Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АХМАДУУД БА АРАВДУГААР САРЫН НЭГЭН

1990 онд Нэгдсэн үндэстний байгууллагаас ахмад настнууддаа хүндлэл үзүүлэх өдөр бий болгох шийдвэр гаргаж байжээ. Харин Монгол улс 1992 оноос энэхүү өдрийг тодорхой хүрээнд тэмдэглэж эхэлсэн аж. Энэ жил манай улс ахмадын баярын өдрийг 22 дахь удаагаа тэмдэглэж байна. Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр буурлууд маань төр засаг, албан байгууллагаас зохион байгуулдаг арга хэмжээ, дайллага цайллагад оролцож, бэлэг сэлт, одон медалиар шагнуулан, баяр хөөр дунд өнгөрүүлдэг. 

Гэвч энэ өдрийг мэддэг ч мэдэж дуулаагүй юм шиг өнгөрөөж, өнөөдрийнхөө л цайны сүү, хүүхдийнхээ хоолны мөнгийг олох гэж суугаа хөгшчүүл цөөнгүй. Эдгээр хүмүүсийн нэг бол Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны өндөр настан З.Циеэрэгзэн. Энэ хүн Монгол Улсын Боловсролын их сургууль буюу хуучнаар “Багшийн дээд”-ийн урд талбайд чихэр жигнэмэг, ус ундаахан зарж борлуулж, шар нар, бор хоног төөрүүлж яваа. З.Циеэрэгзэн гуай Завхан аймгаас ирж суурьшсан бөгөөд  бичиг баримтын зөрчил, албан байгууллагын хүнд суртлын хохирогч болж өнөөг хүртэл тэтгэвэр тэтгэмж аваагүй, цаашдаа ч авах боломжгүй нэгэн гэнэ. Тэтгэвэр тогтоолгож, сар бүр төрөөс мөнгө авдаг хэд нь амьдрахад хэцүү болсон энэ цаг үед тэтгэврийн санд бүртгэлгүй настнууд ямар байхыг төсөөлж үзээрэй. З.Циеэрэгзэн гуай баярын өдрөөрөө аанай л үмх талх, балга сүүний мөнгөө таслахгүйн төлөө цагдаад туугдан, торгуулиар шийтгүүлэн байж Боловсролын их сургууль бараадан өнгөрөөлөө.

Ирмүүн залуу насандаа эх орон, улс нийгэмдээ мэдлэг чадвараа зориулж явснаа дурсан ярих Чингэлтэй дүүргийн өндөр настан Ё.Дарамрагчаа мөн л Ахмадын баярын өдрөө “ажиллаж” тэмдэглэлээ. Өмнөө тавьсан жингийн хэмжүүр дээр гарсан хүн бүрээс 200 төгрөг авдаг тэрээр, одоо ч “ажилласаар” суугаа. Сурвалжлага бэлдэхээр явсан би жингээ шалгаж, хамт явсан хоёр нөхрөө ч уруу татан зогсоолоо. Ё.Дарамрагчаа гуайн орлого 600 төгрөгөөр нэмэгдсэн нь тэр. Өдөрт  4-5 мянган төгрөг олдог аж. З.Циеэрэгзэн гуайг бодоход тэрээр сар бүр 200 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авдаг, төрдөө данстай нэгэн. Гэвч ам бүл олуулаа учраас хоол унд, хувцас хэрэглэл гэсээр аль ч үгүй дуусчихдаг тухайгаа нуусангүй. “Одоо хүйтэрлээ, түлээ нүүрс гээд бүр л нэмэгдэх нь” гэсээр эрхи эргүүлж, “үйлчлүүлэгчээ” хүлээнэ. Халуун хүйтэн, хатуу зөөлөн сүлэлдсэн нийгмийн тэг дунд нь өдөржин суудаг өвгөн одоогийн төр засагтаа тун ч сэтгэл дундуур. Тэр хэлэхдээ “Залуу явахад нийгмийн амьдрал хүнд байлаа ч төрийн бодлого зөв, тэгээд зөв хүмүүсээ дэмждэг, сайхан зүйлд мөнгөө зардаг байлаа. Угаас зөв зүйл гэдэг тодорхой харагддаг юм. Тэр нь жижигхэн байлаа ч хүмүүс ойлгодог юм. Харин би энэ улсын бодлогыг ойлгодоггүй” хэмээн хоолой зангируулав. “Энэ улсын...” гэдэг чухам юу гэсэн үг вэ.

Баярын өдрийн дараагийн эзэн бол Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны иргэн, өндөр настан Ч.Уданбор. Батлан хамгаалах яам, Авто засварын заводад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. 400-гаад мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. “Ер нь болж л байна. Гэхдээ ахмад үеэ эргэж хардаг, халамжилдаг, хүндэлдэг байх хэрэгтэй. Өнөөдөр өнөө маргаашаа гэсэн, тэтгэврийн зээлээ хэдэн сараар, жилээр нь авчихсан хүн их л байна. Тэтгэврээ нэмбэл нэмсэн шиг нэмэх хэрэгтэй. Хүүхэд хуурч байгаа юм шиг арав, хорьхон төгрөг тавьж, үнэ өсгөөд байх юм” гэж ярилаа. Өндөр настай, өвгөрч бууралтсан энэ хүмүүс амь зогоож, амьдралаа залгуулахын төлөө хэр чадлаараа хөдөлмөрлөж байна. Харин тэднийг байдаг эсэхийг ч үл анзаарах мэт “70, 80-аад оны ахмадууд” гэхчлэн наргиа, харгиа нь ялгагдахгүй үг чулуудан, интернэтэд суугаа залуус бид яах ёстой юм бол.

Дэлхийн улс, орнууд ахмад настнуудаа анхаарч, анзааръя гэж аль 24 жилийн өмнөөс тэмдэглэж эхэлсэн ганц баярын өдрөөр нь болохгүй, бүтэхгүй бүхнийг дэлгэж, хэн нэгнийг муучлах гэсэнгүй. Ердөө л, цөөхөн үлдэж, улам цөөрсөөр буй буурлуудын минь дунд өөрт нь зориулагдсан хүндэтгэлийн өдөр байдгийг ч үл хэрэгсэн мөнгө олохоор бөртийж яваа нь хэчнээн бэ гэдгийг л тэмдэглэлээ. “Баярын мэнд хүргэе” гэсээр очиход “Баярлалаа” хэмээн угтах энэ ахмадууд манай улсын хүн амын дөнгөж дөрвөн хувьд хүрэхтэй, үгүйтэй хэсгийг эзэлдэг.

0 Сэтгэгдэл
Үгүй мөн хэцүүеэ. манай Монгол улс, монгол хүн бид чинь бүгд ийм луйварчин сэтгэлгээтэй яавал л нэгнээсээ хэдэн төгрөгийг нь салгаж авах вэ? улсаа худалдаад ч болов мөнгө олчих вэ? гэж бодлоор лүүрсэн хөгшин залуу, эр, эм толгойнууд холхилдон, толхилдсон хармсалтай луйварчдын нийгэм л хөгжөөд байгааг ч бүү мэд, сөнөөд байгаагч бүү мэд болчихсон өнөөдөр, маргаашийн бас ирээдүйн амьдрал үргэлжлэх юм даа. Монголын дээд луйварчид юу гэж бодож суудгийн болдоо хөөрхий. Тэд бас л яаж луйвардан зөвхөн өөртөө яаж мөнгө хуримтлуулах яаж идэж уухаа л бодож суудаг болхоор яалтай ч билээ
Ахмадуудын тэтгэвэрийг доод тал нь 400 000 хүргэхгүй бол тэд нар өлбөрч үхэх нь байна шүү.
Би ч "Үнэн" сонинд ажилласаар тэтэгвэртээ гарсан 70 гарсан өвгөн.Гэртээ сууж өнжлөө. Биднийг хүлээж авч уулзах мөнгөгүй юм болов уудаа,хөөрхий.
Энэ төрийн бодлого нэг л бишээ Ахмад өтөл би үхэх ч ойрхон бөгөөд үхэж ч амармаар байна Гэвч үлдэх хэдэн хүүхэд үлдэх ноорхой муу эх орон минь хятад хэмээх тамын гарт орчих вий дээ гэж сэтгэл зүрн өвдөх юм
Хамгийн их уншсан