Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.ЗОРИГТ: МоАХ-НООС ЯМАР Ч САЙД БАЙХГҮЙ


УИХ-ын гишүүн М.Зоригт Засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг эсэргүүцэж өрөөндөө суулт зарласан юм. Түүнээс яагаад ийн эсэргүүцэл илэрхийлэх болсон талаар тодрууллаа. 

-Сайд нарыг томилох асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудалд УИХ-ын гишүүний хувьд айхтар ач холбогдол өгч, анзаарахгүй байгаа. Ерөнхийдөө та бүхний адил мэдээллийг сонсоод өрөөндөө сууж байна. Өнөөдөр / өчигдөр/ 10 цагт Байнгын хороод, чуулганы хуралдаан зарласан. Одоо /12 цагийн орчим/ хүртэл эхлээгүй байхыг бодоход нөгөө сүлжээ нь сайн ажиллаж чадахгүй байгаа юм болов уу гэж таамаглаж сууна. УИХ-ын завсарлагааны гурван сарын хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, хүмүүстэй уулзлаа. Монголчууд бид улс орноо хөгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байна. Улс орон маань хөгжөөд, дагаад бидний амьдрал ахуй сайжирна гэсэн их хүлээлттэй байгаа. Энэ их хүлээлтийн хариуг УИХ өгөх ёстой. Гэтэл Засгийн газрын өргөн барьж байгаа 2015 оны төсвийг харахад үнэндээ уйлмаар. Мөнгө байхгүй, орон тоогоо цомхотгоё, нэг суманд, нэг дүүрэгт ганц ч цэцэрлэг барихгүй гэсэн төсөв байсан. Тэгэхээр энэ засаг мухардалд оржээ. Ард түмний хүсэл, эрмэлзлийг хэрэгжүүлж чадахгүй байгаа Засгийн газрыг үтэр түргэн солих ёстой. Дараагийн шинэ гаргалгаа, санаа оноотой бүтцийг бий болгох ёстой. Цаг алдаад өнгө будгийн ажилтай ноцолдоод нөгөө эвгүй харагдаад байгаа Засгийн газар хээ хуар наахаас өөр юм цаашдаа гарахгүй байгаа. 

-Төсвийн төслөө Засгийн газар татаад авчихсан. 

-Засгийн газар хуралдаад төсвийн төслөө татсан. Яагаад гэвэл тийм төсөв өргөн барьчихсан байхад будаг шунхыг нь нааж өгөхгүй гэж ойлгосон учраас. Сайд нараа томилуулаад авлаа. Маргааш нь нөгөө төсвөө өргөн барина, харж л байгаарай. Яахав, бүтэцтэйгээ холбогдуулаад жаахан өөрчлөнө биз. Гэхдээ л ажил хийхгүй ээ гэдэг төсөв л өргөн барина. Тэгэхээр УИХ томхон шиг зорилго тавиад нэгдэх ёстой. Хийх ажлаа тодорхойлсны дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг яаж л бол яаж ажиллуулж болно. Үнэхээр ихийг хийж чадах юм бол 50 яамтай, 200 сайдтай ч байхад яадаг юм. Их багадаа биш хийх асуудалдаа байгаа. Түүнийгээ шийдэхгүй өнгө заслын ажил хийх гэж байгаад УИХ-ын гишүүний хувьд дургүйцэж байна.
Тэр байтугай гурван гишүүн байх юм бол нэг нь сайд болж болно ч гэнэ үү. Сүлжээний байдал руу орж байх шиг. Ийм арга хэрэглэж байхыг бодоход энэ засаг цаашдаа оршин тогтнох хугацаа нь дуусч байх шиг байна. Эх орноо гэсэн, реформ хийе гэсэн хүмүүсийн цаг үе ирчихсэн юм уу даа. Энэ засаг сүүлийнхээ өдрүүдийг барж байгаа ч юм биш үү гэдэг бодол төрж байна. Монголын Ардчилсан холбоог төлөөлж суугаа гишүүд анх есүүлээ байлаа. УИХ-ын олонхи дотроо хамгийн олон гишүүнтэй нь МоАХ фракц байсан. Өнөөдөр зарим нэг нөхдөөс болоод цөөрсөн. Гэхдээ зургуулаа ч гэсэн цөөндөө орохгүй л байгаа. Алтангадас долоо, Шонхор долоон гишүүнтэй. 

-Засгийн газраас нэрийг нь өргөн барьсан Л.Пүрэвсүрэн зөвлөхийг МоАХ фракцын төлөөлөл гээд байгаа шүү дээ. МоАХ фракц энэ хүнээ дэмжиж оруулсан уу? 

-МоАХ энэ сүлжээнд огт оролцохгүй байгаа. МоАХ- ны төлөөлөл болсон гурван сайд байсныг мэдэж байгаа биз. Одоо ер нь бүгд л байхгүй болж байх шиг. Өнөөдөр биднийг ийм зүйл яриулахгүйн төлөө суудал амлаж, сайдын албан тушаал өгөх байсан. Гэхдээ бид ороогүй учраас МоАХ-ныг төлөөлж ямар ч сайд байхгүй. 
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцааны чиглэлд эрчимтэй бөгөөд маш зөв алхамууд хийж байгаа. Хоёр хөршийн харилцааг ямар түвшинд аваачсаныг бид харж л байна. Гуравдагч хөрштэй идэвхтэй ажиллаж байгаа. Ер нь, гадаад харилцааны чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн манлайланхийж буй ажлууд улсын хөгжилд хувь нэмэр авчирна. Тийм учраас Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд Ерөнхийлөгчид чиглүүлж, санал болгож байгаа хүнийг тавих нь зөв гэж үзэж байгаа юм. МоАХ гэдэг талаас нь биш Ерөнхийлөгчийн бодлого талаас харах нь зөв. 

-“Давхар дээл”-ээ тайлах санаачилга гаргасан Ерөнхийлөгч өөрийнхөө зөвлөхийг санал болгочихлоо гэдэг шүүмжлэл гарч байна? 

-“Давхар дээл” шиг хэрэггүй юм байхгүй гэдгийг улстөрчид байтугай, бүх нийтээрээ ойлгодог. “Давхар дээл” ямар их балаг тарьдагийг яс махаараа мэдэрчихлээ. Гэхдээ энэ “давхар дээл”-ээс салж чадахгүй юм шиг байна. Яагаад гэвэл “давхар дээл”- тэй байж л засгаа бүрэн бүтэн авч үлдэх тогтвортой байлгах зорилготой. Нэг ч гэсэн гишүүн давхар хашиж байж засаг цаашдаа хэд гурван хоногийн настай байхаа тооцсон биз. Хийх ажлаа биш хэдэн хоног тэр суудалдаа суух вэ гэдэг хандлага бий учраас яах аргагүй “давхар дээл” өмсгөж байна. “Давхар дээл” өмсөх хүсэл сонирхлоор нь урхидан татаад байгаа юм.
 
-МоАХ цаашдаа зөвхөн үзэгчийн байр сууринаас хараад явна гэж ойлгох нь зөв үү? 

-МоАХ-ныхон ард олныхоо хүсэл, эрмэлзлийг анзаараач гэж байгаа юм. Засаг руу орж хутгалдахаа больё. Засагт бидэнд хийх ажил байхгүй. Харин УИХ дотроо идэвхтэй ажиллана. Өнөөдрийн миний энэ суулт сэтгүүлчдийн анхаарлыг татаж байгаа учир та бүхнээр дамжуулж бодит байдлыг нийгэмд хүргэх гэсэн юм. Энэ байдлаар бид цаашаа хол явахгүй. Бүрэн хэмжээний реформ яаралтай хэрэгтэй байна. 

-Реформ гэдгээ тодруулбал? 

-Өнөөдрийн бидний энэ түвэгтэй байдал хаа нэгтэйгээс шидсэн чулуу биш. Зарим улстөрч гаднаас тэгж ингэж байна гэдэг. Бидний л унхиагүй байдал. Бид өөрсдөө асар их хэмжээний хөрөнгө мөнгө босгоод “Чингис” бондоор хийсэн бүтээн байгуулалтыг хэд дахин нугалахуйц хэмжээний ажил хийх бололцоо байна. Өнөөдөр УИХ-ын гуравны хоёроос дээш тооны гишүүн нь нэг санаа бодолтой болох ёстой. Монгол Улсын өнөөгийн эдийн засаг 10 тэрбум ам.доллар. 2017 он гэхэд 20 тэрбум, 2020 он гэхэд 30, 40 тэрбум болгох бололцоотой. Хүн ардынхаа амьдралыг дээшлүүлье гэвэл эдийн засгаа л томруул. Том эдийн засагтай байж хүн бүрт хүртэнэ. 2015 оны төсвийг оруулж ирсэн шиг байдлаар явбал дэндүү харамсалтай. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ суугаад ярих хэрэгтэй байна. Үнэндээ биднийг манлайлж байгаа намын удирдлагууд ажил хийхгүй байна. Өчигдөр, уржигдар бол яаж энэ суудалдаа үлдэх вэ гэсэн юм л явлаа. Нөгөө талд яаж энийг нь ашиглаад сайд болчих вэ гэсэн тоглолтууд их явж байна. 

