Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Батдорж: Бид гадаргын усаа малаа услахад л ашиглаж байна


“Мон Хидро” компанийн захирал техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Батдорж Хэрлэн голын усны судалгааны тендер болон хэрхэн ашиглах талаар ийн тайлбарлаж байна.

-Хэрлэн голын усыг ашиг­лах судалгаа хийх тендер будлиантсан гэдэг мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
-Манай компани 1998 онд байгуулагдсан. Үүнээс хойш Монголд усны барилга байгууламжийн талаар маш их ажил хийсэн.  Ялгуун гэдэг хүний бичсэн энэ нийтлэл өнгөрсөн жил тендер шалгаруулсаны дараа гарсан. Одоо дахиад гарахдаа  үг үсэг нь өөрчлөгдөөгүй байна лээ. Үүнийг тэгсэн, ингэсэн байна гэж сургаар бичсэн байгаа юм.  Хэрлэн голын судалгааны ажилд манайхаас гадна “Перстиж” гэдэг компани өрсөлдсөн. Тендерийн комисст ҮХААЯ, БОНХЯ, усны талын мэргэжлийн эрдэмтэд оролцсон. Өрсөлдөгч компани маань тендерийн бичиг баримтаа сайн хийж чадаагүй тул ялагдсан байх гэж бодож байна. Манай компани 900  гаруй сая төгрөгөөр Хэр­лэн голын усны судалгаа хийх санал тавьсан. Ингээд бид уг судалгааны ажлыг хийсэн юм.

-Ер нь манай оронд гадар­гын усны хэрэглээ ямар байна. Жилд хэдий хэмжээний ус Хэрлэн голоос урсан гардаг вэ?
-Монголчууд бид гадаргын усаа хэрэглэдэггүй гэж хэлж болно. Нэг секундэд 100 мянган литр ус Хятад руу урсч гарч байна. Өнөөдөр нэг шоо метр ус 3000 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл Хэрлэн голоос жилд 800 сая шоо метр ус дунжаар урсан гарч байгаа юм. Бид гадаргын усаа хонь мал услахад ашиглаж байна. Энэ усны нэг ч хувийг өнөөдөр бид ашиглаж чадахгүй байна. Тооцоо хийж үзэхэд 0.01 хувийг нь ашиглаж буй юм. Тэгээд говьд олон мянган жил тогтсон усны нөөцөө шавхаж  эхэллээ. Энэ нь уул уурхайн үйлдвэрлэлд гүний усаа ашиглаж улсаа хөгжүүлэх гэж арга ядсан явдал. Тэгэхээр нэг гээд тоолоход 10 хувийг нь аваад үлдэх хэрэгтэй. Үүнийг хураагаад байвал маш том нуур үүснэ.

-Тэгэхээр хиймэл нуурт хэдий хэмжээний ус хуримт­луулж ашиглах тооцоо гараад байна вэ?
-Энэ нуурт гурван жилийн дотор нэг тэрбум 200 шоо метр ус хураана.  Үүнийг дээрх үнээр үржүүлээд тооцоход маш их мөнгөний тоо гарна. Нэг ёсондоо маш их боломж, орлогоо бид алдаж байна гэсэн үг. Гэтэл манайхан алт, мөнгө, зэс, нүүрс гээд байдаг. Ус бол ялгаагүй манай эх орны баялаг. Бид л усаа тоохгүй байна. Бусад улс орнууд эхлээд усны нөөцөө тодорхойлж зөв ашиглах менежмент хийдэг. Бүх улс орон өнөөдөр гадаргын усаа хуримтлуулж эрчим хүч, үйлдвэрлэлд ашиглаж байгаа юм. Гүний усаа хөгжлийн эхэн үедээ л ашигладаг. Дараа нь гадаргын усаа ашиглаж эхлээд байгаа. Хэдэн жилийн өмнө Тайшрын усан цахилгаан станц барих гэхэд Завхан голыг ширгээгээд амийг нь таслах гэж байна гэж хэл ам болж байсан. Одоо хүмүүсийн ойлголт өөр болсон. Нэг хэсэг Хэрлэн гол хөдөлгөөн байгуулаад эсэргүүцэж байв. Гэтэл  бид усны үнэ цэнийг мэддэггүй байж.  Баялгаа гадагшаа зүгээр урсгахгүй зөв зохистой ашиглая гэх болсон. Хэрлэн голыг эх оронч бус гэдэг. Тийм биш. Харин эх оронч бус хүмүүс байна. Голынхоо усыг өөртөө ашиглахын тулд өрөөлд өгч буй хэрэг. Урд хөршийн төлөө ажиллаж биднийг хооронд нь хэрэлдүүлж байна гэхэд хилсдэхгүй. Үүнтэй холбоотой хэрүүл гарч байгаа юм.

-Яг ямар хэрүүл гарч байна гэж?
-Манай компанийг тенде­рийн хорооны дарга ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, сайд байсан Х.Баттулгатай холбож бичсэн байна. Би энэ тендерийг авсны дараа анх удаа уулзаж байсан. Барилга хот байгуулалтын сайд байхад нь уулзаж байгаагүй.    Х.Золжаргалыг ерөнхийд нь танина. Энэ хүн тендерийн шалгаруулалтын дараа гэрээ  баталж өгсөн. Үүнээс хойш нэг ч удаа уулзаагүй. Бид энэ тендерийн ажлыг 947 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн.

-Хэрлэн голын уснаас үүсгэсэн хиймэл нуураа говьд яаж хүргэх юм бол. Нэг шоо метр усны үнэ хэд байх вэ?  
-Манай улсын уул уурхайн том үйлдвэрүүд говьд усгүй газар төвлөрч байна. Гэтэл усандаа баригдаад хөгжиж чадахгүй байгаа юм. Хэрлэн голын усыг говьд татаж хэрэглэх асуудлыг 1986 оноос ярьж эхэлсэн. Тэр үед манай усны яам, Унгар улсын усны яамтай хамтарч хэрхэн ашиглах схем боловсруулж байлаа. Бидний үүсгэх нуурын өргөн дөрөв, өргөн 10 км болно. Тэгээд жилд 120-130 сая шоо метр ус ашиглах тооцоо бий. Үлдсэн нь голын гольдирлоор урсаад гарна. Хэнтий аймгийн хувьд уснаасаа орлого олно. Мөн усаа ашиглаж газар тариалан эрхлэх бо­ломж нээгдэнэ. Хиймэл нуурт хураасан усаа хоёр том насос­­соор өргөөд хоолойгоор явуулна. Ингээд Сайншанд хүр­тэл 230 км өөрийн урсгалаар очих юм. Тэгээд Шивээ-Овоо, Даланжаргалангийн уурхай­нуу­дыг усаар хангана.  Дараа нь Цагаан суваргын алт, зэсийн уурхайд хүрнэ. Тэгээд Өмнө­говийн Манлай сумаас ус дамжуулах хоолой хоёр салж нэг нь Цогтцэций, нөгөө нь Оюу толгойд очих юм. Энэ бол хамгийн бага зардалаар үр ашигтай ус түгээх систем бол­но. Учир нь нэг шоо метр усны өртөг 600 төгрөгөөр очно. Өмнөговь аймгийн айл өрх өнөөдөр нэг шоо метр усыг бараг 3000 төгрөгөөр авдаг. Улаанбаатарт нэг шоо метр ус 1000 төгрөг.  Эдийн засгийн ийм үр ашигтай юм. Үүнийг бид ард түмэндээ тайлбарлах завшаан гарлаа гэж бодож байна. Ний нуугүй хэлэхэд буруу, намайг муулж бичсэн ч гэсэн би баярлаж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан