Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхлээд өмнөх сайд нараа чөлөөлөх ёстой гэлээ


Засгийн газрын бүрэл­дэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад холбогдох 12 хуулийн төсөл, нэг тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Энэ бол Засгийн газрын бүрэлдэхүүний тухай буюу бүтцийн өөрчлөлттэй холбоотой асуудал юм. Уул уурхай, эрчим хүчний яам болгож нэгтгэсэн учир салбарын сайд нь мөн өөрчлөгдөнө гэсэн агуулга бүхий төслүүдийг өчигдрөөс хэлэлцэж байна. Урьд нь бүтцийн өөрчлөлт, бүрэлдэхүүнтэй нь хамт оруулж хэлэл­цүүлдэг байсан жишиг эв­дэгдэж, сайдад нь хэнийг нэр дэвшүүлж оруулж байгаагаа өр­гөн барьсангүй гэсэн шүүмжлэл нэлээд гарав. Зарим нь шинэ сайдад ямар хүмүүсийн нэр оруулах нь тодорхой болоогүй учир өргөн барьсангүй гэж тайл­барласан. Ямар ч байсан Засгийн газраас өргөн барьсан бүрэлдэхүүний тухай болон бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбоотойгоор хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэж эхэллээ.

Яамгүй сайд нар ажиллаж байгаа юу

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал­даанаар болон УИХ-ын чуулганы ху­ралдаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэ­лэлцэхээс өмнө сайд нарыг чөлөөлөх ёстой гэсэн шүүмжлэхийг гишүүд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт хаяглаж, хэлсэн. Долоо хоногийн ажлын хуваарьт өчигдөр 8:30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаар заасан ч 9:15 цагт эхлэв. Шүүмжлэл дагуулсан асуудлын талаар УИХ-ын хэд хэдэн гишүүн саналаа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Бүтэц, бүрэлдэхүүнээ хамт өргөн барьж, хэлэлцүүлж, батлуулдаг байсан. Жишээ нь, Уул уурхайн сайд, Эрчим хүчний сайдыг чөлөөлөх асуудал хэрхэн орж ирэх юм бэ. Сул сайд нар гараад ирлээ” гэв. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Засгийн газарт 19 сайд томилогдсон учир бүрэн эрх нь хүчинтэй байгаа. Бүтцийн өөрчлөлтөөр 16 сайдтай байна гээд заачихсан. Эхлээд өмнөх сайд нараа чөлөөлөх ёстойг Үндсэн хуульд заасан. Бүрэлдэхүүний тухай гээд ороод ирэхээр хоорондоо зөрчилтэй хууль батлах гээд байна. Ирэх оны төсөв ярихад аль сайд нь хэлэлцүүлэгт орох юм бэ. Яамгүй болчихсон сайд нар байгаа” гэлээ. УИХ-ын гишүүн М.Энхболд “Засгийн газрын асуудлаа түргэн шийдээд явах ёстой. Цаг үеэ олоогүй бүтцийн өөрчлөлт улс орны ажлыг уяж байна. Есдүгээр сарын 6-наас хойш 40 гаруй хоног Засгийн газрын бүтцийн өөрчлөлт ярилаа. Би Ерөнхий сайд болсныхоо маргааш сайд нараа оруулж ирээд хоёр хоногт Засгийн газраа байгуулж байсан юм. Улс орны ажилдаа анхаарч, тариаланчидтайгаа уулзаж, аймаг орон нутгаар явж үзэх хэрэгтэй” гэлээ.
Үүнд Ерөнхий сайд Н.Ал­танхуяг “Энэ бол техникийн шинжтэй зүйл. Зургаан яамыг гурав болгосон. Одоо долоон сайдыг чөлөөлж, дөрвөн сайд томилно” гэсэн бол ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Бүрэлдэхүүний өөрчлөлтийг хэлэлцэх явцдаа сайд нарын нэрийг оруулна” гэж тайлбарлав.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Засгийн газар нэг ажлыг гурав болгож хийж байна. Бичиг баримт боловсруулахдаа буруу, дүрмийн алдаатай хийж. Энэ бол зүгээр л косметик засал хийгээд өнгөрөх өөрчлөлт биш. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь буудайгаа мөөгөнцөр­түүлчихсэн. Сар бүр хууль зөрчдөн Хуульзүйн сайдтай, Эдийн засгийн хөгжлийн яамных нь ажил явахгүй гээд асуудал байхад маск зүүгээд л өнгөрөх нь. Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин огцорчихсон байгаа.  Ч.Сайханбилэг шиг сайд Америкт байсан бол 100 дахин огцорчихсон байх байсан” хэмээн нэлээн бухимдангүй хэлсэн.
УИХ-ын гишүүн О.Баасан­хүү “Сайд илүүдээд байвал үүрэг гүйцэтгэгчээр томилоод ирэх оны төсвөө хэлэлцье. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд төсвөө баталчихсан байх ёстой. Бүр болохгүй бол спортын тэмцээн зохиодог юм уу яадаг юм дараа нь тайван хэлэлцэж сайд нараа томил. Сайд нарыг нам, эвслийн бүлэг, фракцаас асууж байж оруулж ирнэ гэж хуульд байхгүй. Яаралтай оруулж ирж хэлэлцэх ёстой” гэлээ.

Түүний дараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч мөн ширүүхэн үг хэлсэн юм. “Өнөөдөр /өчигдөр/ гэхэд сайд нараа оруулж хэлэлцье. Фракц, эвслээс болж ажил алдаж байна. Ер нь энэ ил далд шантааж цадигаа алдлаа. 20 гаруй жил төрд зүтгэхдээ шантаажны эсрэг явлаа. Цаагуураа өөрийн хувийн ажлаа, банкны зээлээ шийдүүлдэг шүү дээ. Үүнийг зогсоох цаг болсон” гэж тэрээр хэлэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей дэмжиж буйгаа илэрхийлсэн. Иймээс цаг алдсан зүйл хийхгүйгээр Засгийн газрыг сайд нарын нэрээ хурдан оруулж ирж, шийдүүлж, 2015 оны төсвийн төслөө хэлэлцэж эхэлье гэж Байнгын хорооноос чиглэл өгөх санал гаргав. Хуралд Байнгын хорооны 19 гишүүнээс 13 оролцож, 12 нь дэмжсэн санал өгч, асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.

Байнгын хорооны хуралдааныг хойшлуулах даалгавар өгөв

УИХ-ын чуулганы хурал­даан Засгийн газрын бүрэл­дэхүүний өөрчлөлтийг 43 гишүүний ирцтэйгээр хэлэл­цэж эхэлсэн. Энэ үеэр хоёр Засгийн газар­тай болчихсон мэт байдал үүслээ. Өргөн барь­сан төсвийн төсөлдөө орон ну­тагт эрх өгчихсөн нь ул­сын нэгдмэл байдлыг эвд­сэн, салбарын яам байх шаард­лагагүй мэт болгож гэ­сэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр хэ­лэв. Харин ЗГХЭГ-ын дар­га Ч.Сайханбилэг ямар нэгэн завсар гарч, ажил цалгардахгүйгээр шийднэ гэсэн хариулт өгсөн. Ц.Ням­дорж гишүүн Төрийн бай­гуулалтын байнгын хороо­ны хурлын үеэр илэрхийлж байсан саналаа ч мөн энэ үеэр давтлаа. УИХ-ын гишүүн С.Баярцогт “Бүтэц, бүрэл­дэхүүний асууд­лыг хамтад нь өргөн барьж, шийдсээр ирсэн. Анх­наа­саа алдаатай төсөл оруулж ирснийг Төрийн байгуулалтын байнгын хороо засаад явж байгаа шүү” хэмээн анхаарууллаа. Ингээд санал хураалтад 61 гишүүн оролцсоноос 48 нь хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт холбогдох Байн­гын хороонд нь шил­жүүлэв. Гэвч Байнгын хо­рооны хуралдааны ирц бү­рдээгүй байхад УИХ-ын гишүүн М.Энхболдолд Байнгын хорооны хуралдаан хойшиллоо гэдэг мессэж ирлээ гэв. Чухам хэнээс хурал хойшлуулах мессэж ирсэн нь тодорхойгүй байсан ч төд удалгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хуралдаан тодор­хойгүй хугацаагаар хойшилсныг дуулгасан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан