Х.Батсуурь: Эдийн засгийн суурь тогтолцоо алдаатай тул хямраад байна
2014 оны 10 сарын 8

-Ашигт малтмалд түшиглэж тавьсан зээлээ төлөөд хөгжилд хүрсэн  түүх дэлхийд байхгүй-

Эдийн засагч, судлаач  Х.Батсуурьтай эдийн засгийн өнөөгийн байдал болон ирэх жилүүдэд ямар дүр зураг, төсөөлөл  харагдаж буй талаар ярилцлаа.  

-Эдийн засаг хүндхэн байна. Энэ хүндрэл ужигарсаар буйн шалтгаан юунд байна вэ?
-Судлаачид, эдийн засаг­чид, хувь хүмүүс эдийн засгийг хямралтай байна гэж тодорхойлж байгаа. Юунаас болж хямарч байгааг ч эдийн засагчид, улстөрчид   олон талаас нь тайлбарлаж байна. Мөн Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч ирсэн. Гэвч үр дүнгээ төдийлөн өгсөнгүй. Засгийн газраас эдийн засгийн хямралын эсрэг авч буй арга хэмжээ нь түр зуурынх гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл амь тариа хийж аргацааж байна гэсэн үг. Иймд үйлчил­гээ нь гарахаар дахиад л амь тариа хийгээд яваад бай­гаа. Ер нь, эдийн засгийн суурь тогтолцооны алдаагаа олж харахгүй байна. Өвчтэй хүнийг эмчлэхдээ зөвхөн амь тариа хийгээд бүрэн эдгээж чадахгүй шүү дээ. Зөвхөн өвчнийг нь түр зуур намдаах төдий л эмчилгээ хийгээд бай­гаа юм. Тийм учраас суурь тогтолцооны гажуудлаа засах­гүйгээр урт хугацааны тогт­вортой  хөгжилд хүрэхгүй, эдийн засгийн хямралаас гарч чадахгүй.

-Тэгэхээр яг ямар гажуудал байгаа юм бэ?
-Энэ бол том  асуудал. Бодлогын төөрөгдөл эдийн засгийн суурь тогтолцооны гажуудлыг  үүсгэж байна. Тухайлбал, манай нийгэм, улс оронд тохироогүй чөлөөт зах зээл, цэвэр өрсөлдөөн гэсэн бодлого ягштал баримталж байгаа. Энэ нь  эдийн засагт байнга үүсээд байгаа хямралын гол шалтгаан юм. Тогтолцооны гажуудал гэдэг нь өсөн нэмэгдэх бус дундран багасах эдийн засгийн салбар дээр суурилсан эдийн засагтай байна. Иймээс манай эдийн засаг бусдаас хараат, хямралын байдалд орсон. Цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй.
-Манайд орж ирэх гадаад валютын урсгал татар­­­лаа. Оюу толгой, Та­ван толгой гээд томоохон төслүүдийн хөрөнгө оруу­лалт саатсанаас хямралт байдалд орлоо гэж байгаа. Энэ талаар та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцом буурсан. Гэвч энэ бол том асуудал биш. Зарим эдийн засагч Оюу толгойн хөрөнгө оруулалтыг яаралтай оруулж ирэх хэрэгтэй гэдэг. Нөгөө хэсэг нь улс орныхоо эдийн засгийг урт хугацаанд тогтвортой, ирээдүйтэй байл­гая гэвэл гэрээг нь эргэн харах шаардлагатай гэж үздэг. Тэгэхээр монголчууд бид бүсээ чангалж  Оюу толгойн асуудал дээр бууж өгөхгүй байх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ нь маш муу болсон.

Гэрээгээ засахгүй бол бид ашиг олох бус харин дунд, урт хугацаанд өрөнд орох бодит аюул нүүрлээд байгаа юм. Үүнийг үгүйсгэх аргагүй. Эдийн засгийн энэ хямрал банк, санхүү мөнгөний бодлогоос шалтгаалсан гэж үзэж байна. Иймд одоо манай эдийн засагт эрсдэл дагуулж буй зүйл одоо банк, санхүү, мөнгөний бодлого гэж би харж байгаа. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд Монголбанк гурван их наяд гаруй төгрөг мөнгөний зах зээлд нийлүүлсэн. Энэ мөнгө эдийн засгийг дэмжсэн боловч дунд болон урт хугацаанд нөлөө үзүүлэх салбарт ороогүй. Харин төгрөгийн уналт, инфляцийг хөөрөгдсөн юм. Гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ зогссон, валютын нөөц шавхагдаад байна. Одоогоор гадаад валютын албан нөөц 1.2 тэрбум ам.доллар гэдэг. Гэвч гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан мэдээллээс үзвэл 500 сая гаруй ам.доллар бий гэсэн байна. Экспортын орлого эрс буурлаа, гадаадын хөрөнгө оруулалт зогсчихлоо, гадаад валютын нөөц буурлаа. Тэгэхээр бид хаанаас яаж мөнгө олох вэ гэдэг асуудал гарч ирж буй юм. Валютын нөөцөө хадгалах, нэмэгдүүлэх талаар шинэлэг арга хэмжээ авч байна. Тухайлбал, Хятадын Ерөнхийлөгч саяхан манай улсад айлчилсан. Энэ үеэр Монголбанк Хятадын Ардын банктай хийсэн юаний своп хэлцэлийг 15 тэрбумд хүргэсэн. Иймд манай улс нэг хэсэгтээ гадаад валютын гачаалд орохгүй явах боломжтой.

-Банк санхүүгийн салбар эрсдэл дагуулж байна гэлээ. Яагаад?
-Энэ оны долдугаар сарын байдлаар зээлийн өрийн үлдэгдэл 12.2 их наяд төгрөг байлаа. Энэ тоо 2012 оны долдугаар сард 6.4 их наяд төгрөг байсан юм. Харин одоо бараг хоёр дахин өсчихлөө. Үүнээс чанаргүй зээл нь өнөөгийн байдлаар 599.7, хугацаа хэтэрсэн нь 550.1 тэрбум төгрөг байна. Эдгээр нь нийлээд 1.15 их наяд төгрөг болно. Энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг эзэлж байна гэсэн үг. Өндөр хөгжилтэй, зах зээл хөгжсөн орнуудад чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийг нийт зээлийн өрийн үлдэгдэлтэй харьцуулж үзэхэд 1-2 хувь байдаг. Тэгэхээр уг үзүүлэлт банк санхүүгийн салбарт өндөр эрсдэл байгааг харуулж буй хэрэг. Сүүлийн дөрөв, таван жилд манай улсад чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн өрийн үлдэгдэлийн 5-6 хувьтай тэнцэж ирсэн. Үүнээс гадна одоогоор дотоодын хадгаламж 7.2 их наяд төгрөг байна.  Гэтэл зээлийн өрийн үлдэгдэл 12.3 их наяд төгрөг гэж дээр хэлсэн.  Тэгэхээр 5.1 их наяд төгрөгөөр илүү гарсан. Уг нь энэ хоёр үзүүлэлт тэнцвэртэй байх ёстой. Ингэж байж банкны системийн эрсдэл буурч тогтвортой явна. Зах зээл өндөр хөгжсөн орнуудад дотоодын хадгаламжаас зээлийн өрийн үлдэгдэл нь 10 хувиар илүү байж болдог. Өнөөдөр  манайх шиг бусад орноос, ганц хоёр салбараас хараат эдийн засагтай оронд дээрх байдал нь арилжааны банкуудыг  дампуурахад хүргэж мэдэх юм. 

-Эдийн засгийн хямрал  иргэдийн орлого, зарлагын харьцаанд  яаж нөлөөлж байна вэ?
-Инфляц өнөөдөр 13.7 хувьтай гэсэн албан ёсны мэдээлэл бий. Гэтэл зарим судлаач, эдийн засагчид инфляц үүнээс өндөр байгаа гэж үздэг. Жирийн иргэд ч өндөр байгааг нь мэдэрч буй юм. Инфляцийг тооцох аргачлалаас болж зөрүүтэй тоон мэдээ гарч байгаа байх. Яагаад гэвэл инфляцийг хэрэглээний үнийн индексээр тогтоодог.  Ингэхдээ хэрэглээний үнийн сагсанд хамгийн өргөн хэрэглэдэг 135 нэр төрлийн бараа, үйлчилгээний  дундаж үнийг нь авч үздэг. Гэтэл манай улсад 325 нэр төрлийн бараа, үйлчилгээг хэрэглээний үнийн сагсанд хийж үздэг. Иймд инфляц бага гарч байна. Учир нь, тэнд ард түмний өргөн хэрэглэдэггүй барааг оруулаад бодохоор инфляц бага гарч буй юм. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглэдэг барааны үнийн жин энэ сагсанд буурч гардаг. Үүнээс шалтгаалж инфляц бага гарна. Энэ бол буруу аргачлал. Бодит байдалд инфляц 25-30 хувьд хүрсэн байж болох юм. Жишээ нь талх бол хамгийн өргөн хэрэглэгддэг,  иргэдийн өдөр тутмын гол хүнсний нэг. Иймд хэрэглээний үнийн сагсанд гарцаагүй орно. Талх жилийн өмнө 800 төгрөг байсан. Гэтэл өнөөдөр 1200 төгрөгт хүрлээ. Дээр нь махны үнэ бас суга өслөө.  Энэ бүгдийг тооцоод үзэхээр инфляц өнөөгийн түвшнээс асар өндөр хувьтай гарч буй юм. Хэрэглээний үнийн сагсанд үнэ нь төдийлөн өсөөгүй бараа орж л байгаа байх. Гэхдээ л инфляцийн өнөөгийн түвшин эргэлзээтэй гэж эдийн засагчид үзэж байгаа.

-Улсын төсөв бүрдэхгүй байгаа. Иймд жил бүр л төсөвт тодотгол хийдэг. Заавал төсвөө өндөр дүнтэй батлаад түүнийгээ танаж байх нь зөв үү. Төсвийн ор­лого бүрдүүлэгч ашигт малт­­малын үнэ цаашид ямар байх төсөөлөл гарч байна?
-Төсвийн тооцоог буруу гаргаж байгаатай холбоотой. Эхнээсээ төсөв гаргаж буй эдийн засагчид гадаад, до­тоод зах зээл, эдийн засгийн байдлаа нарийн судалж тооцох учиртай. Шинжээчдийн үзэж буйгаар ирэх онд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ өсөх төсөөлөл бий. Гэвч манайд энэ нь нөлөөлнө гэж найдах хэцүү. Учир нь, дэлхийн зах зээлийн байдлаас  илүү Хятадын зах зээлийн үнэ бидэнд хамааралтай. Өөрөөр хэлбэл урд хөршийн худалдан авагчидтай түүхий эдээ ямар үнээр нийлүүлэх гэрээ хийв гэдгээс бүх зүйл шалтгаална.

-Тэгвэл манай улсын валютын орлогыг бүрдүүлэх гол зах зээл Хятадын эдийн засаг ирэх онд ямар байх төсөөлөл байна вэ?
-Хятад эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж байна. Тус улс өмнө нь гадагшаа чиглэсэн экспортод суурилсан эдийн засгийн бодлого түлхүү хэрэгжүүлж ирсэн. Гэтэл бусад улс орнууд үүнийг нь сөрөх бодлого явуулах болсон. Иймд эдийн засгийн эрэлтийг дотоодоос бий болгох бодлого баримталж байгаа.   Энэ өөрчлөлтийн улмаас  хүлээж буй шиг их өндөр хурдаар өсөхгүй. Эдийн засгийн өсөлт нь 6.9-7.2 хүртэлх хувиар өсөх төсөөлөл байна. Ерөнхийдөө ирэх хоёр жилд урд хөршийн эдийн засгийн өсөлт жаахан саарах байх гэж таамаглаж буй юм.

-Тэгэхээр ирэх онд манай эдийн засаг хямралт байдлаас гарч чадахгүй нь гэж ойлгож болох уу?
-Ингэж дүгнэж болно. Манай банкны системийн зээлийн өрийн асуудлаас гадна санаа зовоож буй нэг зүйл бол гадаад өр. Гадаад өрийн байдлыг олон янзаар тайлбарлаад байгаа. Монгол Улсын нийт гадаад өр өнөөдөр 20 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс Засгийн газрын дотоод өр яг хэд байгаа нь тодорхой бус байна. Гэхдээ 6.5 тэрбум ам.долларын гадаад өртэй гэсэн мэдээлэл бий. Гадаад өрийн үйлчилгээнд жилд дунджаар 10 хувь төлдөг. Тэгэхээр 20 тэрбум ам.долларт Засгийн газар, хувийн хэвшил нийлээд жилд зөвхөн гадаад өрийн үйлчилгээнд хоёр тэрбум ам.доллар төлж таарна. Дээр нь зээлийн үндсэн төлбөрт жилд бас хоёр тэрбум орчим ам.доллар төлөх тооцоо гардаг. Хөгж­лийн банк, “Чингис бонд”, “Самурай бонд”-ын ихээхэн өр бий.  2017 онд Хөгжлийн банкны өрийг төлж эхлэнэ. Дараа жил нь “Чингис бонд”-ын эхний ээлжийн 500 сая ам.долларыг төлнө.  Тэгээд 2020 он гэхэд үлдсэн нэг тэрбум ам.долларыг нь төлж дуусгах график бий байх. Миний тооцсоноор “Чингис бонд”-ын хүүнд 630 сая ам.доллар төлөх юм. Үүн дээр үндсэн төлбөрт 1.5 тэрбум ам.доллараа төлнө.  Иймд 2017-2020  он хүртэл  эдгээр өрөө төлөөд явахаар манай эдийн засагт хүндрэл учирч болзошгүй. Нөгөө талаас бид дотооддоо эдийн засгийн хөөсрөл үүсгэсэн. Тухайлбал, жилийн найман хувийн орон сууцны зээлийг зохиомлоор бий болгосон.
АНУ-д 2007-2008 онд орон сууцны моргейжийн зээлийн хямрал гарсан. Гэтэл манайд одоо өрнөж буй орон сууцны зээлийн үйл явц үүнтэй төстэй харагдаж байгаа юм. Энэ моргейжийн зээл АНУ-ын хөрөнгийн зах зээлийг хям­ралд оруулж улмаар дэл­хийн эдийн засгийн байдалд хүчтэй нөлөөлсөн. Манай улсын хувьд банкны салбар хямрах эрсдэл бий. Цаашид хямрал үргэлжилж макро эдийн засаг ерөнхий бүтцээрээ муудаад ирвэл иргэдийн төлбөрийн чадвар дагаад унана. Тэгэхээр  иргэд орон сууцны зээлээ төлж хүчрэхгүй. Үүний нөлөөгөөр банкны систем бас хямралд орно.

-Бонд, зээлийн зарцуу­лалт нэлээд шүүмжлэл дагуул­сан. Эргээд үр аш­гаа өгөх, өрөө төлөх болол­цоотой салбарт хэ­дий хэмжээний хөрөнгө оруу­лалт өгч чадсан  гэж та үзэж байна вэ?
-Зээл бондын зарцуулалт оновчтой болж чадаагүй. Уг нь, ашгаа богино хугацаанд өгөөд эргээд хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоотой хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл эдийн засгийн үр ашигтай салбартаа хөрөнгө оруулалт хийж чадсангүй. Зам, барилгад маш их хөрөнгө орууллаа. Хөрөнгө оруулалтаа нөхөж үр ашгаа хурдан өгөх хөрөнгө оруулалт бол эдгээр салбар биш. Урт хугацааны нөлөөллөөр үр ашгаа өгч болох юм. Харин асар их зээл авч эдийн засагт зохиомол хөөсрөл бий үүсгэсэн нэг шалтгаан нь. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн баялаг үйлдвэрлэх салбараа тэтгэж чадаагүй. Мөн хувийн жижиг үйлдвэрлэл болон бусад төсөлд хөрөнгө хуваарилсан. Үүнд нь хөрөнгө оруулалтаа нөхөх үр ашигтай төсөл харагдахгүй байгаа.

-Манайханд ашигт малтмалын үнэ өсөх, өндөр байх юм бол энэ өрийг эдийн засгийн дарамтгүйгээр дор нь төлнө гэсэн бодол байдаг. Үүнийг эдийн засагч хүний хувьд та юу гэж үзэж байна вэ?
-Тэгж бодохгүй байна. Зөвхөн ашигт малтмалын үнэ өндөр байснаар өрөө төлөөд дуусгана гэдэг нь өрөөсгөл ойлголт. Ихэнх улс орон ашигт малтмалд түшиглэж тавьсан өрөө төлөөд хөгжилд хүрсэн түүх байхгүй. Манайхтай эдийн засаг, хөгжлийн хувьд төстэй Африк, Латин Америкийн орнуудыг судалж үзсэн. Гэтэл  нэг ч орон ашигт малтмалаа олборлоод хөгжнө,  баяжина гэж төлөвлөөд асар их хэмжээний зээл авсан ч  санасандаа хүрээгүй юм. 

-Та дээр хувийн жижиг үйлдвэрлэл гэж дурдлаа. Төр засгаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гээд жил бүр л асар их мөнгө төсөвлөж хөнгөлөлттэй зээл олгодог. Үүний үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
-Тийм, асар их дэмжлэг аваад сэргэсэн, биднийг хэрэгцээтэй  бараа, бүтээгдэ­хүүнээр бүрэн хангаад байгаа зүйл ажиглагдахгүй байгаа. Жи­жиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжих нөхцөл болол­цоог нь бүрдүүлж өгөх ёстой. Гэвч жижиг дунд үйлдвэрлэлээр хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орон байхгүй гэж хэлж болно. Миний бодлоор бидний амьд­ралд шууд нөлөөлдөг хөдөө аж ахуй, хүнс болон түүхий эдээ дотоодоос хангах үйлдвэрлэлээ түлхүү дэмжих хэрэгтэй юм. Энэ нь манай эдийн засагт сайнаар нөлөөлөх ч дангаараа хөгж­лийн өндөр түвшинд хүр­гэх боломжгүй. Хөгжиж дэв­­жихийн тулд  олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар­тай, дотоодын түүхий эдэд тул­­гуурласан үйлдвэрлэл бий болгох ёстой.   Үүний тулд эдийн засгийн нарийв­чилсан судалгаа хийж аль сал­барт түлхүү хөрөнгө оруу­ла­хаа тодорхойлох учир­тай. Өнөөдөр манай улс экспортод гаргаж буй ашигт малтмалынхаа нэг хэсгийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн гаргах шаардлага тулгараад байна.  
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.