Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Терроризм, дэлхийн дулаарал, эболаг онцолсон НҮБ-ын чуулган


Хүн төрөлхтөн өсч үржихийн хэрээр хэрэглээ нэмэгдэж байгаль дэлхийнхээ нөхөн сэргээгддэг баялгийг урьд урьдаас илүү ашиглах боллоо. Судалгаанаас харахад хүн төрөлхтний хэрэглээ нөхөн сэргээж чадах хэмжээнээс хэдийнэ давжээ. Ялангуяа ашигт малтмал, түүхий эдийн хэрэглээг тогтмол нөхөж байхын тулд дэлхий одоо байгаа хэмжээнээсээ 1,5 дахин том байх шаардлагатай гэнэ. Хүн төрөлхтөн өссөөр байгаль дэлхийдээ үзүүлэх хор хөнөөл нь улам нэмэгдсээр гамшгийн хэмжээнд хэдийнэ хүрчээ. Бидний зогсошгүй хөдөлгөөний үрээр гарч байгаа хамгийн гол сөрөг үзэгдэл нь нүүрсхүчлийн давхар ислийг агаар мандалд маш ихээр ялгаруулдгийг дэлхийн парламент чухалчлан хөндсөн. Чухамдаа энэ хий нь өнөөгийн дэлхийн дулаарлын гол шалтгаан.

АНУ-ын Нью-Йорк хотноо салбар хуралдаануудаараа үргэлжилж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд байгаль дэлхийн тэнцвэрт байдал тэр дундаа Цаг уурын өөрчлөлтийн талаар нухацтай ярилцсаар. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун тэргүүтэй албаныхан Монгол Улсаа төлөөлөн оролцсон. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн дулаарлын эсрэг нэгдэж, дорвитой ажил эхлүүлцгээе хэмээн НҮБ-ын индэр дээрээс гишүүн орнуудын төр засгийн тэргүүнүүдэд уриалсан юм. Энэ удаагийн ассамблейн чуулганаар олон хүний анхаарлыг хандуулан хөндсөн чухал асуудал бол терроризм буюу ISIL хэмээх Ирак, Сири, Левантын лалын улсын эсрэг тууштай нэгдэн тэмцэх талаар хурцаар яригдлаа. НҮБ-ын 69 дүгээр тусгай чуулган дээр үг хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама дэлхий дахинд нүүрлээд байгаа гурван том аюулын нэгээр хамгийн түрүүнд “Лалын улс”-ыг нэрлэсэн. Мөн эбола өвчин, цахим эрх чөлөө, цаазаар авах ялыг зогсоох зэрэг олон асуудлаар төр засгийн тэргүүнүүд санал солилцсон юм.
Ингээд олныг нуршилгүй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд оролцсон зарим хүнээс чуулганы уур амьсгалын талаар тандсанаа хүргэе.


Цахим эрх чөлөөний талаар олон улсын конвенцийн санаачлагч нь болно

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд:

-Энэ жилд манай улс НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд хэр ач холбогдолтой оролцож чадсан гэж та бодож байна?
-Манай улсын НҮБ дахь оролцоо жилээс жилд нэмэгдэж байна. 69 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо. Бид 30 гаруй улсын төр засгийн тэргүүнтэй дээд хэмжээнд болон сайдын түвшинд хоёр талын хэлэлцээр хийх бололцоо гарлаа. Мөн дээд болон өндөр хэмжээний 10 гаруй хуралдаанд оролцож, заримд нь даргалж мөн үг хэлж, Монгол Улсын байр суурийг танилцуулсан. Энэ жилийн чуулганы онцлог гэвэл уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтэд тулгараад байгаа терроризмын аюул, халдварт өвчин эбола гэх мэт асуудлыг олон талаас нь хэлэлцэж байна. Цаашдаа үргэлжлэх чуулганаар Монгол Улсын санаачилж байгаа гурван ч тогтоолын төслийг хэлэлцэнэ. Монгол Улс бол Олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн. Бидний санаачилж гаргадаг тогтоолууд, бидний тэргүүлдэг байгууллагууд, санаачилж авч явдаг сэдвүүд гээд энэ бүгдээрээ Монгол Улсын байр суурь болж чуулганд оролцогчдод тодорхой ойлголт өгсөн байх гэж бодож байна. Цаашдаа ч дипломат болон хоёр талын мөн бүс нутгийн харилцааны шугамаар идэвхтэй ажиллах болно.

-Ер нь тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар улс орнуудын байр суурь ямар байв. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, терроризмын эсрэг ч гэдэг юм уу?
-Улс орон бүхэн өөр өөрийнхөө өнцгөөс асуудлуудад хандаж, үзэл бодлоо танилцуулж байгаа. Ер нь, улс орнуудын оролцооноос харахад дээр дурдсан асуудлууд үнэхээр дэлхий нийтийг хамарч гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуралдаанд дэлхийн 100 гаруй улсын төрийн тэргүүн оролцлоо. Тэгэхээр том жижиг гэлтгүй бүхий л улс нийтээр тулгамдсан асуудлуудад маш хариуцлагатай, ач холбогдол өгч хандаж байгаагийн илрэл энэ.

-Цахим эрх чөлөөний асуудлаар та хуралд илтгэл тавьсан. Энэ талаар цаашдаа ямар ажил хийх вэ?
-Цахим эрх чөлөө гэдэг хэдийгээр орчин үеийн техник технологи гэж ойлгогдож байгаа ч энэ бол хүний үндсэн эрхийн асуудал. НҮБ-аас ч ингэж тунхаглаж байгаа. Өмнө нь иргэн бүр боловсролтой, бичиг үсэгтэй байх чинь хамгийн үндсэн эрхийн нэг байлаа. Гэтэл өнөөдөр цахим эрх чөлөө гэдэг энэ хэмжээнд яригдах том сэдэв болчихоод байна. Монгол Улс маань хэвлэлийн болоод хүний эрх чөлөөг баталгаажуулсан тэргүүлэх орны нэг шүү дээ. Тэгэхээр бид энэ чиглэлээр үлгэр жишээ болж, өөрийн дотоодын хууль тогтоомжоо улам боловсронгуй болгох ажил бий. Дээр нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн томоохон санаачилга бий. Юу гэвэл цахим эрх чөлөөний талаар олон улсын конвенцын анхны санаачлагч нь болох юм. Ирэх жилээс НҮБ-ын гишүүн орнууд нэлээн ач холбогдол өгч оролцдог Засгийн газрын хоорондын байгууллагыг би тэргүүлнэ. Энэ бол цахим эрх чөлөөний эвсэл. Энэ чиглэлээр Эстони улстай хамтраад бидэнд хийх олон ажил байна. Түүнчлэн Монгол Улс өөрөө далайд гарцгүй улс орнуудын бүлэгт нэлээд идэвхтэй гишүүний нэг. Энэ чиглэлээр бид улс орнууд хийгээд олон улсын байгууллагуудтай хийхээр төлөвлөсөн зүйлүүд бий.

-НҮБ-ын Ассамблей жил бүр хүний эрхийн асуудлаар онцгойлон ярилцдаг. Энэ жилийн тухайд цаазаар авах ялыг хориглох талаар хэлэлцэж байна. Манай улсын хувьд цаазаар авах ялаас түдгэлзсэн улс.
-Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч үнэхээр дэлхий нийтэд анзаарагдаж, хүндлэгдсэн тийм шийдвэр гаргасан л даа. Саяхныг хүртэл Монголын тухай ойлголт  дэлхийд арай өөр байлаа. Өнөөдөр бол Монгол улс үндсэн хуулийнхаа дагуу жинхэнэ хүмүүнлэг ардчилсан нийгмээ байгуулжээ. Хүний амьд явах эрх гэдэг хамгийн дээд эрх байдаг. Энэ чиглэлээр дэлхийд үлгэр жишээ болж байгаа нь Ерөнхийлөгчийн тавьсан илтгэл, удирдсан хурал, бусад улс болон олон улсын байгууллагуудын Монгол Улсад өгсөн үнэлгээ зэргээс харагдаж байгаа.

-Манай улс одоо хэчнээн улстай дипломат харилцаа тогтоогоод байна?
-Одоо бол бид НҮБ-ын гишүүн 193 орноос 181-тэй нь дипломат харилцаа тогтоогоод байна. Үлдсэн улстай энэ чуулганы үеэр идэвхтэй яриа хэлэлцээр явууллаа. Заримтай нь дипломат харилцаа тогтоох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна. Ер нь, энэ Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаа тогтооно гэсэн том зорилтондоо хүрэхээр ажиллаж байна.


