Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Лхамаа: Дакарт машинаар уралдах болсондоо одоо хүртэл итгэхгүй л байна


“Анх 15 настайгаасаа бартаат замын мотоцикл унаж эхлээд л, “Дакар ралли” гэдэг машин, мотоциклийн оргил болсон тэмцээний тухай мэддэг болсон. Түүнээс хойш 18 жил мөрөөдөж явсан тэмцээндээ тоосоо өргөх боломж олдлоо. Болдбаатартайгаа хамт бүртгүүлээд, мөрөөдөж байсан тэмцээнийхээ гараанд гарсан, уралдсан. Мөрөөдөлдөө хүрэх их сайхан байсан. “Дакар ралли” бол бидний хийдэг бэлтгэл, оролцдог тэмцээн уралдаанаас тэс өөр. Багаараа л оролцож байж амжилт гаргах тухай ярина. Түүнээс зөвхөн мотоцикло ачиж аваачаад оролцдог уралдаан тэмцээн биш юм билээ. 500-700 км замыг найман цагийн дотор туулах ёстой” хэмээн 2013 оны эхээр ОУХМ Н.Лхамаа ярьж байсан. Тэр үед монгол хүн анх удаа автоспортын оргил болох Дакар ралли уралдаанд мотоциклийн төрөлд оролцоод ирсэн юм. Харин энэ жилийн Дакарт монгол хүн финиш хийж, барианд орсон түүхэн амжилт үзүүлсэн. Тэгвэл 100 хүрэхгүй хоногийн дараа болох 36 дахь удаагийн автоспортын олимп гэж хэлж болох уралдаанд манайхаас анх удаа автомашинаар уралдах нь. Ингэхдээ Т2 ангилал буюу үйлдвэрээс гарсан цоо шинэ машины ангилалд уралдах болжээ. Ингээд уралдааны бэлтгэлээ базааж буй ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч Б.Сүрэндорж, механик Б.Батболд нартай ярилцлаа.

Н.Лхамаа

-Та анх энэ тэмцээнд түрээсийн мотоциклоор уралдаж байсан. Дараа нь өөрийнхөө мотоциклkор уралдсан. Харин энэ удаа машинаар уралдах нь. Монголын автоспортын түүхэнд дахиад л анх удаа гэсэн үг орж ирэх нь. Баяр хүргэе?

Н.Л: -Уг нь энэ удаа өнжье гэж бодож байлаа. Хөрөнгө мөнгөнөөс эхлээд асуудал их. Гэтэл манай Унгар найзууд энд ирээд миний өнжих гэж байгааг сонсоод бид шинэ машинаар уралдах болсон. Миний уралдаж байсан машинаар уралдаач гэсэн санал тавиад л орохоор болчихлоо.

-Машинаар уралдах нь багийн ажиллагаа илүү шаардах байх. Яг машиндаа хэдүүлээ уралддаг юм бэ?
Н.Л: -Дүрэмдээ жолооч, хоёр чиглүүлэгч гээд гурван хүн явахыг зөвшөөрдөг. Энэ удаа чиг­лүүлэгчээр Сүрэн­дорж, Бям­бадэлгэр хоёр маань явахаар болсон. Ха­рин меха­ни­каар Батболд, Бям­бацогт гэдэг хоёр хүн явна. Би өөрөө жолоодно. Мөн Ун­гарын багт Жаргалсайхан гээд ах чиглүүлэгчээр явна. Ин­гэхээр энэ удаагийн Да­карт зургаан монгол хүн ав­то­машинаар уралдана гэсэн үг.

-Машинаар уралдах нь мотоциклоос харьцангуй эрсдэл багатай юу. Ер нь энэ хоёрын ялгаа юундаа байдаг вэ?
Н.Л: -Дакарт амар хялбар гэсэн юм байхгүй л дээ. Мотоцикл элсэнд суулаа гэхэд хэвтүүлээд хоёр дугуйг нь элснээс түрж гаргаад дахиж босгоод цааш уралдаж болно. Харин машин дөрвөн дугуйгаар элсэнд элгээрээ суучихвал бүр хэцүү. Машин мотоцикл аль нь ч байсан бэлтгэлтэй байх хэрэгтэй. Машин суучихаад элснээс гаргалаа гэхэд хойноос нь банзаа бариад хоёр гурван элсэн даваа даваад гүйнэ. Тэгэхээр жолооч, чиглүүлэгч аль аль нь л бэлтгэлтэй байх ёстой. 

-Одоогоор бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
Н.Л: -Их дэлгүүрийн хажуу талд манай Энхтөмөр гээд найзын бэлтгэлийн заал байдаг. Тэнд л бэлтгэлээ хийж байна. Хүчний бэлтгэлээс гадна жин хасч байна.

-Бусад спортын төрлийн хувьд тэмцээний өмнө жин хасахаар тамирддаг гэх юм билээ?
Н.Л: -Унадаг дугуй, гүйлт, сэлэлтийнхэн ч юм уу удаан үргэлжилдэг спортын төрлийн тамирчид өндрөөсөө 100-г хассантай биеийн жин нь таарч байвал эрүүл байна гэж үздэг. Энэ жил их зөвлөгөө авсан. Богино хугацааны спорт болохоор хүчнийх байдаг гэнэ. Удаан хугацаанд үргэлжилдэг спортын төрлүүдэд бол жин яг таарсан байж хурдан сэргэдэг юм байна.

Зүүн гараас Н.Лхамаа, Б.Батболд

-Батболдын хувьд энэ жил бэлтгэлтэй явах нь. Өнгөрсөн жил Лхамаагийн туслахаар явсан учраас Дакарын бодит уур амьсгалыг мэдэрсэн байх?
Б.Б: -Урьд жил яваад ирсэн учраас жаахан ч гэсэн туршлагатай болсон гэж бодож байна. Дакар үнэхээр гоё. Мөрөөдөл байсан. Мөрөөдөлдөө хүрсэн. Очсон. Харин энэ жил автомашинаар оролцох нь.

-Та хэдэн жил авто­спортоор хичээллэж байна?
Б.Б: -Арав гаруй жил энэ спортоор хичээллэлээ. Эх­лээд мотоциклоор, да­раа нь автомашинаар уралд­даг боллоо. 2005 онд Лха­маа­тайгаа Японы урал­даанд хамт автомашинаар урал­даад түрүүлж байсан. Ер нь бол их гар нийлдэг. Сайн най­зууд.

-Үйлдвэрээс гарсан цоо шинэ машинаар уралдана гэсэн байх аа?
Н.Л: -Уг нь бол хоёр жил уралдсан машинаар уралдах гэж байсан ч нөгөө багийнхан маань саяхан шинэ машин Ланд 200 бэлдэж өгөхөөр болсон. Яагаад тэгж байгааг нь сайн мэдэхгүй ч бид баяртай л байна. Ирэх сарын 1-нд уралдах хүмүүс маань Унгар явж, визээ авна.

-Машинаар уралдахад ямар үнэ өртөг гарч байна вэ. Тооцсон уу?
-Яг бидний одоо уралдах гэж байгаа Т2 ангилалд машин аваад бэлдэхэд доод тал нь 300 сая төгрөг хэрэгтэй. Төлбөрөө төлөөд явахад нэг хүнээс 50 сая төгрөг. Таван хүн гэж тооцоод механикийн машинаа авч очно гэж бодохоор 700 сая орчим болж байгаа биз. Хамгийн багадаа л 500 сая орно. Гэхдээ энэ удаа найзуудынхаа буянд мотоциклоос ч хямд өртгөөр уралдах гэж байна.

-Энэ жил ямар маршрутаар уралдах вэ?
Н.Л: -Аргентинаас га­раад Боливи, Чилиэр ороод буцаад Аргентиндаа ирж барианд орно. Өнгөрсөн жил Аргентин-Боливи-Чили гэсэн маршрутаар явсан.

-Ингэж явахаар зам давтагдана гэж байх уу?
Н.Л: -Байхгүй. Өмнөд Америк чинь маш том газар нутагтай. Өнгөрсөн жилийн замаас таван км-ийн наагуур, цаагуур явахад л өөр болчихно. Угаасаа цаанаасаа замыг давхардуулахгүй л дээ.

