Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Оюунтүлхүүр: Японы Засгийн газраас өгөх шагналыг 50 жилд нэг удаа өгдөг гэж сонссон


“Цаасан шувуу”, “Ээжийн бүүвэйн дуу” зэрэг дууг намуухан, эвлэгхэн хоолойгоор дуулах жаахан охиныг монголчууд мартаагүй. Тэр бол дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр. Монголд төдийгүй арлын Японд уянгалаг хоолойгоороо сүмогийн аваргуудаас ч дутахааргүй танигдсан билээ. Хэдийгээр сүүлийн хэдэн жил Монголын үзэгч, сонсогчидтойгоо уран бүтээлээрээ уулзаагүй ч тун удахгүй бие даасан тоглолтоо өргөн барихаар бэлтгэлээ хангажээ. Ингээд түүнтэй уран бүтээлийнх нь талаар болон “Оюунтүлхүүр” сангийнх нь үйл ажиллагааны тухай яриа өрнүүллээ.

-Тун удахгүй үзэгч олонтойгоо уулзах нь. Тоглолтдоо хуучин уран бүтээлүүдээс гадна, шинэ уран бүтээлээ дуулах юм байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Намайг дэмждэг үзэг­чид төдийгүй би өөрөө ч тоглолтоо их хүлээж байлаа. Сүүлийн үед фэйсбүүк хуудасны найзуудаас голдуу хэзээ тоглолтоо хийх вэ гэсэн асуулт их ирсэн учраас үзэгчид намайг хүлээж байгааг мэдэрсэн. Монголын үзэгчидтэй уран бүтээлээрээ тайзнаа уулзалгүй уджээ. Уран бүтээлч хүний хувьд ч завсарлага хүндээр тусдаг. Миний хувьд хүсэн хүлээсэн тоглолт маань болох гэж байна. Тоглолтод хуучны дуунууд болон шинэ уран бүтээлээсээ 50:50 хувьтай дуулна.

-Тоглолтын өмнөхөн гурван шинэ дуугаа дүрсжүүлчихжээ?
-“Энэрэл хайр” гэж дууны үгийг Соёмбо гээд дүү маань бичиж би өөрөө аяыг нь хийлээ. Хөгжмийн найруулгыг нь Халиун хийсэн. Уянгын стильтай баллад маягийн дуу болсон. Дараагийнх нь “Нүдээ аниад бодоорой” нэртэй Гүрбазар ахын шүлэг, Наранзунгийн ая, найруулгаар бүтсэн дуу байна. Нөгөөх нь “Зүрхэнд туссан гэгээ” гэж сайхан дуу байгаа. Миний хань Балдорж үгийг нь бичиж, аяыг нь “сахал” гэдэг дээ Пүүжээ багш маань бичиж өгсөн. Хөгжмийн найруулгыг нь Гантөр хийсэн. Ийм мундаг сайхан уран бүтээлчидтэй хамтарч хийсэн дуунуудаар эргэн уран бүтээлдээ орж байгаадаа баяртай байна.

-Уран бүтээлээс зав­сарлах шалтгаан юунд байв?
-Хоёр хүүхэд дараалж төрүүлээд, өөр уран бүтээл хөөцөлдөөд явсан учраас завсардчихсан. Уг нь хамгийн сүүлд гаргасан “Зүүдний учрал” цомог маань хуучин ч гэсэн шинэ гэж хэлж болохоор уран бүтээл байгаа юм. Гэвч үзэгч, сонсогчдод бүх дууг нь чанартайгаар хүргэж чадаагүй.

-Монголын үзэгчидтэй уулзалгүй, уран бүтээлийн тоглолт хийлгүй хэр удаан хугацааг үдсэн бэ?
-Хамгийн сүүлд 2004 онд нэг хандивын тоглолт хийсэн. Түүнээс хойш 10 жил өнгөрч.

-Японд хэсэг амьдарч байгаад ирсэн. Хэзээнээс эндээ суурьшаад байгаа вэ?
-2006 оноос хойш Улаанбаатартаа амьдарч байна. Улиралд нэгээс хоёр удаа Япон явж, тоглолтод дуулах ч юм уу, ажлаа амжуулдаг. Нүүдлийн шувуу шиг л явж байгаа.

-2006 онд Японоос нутагтаа ирж суурьшаад ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-Нөхөр маань энэ хүнийг хөрсөн дээр нь буулгах гэж мөн ч их зовж байна даа гэж хошигнодог байсан. /инээв/ Энэ бол наргиа л даа. На­­­майг явах үед нийгмийн өөрчлөлттэй давхцаад эдийн засгийн байдал ч хэцүү байлаа. Тийм болохоор Монголоо их санаж, санаа зовдог байсан. Тийм л учраас сан байгуулах нь зөв юм байна гэж бодсон. Хүн чадах үедээ чадах зүйлээ хийх л ёстой байх гэж боддог.

-Монголоос илүү Японд олон тоглолт хийсэн гэж сонссон. Бараг 500 гаруй хандивын тоглолт зохион байгуулсан гэх юм билээ?
-1989 онд Японд очоод 1990 оноос уран бүтээлээ хийж эхэлсэн. Япон бол дэлхийн хамгийн эмзэг судал дээр байрласан орон. Байнга байгалийн гамшигт өртөж байдаг. Маш их хөдөлмөрч, зоригтой, эрч хүчтэй хүмүүс тэнд амьдардаг учраас л тэр байгалийн хүчин зүйлийг давж чаддаг байх гэж боддог. 2010 онд л гэхэд аймшигт цунами болсныг санаж байгаа байх. 1997 онд Кобэд маш хүчтэй газар хөдөлж байсан юм билээ. Тэр болгонд л уран бүтээлч бид ямар боломжоороо тусалж болох уу тэр бүхнээ л зориулахыг хичээдэг учраас хандивын тоглолтуудаа хийж байлаа. Цаашид ч хийнэ. Миний хийсэн хандивын тоглолт тоолж баршгүй олон болсон. Урлаг ямар том, агуу хайрыг бий болгож чаддаг вэ гэдгийг л хамгийн ихээр харж, мэдэрсэн дээ.

-Анх Японд уран бүтээлээ хийх хаалгаа нээсэн тухайгаа дурсаач. Зарим хүн мэдэхгүй ч байж болох?
-Хамгийн анх 13 настай байхдаа “Ээжийн бүүвэйн дуу” дуугаараа дэлхийн хүүхдийн дууны наадамд оролцоод гран при хүртэж байсан. Энэ тэмцээн Японд болсон юм. Наадмын зохион байгуулагчдын дунд манай продакшны захирал Чойжи Куна гуай байсан. Тэгээд л надад санал тавиад Японд уран бүтээлээ хийх болсон.

-Дунд сургуулийн сурагч тэр тэмцээнийг яаж мэдээд, хэрхэн оролцож байсан юм бэ?
-Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургадугаар ангийн охин байлаа. Тэгсэн сургуу­лийн жижүүрийн самбар дээр зарлал гарчих­сан. Өөрөө дуу зохиодог хүүхдүүдийг Японд болох уралдаанд идэвхтэй оролцо­хыг уриалсан байлаа. Би ч тэр үед нэг их нээлттэй хүүхэд биш байлаа. Бүрэг талдаа. Анх өөрийгөө чадна гэж итгээгүй. Тэгсэн Ганчимэг, Пүрэвдорж багш нар маань итгэл хүлээлгэж, чи чадна гэсэн учраас ганц хоёр зохиосон дуугаа багшдаа шалгуулсан. Тэгсэн багш болж байна. Одоо бичүүл гээд. Тухайн үед яг л ардчиллын салхи сэвэлзэж байсан учраас “Хонх” хамтлаг их алдартай байлаа. Тэгээд л “Хонх” хамтлагийн студид очиж дуугаа кассетэнд бичүүлээд явуулсан. 70 гаруй орны хүүхдүүд оролцоод, шүүгчид тэр бүрийг дуустал нь тогтож сонсоогүй гэсэн. Минийх ч гэсэн тийм сайхан сонсогдоогүй л байх. Одоо эргээд бодохоор энэ зүгээр л аз таарсан хэрэг гэж боддог. Монголоос анх удаа орж байгаа гэдгээрээ л анхаарал татсан болов уу.

-Урлагийн гараагаа ая зохиохоос эхэлсэн юм байна. Энэ удаа ч гэсэн өөрийн зохиосон дуугаа дүрсжүүлчихсэн байгаа. Таны дуунуудаас аяа өөрөө зохиосон дуу хэр олон бэ?
-Ер нь би дуунуудынхаа аяыг өөрөө л биччихдэг. “Зүүдний учрал” цомогт бол олон хүнтэй хамтарч ажилласан. Миний дуунууд голцуу л хайр дуулдаг юм байна. Тийм учраас тоглолтоо ч “Хайрын эгшиг” гэж нэрлэхээр болсон.

-Японд гаргасан цом­гийн тоо Монголд гаргас­наас олон байгаа, тийм ээ...
-Олон байдаг. Таван альбом, олон дуутай дөрвөн сингл, ганц дуутай цомог арав гаруй байдаг.

-Японы үзэгч, Монго­лын үзэгчдийн тоглолтын уур амьсгал хэр ялгаатай байдаг вэ?
-Азиуд уламжлалт ёс заншлаа их дагадаг учраас ерөнхийдөө чимээгүй талдаа. Гэхдээ Монголын үзэгчид бол европжуу. Их дуу шуутай хүлээж авдаг. Өмнөх тоглолтуудаас ч гэсэн ажиглаж байсан. Энэ удаа ч гэсэн тийм байгаасай л гэж хүлээж байна.

-Тоглолтын үеэр танд Японы Засгийн газрын шагналыг гардуулна гэж сонссон. Энэ ямар учиртай шагнал вэ?
-Япон Монгол хоёр улсын харилцаанд оруулсан хувь нэмрийг маань үнэлж өгч байгаа шагнал юм шиг байна лээ. Шимизү Элчин сайд хамгийн түрүүнд над руу утасдаад өөр хэнд ч хэлж болохгүй шүү гэсэн ч өөрөө тэсгэл алдаад задалчихсан байна лээ. Нэгэнт ил тод болчихсон учраас шагналынхаа тухай ярья. Шимизү Элчин сайд маань намайг хар багаас мэдэх хүний хувьд их тусладаг. Тиймдээ ч энэ шагналд тодорхойлсон юм билээ. Японы Засгийн газар болон гадаад харилцааны яамнаас өгч байгаа. Энэ шагналыг жил бүр өгдөггүй. Миний сонссоноор 50 жилд нэг удаа өгдөг юм гэсэн. Надад улам л хариуцлага нэмэгдэж байна гэж ойлгож байгаа.

-Уран бүтээлээс гадна Оюунтүлхүүр санг байгуулж, монголчууд, монгол хүүхдэд зориулсан тусламжийн арга хэмжээг зохион байгуулдаг байгаа. Сан байгуулах санааг анх хэрхэн гаргаж байсан бэ?
-Монголоос намайг дэмждэг олон хүн бий. Мөн хандивын тоглолтууд хийгээд багагүй хөрөнгө цугларсан. Тийм учраас Оюунтүлхүүр сангаа байгуулж байлаа. Анх халамжийн төвөөр үйл ажиллагаагаа эхлүүлээд 2005 оноос хойш дадлагажигч нарыг Япон руу өндөр цалинтай ажилд гурван жилийн хугацаагаар илгээдэг болсон. 500 гаруй хүүхэд энэ шугамаар явсан байх. Одоо бол 23-30 насны эмэгтэйчүүд явж байгаа. Тэнд очоод их боломжийн ажил хийдэг л дээ. Тоёота машины үйлдвэрт шалгагчийн ажил ч юм уу эмэгтэй хүнд таарсан ажилд зуучилдаг. Яваад ирсэн хүүхдүүд маань зөвхөн мөнгө олохоос гадна маш их зүйл сурч мэдсэн байдаг. Зорилго нь мөнгө байсан ч хэл сураад, амьдралын туршлагатай болоод ирж байгаа тэднийг харахаар сайхан санагддаг.

-Одоо “Тэмүүлэл” халамжийн төвийн үйл ажиллагаа нэлээд өргөжсөн байх?
-Үгүй ээ. Харин ч хаалгаа барих дээрээ тулаад байгаа. Стандартын бус байранд байна гэсэн. Өмнө нь хашаа байшинд байрлаад хүүхдүүдээ амьдруулдаг байсан. Саяхан хөрөнгө мөнгөө шавхаж байгаад гурван өрөө байр аваад нэг өрөөнд нь охидоо, нөгөөд нь хөвгүүдээ, тэгээд багш нараа байлгая гэсэн чинь бас стандартын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн байгууллагаас үзсэн учраас хаахаас өөр аргагүй болсон. Гэхдээ манай хүүхдүүд бүгд том болоод, жигүүрлээд ниссэн учраас халамжийн төвөө түр хугацаагаар хаахад хүндрэл алга. Харин хамгийн сүүлд үлдсэн ах, дүү хоёрыгоо улсын асрамжийн газарт шилжүүлсэн. Яалт ч үгүй л хуулиа дагах ёстой учраас хаахаас өөр арга байсангүй.

-Эмэгтэй хүн бол тө­рүүлсэн хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээнэ. Дуучин хүн бол үзэгчдийнхээ өмнө бас хариуцлагатай байх ёстой. Та энэ үүрэг хариуцлага дээрээ нэмээд хүмүүнлэгийн үйлсэд зүтгэж, сайн дураараа нуруун дээр үүрэх ачаагаа нэмжээ. Энэ бүхний үүрээд урагш тэмүүлэхэд хэр хүнд вэ?
-Ер нь бол амаргүй ажил. Манай сан бол төрийн бус байгууллагын анхдагчдын нэг. Анх яахаа мэдэхгүй, учраа олохгүй хэцүү үе байсан. Гудамжаар дүүрэн хүүхдүүд байдаг. Болдог бол бүгдийг нь өөрийнхөө болгоод авах юмсан гэж боддог байлаа. Гэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсээр байгаад өдийг хүрлээ. Траншейний хүүхдүүд одоо бол бараг үгүй болж. Тэр хэцүү үе бол хэсэгхэн цаг хугацааных л байж гэдэг нь эргээд харахад ойлгогдож байна. Олон байгууллагатай хамтарч ажилласан учраас ингээд ярих зүйлтэй зогсч байна. Түүнээс ганцаараа хийе гэж бодоод ч хэрэггүй хэцүү ажил. Саад бэрхшээл их байсан. Германы байгууллагаас олон жил дэмжлэг авсан. Яваа яваандаа нийгэмд байгаа хамгийн хэрэгтэй цэг рүү чиглэж ажиллахаар зорьж байна. Гэхдээ тэр цэг чухам юу байх вэ гэдгийг бодож л байгаа. Энэ үүрэг хариуцлагыг би миний насан туршдаа үүрч явах ёстой.

-Таны аавыг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгж­мийн зохиолч Дамдинсүрэн гэдгийг хүн бүр мэднэ. Урлагт хөл тавихад мэдээж аавын нөмөр нөөлөг их байсан байх?
-Миний аав байгаагүй бол би өдийд ингэж явахгүй л байсан. Надад хөгжмийг мэдрүүлж, дурлуулсан хүн бол миний аав. Харамсалтай нь, аав минь гурван жилийн өмнө бурхан болсон. Аавыгаа амьд сэрүүн байхад тоглолтоо хийе гэж зорьсон ч чадаагүй. Аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг гэдэг үнэн юм байна. Болохгүй зүйл болдоггүй л юм билээ. Миний тоглолт 2014 онд л болох байж.

-Мөн бас таны их ойрын хамаатан урлагийн хүн юм билээ. Уртын дуучин Шархүүхэн гуай.
-Тийм ээ, миний эмээгийн үеэл дүү. Яах аргагүй цусан төрөл. Эмээ маань ч жүжигчин хүн байсан. Сүхбаатар аймгийн чуулгад ажиллаж, Нансалмаа, Хоролмаагийн дүрд дуулж явсан.  Харин өвөө маань их олон жүжгийг амилуулсан найруулагч хүн.

-“Зүрхэнд туссан гэгээ” дууны үгийг таны хань бичжээ. Үүнээс гадна хит болсон нэлээд хэдэн дуутай байх аа?
-Энэ дуу өөрөө гайхамшиг болсон. Яагаад ингэж хэлж байна гэхээр Пүүжээ багш надад ая өгсөн. Сайхан үг олоод дуулаарай гээд. Тэгсэн чинь манай хүн, багшийн ая хоёр яв цав тохирсон. Санамсаргүй тохиолдлоор шүү дээ. Мань хүн уг нь надтай анх суухдаа яруу найраг сонирхдоггүй байсан юм. Санаанд нь ч буудаггүй байсан юм шиг байгаа юм. Тэгээд надтай суугаад хөглөгдсөн. /инээв/ “Зүүдний учрал” цомгийн дөрвөн дууны үгийг бичсэн. Өөрөө бол санхүү эдийн засгийн мэргэжилтэй. Худалдаа аж үйлдвэрийн банкинд ажиллаж байгаад дараа нь Сүхбаатар дүүргийн орлогчоор хэсэг ажилласан. Одоо харин ажлаа өгөөд хувиараа ажиллаж байна.

-Хөгжим бүжгийн сур­гуу­лийн төгөлдөр хуу­рын ангид сурч байсан юм чинь дуулахаас гадна дан хөгжмийн бүтээл хийх төлөвлөгөө байгаа юу?
-Тоглох юмсан гэж их боддог. Гэхдээ миний форм их алдагдсан. Дуулаад олон жил явсан учраас хөгжмийн бүтээл хийх хэмжээнд хүрэхийн тулд их цаг хугацаа шаардана. Түүнээс нотоо нээх юмсан, төгөлдөр хуур тоглох юмсан гэсэн бодол төрдөг. Дуу бол аягаа угааж байхдаа ч гаммаа уншаад байх боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан