Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн баавгай судлаачдаас Монголын Мазаалайг аврахыг хүсэв


Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн 23 дугаар хуралдаан Грек улсын Тессалоники хотноо энэ сарын 5-10-нд болж байна. Хуралдаанд 40 гаруй орны 100 гаруй судлаач, эрдэмтэн уригджээ. Хуралдааныг Монгол улсаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, доктор Ж.Батболд нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ "Монгол Мазаалай бол дэлхийн дулаарлын горыг хамгийн их амсч байгаа амьтан. Уур амьсгалын өөрчлөлт говь цөлийн бүсэд яаж нөлөөлж байгааг мэдье гэвэл “Мазаалайгаас асуу” гэмээр байна. Монголын говьд зарим жил зэрлэг амьтад идэх зүйл бүү хэл, уух усгүй харангадаж байна. Өнгөрсөн хавар аргаль, янгир зэрэг олон зүйл амьтан ширгэсэн булаг шанд бараадан олноороо үхсэн. Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд ойр ойрхон давтагдаж байна. Мазаалайд хавар ичээнээс гарсны дараа ногоо ургах хүртэл хэдэн сар хатсан модноос өөр идэх зүйл ер олддоггүй. Тэгээд ч ногоо ургах эсэх нь заримдаа эргэлзээтэй байдаг.

Монголын төр 2012 оны намраас мазаалайг онцгой анхаарч эхэлсэн. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан “Мазаалай хамгаалах” комисс томилж, амьдрах орчныг тэтгэх, шинжлэн судлах асуудалд багагүй хөрөнгө мөнгө зарцууллаа. 2013 онд Монгол улсын парламентын БОХХАА-н байнгын хороогоор Мазаалайн асуудлыг хэлэлцэж Засгийн газарт чиглэл өглөө. Энэ жил Мазаалай хамгаалах хөтөлбөрийг БОНХ-ийн Сайдын тушаалаар баталсан билээ. Мазаалайн удам зүйн судалгааг дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй хамтран хийлгэж, Монголоос өөр хаана ч байхгүй дэд зүйл гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

Бидний хийж байгаа ажил зохих үр дүнгээ өгч байгаа нь дамжиггүй, гэхдээ л эдгээр зүйлс хангалттгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Мазаалай хамгаалах хөтөлбөрийг зөвхөн Монголын Засгийн газрынх биш буюу Олон улсын хөтөлбөр байгаасай гэж бодож байна. Мазаалайд зориулан хийх ажилд шаардагдаж байгаа хөрөнгө мөнгөнд дэлхий нийт туслаасай гэж хүсч байна. Түүнийг авран хамгаалах арга замыг боловсруулах судалгаа шинжилгээний ажилд Харригийн гаргасан мөрөөр баавгай судлалын олон олон эрдэмтэн оролцоосой гэж хүсч байна. Шинжлэх ухаан технологийн өндөр хөгжлийн эрин үед амьдарч байгаа хүмүүс та бид мазаалай гэх энэхүү хөөрхий амьтныг харсаар байж устаж мөхөхийг зөвшөөрнө гэж үү. Монголын говьд зэрлэг удам нь устаж мөхсөн амьтны тоо нэмэгдэх ёсгүй. Ийм зүйлийн нэр Монголын тахиар төгсөх ёстой. Үүний төлөө баавгай судлаачид Та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна. Монгол Улсын хаалга Та бүхэнд үргэлж нээлттэй байна. Мазаалайн төлөө хүрээд ир найзууд аа" гэж онцлов.
Энэ удаагийн хуралдаанаар Монголын мазаалай баавгайн талаар тусгайлан салбар хуралдаан зохион байгуулж, Монголын талаас мазаалай хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа, ангилал зүйн асуудал, мазаалай хамгаалах хөтөлбөр зэрэг илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Амьтан ургамал хамгаалах үндэсний хорооны ахлах мэргэжилтэн А.Баясгалан, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Одбаяр, мазаалай хамгаалах ажлын хэсгийн гишүүн Ц.Туяа, Мазаалайг аврах Монголын алхам төрийн бус байгууллагын тэргүүн Н.Түмэнжаргал нар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Судлаач Т.Одбаярын хуралдаанд танилцуулсан илтгэлд мазаалай баавгайн үсний дээжинд хийсэн судалгаагаар 27 бодгаль байгааг шинээр тогтоосон нь өмнөх онд тогтоосон бодгалийн тоо таваар нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн Монголын талаас Олон улсын баавгай судлал, менежментийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч хатагтай Карен Ноёсе болон тус нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн эрдэмтэдтэй хоёр талт уулзалт зохион байгуулж мазаалайн хамгаалал, судалгаа болон “Мазаалай итгэлцлийн сан” байгуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

0 Сэтгэгдэл
mazaalain nereer mungu bosgoj iddeg neg eriin muuhai argand shiljlee shuu ene humuus, suuliin 5 jild mazaalaid zarsan mungu heden terbum bolson baihad mazaalaid ochson tejeel20 tonn ch hurehgui baina shuu dee taminee eniig anhaaraach ee
Хамгийн их уншсан