Дэлхийд улсаа сурталчилъя, бас туршлагаасаа хуваалцъя

Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн:

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр улс орнууд ямар асуудал илүү хөндөгдөж байна вэ. Манай улсын хувьд ямар чиглэлд илүү нөлөөгөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа вэ?
-69 дүгээр чуулганы гол сэдэв нь 2015 оны дараах хөгжлийн чиг хандлага. Ийм сэдвээр ерөнхий хэлэлцүүлэг боллоо. Бас чуулганы үеэр яригдсан гол сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт. Үнэхээр уур амьсгалын өөрчлөлт бидэнд мэдрэгдэж, дохио сануулга өгч байна. Хүн төрөлхтөнд хүнсний асуудлаас гадна урт хугацаанд нөлөөлж байгаа гол зүйлийн нэг энэ болсон учраас үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага гарч байна. Мөн Эбола өвчин ISIL буюу алан хядагчдын асуудал өнөөдөр зөвхөн Ойрхи дорнодынх биш дэлхий нийтийнх болсон байна. Учир нь дэлхийн олон орны иргэд тэнд очиж,тэдэнтэй эвсч байлдчихаад эх орондоо ирэх магадлал байгаа тул дэлхий нийт үүнд эмзгээр хандаж байна. Мэдээж Украины асуудал яригдлаа. Украины асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд идэвхтэй байр сууриа илэрхийлж, Колумбын их сургууль дээр болсон ярилцлагад оролцлоо. Дараа нь Уур амьсгалын өөрчлөлтийг шинжлэх ухаан талаас нь хэлэлцэж байгаа НҮБ-ын өндөр хэмжээний уулзалтыг даргалж цаазаар авах ялыг халах тухай асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд амжилттай ажиллаж, энэ шийтгэлийг эх орондоо зогсоосон. Үүнийг олон улс даяар үргэлжлүүлж, дэлхий нийтийн чиг хандлага болгох тал дээр байр сууриа илэрхийлж, үгээ хэллээ.

-НҮБ-ын индэр дээрээс Ерөнхийлөгч улс орныхоо байр суурийг илэрхийлэхийн сацуу хэд хэдэн санаачилгыг гаргалаа?
-Ерөнхийлөгчийн хэлсэн үгүүд дэлхийн хэвлэл, мэдээллээр цацагдсан. Тухайлбал тулгамдсан асуудлууд, мянганы хөгжлийн зорилт түүний дотор сүүлийн саруудад болсон хоёр хөршийн айлчлал, мөн манай Ерөнхийлөгчийн санаачлан хийсэн хоёр хөршийн ерөнхийлөгч нартай хийсэн дээд хэмжээний уулзалтын талаар ч гэсэн дэлхий нийт нэлээд сонирхсон. Энэ асуудлаар ч гэсэн мэдээлэл хийсэн. Түүнээс гадна НҮБ-ын чуулганы үеэр хоёр талын маш олон уулзалт хийдэг. Тухайлбал, энэ удаагийн чуулганд 140 гаруй орны төр засгийн тэргүүн ирсэн байна. Тиймээс олон орны төрийн тэргүүнтэй уулзаж, хоёр талын асуудлаар тодорхой зүйлс ярилцлаа. Түүнээс гадна олон улсын хэмжээнд анхаарал татахуйц хэд хэдэн санаачилгад үргэлжлүүлэн ажиллалаа. Нэгдүгээрт, Монгол Улсад архины эсрэг аян өрнүүлсэн. Үүнийгээ олон улсын хэмжээнд архины зүй бус хэрэглээг зогсоох санаачилга болгон НҮБ-ын тогтоол батлуулъя гэж ДЭМБ-ын удирдлагуудтай уулзаж, хэрхэн ажил хэрэг болгох талаар ярилцлаа. Цахим эрх чөлөө гэж сүүлийн үед ихээхэн яригдаж байгаа сэдвээр АНУ болон бусад талтай уулзаж ярилцлаа.

-Зөвхөн дотооддоо авлигатай тэмцсэнээр энэ асуудал алга болно гэж үгүй. Үндэстэн дамнасан авлигатай тэмцэх талаар энэ удаад бас Ерөнхийлөгч хөндсөн гэж сонссон?
-Мэдээж дотооддоо улс орондоо авилгатай тэмцэх ажлыг нэлээд эрчимтэй явуулахаас гадна хил дамнасан авилгатай тэмцэх асуудал маш чухал байна. Тиймээс Парист төвтэй олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Энэ байгууллагын гишүүн биш ч гэлээ авлигын эсрэг нэгдье гэдэгтэй санал нийлж байгаа. Манай хоёр хөрш ч гэсэн энд элссэн байдаг. Авлигатай тэмцэхэд энэ байгууллагын дэмжлэг туслалцааг авъя, дүрэм журмаа өөрчилье гэж ярилцлаа.

-Санаачилсан ажлуудаа батлуулахаас эхлээд ажил их байгаа болов уу. Цаашид хийх ажлуудаасаа дурдахгүй юу?
-Тогтоолын төслийг батлуулна гэдэг бас л амаргүй ажил. Энэ жилийн хувьд өмнө нь гаргасан хэд хэдэн санаачилгаа үргэлжлүүлээд ажил хэрэг болгохоор зүтгэж байна. Ардчилсан Монгол Улс болсны 25 жилийн ойгоо энэ оны эцсээс эхлээд тэмдэглэж эхэлнэ. Үүн дээр бас олон нийтийн анхаарлыг хандуулъя, 25 жилд алдсан оносон зүйлээсээ хуваалцъя, дэлхий нийтэд улсаа сурталчилъя, бас туршлагаасаа хуваалцъя гэсэн үүднээс хоёр талын яриа хэлэлцээр болоод НҮБ-ын удирдлагатай уулзахдаа ч нэлээн хөндлөө. Есдүгээр сарын 15-нд НҮБ-ын ардчиллын өдөр гэж байдаг. Дараа жил үүгээр ч гэсэн Монголын ардчиллын 25 жилийн ололт амжилтын алдаа оноог илтгэсэн эрдэм шинжилгээний бага хурал, НҮБ-ын тогтоол ч гэдэг юм уу санаачлан хэрэгжүүлэхээр ярьж байна.


С.ОЮУН: Барилгуудын дулаан алдагдлыг 2030 он гэхэд 40 хувиар бууруулна

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн удирдах зөвлөлийг 2013 онд НҮБ-ын Байгаль орчны Ассамблей буюу чуулган болгон өргөжүүлж, НҮБ-ын бүх гишүүн улс Ассамблейн гишүүн байхаар шийдвэрлэжээ. Ингээд Ассамблейн анхдугаар чуулган энэ оны зургадугаар сарын 23-нд Кенийн Найроби хотод болсон юм. Тус хурлын төлөөлөгчид, Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгосон байдаг. Чухам энэ цагаас Монгол Улс НҮБ-ын индэр дээрээс ногоон хөгжил, ногоон ирээдүйн талаар голлон дуугарч, улс орнуудыг манлайлан оролцох боломж бас шаардлагатай болсон юм. НҮБ-аас хэрэгжүүлж буй байгаль орчинтой холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч С.Оюунаас 69 дүгээр чуулганы үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хэлэлцэж байгаа асуудлын нэг гол сэдэв цаг уурын өөрчлөлтийн тухай байна. Энэ талаар улс орнууд хэрхэн хамтарч ажиллахаар ярилцаж байгаа бол. Тухайлбал, манай улсын үүрэг оролцоо юу байна?
-Уур амьсгалын өөрчлөлт гэдэг дэлхий нийтийн тулгамдаж байгаа асуудал болоод байна. Тиймээс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн зориуд дээд хэмжээний уулзалт болгон зохион байгууллаа. Маш олон тулгамдсан асуудал дэлхий дээр бий. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт яах аргагүй тулгамдаад байгаа асуудал мөн. “Бид одооноос л дорвитой арга хэмжээ авч эхлэхгүй бол оройтох гээд байна шүү” гэсэн шинжлэх ухааны дүгнэлтүүд ар араасаа гарсаар байгаа юм. Тэгэхээр 120 гаруй орны төлөөлөгч оролцож тус тусын амлалт үүрэг авлаа. Бидний хувьд нүүрс хүчлийн хийг бууруулахын тулд тодорхой ажил хийнэ гэсэн амлалт авч, хэд хэдэн санаачилга гаргаж оролцож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаль орчны тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар маш их анхаарал хандуулж олон улсын тавцанд идэвхтэй оролцдог.
Ногоон хөгжлийн бодлого, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлагдсан. Бидний оролцоо үүрэг их тодорхой л доо. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлтийг нэвтрүүлнэ, нүүрс хүчлийн хийг 2020 он гэхэд бууруулна, барилгуудын дулаан алдагдлыг 2030 он гэхэд 40 хувиар бууруулна гэх мэт. Чухамдаа нүүрс хүчлийн хийг л бууруулах талаар тодорхой үүрэг зорилт, амлалт авсан. Тэр нь манай ногоон хөгжлийн бодлого, уур амьсгалын хөтөлбөрт ч суусан байдаг.

-Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөд хэр өртсөн гэсэн дүгнэлт гарсан бэ?
-Үүнд илүүтэйгээр өртсөн орнуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Гэхдээ үйлдвэржсэн томоохон хотуудтай орныг бодвол харьцангуй гайгүй. Монгол орны хувьд уур амьсгал гурав дахин эрчимтэй дулаарсан судалгаа байдаг. Тухайлбал, 1940 оноос хойш 70 гаруйхан жилд 2.1 хувиар дулаарсан байгаа юм. Тэгээд бэлчээрийн доройтол, цөлжилт, хуурайшилт, мөнх цэвдэг гэсч эхэлж байгаа зэрэг сөрөг үр дагавар ч ажиглагдаж байна. Гол нь манай нүүдлийн мал аж ахуйд нөлөөлөх гээд байдаг. Тиймээс бид гар хумхиад суух биш, дэлхий нийттэй хамтраад ажиллах шаардлага бий болоод байгаа юм. Ингэж гэмээнэ дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж байгаа хэрэг.

-Манай улс дотооддоо өөрчлөлт хийх, бодлогын хүрээнд боловсруулах шаардлагатай асуудлууд байна уу?
-Одоо бол бодлогын өөрчлөлт гэхээсээ илүү авсан үүргээ хэрэгжүүлэх л чухал. Хүмүүс уур амьсгалын өөрчлөлт хаа нэгтээ хол байгаа гэж боддог боловч тийм биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Нийгмийн бүх л салбарт тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйнхан илүү анхаарал хандуулах хэрэгтэй болоод байгаа юм. Эрчим хүчний хэмнэлт гэхэд л цаана нь нөгөө л нүүрс, нүүрсхүчлийн хий яригдаад байгаа. Хөдөө аж ахуй л гэхэд усны хэрэглээ маш их. Дэлхийн усны хэрэглээний 85 хувь нь хөдөө аж ахуйд ашиглагдаж байна. Тиймээс хөдөө аж ахуйд усыг эргэлтэд оруулдаг, аль болох бага зарцуулах мэтийн дасан зохицох ажлыг эхлүүлэх шаардлага гарч ирж байгаа. Тэгэхээр цаг уурын өөрчлөлтөд өртөхгүй салбар байхгүй болчихоод байгааг чуулганд оролцогчид ярьж байна л даа. Аль ч салбар гэж онцлолгүй бүгд нэгдэж, төрийн байгууллагууд ч хамтран нэгэн сэтгэлээр ажиллах шаардлагатай болж байгаа юм.

-Дэлхийн бусад орон цаг уурын өөрчлөлтийн ямар сөрөг нөлөөллүүд их байна гэж байх юм?
-Янз бүрээр л нөлөөлж байна л даа. Тухайлбал, далайн түвшин бага багаар нэмэгдсээр байгаагаас номхон далайн арлууд эрсдэлд орж эхэллээ. Нөгөөтэйгүүр байгалийн гэнэтийн гамшгууд, тэдгээрийн тохиолдол илүү их цаг хугацааны хувьд ойртож, олон боллоо. Ган, зуд ч нэмэгдэж байна. Ер нь бол сүүлийн 10-аад жилд байгалийн гамшигт үзэгдлийн тоо нь нэмэгдээд ойртоод байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том сөрөг үр дагавруудын илрэл гэж үзэж байна. Ер нь олны дэмжлэг нэмэгдсээр л байна. Чуулганы үеэр “Уур амьсгалын өөрчлөлтөд бизнесийн оролцоо” гэсэн нэртэй үдийн зоогонд төрийн тэргүүн нар оролцсон. Тэр үеэр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувийг бүтээдэг компаниуд уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн түлхэц болсон нүүрс хүчлийн хийн татвартай болох талаар дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан