Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манайд хүүхдийг хоолоор хордуулсан топ 7 жишээ

Ердөө эн_э хичлээийн шинэ жил эхлээд сургууль цэцэрлэгт хоолны хордлого гарсан хэд хэдэн тохиолдол гарчээ. Сургуулийн хүүхдийн өдрийн цай, дотуур байр, цэцэрлэгийн  хоол гэж сум орон нутгийн удирдлага, сургуулийн захирлуудын нэг сайхан бизнес байна аа. Үгүй яахав тэртэй тэргүй өгөх ёстой юм чинь, улсаас өгсөн зардаар нь чанартай хүнс аваад өгчих л ёстой. Харамсалтай нь төсөв хөрөнгө мэдэж, захиран зарцуулж байгаа хүмүүсийн  нүдэнд нь мөнгө л харагдаад, толгойд ашиг л бодогдоод байхаас биш хүүхэд багачуудын эрүүл мэнд, хожим хойчийг бодох сэтгэл гэж даанч байхгүй. Тэд ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгээ нийлж хамгийн хямд, хамгийн чанаргүй хүнсийг хаанаас ч хамаагүй худалдан авч, цаана болохор өндөр үнээр авсан гэж баримт бүрдүүлэн дундаас нь мөнгө саадаг. Энэ нь эцэстээ хүни й өчнөөн олон хүүхдийн эрүүл мэндийг хохирооход хүрдэг ч өвчний эх үүсвэр буруутай хүмүүст хэн ч ямар ч хариуцлага тооцдоггүй.
Энэ намар хичээл эхэлснээс хойш сургууль цэцэрлэгүүдэд гарсан хоолны хордлогоор хэчнээн хүүхэд эрүүл мэндээрээ хохиров. Тухайн үед нь холбогдох арга хэмжээг нь шуурхай авч эмчлэн эдгээсэн ч буруутай хүмүүст хэн хариуцлага тооцож ямар арга хэмжээ авсан юм бол.

Баян-Өлгийд сургуулийн 103 хүүхэд хорджээ


2014 оны 9 сарын 3-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургадугаар сургуулийн дотуур байрны 103 хүүхэд хоолны хордлого авч эмнэлэгт хүргүүлсэн.

Хүүхдүүд оройн хоолондоо  гурилтай шөл, талх идээд 10 минутын дараагаас хордлогын шинж илэрсэн байна. Яаралтай эмчилгээ хийсний дараа 58 хүүхдийн бие сайжирч дотуур байрандаа буцсан бол  45 хүүхэд эмнэлэгт хэвтэж үлдсэн бол  хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байлаа.
Тэдэнд  дотор муухайрах, хоолой боох, татах зэрэг шинж тэмдэг илэрч байсан аж. Маргааш нь  24 хүүхдийг эмнэлгээс гаргажээ. Эмнэлэгт үлдсэн хүүхдүүдийн 15 нь 2-3 төрлийн зовиуртай, бусад нь хэвийн байна гэсэн мэдээллийг МХЕГ-аас өглөө.
Хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодисонд хордсоныг  Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоосон.

Өмнөговьд бас 69 хүүхэд хоолонд хордлоо


2014 оны 9 сарын 5. Бараг л Баян-Өлгийн явдалтай зэрэгцээд  Өмнөговь аймгийн Ханбогд суманд сургууль, цэцэрлэгийн 69 хүүхэд хоолны хордлогод орж, таван хүүхдийн бие хүндэвтэр байна гэсэн мэдээлэл тарсан.  Тэднийг эмнэлэгт эмчилж байгаа бол 64 хүүхэд нь гэрээр эмчийн хяналтад дэглэм сахиж буй юм байна.

Хоолны хордлого авсан хүүхдүүдийн олонхи нь цэцэрлэгийн насныхан аж. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын эрүүл ахуйн улсын байцаагч нар Ханбогд суманд ажиллаж, сүүлийн хоёр өдрийн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторын шинжилгээнд өгсөн. Ямар хариу гарсан хийгээд, буруутай хүмүүсийг тодруулсан, ямар арга хэмжээ авсан талаар тодорхойгүй.

Дархан цэцэрлэгийн 35 хүүхэд гэдэсний савханцраар өвчлөв

Дархан-Уул аймгийн Дархан сумын VII цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүд 9-р  сарын 24-ний оройноос халуурч суулган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Таван  хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж  35 хүүхдийг гэрээр эмчийн хяналтад авчээ. Зургаан хүүхдийн бие хүндэвтэр байсныг  гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэг гэж үзээд шинжилгээгээр  хоол хүнсээр дамжсан гэдэсний бүлгийн савханцараар өвчилсөн болохыг лабораторийн шинжилгээгээр тогтоосон.

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хийсэн шинжилгээгээр цэцэрлэгийн ундны ус нянгийн бохирдолттой гарсан байна. Хордлого аван эмчлүүлж байсан хүүхдүүдийн бие сайжирч эмнэлгээс гарсан, одоогоор цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа тухай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ. Аймгийн Засаг дарга цэцэрлэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, инженерийн шугам сүлжээг засварлах зэрэг 26 заалт бүхий захирамж гарган хэрэгжүүлж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа аж.

Дарханы  Шарынголд 12 хүүхэд бас хоолноос  хорджээ

2014 оны 10 -р сарын 11. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын  дунд сургуульд бас л хоолны хордлго гаржээ. Шарын гол сумын 11 жилийн хоёр сургуулийн 6 дугаар ангийн  12 хүүхэд гэдсээр өвдөөд, бөөлжөөд байна гэсэн зовиуртайгаар эмнэлэгт  үзүүлжээ.  . Улмаар  ийм шинж тэмдэгтэй 16 хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн. Дөрвөн дөрвөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна гэж тухайн үед мэдээлж байлаа.

Ундраа зуслангийн хоолноос 30 хүүхэд хордлоо


2014 оны долдугаар сарын 4.  Хандгайтын амнаас зүүн тийш 3 км-ийн зайд орших "Ундраа" зуслангийн амрагч хүүхдүүд хоолны хордлого авч түргэн тусламжийн машинаар хотын эмнэлэгүүдэд хүргэгдсэн.  Нэг өдрийн дотор 30 гаруй хүүхэд хордлого авч түргэний машинаар хот руу  буцсан гэж тухайн үед мэдээлж байсан. Хордлогод орсон хүүхдүүдийн эцэг, эх  уг хэрэгт зуслангийн удирдлагуудыг буруутгаж  тухайн өдөр хүүхдүүдэд ямар хоол өгсөн, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хоол хүнсээ бэлтгэсэн эсэхийг шалгуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан гэж байсан. Шалгалтын дүн хэрхэн гарсан, буруутай хүмүүст ямар хариуцлага тооцсон талаар тодорхойгүй.

 “Монос”-ын эмийн санчийн буруугаас нярай хүүхдүүд хордлоо

2014 оны 8 сарын 11. Эмийн санчийн буруу заавраас болж 16 нярай хүүхэд эмийн хордлогод ороод байгаа тухай хэвлэлүүд шуугилаа. 8 дугаар сарын 8-ны бямба гарагийн хордлогод орсон эхний хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 12.00 цагт иржээ. Тухайн хүүхэд “Монос”-ын эмийн санчийн  өгсөн заавраар Фенобарбитал хэмээх эм хэрэглэсэн байсан нь тухайн насандаа хэтэрсэн тунгаар уусан байж. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв шуурхай ажиллаж тэр  эм олгосон “Монос”-ын салбартай холбогдож энэ эмийг 23 хүүхдэд буруу тунгаар өгсөн болохийг тогтоосон байна. Эм авсан  эцэг эхчүүдтэй холбогдож энэ талаар мэдээлэл өгч урьдчилан анхааруулахад  16 хүүхдэд аль хэдийнээ  эм өгчихсөн харин долоон хүүхэд тухайн эмийг хэрэглээгүй байсан гэнэ.
Тайвшруулах мансууруулах үйлчилгээтэй энэ эмийг хэрэглэсэн хүүхдүүдийн хамгийн бага нь дөрөв хоногтай хамгийн том нь хоёр сартай нярай байсан.
“Монос” фармынхан уучлал гуйгаад, хүүхдийг эмчлэхэд анхаарал тавьсан, буруутай эмийн санчид ямар арга хэмжээ авсан, эрүүл мэндээрээ хохирсон хүүхдүүдэд ямар нөхөн төлбөр, тусламж олгосон нь бас тодорхойгүй.

Сувиллын цэцэрлэгийн долоон хүүхэд хоолонд хорджээ


2013 оны долдугаар  сарын 25. Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах Хүүхдийн клиник сувиллын цэцэрлэгт долоон хүүхэд хоолонд хордсон хэрэг гарчээ. Хордсон хүүхдүүд Халдварт өвчин судлалын төвд хэвтэн эмчлүүлж байгаагийн хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтэж байсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас  тус сувилалд шалгалт хийж хүүхдүүдийг шар будаа болон луувангийн зутангаас хордсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Хүүхдийн клиник сувиллын цэцэрлэг нь хоол тэжээлийн дутагдалтай, 1-5 насны хүүхдүүдийг авч сувилдаг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан