Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Пүрэвдорж: Манай уурхай жилд 8-10 сая тонн нүүрс олборлодог болно


Багануурын уурхайн Хөгжил нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Пүрэвдоржоос уурхайн өнөөгийн байдал, ирээдүйн талаар тодрууллаа.

-Нүүрсний хэрэглээ жилээс жилд нэмэгдэх болсон. Энэ хэрэгцээг ханга­хаас гадна танай уур­хай нүүрс боловсруулах талаар ямар ямар ажил хийж байна вэ?
-Багануурын уурхай 36 жил нүүрс олборлож байна. Энэ хугацаанд 95.8 сая тонн нүүрс олборлолоо. Сүүлийн жилүүдэд жилд 3.8 сая тонн нүүрс олборлож байгаа. Ойрын жилүүдэд нүүрс олборлолт нэмэгдэх төлөвлөгөө бий. Тухайлбал, жилд доод тал нь дөрвөн сая тонн нүүрс олборлох юм.
Ингэж хэрэглээ нэмэгдэж байгаа нь биднийг улам шаргуу ажиллахад хүргэж байна. Үүнээс гадна манай уурхай нүүрс олборлож түүхийгээр нь нийлүүлэхээс гадна боловсруулах  талаар тодорхой арга хэмжээ авч байна. Одоогоор нүүрсээ хуурай, нойтон аргаар угаах, нүүрсээ баяжуулах үйлдвэрийн судалгаа хийж байгаа. Мөн нүүрсээ шингэрүүлэх, хагас коксжуулж шахмал түлш үйлдвэрлэх талаар судалж байна. Ер нь нүүрсээ гүн боловсруулах чиглэлээр олон байгууллаагтай хам­тарч судалгаа, шин­жил­гээ хийх болсон.

-Эдгээр төсөл хөтөлбөрт хэдий хэмжээний хө­рөн­гө оруулалт шаард­лагатай юм бол. Дээр дурдсан үйлдвэрүүд хэ­зээнээс ашиглалтад орох төлөв байна вэ?
-Хөрөнгө оруулалтын хэм­жээ янз бүр. Засгийн газраас ойрын үед хувийн хэвшилтэй хамтарч нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах бодлого баримталж байгаа. Агаарын бохирдол бууруулах үндэсний хороо ч санал нэгдсэн. Тухайлбал өвлийн улиралд 2500 тонн шахмал түлш нийлүүлэх үйлдвэрийн туршилт судалгаа хийлээ. Одоогоор туршилтын үйлдвэрээ Багануурын уурхайг түшиглэж байгуулах гэрээ хэлцэл хийж байна. Энэ үйлдвэр Улаанбаатрын утааг бууруулах, Багануурын уурхай нүүрсээ зөв ашиглах  боломж бүрдэж буй юм. Мөн нүүрсээ баяжуулах үйлдвэрийн судалгаа хийгээд дуусч байна. Ирэх жилээс энэ үйлдвэрийн төсөл хэрэгжих бололцоо бий. 

-Нүүрсний чанар ямар байна вэ?
-Манай уурхайн  нүүрсний дундаж илчлэг 3360 ккал. Нүүрсний чанараа сайжруулахын тулд баяжуулах үйлдвэрийн судалгаа хийж буй юм. Үүнээс гадна манай уурхайчид нүүрснийхээ  чанарыг дээшлүүлэх талаар санаа тавьдаг. Иймд цахилгаан станцуудад одоо нийлүүлж буй нүүрсний дундаж илчлэг 3400-3500 ккал хүрч байгаа.  Уурхайчид нийлүүлж буй нүүрсний чанараас урамшуулал авдаг систем бий. Жилд нэг тэрбум орчим төгрөгийн чанарын урамшуулал авдаг болсон.

-Олборлох нүүрсний хэмжээ нэмэгдэж буй өнөө үед уурхайн техник, тоног төхөөрөмжөө хэр шинэчилж байна. Хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардах тооцоо байгаа вэ?
-Нүүрс, хуулсан хөрс тээвэрлэх хамгийн сүүлийн үеийн дөрөв, дөрвөн машин авсан. Үүнээс өөрөөр техник тоног төхөөрөмжөө шинэчилж чадахгүй байна. Учир нь, манай уурхай нийгмийн хариуц­лагаа хэрэгжүүлж нүүр­сээ олборлож буй өөрийн өр­төгөөс доогуур үнээр бор­луулдаг. Өөрөөр хэлбэл, мон­голчууддаа цахилгаан, ду­лааныг хямд үнээр өгөхөд гол үүрэг гүйцэтгэж буй юм. Иймд уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэх асуудлыг төр засгийн хэмжээнд ярилцаж шийдэх шаардлага тулгараад байгаа. Бид ойрын таван жилд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх стратеги төлөвлөгөө гаргасан. Ирэх таван жилд манай уурхай жилд бараг 8-10 сая тонн нүүрс олборлодог болно.  Тэгэхээр техникийн шинэчлэлт хийх шаардлага тулгарч буй юм. Эхний ээлжинд бид хөрс хуулалтад конверийн систем ашиглах төсөл хийлээ. Мөн эксковатороо шинэчлэх төсөл бий. Ер нь, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд  500-аад тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байдаг.

-Уурхайн гүн хэдэн метр болов. Жилд хэ­дий хэмжээний хөрс хуулж байна вэ?
-Багануурын уурхай өнөөдөр 120 метр гүнд хүрсэн. Ил аргаар нүүрсээ 160 метр хүртэлх гүнээс авах тооцоо байдаг. Жилд уулын цулын ажлаар  29-30 сая шоо метр хөрс хуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан