Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шилдэг шилтгээн”-ий барьсан орон сууцанд өндөр хүчдэлийн аюултай гэсэн анхааруулга зүүе

“Эн эн жи юу” компанийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 11-р хороонд барилга угсралтын “Шилдэг шилтгээн” компанийн барьж байгаа “Залуу гэр бүл-2”  нэртэй 216 айлын орон сууцны барилгыг 2014 оны дөрөвдүгээр сарын 18-нд  нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын зөвшөөрлөөр эхлүүлсэн байгаа юм. Өөрсдийнх нь хэлж буйгаар барилгын явц 65 хувьтай байгаа бөгөөд энэ ирэх оны хоёрдугаар улиралдаа багтааж ашиглалтад өгөх юм байна. 

“Зүрх сэтгэлээсээ бүтээцгээе” уриан дор эхлүүлсэн орон сууцны хотхоны давуу тал нь сургууль, цэцэрлэг, хүнсний дэлгүүр, тээврийн үйлчилгээ худалдааны төвтэйгээ 100-200 метр ойр юм байх. Гэвч энд өндөр хүчдэлийн шугамтай ойр зайд байрлах гэх өгүүлбэр дутсан бололтой харагдлаа. Мэдээж энэ өгүүлбэр анхааруулга байх ёстой. Өөрөөр хэлбэл улаан тууз татсан, хохимой толгойтой анхааруулга энэ цогцолборын гадна заавал байх ёстой санагдав.

Барилгын ажлын зурвас нь өндөр хүчдэлийн шугамаас метр хүрэхгүй зайд байрлаж байгаа нь энд орон сууц авах иргэдэд ч анхааруулга байх ёстой. Учир нь хөдөлмөрийн аюулгүй байдал мөн өндөр хүчдэлийн шугаманд хэт ойр байрлал зэргээс нь шалтгаалж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт энэ барилга ид хийж бүтээх, ажиллаж амьдрах насандаа яваа идэр залуухан эрийн амийг авч одсон. Өндөр хүчдэлийн шугамд хэт ойрхон зайд  байрлах газар орон сууцны хороолол барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, захиалга өгч байгаа “Эн эн жи юу” компани, хамгийн гол нь бүх хариуцлагыг үүрч ажлаа эхлүүлсэн “Шилдэг шилтгээн”-ийнхэн өнөөдөр энэ талаар бодож байгаа гэж итгэе.

Сүүлийн үед өдөр дараалан шахуу гарах болсон барилгын ослууд хариуцлага нэхсээр байгааг манай эрхтэн дархтанууд харин энэ удаад мэдэрсэн байгаасай. Чухам эзэнд биш гүйцэтгэгчид эсвэл ажил гүйцэтгэж байсан нөхөрт мөн Хөдөлмөр аюулгүй байдлын инженерт  гэх мэтээр хариуцлагыг жинхэнэ эзнээс холдуулдаг нь барилгын энэ олон осол бас хүний амь эрсдэх нөхцөл байдал руу түлхсээр байгааг анхаараасай.

Гэвч одоогоор барилгын энэ олон ослын талаар мэргэжлийн хяналт төдийгөөс хэтэрч ярихгүй байгааг хүн бүр анзаарч сууна. Бид шалгадаг, хяналт тавьдаг бас анхааруулга өгдөг гэвч биднийг хүлээж авдаг нь цөөн хэмээн мэргэжлийн хяналтынхан гомдоллож суухад хамгийн их эрх мэдэлтэй яам, яамны сайд, цаашилбал мэргэжлийн хяналтын ахалж суудаг шадар сайдын хэмжээнд хүрч яригдах ёстой энэ асуудал таг чимээгүй байгааг хэрхэх вэ.

Наад зах нь нүд үзүүрлээд байдаг уул уурхайн аюулгүй байдлын норм дүрэм журам барилга дээр мөрдөгдөх талаар тогтоол шийдвэр гаргаж баймаар. Хамгийн гол нь барилгын ажлыг гүйцэтгэхээр зөвшөөрөл авсан компани хүнийхээ амь насыг хайрлаж чаддаг байх ёстой гэдгийг умартаж боломгүй. Гэтэл манай хүн биш гүйцэтгэгчийнх гэсэн үүднээс хандагсад байсаар.  Барилгын ажлын зөвшөөрөл аваад үйл ажиллагаа эрхлээд үүнийхээ ачаар амьдралаа залгуулж чадаж байгаа л бол барилгын компанийн удирдлагатай хөдөлмөр аюулгүй байдлын нарийн  чанд гэрээг улс хийж чадах эрх мэдэлтэй баймаар.
 Гэтэл өнөөдөр Зуншин, Шилдэг шилтгээн гээд хар данстай ч хаана л бол хаана ажил гүйцэтгэх эрх олж авагсад шунасаар явна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан