Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УУЛ, УУРХАЙН ЯАМ ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ НАЙДЛАГА ТАВИВ

Засгийн газрын тогтворгүй байдлаас болж, уул, уурхайн салбарын хөрөнгө оруу­лалтын хэмжээ буурсан гэж байгаа ч салбарын яамны зүгээс олборлолт нэмэгдэж, экспортын хэмжээ өссөн хэмээн өчигдөр мэдээллээ. Тэд энэ үеэр уул, уурхайн салбарт болж өнгөрсөн томоохон үйл явдлуудыг он­цолсон бөгөөд үр дүнд нь уул, уурхайн сал­барт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэг­жиж, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж бай­гаа юм байна. Тиймээс яамны зүгээс он­­цолж байгаа үйл явдлуудыг сийрүүлэн хүргэе.
Энэ оны найман сарын байдлаар тус салбарынх 802.8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн аж.

Зэсийн баяжмалын үйлдвэрлэл – 655.4 мянган тонн
Нүүрсний үйлдвэрлэл – 13.4 сая тонн
Алтны олборлолт – 5.9 тонн
Монгол банкинд тушаасан алтны хэмжээ 7.001.4 кг
Хайлуур жоншны үйлдвэрлэл-260.8 мянган тонн
Цайрын баяжмалын үйлдвэрлэл  - 65.1 мянган тонн
Газрын тосны үйлдвэрлэл -4.7сая баррель
Төмрийн хүдрийн үйлдвэрлэл – 4.8 сая тоннд
хүрсэн гэдгийг энэ оны наймдугаар сарын үзүүлэлтэд тулгуурлан Уул, уурхайн яам мэдээллээ. Үүнийг өнгөрсөн оны наймдугаар сарын байдалтай харьцуулбал, зэсийн баяжмалын үйлдвэрлэл 42 хувиар, төмрийн хүдрийн үйлдвэрлэл 24.8, хайлуур жоншны баяжмалын үйлдвэрлэл 66.6, газрын тосны үйлдвэрлэл 55.5 хувиар тус, тус өссөн үзүүлэлт юм байна.
Түүнчлэн уул, уурхайн салбарын экспортын хэмжээ өссөн гэдгийг тэд онцолсон бөгөөд энэ оны наймдугаар сарын экспортын хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, нүүрсний экспорт 27.6, газрын тос 45.5 хувиар тус, тус өссөн дүн гарчээ. Мөн зэсийн баяжмалын экспорт хоёр дахин нэмэгдсэн гэдгийг уул, уурхайн яамнаас мэдээллээ.

Харин өнгөрсөн сарын өссөн дүнгээр 12.2 сая тонн тонн нүүрс экспортолсон бол,
Зэсийн баяжмал – 844.3 мянган тонн
Молибдений баяжмал – 2.2 мянган тонн
Жонш – 207.1 мянган тонн
Төмрийн хүдэр – 3.8 сая тонн
Цайр -  68.7 мянган тонн
Газрын тос 4.4 сая баррелийг тус, тус экспортод гаргаад байна.


Газрын тосны гэрээ байгуулах 27 хүсэлт ирүүлжээ

“Oil and oil shale Mongolia-2014” буюу “Газрын тос, шатдаг занар Монгол-2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сард анх удаагаа зохион байгуулагдсан билээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Роснефть”, “Петрочайна”, “Бритиш Газ” зэрэг  дэлхийн хэмжээний томоохон корпорацаас гадна 20 орчим улсын 50 гаруй компанийн 300 орчим төлөөлөгч оролцсон энэхүү уулзалтаас газрын тосны салбарын хөгжлийг тодорхойлсон хэмээн Уул, уурхайн яам үзэж байна. Тухайлбал, Газрын тосны шинэ хууль УИХ-ын хоёр удаагийн чуулган дамжин хэлэлцэгдсээр өнгөрсөн долдугаар сарын 1-нд батлагдсан юм. Харин энэхүү хуулиар уламжлалт газрын тос болон уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулах, эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бүрдүүлсэн нь хөрөнгө оруулагч татахад бодит дэвшил болсон гэдгийг онцолж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Уул, уурхайн яаманд эрлийн ажлын гэрээ байгуулах 27 хүсэлт иржээ. Харин үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлт байгаа юм байна.
Үүнтэй холбогдуулан “Хэдийгээр газрын тосны салбар нь хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог ч шинэчилсэн хууль батлагдсанаас хойш дээрх хэмжээний санал ирсэн нь газрын тосны салбарт эрх зүйн таатай, олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнийг илтгэж байгаа” хэмээн салбарын яамнаас мэдээллээ.

220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн

Өнөөдрийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбайн ердөө гуравт нь нөөц тогтоогоод байна. Энэхүү нөөцийн хэмжээ 332.6 сая тонн гэж байгаа ч 43.3 сая нь тоннын ашиглалтын баталгаатай нөөц аж. Харин уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа, эрлийн ажил эхэлж байгаа учраас таамаг төдий нөөцтэй гэдгийг Уул, уурхайн яамнаас санууллаа. Тухайлбал, нүүрсний давхаргын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын таамаг нөөцийг 788 тэрбум тонн орчим гэж тогтоожээ. Түүнчлэн судлаачид Монголын шатдаг занарыг шатах эрдэс бодисын агууламж (кероген нь 22 хувь байдаг)-аараа дэлхийд хамгийн чанартайд тооцогддог хэмээн дүгнэжээ.
Тиймээс дээрх салбараас энэ онд 220 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төсөөллийг гаргаад байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт 2.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Хэрэв энэ байдлаар газрын тосны салбар ахицтай байвал манай улсын эдийн засагт нөлөө бүхий салбар болж, эрчимтэй хөгжинө гэдгийг албаныхан онцолж байна.
Дашрамд дуулгахад, энэ сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг 83350 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг ирэх жилийг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж, арга хэмжээ авахыг Уул, уурхайн сайд Д.Ганхуягт даалгасан юм.
 
Сайдын багцын орлого 186.3 тэрбум төгрөг

Уул, уурхайн сайд Д.Ганхуягийн багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 27 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 24.5 тэрбум, улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ордын нөхөн төлбөр 1.3 тэрбум, бусад орлого 1.2 тэрбум төгрөг тус, тус байна. Харин Газрын тосны газар нийт 159.3 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлснээс газрын тосны орлогоос 158 тэрбум төгрөгийг, үлдсэнийг нь бусад орлогоос бүрдүүлжээ. Ингээд сайдын багцын нийт орлого 183.6 тэрбум төгрөг байна.

Анхны нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад орсон

“Фокус метал майнинг” компанийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь Худаг байшинтын төмрийн хүдрийн ордын нойтон баяжуулах үйлдвэр энэ сард ашиглалтад орлоо. Тус уурхай 2012-2014 онд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар нойтон баяжуулах үйлдвэрийн барилга угсралтын ажил гүйцэтгэсэн байна. Үүний үр дүнд 100 гаруй хүний ажлын байр шинээр бий болж, жилд 600 мянган тонн хүдэр олборлож, 300 мянган тонн баяжмал гаргах аж. Харин нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар таван жилийн хугацаанд 1.9 сая тонн нойтон баяжмал, 69 мянган тонн хуурай баяжмал борлуулж, 228.2 сая ам.долларын ашигтай ажиллана гэсэн тооцоо гаргажээ. 66 хувийн агуулгатай төмрийн баяжмал нь хуурай аргаар боловсруулсан баяжмалаас агуулгын хувьд 20 хувиар илүү төдийгүй 40-60 ам.доллараар илүү үнээр борлуулагддаг байна. Тус үйлдвэр нь бүтээгдэхүүнээ завсарын зуучлагчаар дамжуулахгүйгээр гангын үйлдвэрт шууд экспортлох хэлэлцээр хийгээд байгаа аж.

Оюутолгойн ТУЗ хуралдана

“Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ирэх сарын 2-ны өдөр хуралдана гэдгийг Уул, уурхайн яам албан ёсоор мэдээлж байна. ТУЗ-ийн хуралдаанаар “Оюу толгой” компанийн Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэх бөгөөд ТУЗ-ийн шийдвэр гарсны дараа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр болжээ.

Шатахууны 34 хоногийн нөөц бий

Уул, уурхайн яам энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөц байгаа гэдгийг мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 43, АИ-92 шатахуун 37, дизел түлш 33, ТС-1 43 хоногийн тус, тус нөөцтэй байгаа юм байна.     

Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан