Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Оч: Монгол Улсын оролцоо нэмэгдэж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр хуралдааны явц хийгээд манай улсын байр суур ямар байгааг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Очоос тодрууллаа.

-НҮБ-ын Ерөнхий Ассамб­лейн 69 дүгээр чуул­ган үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы ач холбогдлыг таны хувьд юу гэж дүгнэн харж байна?
-69 дүгээр чуулган маш чухал сэдвүүдээр үргэлжилж байна. Өндөр хэмжээний чухал уулзалтууд ч болж байна. Дэлхийн төр, засгийн тэргүүнүүд оролцох нь жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ жилийн хувьд дэлхийн 141 орны төр засгийн тэргүүнүүд оролцсон. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж чухал ач холбогдолтойгоор оролцож хэд хэдэн чухал асуудлаар олон улсын тавцанд илтгэл тавьж, хурал даргаллаа. Тухайлбал, Уур амьсгалын асуудлаархи дээд хэмжээний уулзалтын дараа "Уур амьсгал ба шинжлэх ухаан" гэсэн хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч Элбэгдорж үндсэн илтгэгчээр оролцсон. Ерөнхийлөгчийн үг олны анхаарлын төвд байж энэ хэлэлцүүлгээр олон орны төр засгийн тэргүүнүүд өөрсдийн саналаа дэвшүүлсэн.
Энэ хэлэлцүүлэгт л гэхэд 120-иод орны төр, засгийн тэргүүн оролцож, манай улсын байр суур, Монгол Улсын Засгийн газар хэрэгжүүлж байгаа тодорхой үйл ажиллагааг танилцуулж, дэвшүүлсэн саналыг Ерөнхийлөгчийн илтгэлээс сонсч мэдсэн байх.
Ер нь ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн төр засгийн тэргүүн нарыг хэд хэдэн асуудалд анхаарал тавихыг хүссэн. Тэр дунд уур амьсгалын өөрчлөлтийн асуудал чухал байр суурь эзэлж байгаа юм.
Энэ жил Нью-Йоркод цугласан дэлхийн лидерүүд энэ асуудлын талаар улс төрийн түвшинд дэмжихээ илэрхийлцгээсэн. Энэ хуралдааны үр дүн болгож ирэх жил дэлхийн орнууд Парис хотноо чуулж уур амьсгалын асуудлаар заавал биелүүлэх гэрээ байгуулах зорилго тавиад байна.

-НҮБ-ын оргил өдрүү­дийн нэг яах аргагүй Ерөнхий Ассамблейн чуул­ганы нэгдсэн шүүмжлэл. Энэ нэгдсэн шүүмжлэлээр ямар асуудал голчлон ярил­цав?
-Энэ ерөнхий санал шүүмжлэлээр дэлхий нийтийн өмнө хамгийн их тулгамдаад байгаа асуудлаар төр засгийн тэргүүн нар ярилцдаг. Манай улс ч гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы нэгдсэн шүүмжлэлд орж Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ. Энэ жил дэлхийн хамтын нийгэмлэгээс анхаарч байгаа хэд хэдэн асуудал байна. Түүн дотор олон улсын харилцаа, дэлхийн улс орнуудын гадаад бодлогод амаргүй нөхцөл байдал үүссэн тухай ярилцсан. Эбола өвчин дэлхий нийтэд аюул занал учруулаад байгаа тухай ярилцлаа. Олон улсын хамтын нийгэмлэгээс энэ өвчний тархалтыг яаралтай зогсоох арга хэмжээ авахгүй бол хяналтнаас гарах нь гэж сэрэмжилж байна. Тиймээс энэ асуудалд улс орны тэргүүн нар санаа зовж анхаарал хандуулан НҮБ-аас гаргасан уриалгыг дэмжиж ажиллах шийдвэр гаргалаа. Нөгөөтэйгүүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажиллагаанд дэлхийн улс үндэстэн дамнасан томоохон компаниуд Засгийн газартай хамтран ажиллаж түншлэлийн хэлбэрээр оролцъё гэсэн санал тавьж байна.

-Барак Обамагийн тавь­сан илтгэлд дэлхий нийтээр анхаарал хандуулсан байх. Манай улсын хувьд ямар байрь суурьтай байгаа вэ?
-Өнөө жилийн хувьд маш чухал яригдсан сэдэв бол яах аргагүй мөн л дөө. Дэлхийн улс орнуудын санаа зовниж байгаа террорист халдлага, террорист бүлэглэлүүдийн асуудал хурцаар тавигдаж байна. Ирак Сирийн зааг дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэт даврагсдын тэмцэл нь олон улсын аюулгүй, тогтвортой байдалд ноцтой занал учруулж байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Энэ талаар ч Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж хүчирхийллийг даруй зогсоох учиртай, энэ тал дээр олон улсын хамтын нийгэмлэгүүд нэгдсэн нэгдмэл хүчээр тэмцэх хэрэгтэй гэсэн асуудал тавьсан.

-Энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч хэд хэдэн томоохон хурал даргалж, үндсэн илтгэгчээр орлоо. НҮБ дахь Монгол Улсын байр суурь ямар байна?
-Жилээс жилд Монгол Улсын оролцоо нэмэгдэж байна. Манай улсын га­даад бодлогын хувьд идэвх­тэй байж, олон улсад санаачилгатай оролцож байгаагийн илэрхийлэл. Чухал асуудлууд дээр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Жишээ нь, цаазаар авах ялын эсрэг асуудал дээр дээд хэмжээний тусгай хуралдааныг Ерөнхийлөгч даргалж оролцлоо. Энэ асуудалд Ерөнхийлөгч их санаачилга гаргаж байсан учраас манай улсын туршлага олон улсын хэмжээнд ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тиймээс НҮБ-ын зүгээс асуудлыг тавьж манай улсаар даргалуулж байгаа юм. Мөн манай улс энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, нэр хүндтэй явж байгаа. Манай улсын байр суурь, нэр хүнд үргэлж дээшилж байна.

-НҮБ-ын ирэх жилийн Ерөнхий Ассамблейн чуул­ган тэгш тоотой ой болж бай­гаа болохоор их ач хол­богдолтой болох байх даа?
-НҮБ мянганы хөгжлийн зорилтуудаа ирэх онд дүгнэх ёстой. Мөн дэлхийн шинэ зорилтуудыг тодорхойлох ёстой. Гол нь тогтвортой хөгжих, тогтвортой хөгжлийн шинэ зорилгууд хэлэлцэх байх. Мөн НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой тохиох болохоор өндөр дээд хэмжээнд тэмдэглэх болов уу. Түүнчлэн Парист бүрэн хэмжээний гэрээ байгуулбал дэлхийн бүх орны хувьд том амжилт болно. Мэдээж хэрэг манайх маш идэвхтэй оролцож байна. Бодлогын хувьд ч үйл ажиллагааны хувьд ч.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан