Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганболд: Манай улсын ус ашиглалтын систем дэлхий нийтэд хоцрогдсон


ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга Д.Ганболд тус яамнаас 2013 онд зарласан “Бүс нутгийн хооронд ус тээвэрлэх систем”-ийн судалгааны ажил хийх тендерийн  талаар  өчигдөр мэдээлэл өглөө. Тэрээр ийнхүү ярьсан юм.

-ҮХААЯ-наас “Сайншан­дын аж үйлдвэрийн цогцол­бор” компанид эрх олгосноор  “Бүс нутгийн хооронд ус тээвэрлэх систем”-ийн зураг төсөл,  ТЭЗҮ-ийг боловсруулах тендерийг 2013 оны наймдугаар сард зарласан. Ингээд уг тендерт “Мон Хидро констракшин” компани ялж гэрээ байгуулсан юм. Тендерийн бичиг баримт, түүнийг шалгаруулах үйл явц хууль тогтоомжоос гажаагүй. Энэ компани ажлаа хугацаанд нь гүйцэтгэж өгсөн. Одоо Усны нөөцийн комисс уг тендерийн материалыг хянаж байгаа. Энэ  тендерээр говийн бүс нутаг, боловсруулах үйлдвэрүүдийг  усаар хангах боломжийг судалсан юм. Өөрөөр хэлбэл, гүний болон гадаргын усны нөөц боломжийг тогтоосон. Хэрлэн голын усны нөөцийг тогтоож ус дамжуулах системээр ашиглах боломжтой эсэхийг судалсан юм. Үр дүн нь амжилттай гарсан. Энэ ажил маш чухал ач холбогдолтой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор төдийгүй  говийн бүс нутгийн уул уурхайн боловсруулах үйлдвэрүүдийг  хөгжүүлэх гол түлхүүр асуудлын нэг бол усан хангамж. Гэтэл хүний гараар бий болдоггүй гүний усыг үйлдвэрлэлд ашиглаад байх боломж хомс.  Иймд бүс нутгийн ус дамжуулах системтэй болох нь манай улсын ойрын үед шийдэх чухал асуудлын нэг.

Сайншандын аж үйлдвэ­рийн цогцолборыг гүний усаар хангах судалгааг бас дав­хар хийсэн. Тэгэхдээ 2013 онд гурван тэрбум орчим төгрөг зарцуулсан юм. Энэ ажил бас амжилттай болсон. Одоогоор 10 сая шоо метр ус ашиглах боломжтой гэсэн дүгнэлт хийгээд байна. Усны нөөцийн комисс хайгуул, судал­гааны  тайланг нь хянаж байгаа.  Говийн бүс ну­таг, тэнд байрлаж буй үйлд­вэрүү­дийг усаар хангахад энэ хоёр тен­дерээр хийсэн судал­гаа гол үүрэг гүйцэтгэнэ. Энэ судалгааны материал хэрэг­лэх шаард­лагатай болон сонирх­сон хүмүүст нээлттэй гэсэн билээ.
Ингээд тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Тендер шалгаруулах яв­цад ямар нэг маргаан гарсан уу?
-Бүс нутгийн хооронд ус дамжуулах системийн тендерийг шалгаруулах явц, судалгааны ажилд ямар нэг асуудал, маргаан, үйл ойлголцол гараагүй.  Тендерийн гүйцэтгэл маш сайн гэж үзэж буй юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ямар санаа зорилготой нийтлэл гараад байгааг мэдэхгүй. Хэрэв энд ямар нэг асуудал байна гэвэл эрх бүхий байгууллага нь шалгана биз.  Уг тендерийн талаарх материал манай яам болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” компанид тус бүрт нь хадгалагдаж байгаа. Энэ ажлын  үр дүнд Хэрлэн голын олон жилийн урсацын дундажийг шинэчлэн тогтоож чадсан. Нийт ашиглаж болох нөөцийн 10-15 хувийг хэрэглэхэд  говийн бүс нутгийн Оюу толгой, Цагаан суварга, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Таван толгой зэрэг томоохон үйлдвэр, уурхайг  усаар бүрэн хангах боломж бий гэж тогтоосон. Урьд нь судалгааны ийм бүрэн хэмжээний ажил хийж байгаагүй.

-Тэгэхээр энэ тендерийн нийт мөнгөн дүн хэд байсан юм бол. Хэрлэн голын усыг хуримтлал үүсгээд ашиглаж болох нь гэж ойлгож болох уу?
-Энэ тендерийн улсын төсөвт суусан хөрөнгө нь нэг тэрбум төгрөг байсан. Уг тендерт шалгарсан компани 950 орчим сая төгрөгөөр ажлаа гүйцэтгэсэн. Хэрлэн гол бол манай хамгийн урт голуудын нэг. Усны нөөц хангалттай. Зуны улиралд усны хуримтлал үүсгээд түүнээсээ говийн бүс нутгийн үйлдвэрүүдийг хангах боломжтой юм. Судалгааны үр дүн сайн гарсан. Тайланг мэргэжлийн байгууллагууд хянасны дараа Засгийн газар Хэрлэн голын усыг хуримлал үүсгэн ашиглах эсэхийг  шийдэх байх. 
 
-Тендер яагаад хууль бус болсон гэсэн мэдээлэл түгсэн юм бол. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?
-Миний бодлоор сонин хэвлэлээр гарсан нийтлэлд дутуу дулимаг мэдээлэл авч нэр, усыг нь андуураад бичсэн байна. Энэ тендерт маргаан гарах ямар ч үндэс байхгүй.

-Ер нь манай орны ус ашиглах менежмент олон улсын жишигтэй харь­цуулбал ямар байдаг вэ?
-Монгол бол усны хомсдолтой орон. Иймд усны менежмент сайн хийх ёстой. Тэгэхгүй бол үйлдвэржилт хүрээгээ тэлээд эхлэхээр усны бохирдол дээд цэгтээ хүрнэ. Хэрэглэсэн усаа заавал цэвэршүүлж эргүүлээд ашиглах стандарттай болохгүй бол усны нөөц барагддаг баялаг. Манай улсын ус ашиглалтын систем бол дэлхий нийтэд хоцрогдсон. Улаанбаатар хот бол байгаль орчныг хамгийн бүдүүлгээр бохирдуулж буй газрын нэг. Өөрөөр хэлбэл, Туул голын нэг захаас ус авч нөгөө талаас нь бохирдуулаад цутгаж буй юм. Цэвэрлэх байгууламж шаардлага хангахгүй байгаа. Өнөөдөр нийслэлийн хэрэглээнд явж буй усыг дахин ашиглаж чадахгүй байна. Өдөр ирэх бүр буурч багасч байгаа Туул голын усны нөөцийг шавхаж дуусгах гээгүй л юм бол хаягдал усаа цэвэрлээд эргүүлж ашиглах ёстой. Цахилгаан станцууд усны маш их хэрэглээтэй. Жилд 80 сая шоо метр ус ашиглаж буй тооцоо бий. Тэгэхээр Улаанбаатарын усны нийт хэрэглээний тал хувь нь зөвхөн цахилгаан станцад ногдож буй юм.

-Хэрлэн голыг  хэсэгчилж таслаж авах юм шиг ойлголт хүмүүст байх шиг. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Бид Хэрлэн голыг таслаад нэг талаас соруулж авах асуудал огт яриагүй. Хэрлэн голын усны төвшин зуны улиралд маш их нэмэгддэг. Тэгэхээр усны түвшин нэмэгддэг үерийн үеийн усыг хуримтлуулж ашиглах ёстой. Иймд хиймэл нуур бий болгоно гэсэн үг. Энэ хиймэл нуурынхаа нөхөн сэргээгдэж байгаа 10-15 хувийг л ашиглах юм. Зарим нь хиймэл нуур үүсгэсэн хэсгээс цааш ус татарч хүн амьдрах боломжгүй болно гэдэг. Байгалиа зүй зохистой ашиглах гэж байж ийм зүйл хийнэ гэж байхгүй.

-Говийн бүсэд байгаа үйлдвэрүүд одоогоор хэдий хэмжээний ус хэрэглэж байна вэ?
-Оюу толгой бол хамгийн их  ус ашиглаж буй төсөл. Тухайлбал, бүрэн хүчин чадлаараа ажилласан үед секундэд 2000 литр ус хэрэглэнэ. Тэгэхээр жилд 40 сая шоо метр ус хэрэглэнэ гэсэн үг. Үүнийг олон жилийн турш гүний усаар хангах ямар ч бололцоо байхгүй. Манайхаас бусад бүх улс орон гадаргын усаа ашигладаг. Хэрлэн голыг манай улсын хил давсны дараа өмнөд хөршийнхөн усан боомтууд барьж газар тариалан, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж буй юм. Гэтэл бид тэр чигт нь урсгаад гаргадаг. Иймд усны баялгаа зүй зохистой ашиглах шаардлага байгаа юм. Гадаргын усаа зөв ашиглах систем зайлшгүй хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Энэ экс гишүүн До.Ганболд гэдэг нөхөр чинь УИХ-ын гишүүн Батцогт Бямбацогт 2той бас базууд болдог гэхийн. юун олон базууд вэ
мэдэхгүй юм даа. Одоо байгаа системийг муу гэмээргүй л байгаа шүү. Учир нь би бол хэрэглэгч. Хэрэглэж байгаа ус маань тэр тансаг орныхны хэмжээнд нь хаана нь ч хүрэхгүй. гэхдээ л маш цэвэр ус хэрэглэдэг. Усыг ер нь хамгийн их үрдэг газрууд бол үйлдвэрүүд л байдаг. хотын байрнууд тэгтлээ их урсгаад байдаггүй шүү. Ялгаж салгаж хэлмээр юм.
Хамгийн их уншсан