Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Камерон МакРей: Далд уурхай өдөрт 85, ил нь 20 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай

“Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон МакРей өнөөдөр төслийн талаар танилцуулж сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.

Камерон МакРей “Оюутолгой төсөл 63 жилийн дараа өртгөө нөхнө гэсэн яриа гарсан. Хэрвээ Оюутолгой 63 жилийн дараа өртгөө нөхөх байсан бол “Рио Тинто” хөрөнгө оруулалт хийхгүй байсан” гэв. Тэрбээр “Оюутолгой төслийн тогтвортой байдлын гэрээг байгуулсан багийг байнга шүүмжлэх юм. Би үүнийг ерөөсөө ойлгодоггүй. Оюутолгой бол монголчуудад асар их ашиг өгөх төсөл” гэж нэмж хэллээ. Одоогоор “Оюутолгой” компани 2011 онд татварт 250.9 тэрбум төгрөг төлөөд байгаа аж. Таван жилийн дараа гэхэд “Оюутолгой” Монголд Улсад 15 тэрбум ам.доллар өгсөн байх тооцоолол хийжээ.

“Оюутолгой” компани ирэх наймдугаар сараас олборлолтоо эхэлж, оны сүүлч гэхэд баяжмалаа экспортлох гэнэ. “Оюутолгой”-гоос одоо НӨАТ болон гаалийн татвар авч байгаа бол олборлолт эхэлснээр роялти авч эхлэх юм байна. Түүнчлэн 2021 онд гэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, дараа жилээс нь хувьцааны ногдол ашиг авч эхлэх юм байна.

Төслийн барилгын ажлыг 33 сар хийх байсан ч 27 сарын хугацаанд барьж дуусгах боломжтой байна. Оюутолгойд өдөрт 100 мянган тонн хүдэр баяжуулах үйлдвэр барьж буй. Далд уурхайн олборлолт эхлэхэд өдөрт 100 мянган тонноос илүү хүдэр олборлох төлөвтэй байгаа учраас баяжуулах үйлдвэрээ өргөтгөх юм байна. Далд уурхай өдөрт 85, ил нь 20 мянган тонн хүдэр олборлох хүчин чадалтай аж.

Оюутолгой төслийн бүтээн байгуулалтад одоогийн байдлаар зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа бол далд уурхайг барьж дуусгах, баяжуулах үйлдвэрийг өргөтгөхөд нийт дөрвөн тэрбум ам.доллар шаардлагатай юм байна.

Дэлхийн зэсийн эрэлт хэрэгцээ 2020 онд гэхэд 40 хувиар өсч, 27 сая тоннд хүрэх төлөв ажиглагджээ. Түүнчлэн Хятад улс ирэх 15 жилийн хугацаанд 4-5 сая шинэ барилга байгууламж барих, Энэтхэгийн аж үйлдвэрийн салбарын хөгжлийн үйл явц зэсийн эрэлт хэрэгцээг улам бүр ихэсгэх төлөвтэйг судлаачид тогтоосон байна. Камерон МакРей “Оюутолгой төсөл нь Хятад, Энэтхэг гэх мэт өссөн нэмэгдэж буй том зах зээлтэй ойр байгаа нь давуу тал” хэмээн онцлов.

0 Сэтгэгдэл
Монголчуудаа Мөнгөний төлөө биш Монголын төлөө Сонголт хийцгээе! Мөнгөнөөс илүү Монгол бидэнд чухал.
Хамгийн их уншсан