-Ярианы эхнээс унгар найзууд гэж ярилаа. Тэднийгээ танилцуулаач?
Н.Л: -Өнгөрсөн жил Аргентинд гараанд гарахаас хоёр гурван өдрийн өмнө очоод Монголын далбаагаа мандуулчихсан явж байтал танай аавтай Францад танилцсан гээд Унгарын та­мир­чид хүрээд ирсэн. Тэдний нэг нь жүдогоор барилддаг. Лондонгийн олимпын мөнгөн медальтай юм билээ. Тэр залуу манай жүдочдыг сайн мэдэж байсан. Түвшинбаяр, Цагаанбаатар гээд л. Урал­дааны явцад уулзаж ярил­цаад, нөхөрлөсөн. Тэд өөрс­дийгөө хөх толботой төрдөг, мон­гол цустай гэж ярих дуртай. Тэмцээний дараа фейсбүүкээр холбогдож байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сард ирээч гээд биднийг урьсан боловч виз авч чадаагүй. Тэгсэн тэд өөрсдөө ирсэн. Долоо хоног хөдөөгүүр авч яваад, Монголыг үзүүлсэн чинь сэтгэл нь их хөдөлж надад машинаараа уралдах санал тавьсан. Хэрэв тэднийг ийм санал тавиагүй бол би 2016 оноос л машинаар оролцож үзнэ дээ гэж бодож байсан.

-Унгарын баг Дакарт ямар амжилт үзүүлж байсан бэ?
Н.Л: -Хоёр жил дараалаад бариа хийсэн ангилалдаа зур­гаа, долдугаар байрт ордог баг.

-Тэд яагаад Монголоос чиглүүлэгч авахаар болсон юм бол?
Н.Л: -Бид ч гэсэн гайхаад л байгаа. Монголчуудад итгэл хүлээлгэсэн байх. Тийм учраас бид ч нэрээ хичээгээд амархан ядарч, багаа хойш нь чирэхээргүй хүн сонгож өгсөн.

-Спортын бусад төрөлд ДАШТ юм уу олимпод оролцохын тулд маш өндөр шалгуур давдаг. Дакарт тийм шалгуур байдаггүй хэрэг үү?
Н.Л: -Шалгуур байна. Азиас ордог хүний тоо цөөн. Дакар чинь дэлхийн хэмжээнийх учраас Азиас оролцогчдод уян хатан ханддаг. Азиас Дакарт Хятад, Япон, Монгол гээд өөр орон байхгүй. Өмнө нь 2008-2011 онд хүсэлтээ явуулсан ч хариу ирдэггүй байлаа. 2012 онд Бээжинд Дакар раллигийн тухай илтгэл болсон юм. Манайхаас бүр зорьж очоод “Манайд жил бүр “Ралли Монголиа” гээд Японы SSER байгууллагаас зохион байгуулдаг уралдаан болдог. Бид энэ уралдаанд амжилттай оролцдог” гээд танилцуулсан л даа. Тэгээд дараа жилээс нь оролцож эхэлсэн.

-Тэр Японы байгууллага таныг ивээн тэтгэдэг байх аа?
Н.Л: -SSER байгууллагын тэмцээнээ зохион байгуулахад нь ивээн тэтгэдэг “Наката котинг” гэж компани байдаг. 1998 оноос “Ралли Монго­лиа”-д оролцож байгаад тэр компанийн захиралтай нь найзууд болчихсон. На­майг уралдахад тодорхой хэм­жээгээр ивээн тэтгэдэг юм.

-Ер нь автоспорт өртөг өндөртэй. Таны хувьд тодорхой хэмжээний сан­хүүгийн дэмжлэг авчихдаг нь тус болдог байх?
Н.Л: -Монголд олон ч байгууллага, компанийн хаалга татаж үзсэн. Дэмжлэг үнэхээр олддоггүй. Тэгж байгаад яръя, дараа уулзъя гэсэн хариулт л сонсдог. Монголоос спонсор олох хэцүү л дээ. Авто маструудын холбоо гэж байдаг. Тэндээс тодорхой хэмжээний тусламж үзүүлдэг. Бас хувь хүмүүсээс жаахан ч гэсэн дэмжлэгүүд ирнэ. Хэрэв Монголоос ивээн тэтгэлэг аваад уралдах юм бол миний хувьд баяртай байна.

-Гадаадын тамирчид бол ивээн тэтгэгчдийн логогоор дүүрэн алаг эрээн л хувцас өмсөх юм билээ. Манайхан бол бараг л цулгуй шахам...
Н.Л: -Гадаадын тамирчид эрээн алаг хувцас өмсдөг. Манайхан ч түүнийг нь дуу­райгаад эрээн алаг бол­годог. Гэхдээ тэр бүгдээсээ дэмжлэг авдаггүй л дээ. Албан ёсоор ивээн тэтгэгчийнхээ хувц­сыг өмсөөд явдаг хүн. Заавал гадаадын лого хувц­сан дээрээ нааж байхаар Мон­голынхоо логонуудыг наагаад явбал бидэнд ч гэсэн гоё л доо.

-Хэрэв унгар найзууд тань өөрсдийнхөө маши­наар өөрийнхөө улсын нэр дээр уралдаач гэсэн бол хүлээн авах байсан уу?
Н.Л: -Тамирчин хүний хувьд бол байнга л уралдаж байх сонирхолтой. Бүх зардлыг нь даана Унгарын нэр дээр уралдаач гэсэн саналыг автоспортоор хичээллэж бай­гаа ямар ч тамирчинд тавьсан зөвшөөрөх байх. Миний хувьд ч орно. Би хамгийн гол нь машинаар л уралдах ёстой. Амжилтаа ахиулмаар байна. Залуу нас дахин олдохгүй учраас. Гэхдээ одоо ч гэсэн машинаар Дакарт ингээд уралдах болсондоо итгэхгүй байгаа.

-Анхны удаа Дакарт гайгүй сайн уралдсан. Өн­гөр­сөн удаад төөрч, бензин дууссан. Энэ талаараа ямар ч хэвлэлд яриагүй байна лээ?
Н.Л: -Тав дахь өдөр зам нь хэцүү байсан. Явган хүний хурдаар бараг 200 км газар мотоциклоо түрж явсан. Өөрийнхөө бензинээр явсан ч хүрэхээргүй газар нэмж 30-аад км төөрч давхиад, буцаад явахдаа 60 км илүү явсан учраас яах аргагүй түлш дууссан. Дакарт ямар ч тусламж авах аргагүй байдаг. Бас мотоцикл маань дороосоо шатаад ямар ч аргагүй уралдаанаас гарсан.

-Дакарт өнгөрсөн жил өөрсдөө машинтайгаа очсон байсан. Ингэж машинаа авч явахад зардал нь илүү гарна биз?
Н.Л: -Хоёр механик ява­хаар хүн тус бүр 8700 евро төл­нө. Цаашаа очоод хүний ма­шинд суугаад явахаар хүн тус бүр дахиад 7500 евро. Хэрэв би хасагдчих юм бол бас мөнгө төлөх хэрэг гар­на. Тэмцээн дууссаны да­раа мотоциклоо Европ руу ачуул­­на. Тээврийн зардал гэж тоо­цоод машинаа аваад явсан нь бараг бага зардал гарах юм.
Б.Б: -Энэ удаагийн Дакарт манай машин дээр реклам сурталчилгаагаа байрлуулан хамтран ажиллах хүн байвал бидэнтэй холбогдож болно шүү гээд хэлчих үү.


-Дакарт уралдахаас илүү хэцүү зүйл бол замын тэмдэг тэмдэглэгээг сайн уншиж замаасаа төөрөхгүй байх гэж сонссон. Чиглүүлэгч бэлтгэлээ хэр хангаж байна даа?
Б.С: -Лхамаа ах надад санал тавьсанд маш их баярлаж байгаа. Миний хувьд Дакарыг мөрөөдөөд ч очиж чадахгүй болов уу гэж боддог байлаа. Яахав очоод хажуугаас нь үзнэ дээ гэж боддог байсан ч уралдана гэж ёстой төсөөлж байгаагүй. Одоо хүртэл итгэж чадахгүй байгаа.

-Та гурав чинь энэ удаагийн Дакар раллид явах болсондоо одоо хүртэл итгэхгүй байгаа хэрэг үү. Хэзээ итгэх юм бэ?
Б.Б: -Бид нар хэзээ визэнд орсон билээ.
Б.С: -26-нд
Н.Л: -Нөгөөдөр виз гарна. Тэгээд ирэх сарын 1-нд Унгарт очоод машинаа үзнэ. Тэгж байж л итгэх байх даа.
Б.С: -Машинаа нүдээрээ хараад, гараараа барьж үзэж байж л итгэх байх. Тэгсэн мөртлөө бүгд бэлтгэлээ маш сайн хийж байгаа.

Б.Сүрэндорж

-Сүрэндорж хэдэн жил уралдаж байна вэ?
Б.С: -Автоспортоор хи­чээл­лээд таван жил болж байна. Энэ хугацаанд олон амжилт гаргаж байсан. Сүүлийн гурван жил Мастер раллид чиглүүлэгч хийгээд аварга болсон. Оролцсон тэмцээнүүддээ бариа хийдэг. Төрсөн ах маань ОУХМ Ганхүү. Ахыг хараад л автоспорт сонирхож эхэлсэн.

-Манайд хэрэглэдэг тэмдэглэгээ Дакар ралли­гийнхтай адилхан уу?
Б.С: -Манай Монголд олон улсын тэмцээнүүд зохион байгууллагддаг. Тэгэхээр тэнд хэрэглэдэг тэмдэглэгээ л байгаа. Дакарын картын бүх тэмдэглэгээг аваад цээжилж байгаа.

-Гэхдээ Дакарт хоёр ч удаа яваад үзсэн тамирчин­тай хамтран уралдах гэж байгаа учраас газар дээр нь ямар байдаг талаар ерөн­хий төсөөлөлтэй авсан уу?
Б.С: -Мэдээж авсан. Дакарт амархан зүйл гэж байхгүй учраас очоод хүний хажууд суугаад зураг уншихаасаа өмнө ядарч байхын оронд эндээ сайн бэлтгэл хийх ёстой гэж бодоод л нэг өнжөөд биеийн хүчний бэлтгэл хийж байна.

Н.Лхамаа

-Таван жилийн өмнө бол машин мотоциклоор уралдаж байгаа хүмүүсийг тоож харах нь байтугай тамирчин ч гэж хардаггүй байсан. Одоо бол өөр болж. Сая болсон улсын аваргыг л гэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр их түгээсэн. Хэн түрүүлсэн бол гэж чих тавих хүн ч олон болж?
Н.Л: -Дээхэн үед гар дээр 3000 ам.доллар цугларах л юм бол мотоцикл авдаг байсан. Амьдралд мөнгө хэрэгтэй байсан ч бүх мөнгөө шавхаж байгаад л зориглодог байлаа. Тэр үед тэнэг юм уу гэх хүн олон байсан. 2005 оноос машины наймаа хийж эхэлсэн. Тэр үед 13 мянган ам.доллараар байр авч болохоор байсан. Тэгэхэд л уралдана гээд машин авч байсан. Бас л тэнэг юм уу гэх хүн байсан. Гэхдээ намайг 3000 ам.доллараар мотоцикл авчихаар ядаж 1000-аар авна, 13 мянган ам.долларын жийпээр уралдаж байхад 69 авна гэсэн хүмүүс нэмэгдсэн. Нэг нэгнээ хараад зоригждог юм билээ. Одоо бол 60, 70 саяын мотоциклыг захиалаад л авдаг болж. Болдбаатар, Батболд бид гурав Дакарт оролцсоноос хойш Монголын автоспортын сэтгэхүй илт дээшилж байгаа нь харагддаг болсон. Үнэтэй спорт руу орсноо саяхан л мэдэрсэн. 3000 ам.доллараар мотоцикл авчихаад л амьдрал ингээд дуусах байх гэж бодсон ч үргэлжилсээр л байна. /инээв/

-Танд одоо дахиад хэ­дэн Дакар ралли байна вэ?
Н.Л: -Мотоциклыг 45 хүртлээ унавал зүгээр гэж бод­сон. Машинаар бол мушгиж чадахгүй болох хүртлээ л уралдана даа. Тэгээд спонсор олно. Монгол Улс хөгжинө. Улсын маань эдийн засаг өсөхийн хэрээр автоспортыг ойлгож, дэмждэг болно. Миний дараа гарч ирэх залуусыг компаниуд дэмжээд тийм тойрог үүсчихвэл үнэхээр сайхан байна.

-Өнгөрсөн удаагийн Да­кар раллид ОУХМ Болд­баатар барианд ороод ир­сэн. Гэхдээ ийм том урал­даанд барианд орох гэд­гийг төдийлөн ойлгохгүй байх шиг?
Н.Л: -160 мотоциклчин бүгдээрээ нэг ангилал. Тэднээс эхний 35-д орсон бол шар дугаартай дараагийн раллид уралддаг. Маш том нэр хүнд. Гэтэл Монголд бол Дакарт бариа хийгээд ирсэн ч тэр 35-д орсон ч эсвэл хүрэл медаль аваад ирсэн гурав яг адилхан, тоохгүй. Дакар бол маш том шалгуур. Ямар үгээр тайлбарлахаа ч мэдэхгүй байна. Дотор нь очиж байж л ойлгоно.

 Б.ЦЭДЭВСҮРЭН

0 Сэтгэгдэл
amjilt husie saihan hreg bn
Хамгийн их уншсан