Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Автомашины ченжүүд анх удаагаа форум хийж үзлээ, харин асуудал юунд чиглэв

Улсын төсвийн орлогын тав гаруй хувийг бүрдүүлдэг автомашины худалдаачид нэгдсэн форум хийсэн нь энэ салбарын анхны “соёлт” үзэгдэл байлаа. Эрх ашиг хөндөгдөж байна гэж ардчилал хөгжсөн 25 жилийн хугацаанд хэлж байгаагүй тэд өчигдөр индэрт сууж, тодорхой асуудлын хүрээнд ярилцав. Дэг журам мөрдөж, ээлж дараалан асуудлыг хэлэлцэж, хуулийн хүрээнд шийдэж болох гарцыг хайсан нь бүр ч гайхмаар шинэхэн байлаа. Мэдээж тус форумаас тодорхой шийдэлд хүрэхийн тулд шийдвэр гаргах түвшний хүмүүсийг ч урихаа мартсангүй. Гэхдээ ирэх эсэхэд нь эргэлзэж байгаа гэдгээ нуулгүй “Ямартай ч урилга хүргүүлсэн” хэмээн зохион байгуулагчид хэллээ. Харин форум эхлэхийн өмнөхөн Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг ирж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулгын суудал эзгүй хоцров. Ингээд индэрт сууж, форумыг удирдах учиртай байсан эрхмүүдээс нэг хүний дутуугаар тэдний анхны форум энэ сарын 25-ны өдөр эхэллээ…

Нүүхийг эсэргүүцээгүй

Улаанбаатарын иргэдийн дийлэнх нь автомашины ил, задгай худалдааг хотын төвөөс гаргахад санал нэгддэг. Энэ асуудлын хүрээнд Засгийн газар, хотын удирдлага, замын цагдаа, агаарын чанарын гээд олон байгууллага ажил, мэргэжлийн өнцгөөс өөрсдийн байр суурийг илэрхийлдэг учраас тэднийг хотоос гаргах нь зүйтэй гэдэгтэй иргэдийн олонх нь санал нийлж байгаа юм. Замын түгжрэлийн 20 гаруй хувийг бүрдүүлдэг, зах орчмын иргэдийн тав тухыг алдагдуулдаг, агаарын бохирдол ихээр үүсгэдэг, худалдан авах орчин нөхцөл муутай гээд тэднийг буруутгах олон үндэслэл ч бий. Гэхдээ худалдаачид “Да хүрээ”, “Өгөөмөр”, “1000 автомашины худалдаа” зэрэг задгай захаас нүүхгүй гэсэн утгаар энэ удаагийн форумыг зохион байгуулаагүй гэдгийг юун түрүүнд онцоллоо. Харин ирэх сарын 1-ний дотор нүү! гэсэн лүндэнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тийм ч учраас өчигдөр өрнөсөн анхны форумынхаа нэрийг “Шаардлага хангасан ажлын байр” гэж нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, одоо ажиллаж байгаа автомашины задгай худалдааны төвүүд шаардлага хангахгүй байгаа нь үнэн ч шинээр барьж байгаа авто худалдааны цогцолбор нь өнөөдрийн байдлаар түүнээс ч дор нөхцөлд байгаа гэдгийг тодотгохыг хүссэн нь энэ. Түүнчлэн авто худалдааны төвийн нэг автомашины зогсоол дөрвөн сая, том оврын автомашины зогсоол есөн сая төгрөг байгаа нь үнэтэй тусч байгаа гэдгийг хэллээ. Тиймээс үүнийг үндэслэлтэй болгохын тулд “Да хүрээ” төвийн автомашины 250 худалдаачнаас судалгаа авч үзжээ.                        

Дамын наймаанд орох боломж үлдээсэн

Судалгааг форумыг зохион байгуулсан “Япон автомашин импортлон борлуулагчдын холбоо”, “Их тэнгэрийн хас” тээврийн хэрэгсэл, авто сэлбэг импортлогч, борлуулагчдын эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэг хамтран гаргасан байна. Харин тэдний түүвэр судалгааг товчлон хүргэвэл дараах үр дүн гарч байна.
“Да хүрээ” худалдааны төвд автомашины худалдаа эрхлэгчдийн 27 хувь нь 1-3 жил, 34 хувь нь 3-6 жил, 21 хувь нь 6-9 жил, таван хувь нь 12-15 жил энэ бизнесийг эрхэлж байгаа гэж хариулжээ. Энэ хугацаанд бүгд санхүүгийн байгууллагаас ямар нэг хэмжээгээр зээл авч байсан бөгөөд одоо 80 хувь нь бизнесийн зээлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Харин эргэлтийн хөрөнгийн хувьд хамгийн багадаа 20-50 сая төгрөг эргэлдүүлдэг гэж 50 хувь нь хариулсан бол 230-с дээш сая төгрөгийн бизнесийн чадамжтай таван хувийн бизнес эрхлэгчид байдаг аж. Гэсэн ч суудлын нэг автомашины зогсоолыг дөрвөн сая, том оврын тээврийн хэрэгслийн зогсоолыг есөн сая төгрөгөөр худалдаж авах бүрэн боломжтой гэж судалгаанд оролцогсдын нэгхэн хувь хариулжээ. Харин 63 хувь нь эрс боломжгүй, 31 хувь нь авах хүсэл байгаа ч санхүүгийн чадамжгүй хэмээн хариулсан байна. Тиймээс Авто худалдааны цогцолборын зүгээс санал болгож байгаа үнийг эргэн харах хэрэгтэй гэдгийг судалгаанд үндэслэн тайлбарласан юм. Мөн энэхүү зогсоолын үнээс шалтгаалан зогсоолын түрээсийн үнэ нэмэгдэж, дам, дамын наймаа дэлгэрэх, эцэст нь автомашины үнэд өөрчлөлт орох, үнэ байнга нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай хэмээн харж байгаа юм. Өөрөөр хэлбэл, автомашины худалдаачдаас илүү хөрөнгө мөнгөтэй нь тус газраас зогсоол худалдан авч, түүнийгээ түрээслүүлбэл, түрээсийн үнэ байнга өсч, бизнесийн дарамт нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Ашиг олох зорилгогүй

Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг тэгвэл дээрх асуудалд дараах байр суурьтай байгаагаа илэрхийлээ. Тэрбээр “Энэхүү төслийг эхлэхийн өмнө буюу 2013 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл бизнес эрхлэгчидтэй хэд, хэдэн удаа уулзаж байж энэхүү төслийг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод автомашин худалдаалдаг есөн зах, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй худалдааны төв байна. Тиймээс Авто худалдааны цогцолбор нь тэдгээрийг хотоос гаргаж, цаашдаа автомашины холбогдолтой бүх л бизнесийг (Жолооны курсүүд, дром, авто ломбард зэрэг автомашины холбогдолтой үйл ажиллагаа явуулдаг бүх бизнесийг хамруулан хэлэв) нэг цэгт төвлөрүүлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл, дээрх бүгдээс шалтгаалан Улаанбаатар хотод үүсээд байгаа замын түгжрэл, хөрсний бохирдол, стресс гээд хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байна. Саяны судалгаанд 15 жил энэ төрлийн бизнес эрхэлж байгаа худалдаачин байгаа гэлээ. Тэгвэл энэ бүх хугацаанд анхны чуулганаа өнөөдөр (өчигдөр) хийж байгаа нь бусад бизнесийн салбараас нэгдсэн зохион байгуулалтад орой орж байгааг илтгэж байна. Ажлын байрны эрүүл мэндийн шаардлага, эрх ашиг гээд олон зүйлс энд хоцрогдсоныг илтгэж байгаа болов уу гэж бодож байна.” гэсэн юм. Харин Авто худалдааны цогцолборт шаардлагатай 31 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг дараах байдлаар тайлбарлалаа.“Бид энэ төслийг хоёр эх үүсвэрээр санхүүжүүлэхийг зорьсон. Нэг нь автомашины зогсоолын борлуулалтын орлогоор зарим бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлэх, нөгөө нь авто цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан оффис, үйлчилгээ эрхлэх зориулалт бүхий 14 газрыг дуудлага худалдаанд оруулж борлуулах эх үүсвэр юм. Харин зарим бүтээн байгуулалтыг татварын орлогоос бүрдүүлж, ойрын 2-3 жилд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байна” гэлээ.
Түүнээс гадна, бие засах газар, цайны газар, авто угаалгын газар, явуулын оношилгооны төв, нотариат, автомашины дугаарын үйлдвэр, даатгалын үйлчилгээ, шинэ автомашины бүртгэл зэргийг багтаан нэг цэгийн үйлчилгээг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна гэдгийг Авто худалдааны цогцолборын дарга Д.Байдраг хэлж байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар 300 гаруй хэрэглэгчид тус цогцолборт үйл ажиллагаа явуулахаар захиалга өгчээ. Тиймээс гэрээний дагуу тэдний ажлын байрыг ирэх аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулж чадахгүй бол банкны хүүгээс өндөр алданги захиалагч нарт төлж эхлэх юм байна. Тэгвэл автомашины худалдаа эрхлэгчид ирэх аравдугаар сарын 1 гэхэд орж чадахгүй, хууль, эрхзүйн боломж ч байхгүй, дээрээс нь тус газар энэ сарын 16-ны өдөр очиж үзэхэд улаанаараа эргэсэн шорооноос өөр зүйл байхгүй байсан гэж байгаа юм.
Тиймээс бид энэ талаар “Их тэнгэрийн хас” тээврийн хэрэгсэл, авто сэлбэг импортлогч, борлуулагчдын эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн хуулийн зөвлөх Г.Батбаяр болон Япон автомашин импортлон борлуулагчдын холбооны нарийн бичиг н.Гэрэлбаяр нараас тодрууллаа.

н.Гэрэлбаяр: Бизнес эрхлэх орчин нөхцөл бүрдээгүй

-“Япон автомашин импортлогчдын холбоо” гэж иргэд төдийлөн мэдэхгүй. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, хэзээ үүссэн холбоо вэ. Тус улсаас автомашин импортолдог хэдэн иргэн, аж ахуйн нэгж хамрагддаг юм бэ?

-Манай холбоо 2013 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Удирдах зөвлөлд нь таван хүн байдаг. Нийт автомашин борлуулах бизнес эрхэлдэг иргэдийн 80 гаруй хувь нь Япон улсаас автомашин импортоор оруулж ирдэг учраас өөрсдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
-Тэдгээрийн дийлэнх нь ямар газраар автомашинаа борлуулдаг вэ. Яагаад гэнэт “Шаардлага хангасан ажлын байр” гэх сэдвийг хөндөх болов?
-“Да хүрээ” авто худалдааны зах, Нарны зогсоол, “1000 автомашины зогсоол” зэрэг газраар борлуулдаг. Гэтэл саяхан ирэх сарын 1-нээс Улаанбаатар хотод ил, задгайгаар автомашин худалдан, борлуулахыг хориглосон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гарсан. Хэдийгээр шийдвэр гарсан боловч авто худалдааны захуудыг нүүлгэх Авто худалдааны цогцолбор маань өөрөө ажлын байраар хангах боломжийг бүрдүүлээгүй байна. Тиймээс НИТХ-ын дээрх тогтоолыг алдаатай тогтоол гэж харж байгаа.
-Ажлын явцыг хэзээ хамгийн сүүлд очиж үзсэн бэ?
-Авто худалдааны цогцолборын ажлын явц хангалтгүй байгаа. Манай холбооны зүгээс энэ сарын дундуур тус газарт очиж, танилцаад байгаа байдлыг нь бичлэгээр баталгаажуулсан. Гэсэн ч тус газраас гаргаж буй мэдэгдэлд бараг л 100 хувь гүйцэтгэлтэй мэт зүйл яриад байна. Та нар ажлын гүйцэтгэлийн бичлэгийг авч болно.
-30 гаруй тэрбум төгрөг зарцуулж, нарийн төлөвлөсөн учраас нүүх нь зайлшгүй байгаа шүү дээ. Форумын эцэст ямар шийдвэр гарах ёстой юм бэ?
-Анхнаасаа Авто худалдааны цогцолборыг байгуулахдаа энэ форумыг хийж, бүх талын төлөөллийг оролцуулах байсан. Гэвч төрийн зүгээс өөрсдөө энэ тогтоол шийдвэрийг гаргаад ажлын гүйцэтгэлээ хангалтгүй хийчихээд албан хүчээр нүүлгэнэ гэж байгаа нь өнөөдөр маргаан үүсгэж байна. Зөвхөн талбайн ажил хийсэн газарт мэдээж очихгүй. Бизнес эрхлэх орчин нөхцөл бүрдээгүй байна.

Г.Батбаяр: Аравдугаар сарын 1 гэхэд захаас нүүхгүй

-Шаардлага хангасан ажлын байр гэж юу юм бэ. Автомашин борлуулахад хуулиар болон стандартаар баталсан тодорхойлолт байна уу?
-Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.4 дэх хэсэгт байгаа хамтын гэрээгээр зохицуулагдсан тухайн ажилтны эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн тийм ажлын байрыг хэлдэг.
-Тэгвэл Авто худалдааны цогцолбор дээрх хуулийн хэрэгжилтийг хангах уу?
-Бид дээрх бүтээн байгуулалтыг дэмжиж байгаа. Гэвч үүнийгээ дууссан хойно нь автомашин импортлогчдыг оруулах нь зүйтэй юм. Яагаад гэвэл, хөдөлмөрийн талбар дээр бусдыг хүчээр аваачиж байгаа нь хөдөлмөр хамгааллын дүрэм журмыг зөрчсөнд тооцогдоно. Үүнийг Эрүүгийн хуулийн 138.1 дэх хэсгийг зөрчиж байгаа гэж үзнэ. Мөн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, хүчээр иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж байна. Хоёрдугаарт, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт болон тэдгээрийн байцаагч нарын гаргасан дүрэм, журамд нийцсэн байвал түүнийг хуулийн дагуух ажлын байранд хамруулан ойлгоно шүү дээ. Тэгэхээр тэнд  ажлын байр байхгүй.
-Ирэх сарын 1 гэхэд актын дагуу ил, задгайгаар худалдаа эрхлэхийн зогсоох ёстой юу?
-Ирэх сарын 1-нээс эхлэн худалдаа эрхлэхийг 2014 оны есдүгээр сарын 4-ний өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч Бат-Эрдэнийн гаргасан акт хориглож байгаа юм. Гэхдээ энэ эцсийн шийдвэр биш. Учир нь түүний актын дагуу харьяа шатны дээд байгууллага буюу эрх мэдэлтэнд бид гомдол гаргаснаар акт түдгэлзэж байгаа буюу зүгээр цаас болж хувирч байгаа юм.
-Хэзээ, хэнд гомдол гаргасан юм бэ?
-Өнөөдөр (өчигдөр) гомдол гаргасан. Ингэснээр дээд шатных нь эрх бүхий албан тушаалтнууд бидэнд шийдвэр өгнө. (дөрөв хоногийн дотор шийдвэрийн хариуг өгөх ёстой байдаг аж) Хэрвээ тэр шийдвэр бидэнд таалагдахгүй бол бид Захиргааны хэргийн шүүхэд захиргааны актыг хүчингүй болгох асуудлаар хандах эрхтэй болох юм.
- Албадан гаргах асуудалд хэрхэн хандаж байна?
-10-р сарын 15-наас хойш албадан нүүлгэх тухай шүүхийн шийдвэр гарсан байсан ч ямар нэг ажилтан буюу оршин суугчийг тухайн ажлын байр орон сууцнаас албадан гаргахын хориглосон байдаг. Тэр хуулийн заалтын дагуу бид гарахгүй. Хоёрдугаарт, мэргэжлийн байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргасан учраас хэрэгжих боломжгүй болж байгаа. Албадан гаргах дээрээ тулбал, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэж биднийг захуудаас гаргана. Өөр ямар ч хуулийн боломж байхгүй.
Б.Ширнэн

0 Сэтгэгдэл
o ok ok
Хамгийн их уншсан