-Төрд тогтвортой байдал хэрэгтэй гэж та боддог уу?

-Ер нь хорь гаруй жилийн хугацаанд Монголын төр байнгын тогтвортой байж ирсэн. Монголын төр гэдэг ард олноороо шууд сонгодог Ерөнхийлөгч, ард нийтээрээ сонгодог УИХ. Хэзээ ч бид Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн бус аргаар огцруулж байсангүй. УИХ-ыг ч гэсэн Үндсэн хуулийн бус аргаар унагааж явсангүй. Тэгэхээр Монголын төр шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш нэг ч удаа тогтворгүй байдалд орж үзээгүй. Засаг солих бол ажил хий гээд томилсон хүмүүс муу ажиллахаар нь л өөрчилсөн зүйл. Засаг солих нь засаг төр тогтвортой байхтай ямар нэг байдлаар холбоотой зүйл биш. Ерөнхийлөгч, УИХ нь байгаа үед төр тогтвортой байна. Гүйцэтгэдэг Засгийн газар нь муу байна. 

-Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй гэж хэлэх гээд байна уу? 

-Тэр, энэ муу байна гэсэнгүй. Өргөн барьсан 2015 оны төсвөөс шууд харагдаж байна. Энэ засаг гаргалгаагүй болчихож. Улс орноо цааш нь аваад явчих олныхоо хүсэл эрмэлзлийг манлайлаад явчих, бүтээн байгуулалтаа хийх шатахуун нь дуусчихаж. 2015 оны төсөв бол юу ч хийхгүй хөнжлөө нөмрөөд тухлах л гэсэн агуулгатай. 

-АН-ын бүлгийн хурлаас сайдад нэр дэвшигчдээ санал нэгтэйгээр дэмжээд явуулсан гэсэн нь үнэн үү. Та бүлгийн хуралдаа оролцсон уу? 

-Угаасаа дэмжих нь ойлгомжтой. Нөгөө сүлжээ нь ажиллаад эхэлчихсэн учраас. Тийм балай юманд би юу гэж орж байдаг юм. 

-Тэгвэл та сайд нарыг томилох асуудал хэлэлцэх Байнгын хороо, чуулганы хуралд орохгүй гэсэн үг үү? 

-Орохгүй. Энэ асуудлууд дуустал орохгүй.
 
-Та ганцаараа орохгүй юм уу, МоАХ-ны гишүүд бас суухгүй юу? 

-Манай МоАХ-ны зургаан гишүүн энэ сүлжээний заваан асуудалд орохгүй гэж тогтсон. Өнөөдрийн суултаа бол өөрөө санаачилсан. 

-Намын түвшиндээ асуудлыг ярилцах гэхээр Үндсэний зөвлөлдөх хороо хуралдахгүй байна гэдэг. Энэ тал дээр? 

-Манай АН-ын дүрэм их хүнд. Ер нь засаг барьж байгаа намд тэр болгон намын хурал хийх түвэгтэй байдаг юм уу. УИХ-ын гишүүн болсноос хойш намын хурал гээчид нэг ч удаа сууж үзсэнгүй. Намын дарга хийх үгүйгээ шийддэг учраас нэг хүнээс хамааралтай болчихоод байна. Бидэнд ямар эрх мэдэл байна вэ гэвэл олон түмний саналаар олж авсан УИХ-ын гишүүний суудлаас ажиллах бололцоо байна. Энэ хүрээндээ ажиллая. Намаа шинэчилье, хуралдуулъя гэж уриалаад Ховд, Дархан гээд орон нутгийн МоАх-ны гишүүд зүгээр суухгүй байгаа. МоАХ-ныхон бүс бүсээрээ өөрсдөө хурлаа хийж байна. Нэг ч дарга Улаанбаатараас очихгүй байгаа юм. Та нар өөрсдөө хуралдаад саналаа нэгтгээд гаргаад ир гэсэн. Өнөөдрийн миний баримталж байгаа байр суурь бол МоАХ-ны тэр олон хүмүүсийн хэлсэн санаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан