Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЦУВРАЛ АЛЛАГА” ҮЙЛДЭГЧ “ЗУНШИН”- ТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХҮН БАЙНА УУ

Шил даран гарч байгаа барилгын ослын улмаас эрдэнэт хүний амь эрсдэх тохиолдлууд бүртгэгдсээр байна. Хачирхалтай нь, хоног дараалан гарсан хоёр ч томоохон ослын ард “Зуншин” гэх нэг компанийн нэр дуулдаж эхлэв. Барилгын салбарт бууриа зассан энэ компанийн бүтээн байгуулалт гэж тоймтой зүйл сонсогдож байгаагүй ч иргэдэд эчнээ танил болсон нь гаргасан балгынх нь гай билээ. Тэгвэл тус компанийг тойрсон ямар үйл явдал өрнөж байгааг Мэргэжлийн хяналтын газраас өгсөн баримтад тулгуурлан хүргэе. Хоёр ч хүний амь насанд “хүрсэн” тус компанид хэн хариуцлага хүлээлгэх ёстой вэ гэдэг асуултыг үлдээе.        
Энэ сарын 22-нд гүйцэтгэгчээр нь “Зуншин” компани ажиллаж байгаа орон сууцны хотхоны барилгын хоёр ажилтан осолдож, нэг нь нас барсан хэрэг гарсан. Хэргийн газарт мэргэжлийн хяналтын байцаагчид очиж, “Дүүжин өргүүрийн үндсэн ган татлага тасарсан, ослоос хамгаалагч ажиллаагүйгээс осол гарсан” гэсэн урьдчилсан дүгнэлт хийсэн байна. Гэвч “Зуншин” компани нь энэ хэрэгт мөн л хариуцлага хүлээхгүй мултарч мэдэх нь. Учир нь осолд орсон ажилчин тус компанийнх биш, туслан гүйцэтгэгч компанийнх байсан гэх тайлбар өгчээ. Гэхдээ тусгай зөвшөөрөлгүй компаниар туслан гүйцэтгэгч хийлгэсэн гэх үндэслэлээр “Зуншин” 100 хувь буруутай гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Мөн үүний дараа буюу есдүгээр сарын 23-нд “Болор мэлмий” компанийн 17 давхар барилга дээр ажиллаж байсан туслах ажилтан унаж осолдсон. Тус барилгын захиалагч нь өмнөх ослууд дээр ч “Зуншин”-тай нэр холбогдож байсан “Макс өргөө”, харин гүйцэтгэгч нь “Зуншин” аж. “Зуншин” гэж хэн гэдэг эзэнтэй, хаанахын ямар компани, хэчнээн осол гаргаад байгааг албаныхан тэр бүр тодорхой хэлээд байдаггүй ч Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай, Хөхөө гэх урд хөршийн иргэний удирдлагад ажилладаг гэх мэдээлэл бий.
Энэ оны нэгдүгээр сард барилга дээрээс өргөгч тавцангийн бэхэлгээ сум төмөр нь автозам дээр явж байсан машины дээрээс унаж, жолооч нь газар дээрээ нас барсан хэрэг гарсан. “Макс өргөө” компанийн захиалгаар баригдаж байсан “Crown center”–ын гүйцэтгэгчээр мөн л “Зуншин” компани ажиллаж байсан юм. Гэвч хэргийг туслан гүйцэтгэгчид наагаад өнгөрөөсөн. Өнгөрөгч онд “Зуншин” компанийн гүйцэтгэж байсан Хөлбөмбөгийн талбайн барилгад туслах ажилтан сендвичэн хавтанг гараараа буулгаж байгаад цементэд цохиулж амь насаа алдсан хэрэг гарч байв. Тухайн үед өргөгч механизмаар хангаагүй “Зуншин” компани хариуцлага хүлээх ёстой байтал зүгээр л өнгөрсөн. Харин ч эсэргээрээ хамт ажиллаж байсан нөхөд нь буруудсан билээ. Энэ мэтээр “Зуншин” компанийн үйлдсэн “цуврал аллагыг” тоочвол барагдахгүй биз.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан осол, зөрчилтэй нь холбогдуулан энэ компанийн барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах тухай албан бичгийг холбогдох яаманд удаа дараа өгч байсан гэнэ. Харамсалтай нь, цуцалсан тухай хариу огт ирж байгаагүй аж. Тэгэхээр хятад эзэнтэй ч бай, монгол эзэнтэй ч бай “Зуншин” компанийн удирдлагууд нэлээд нэр нөлөө бүхий гэдэг нь тодорхой.
Тэр ч бүү хэл “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төсөлд зүсээ хувиргаж, “Грандлайн” нэрээр оролцож байна гэх мэдээлэл ч хэвлэл мэдээллээр цацагдаж байсан удаатай.
Ямар нэг хэрэг осол гарах үед туслан гүйцэтгэгч компани, ХАБ-ын инженер, гэхчлэн бусад руу хэргээ тохоод өнгөрдөг тус компанид хариуцлага тооцооч гэсэн мессежийг хэвлэл мэдээллийнхэн удаа дараа бичдэг ч арга хэмжээ авсан, эзнийг нь хорьсон тухай огт дуулдалгүй өнөөг хүрчээ.
Байнга осол гаргаж, хүний аминд хүрсээр байгаа энэ компани яагаад оршин тогтноод байна вэ гэдэг нь хачирхалтай, асуултын тэмдэг хэвээр л байна. Уг нь энэ мэт архаг нөхдүүдэд хатуухан хариуцлага оноож, зохих ялыг нь өгвөл барилгын салбар дахь бусад компани ч сургамж авч хариуцлагатай болж ирэх бус уу.
Хүний амь нас хохироод байхад л өөгшүүлээд байгаа нь ямар учиртайг МХЕГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Д.Жаргалаас тодруулахад, “Мэргэжлийн хяналтын байгууллагын тавьсан акт албан шаардлага хэрэгжихгүй, үйл ажиллагааг нь зогсоосон байхад хүртэл үйл ажиллагаагаа явуулаад байна.  Бид зөрчлийг илрүүлээд албан шаардлага өгдөг. Холбогдох яамдуудад тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлдэг. Гэвч бидний гаргасан акт, албан шаардлагыг албадан биелүүлдэг хууль Монгол Улсад байхгүй.  Бид барилгатай холбоотой маш олон шалгалт хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зөвлөгөө сургалт хүртэл явуулдаг. Ажлын талбар дээрх сургалтыг хүртэл барилгын улирал эхлэхийг угтуулан зохион байгуулсан.  Тухайн компани өглөө бүр ажлын талбарт аюулгүй байдлын чиглэл өгч, хамгаалах хэрэгсэл хувцсыг шалгаад ажилчдаа гаргах ёстой. Тэгэхээр удирдлагуудтай нь холбоотой.  Хариуцлага байхгүйгээс осол аваар гараад байна” гэсэн юм.
Энэ онд гэхэд барилгын 40 шахам осол гарч 18 хүн амь насаа алдаад байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн оны мөн үеийнхээс өссөн дүн юм. 2012 онд гарч байсан барилгын осол 2013 онд 50 хувиар буурч байжээ. Энэ эрчээрээ буурах ёстой байтал харин ч өсөх хандлагатай болоод байгааг албаныхан эрх биш анхаарч буй за.

Г.Тунгалаг

0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан