Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Төмөр замын бодлого сайдаас ч чухал асуудал


Парламент намрын чуулганаа өчигдөр нээж, УИХ-ын гишүүд ажилдаа орлоо. Шинэ чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд хамгийн чухал, тулгамдсан зүйлсийг багтаажээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Намрын чуулган эхэллээ. Хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд нэлээд чухлыг нь оруулсан байна.
-Энэ намрын чуулган бол УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хамгийн чухал үе шатанд тохиож буй гэдгийг онцолж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн эрх зүйн шинэчлэлийн суурь өөрчлөлтүүдийг бүрэн хийж, дуусгах цаг үе энэ чуулганаар тохионо. Бидний төсөөлснөөр чуулганд хамгийн эхэнд хэлэлцэх асуудал бол хоёр хөрштэй хийсэн гэрээ хэлэлцээрийн дагуу төмөр замын бодлогоо баталж оруулах явдал. Эдийн засгийн чухал, суурь хуулиуд үлдэж байгаа. Ялангуяа бизнесийн орчноо бүрэн чөлөөлөх, төрийг бизнесийн орчинд хутгалдахаас бүрэн сэргийлэх эрх зүйн орчин бүрдүүлэх асуудлууд шилээ даран хүлээж байгаа юм. Дараагийн зүйл нь төсөв. 2015 оны төсөв хэдий хүнд байгаа ч бид хамгийн бага зардалтай, цалин мөнгөний асуудлаа нэг тийш шийдсэн, замбараагүй хөрөнгө оруулалтаа зохицуулсан байгаасай гэж хүссэн. Төсвийн өөр нэг чухал зүйл нь эрх мэдлийн хэт төвлөрлийг саармагжуулъя гэсэн байр суурь. Бүлэг энд байр сууриа тодорхойлох ёстой. Төсөвтөө 2015 оноос эхлээд орон нутагт арай түлхүү эрх мэдэл өгье гэсэн. 1996-2000 оны хооронд орон нутаг, иргэд төсвөө юунд зарцуулахаа өөрсдөө шийддэг байсан. Тэр цаг үе рүү эргээд орох нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг танай бүлэг авч сонсох уу?
-Ерөнхий сайд танхимынхаа бүрэлдэхүүнийг өөрчилнө гэдгээ олон нийтэд мэдэгдчихсэн. Гэхдээ ямар бүрэлдэхүүн байх вэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө мэддэг учраас оруулж ирэх нь тодорхой. Хэзээ оруулж, хэлэлцүүлэх вэ гэдгээ ярих цаг бидэнд бий гэж найдаж байна. Нэгэнт өргөн барьсны дараа Ардчилсан намын бүлгээр асуудлыг авч хэлэлцье гэж төлөвлөсөн.

-Шинэ бүтцийн дүр зураг гарсан эсэх талаар танд тодорхой мэдээлэл байхгүй гэсэн үг үү?
-Улсын Их хуралд Ерөнхий сайд төсөл өргөн бариагүй учраас бид бүгдээрээ л адилхан мэдээлэлгүй байгаа. Нэгэнт Ерөнхий сайдын бүрэн эрх учраас тэр хүн хэрхэх талаар асуулга өгөөгүй. Ер нь, энэ долоо хоногт юм уу, ирэх долоо хоногт УИХ-д оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байна.

-Танай бүлгээс Засгийн газрын бүтэц хэрхэн бүрдэх талаар ямар нэг чиглэл өгөхгүй юу?
-Улс гүрэн тогтвортой, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, шаардлагад нийцсэн тийм бүтцийг л бид хүлээж авна. Хэрэв шаардлагад нийцэж байвал манай бүлэг дэмжинэ, тийм биш бол дараагийн шатанд хэлэлцээд явах юм. Энэ бол яамдыг нэгтгэх, орон тоо нэмж хасах юм уу бүтэц төдийхөн асуудал биш.

-Төмөр замын болон Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудалд танай бүлгийн байр суурь хэвээрээ юу?
-Ардын намын зүгээс Засгийн газрын гишүүн огцруулах асуудлыг өргөн барьсан. Гэвч тэр үед хаврын чуулганы хугацаа хуулийн хүрээнд дуусч, түр зогсоохоос аргагүй болсон. Нэгэнт энэ удаа хэлэлцэх асуудлын эхээр ороод ирсэн байгаа. Төсвийн юм уу бүтцийн тухай асуудал зэрэг ороод ирвэл бид энэ Засгийн газрын нэг гишүүний тухай биш бүтэц, бүрэлдэхүүн, тогтолцооны тухай хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Төмөр замын асуудал УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд орчихсон, манай бүлэг түүн дээр байр сууриа тодорхойлчихсон. Ер нь, энэ бодлогоо Монгол Улс хамгийн эхэнд шийдэх ёстой. Яагаад гэвэл нэг сайдаас илүү чухал асуудал шүү дээ. Тийм учраас хаалттай хуралдаанаар хэлэлцээд эхэлсэн төмөр замын бодлогоо хаалттай хурлаар хэлэлцээд үргэлжлүүлнэ. Өөр сонголт, эргэлзээ бидэнд байхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан