэрэг бүртгэгдээгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдлээ. Хэдийгээр алга болсон гэх хүүхдүүд олддог ч сураггүй алга болсон цөөн тооны хүүхэд байдаг гэнэ. Тодруулбал, 1988 оноос өнөөдрийг хүртэл 26 жилийн дотор нийт 25 хүүхэд олдоогүй, сураггүй алга болсон аж. Тэдний 14 нь Улаанбаатар, 11 нь хөдөө орон нутагт алга болжээ. Эрэн сурвалжлах ажиллагаа одоо ч явагдаж байгаа гэлээ.
Хүүхэд гэдэг эмзэгхэн. Та бидний санаа зовсондоо ч юм уу, сайн хүн болох гэсэндээ тараасан  “хүүхэд алга болсон” тухай зар тухайн хүүхдийг тэнэмэл амьдрал руу хөтөлж ч мэдэх аж. Ангийн найз нь “чи тэнэмэл юм уу ” гэж асуухад л ичсэндээ хичээлдээ явалгүй гэртээ бүгэх эсвэл бүүр тэнэмэл амьдрал руу орж мэднэ. 

Олон нийтийн сүлжээнд иймэрхүү зар тавигдсан байвал бусдад тараахаасаа өмнө ЦЕГ-ын фейсбүүк хуудсанд илгээгээрэй. Учир нь таны явуулсан мэдээллийн дагуу хүүхэд олдсон эсэх талаар тухай бүрт нь хариу мэдэгдэнэ гэдгээ цагдаагийнхан хэлсэн юм.
Цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл бүрийг цагдаагийн байгууллага шалгадаггүй ч алга болсон хүүхдүүдийн зарыг шалгаж, олдсон хэмээн тамгалаад олон нийтэд түгээжээ. Гэтэл алга болсон тухай мэдээллийг арав гаруй хоног 10 мянга гаруй хүн түгээсэн хэрнээ олдсон гэх мэдээллийг хоёр хоногт дөрөвхөн хүн бусдад тараажээ.
Хүүхэд очих ёстой газартаа ирээгүй байна гэдэг нь маш ноцтой асуудал. Эрсдэл ихтэй. Наад зах нь зам тээврийн осолд өртөхөөс эхлээд юу ч тохиолдож болно. Тиймээс хүүхэд нь алга болсон тохиолдолд эцэг эх ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэх асуултад албаныхан “Хүүхдээ алга болсон тохиолдолд эцэг эхчүүд өөрсдөө хайж хугацаа алддаг. Хэрэв ирэх ёстой цагтаа ирээгүй л бол цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт мэдэгдэх хэрэгтэй. Энэ дагуу зарлан мэдээлэл явуулж, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлдэг. Баяр ёслол, олон нийтийн арга хэмжээний үеэр 40-50 хүүхэд төөрч алга болсон тохиолдол ч бий. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ хараа хяналт сайн тавьж байх хэрэгтэй. Мөн хүүхэд нь гэртээ ирсэн, олдсон байхад эргэж цагдаад мэдэгдэхгүй байх тал ч бий” гэв.

Сүүлийн үед тархаад буй хүүхэд хулгайлдаг хар машинтай хүмүүсийн талаар мэдээлэлд ч мөн тайлбар өгсөн юм. “Хар машинтай хүмүүс хоёр хүүхдийг авч явахыг завдахад нь ээж нь очоод ноцолдож байж авч үлджээ. Хүүхдийг нь туранхай юм байна гээд шидчихсэн гэнэ” гэсэн мэдээлэл нэлээд олон хүнд хүрсэн. Энэ  мэдээллийг бичихдээ “дөнгөж сая манай найзад тохиолдсон” хэмээн хачирласан нь олныг сэрдхийлгэж, түгшүүрт автуулах нэг шалтгаан болсон гэнэ. Мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллага шалгаж үзэхэд эх сурвалж нь тодорхойгүй, мэдээллийг оруулсан хүн нь “манай найзад биш, манай нөхрийн ажлын газрын хүний хажуу айлд хоёр сарын өмнө тохиолдсон” хэмээжээ. Тэгэхээр бодитой эсэх нь тогтоогдохгүй байгаа, үргэлжлүүлэн шалгаж байна гэсэн тайлбарыг цагдаагийнхан өгсөн юм. Олон нийтэд айдас түгшүүр төрүүлсэн иймэрхүү мэдээлэл түгээхгүй байхыг ч иргэдэд анхаарууллаа.
Дашрамд дуулгахад, Энэ оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад 368 насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдэж,  372 хүүхэд холбогдсон тоон мэдээлэл байна. Гэмт хэргийн улмаас 572 хүүхэд хохирсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт аж. Насанд хүрээгүйчүүд голчлон бусдын эрх чөлөө, амь бие  эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн бол 46 хувь нь бусдын өмчийн эсрэг буюу хулгайн хэрэг үйлджээ. Мөн булаах дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх болон өөрөө хохирогч болох тохиолдол ч цөөнгүй байдаг гэнэ.

1 Сэтгэгдэл
Маш муу нийтлэл байна
Хамгийн их уншсан