Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Оюун: Надад бол тодорхой мэдээлэл байгаа


Намар хэдийнээ ирж, навч шарлан гандахын үест хотын төвд нэгэн хөшөө жилийн жилд шинэхэн цэцэгсээр хучуулж, анхилам үнэрт даруулдаг. Аравдугаар сарын 2-ны гол зурсан хүйтэн түүх, хүнд өдрийн уй гашууг цэцэгсээр зөөллөж, С.Зоригийн  гэр бүл, журмын нөхөд, дэмжигч ард түмэн хийгээд шавь нар нь хөшөө тийш зорьсоор даруй 15 жил өнгөрч. Өчигдөр түүний дүрийг мөнхөлсөн хүрэл хөшөөнд цэцэг өргөхөөр төрсөн дүү С.Оюун болон төрөл төрөгсөд нь ирлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын нийгэм цаг үеэ шүүмжлэн эсэргүүцэж, тэмцэж явсан нөхөд нь ардчиллын анхдагч партизануудын хамт толгой гудайлган хүндэтгэл илэрхийлэв. Түүний зорьж, тэмүүлж, тэмцэж, хүсч байсан ардчилал өдгөө 25 жилийн ойдоо хүрч байгаа ч талаас илүү нь С.Зориггүй өнгөрчээ.
Төр, нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацай С.Зоригийн дүү УИХ-ын гишүүн, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун “Итгэл найдвар хамгийн сүүлд мөхдөг учраас манай гэр бүлийнхэн энэ хэргийг илэрнэ гэдэгт итгэдэг” хэмээн онцлон хэлж байлаа. Жил бүр хөшөөний орчимд цуглаж, биесээ харж, уулздаг ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд ч нүдэндээ нулимс цийлэгнүүлж, хоолой зангируулан ярих нь цөөнгүй таарсан. Тэдний чин хүсэл нь улс төрийн зорилготой аллага, аймшигт үйлдлийн эзэн илэрч гэмээ хүлээх тэр л цаг үе ажээ. Энэ бол Монголын ард түмний хүсэлт.

С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун.

-16 жилийн өмнө тохиосон хүнд өдрөөс хойш монголчууд, ардчиллын анхдагч зүтгэлтнүүд С.Зоригийн хөшөөнд ирж хүндэтгэл илэрхийлдэг. Таны ах С.Зориг ямар хүн байсан бэ гэдгийг одоогийн залууст хэрхэн таниулах вэ?
-Ардчиллыг манлайлж байсан гол хүмүүсийн нэгийн хувьд хамгийн гол гавьяа нь тухайн үеийн, хуучин тогтолцооны эсрэг зориглож зогсоод, түүнийг хэрхэн өөрчлөх вэ гэдэг арга замыг Зориг ах толгойдоо шингээж чадсан. Түүнийхээ төлөө бусад залуусын хамт тууштай тэмцэж явсан юм. Ингэхдээ хүчирхийллийн аргаар биш, ердөө зөвшилцлөөр, тайван замаар хэрэгжүүлсэн нь хамгийн том гавьяа гэж боддог. Монгол Улс маш хаалттай байсныг өнөөдрийн залуучууд тэр бүр ойлгохгүй байх. Мэдээлэл, үзэл бодол, гадаад харилцаа ч нээлттэй болчихлоо. Тухайн үед маш чанд хатуу үзэл сурталтай, Засгийн эсрэг юм хэлэх л юм бол шоронд хоригдож, хэрэгтэн болдог байлаа. Тийм л айхтар зүйлийн эсрэг зориглож босоод, зөв зохион байгуулаад, тэр өөрчлөлт, шинэчлэлээ хийж чадсан гэдэг нь хамгийн том гавьяа л даа. Зориг сангийн шугамаар тэр өөрчлөлт, шинэчлэлийн үеийн баримт, материал сайн цуглуулж, архивлаж байгаа. Түүнийгээ залууст удахгүй хүргэх болно.

-Гэмт хэрэгтнийг олж илрүүлэх ажил өнөөг хүртэл тодорхойгүй байна. Танд илүү тодорхой мэдээлэл байгаа юу?
-Хууль, хяналтын бай­гуул­лагуудаас, цагдаа, проку­ро­руудаас энэ асуултаа асуу­­сан уу. Хэвлэлийнхэн ол­­дож байгаа­гаар нь, ам­раар нь на­даас асуудаг. Хуу­лийн бай­гуул­лагынхнаас огт асуу­даг­гүй, тэд нар ч хариул­даггүй шүү дээ. Надад бол тодорхой мэдээлэл байгаа. Ажлын хэсгээс асуудаг, ямар шатандаа явааг шалгадаг. Гэвч хэвлэлийнхэн асуух ёстой, нөгөө хэд нь заавал хариулах ёстой шүү дээ. Та бүгдээр асуулгахын тулд зориуд энэ асуултын хариуг ингээд дуусгая. Баярлалаа.

-Энэ өдрийг улс төрийн хүчирхийллийн эсрэг өдөр болгоё гэж та санаачилсан.
-Анх 2003 онд УИХ-ын гишүүний хувьд би аравдугаар сарын 2-ны өдрийг улс төрийн хүчирхийллийн эсрэг өдөр болгох УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, өргөн барьсан. Гэвч түүнийг тухайн үед дэмжээгүй. Нэг нам давамгайлаад эрх барьчихсан, нөгөөтэйгүүр улстөржсөн ноцтой сэдэв гээд болгоомжилсон байх. Гэхдээ тэр тогтоол гараагүй ч “Зориг сан”-гийнхан, бид залуучууддаа улс төрийн хүчир­хийл­лийн өдөр гэж тайл­барладаг. Ер нь, мон­гол­чууд бид дотроо ямар ч асуудал хэлэлцэж байсан цаа­шид урагшлуулъя гэвэл хүчирхийлэл биш тайван, зөвшилцлийн зам сонгох нь их чухал. Хүчээр далайлгаж, түрэмгийлж болохгүй. Зориг ахын баримталж байсан хамгийн том зарчмууд нь ч хэлсэн, тэмдэглэж бичсэн зүйлд нь үлдсэн байдаг. “Аливаа асуудлыг тайван замаар зөвшилцөж шийдэх ёстой” гэж. Хоёр тал өөр өөр байр суурьтай, итгэл үнэмшилтэй байж болно. Тэглээ гээд нөгөөгөө дайрч давшлах, дайсан гэж үзэж болохгүй. Магадгүй тэр хар өдөр улс төрийн сэдэлтэй, захиалгатай гэмт хэрэг гарсан бол цаашдаа бид тэгж явж болохгүй гэдэг утгаар санаачилсан...
Энэ заавал УИХ-ын тогтоол болж гарах ч албагүй л дээ.

-Одоо манай улсад улс төрийн хүчирхийлэл байна гэж үздэг үү?
-Миний бодлоор улс төрд өөр өөр байр суурь байж болно шүү дээ. Гэвч түүнээс болж бие биеэ дайсан гэж үзэж болохгүй. Жишээ нь, өргөн, нарийн төмөр замын цариг ярьж байна. Олон жил боллоо шүү дээ. Аль алиных нь байр суурь зөв байж магадгүй. Тийм учраас нөгөө талаа хүндэтгэдэг, бодлыг нь сонсдог байгаад, ардчилсан зарчмаараа шийдвэрлэдэг байх нь л манай улсын байр суурь шүү дээ.


Б.Мандат: Хэлсэн үгийг нь улс төрд мөрдлөг болгоё

Ардчилсан хувьсгалын анхдагч, партизан Б.Мандат.

-Ардчиллын төлөөх анхдагчуудын нэг С.Зориг агсантай хэрхэн танилцаж байсан бэ?
-Зориг агсантай би 1989 оны арванхоёрдугаар сарын эхээр танилцсан. Түүнээс өмнө хэдэн нөхөдтэйгөө улс төрийн “Орчлон” клуб байгуулж, Монголын үйлдвэрчний соёлын ордонд нэгдэж байлаа. Ардчиллын төлөөх сэтгэл, зүтгэлээрээ нэгдэж тухайн үеийн нийгмийн байгуулал биш юм, яаж улс орноо сайхан болгох вэ гэдэгт санал бодлоо уралдуулдаг нууц бүлгэм. Дарь Сүхбаатар маань Багшийн дээдийн оюутан байсан бидэн дээр нэг багшаа дагуулж ирж, танилцуулсан нь Зориг байлаа. Зузаан ноосон цамцтай, том ороолттой, хууз сахалтай хүн. Их сургуульд Марксизмын онол заадаг гэнэ. Тэр үед нийгэмдээ шүүмжлэлтэй ханддаг хүмүүс байгааг олж сонсоод МУИС-ийн дугуй зааланд уулзаж нэгдээд Монголын Ардчилсан холбоо байгуулсан. Зоригийг анхны даргаар сонгосон.

-С.Зоригтой хамтран зүтгэж байсны хувьд ямар хүн байсныг нь та дурсан ярихгүй юу?
-Тун ч эгэл даруухан хүн байсан даа. 1998 оны аравдугаар сарын 2-ны харамсалтай хэрэг болох хүртэл байнга уулзаж, ойр дотно явсан. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга байхдаа ч энгийн яриатай, үе тэнгийн найзууд шиг л байлаа даа. Зоригийн даруухан зангаас гадна хэлж, ярьдаг зүйл нь оновчтой, эмх цэгцтэй, үндэс суурь, цаад утга санааг илэрхийлэх чадвар нь бахадмаар. Боловсролтой, чадалтай, удирдагч манлайлагч хүний шинжийг бүрэн эзэмшсэн тийм хүн байлаа. Яриад байвал зөндөө дурсамж бий л дээ. Анх бид 1990 оны дөрөвдүгээр сарын 27-нд төв талбайд пикет гэж нэрлэдэг тэмцлийн шинэлэг хэлбэр хэрэгжүүлж байсан. Тэр үед бидний дэвшүүлж, МоАХ-ноос тавьсан 13 шаардлагаас нэлээд хэсэг нь биелээгүй байдаг юм. Тийм учраас түүнийхээ араас шаардлагаа үргэлжлүүлж, суулт зарлаж, Төрийн ордны гадна цугласан. Шаардлагыг минь биелүүлэх хүртэл нэг ч хүн оруулахгүй, гаргахгүй гэдэг зорилт тавиад жагсахад биднээс урьтаж цагдаа, сэргийлэх ирээд айхтар юм болох шахлаа. Тэгэхэд Зоригийн л зохион байгуулалт, ухааны хүчинд хэн ч зөрчилдөж, үймээн үүсээгүй юм. Ер нь, Зоригийн хэлсэн нэг чухал үг бий. Аливаа асуудалд хандахдаа хамгийн эхэнд улс орны эрх ашгийг тавих ёстой. Үүнийг бид мөрдлөг болговол гацаанд орчихоод байгаа асуудлууд шийдэгдэх болно.


Ц.Оюунцэцэг: Улстөрчид хэтэрхий дүлий байна

С.Зоригийн анхны туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюунцэцэг.

-Ардчилсан хувьсгалд манлайлан оролцож байсан хүний дэргэд шадарлан ажиллаж явсан хүний хувьд та С.Зориг гэдэг хүнийг хэрхэн тодорхойлж ярих вэ?
-Би хамгийн сайн тодорхойлолт бол өөрийнх нь хэлсэн үг гэж боддог. Хамгийн түрүүнд улс орныхоо эрх ашгийг тавь. Дараа нь, намынхаа эрх ашгийг, фракц бүлгийнхээ, эцэст нь хувийн эрх ашгаа дэвшүүл гэж. Ийм үг л энэ хүнийг хамгийн ойлгомжтой, томруунаар тодорхойлж чадна. Харамсалтай нь, бид аравдугаар сарын 2-нд жил болгон хөшөөнд ирж цэцэг өргөдөг. Олон ч хүн ярьдаг, олон ч жил өнгөрлөө. Хэзээ нэгэн цагт илэрнэ гэдэгт эргэлзээгүй итгэдэг ч цаг нь болоогүй юм болов уу гэж боддог. Түүхийн нэгэн үе, хэсэг цаг хугацаа өнгөрөөж байж илрэх байх. Гэхдээ манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, намуудын дарга нар, олон олон улстөрч энэ өдөр хөшөөнд ирж байгаа өдрөө хэлж, захисан үгийг маш сайн ойлгож, үргэлж санаж байгаасай гэж боддог. Санаад зогсохгүй Монгол орны амьдралд хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Түүнээс биш улстөрч гэсэндээ ирж харагдаад, бусдад ярилцлага өгч, амбиц хөөдөг өдөр, орон зай битгий болгочихоосой гэж хардаг. Тэгвэл Монголын улс төрд илүү хэрэгтэй юм уу даа.

-Хэлсэн үгийг нь хэрэгжүүлээсэй гэж хүсдэг байтал одоо орвонгоороо эргэчихлээ гэж партизанууд хэлж байна.
-Би ч гэсэн шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэвэл төрийн дээд албаны хүмүүс хэсэг бүлэг хүнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавиад байна гэж хардаг. Уг нь, дороос ирж байгаа шүүмжлэлүүдийг сайн сонсч баймаар. Алдахгүй хүн гэж үгүй шүү дээ. Тийм учраас “Ард иргэд яагаад шүүмжилж байна вэ, бид юуг алдаж хийв” гэдгээ эргэж харж байх хэрэгтэй. Одоо бол хэтэрхий дүлий л байна даа.

-Хамт ажиллаж байсан тэр үеэсээ дурсан яриач?
-Их л энгийн хүн байсан. Би хувьдаа тухайн үед энэ хүн юу сэтгэж байсныг ойлгодоггүй л байж дээ. Одоо эргээд харахад мундаг сэтгэгч, агуу хүн байж. Зав чөлөөтэй цагтаа орос хэлээр их онигоо ярина. Тэгээд амаа нэг их том ангайгаад л хөхөрдөгсөн. Дандаа “Стюардесс” тамхи татаад л... Албан ажил, чухал асуудалд маш нухацтай хандана шүү. Бусад хүнтэй санал нийлнэ, зөрнө янз янзын л тохиолдол гарна. Монголын Ардчилсан холбоо гэдэг эрх чөлөө хэмээх ойлголтын төлөө л нэгдчихсэн олон төрлийн үзэл бодол шүү дээ. Тэр болгонд хүмүүсээ нэгтгэж, жолоодно гэдэг хэцүү ажил. Хэдийгээр үл ойлголцох, мэтгэлцэх зүйл гарлаа ч Зориг түүнийгээ маш сайн тайлбарлаж хэлдэг, ойлгуулж чаддаг байсан юм. Хэрэв ойлгоогүй байвал би өөрөө буруу тайлбарлажээ гэж бодох юм уу, энэ хүнд ойлгуулж чадсангүй гээд ганцаараа бодлогоширч, их удаан суудаг хүн байсан.

0 Сэтгэгдэл
ENE DUU OYUN NI YAGAAD AHIINHAA ALLAGIIG OLOH ULAIRDAGGUI YUM BOL BI MEDEJ BAUGAA GEED L TENEGTEED YAVAAD BAIH YUM MUUSAIN NOVSHNUUDIIG ORVONGOOR NI ERGUULEH ZORIGGUI HUUHEN BAINA DAA
Хамгийн их уншсан