Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.НАРАНБААТАР: НИСЭЭД ЯВСАН ХОЙНОО ТЕАТР РУУГАА БИТГИЙ НУЛИМААРАЙ


Салхи хэдий шуургалавч уулс бөхийдөггүйн адил гурван ч нийгмийн нүүр үзсэн их театр 83 жилийн түүхэнд ганхсан удаагүй. Улсын драмын эрдмийн театр гэх их айл өнөөг хүртэл үзэгч олноо соён гэгээрүүлж, үндсэн үүрэг зорилгоосоо гажаагүй цөөн хэдэн урлагийн байгууллагын нэг. 
Энэ л театрын тайзнаас үе үеийн алдартай жүжигчид төрж өдгөө тайз, дэлгэцийн урлагт хүчин зүтгэсээр явна. Энэ жил их театрын тайзан дээр цөөнгүй уран бүтээл амилж үзэгч олныг цэнгүүлсэн. Эдгээрээс ихээхэн жин дарах нь долоон найруулагчийн долоон жүжиг. 
Долоон өөр ертөнц, долоон өөр сэтгэмжийг илтгэсэн эл төслийн тухай болоод бусад сэдвээр УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатартай ярилцлаа.

 -Сүүлийн жилүүдэд УДЭТ чамгүй хөл хөдөлгөөнд орж эхэллээ. Тайзан дээр шинэ жүжгүүд төрж, үзэгчдийн суудал үргэлж дүүрэн байдаг боллоо. Энэ бүхний ард зөв менежмент байгаа нь мэдээж. Товчхондоо театр амь орж, шинэчлэгдэж байна. Онцолбол, одоо үргэлжилж буй долоон найруулагчийн долоон жүжиг энэ шинэчлэлийн томоохон ажлын нэг байх? 

-Энэ төслийг их олон талын юм бодож хийж байгаа юм л даа. Бэсрэг гэж тодорхойлоод буй дээрх долоон жүжиг театрын тайзнаа цомхон мэт боловч агуулга, хүртээмжийн хувьд асар том юм. Жүжигчдийн тоо бага, метражны хувьд уран сайхны кинотой дүйхүйц учир одоогийнх шиг зах зээлийн уналт, босолттой үед бага хэмжээний зардлаар босох боломжтой. Яагаад гэвэл уран бүтээлчдээс нүсэр зүйл гэхээс илүү сэтгэлгээ шаарддаг учир аль болох өртөг бага, авсаархан зүйлээр өргөн цар хүрээ бүхий олон зүйлийг илэрхийлэх ёстой юм.
Зураач, тайз заслын ажлууд цомхон учир жүжигчдээс маш их ур чадвар шаарддагаараа сайн талтай. Нэг жүжиг хоёр юм уу гурван хүнтэй байх жишээтэй. Дээд тал нь л тав. Тиймээс, үзэгчээ уйдаахгүйн тулд жүжигчнээс маш олон талын юм шаардаж байна л даа. Дуулж, бүжиглэхээс аваад урлагийн бүхий л талын ур чадвар гаргана. Нөгөө талаас найруулагчаас тавилт, сэтгэлгээ их нэхдэг. Богино хугацаанд том санаа, эмзэглэл, өгүүлэмжийг хэрхэн гаргах вэ гэхчлэн найруулагч, жүжигчин, зураач гээд уран бүтээлчдийн жинхэнэ ур чадварыг шалгасан ажил юм. 
Нөгөө талаас энэ төслийн гол зорилгыг танил биш, цоо шинэ сэтгэлгээний эрх чөлөө, шинийг эрэлхийлсэн байдал орших ёстой гэсэн шалгуур тавьсан. Үүнд заавал стандарт, акедемик онол байх шаардлагагүй. Ингэснээрээ уран бүтээлчдэд ахиж дэвших, өрсөлдөх чадвар нь өсөн нэмэгдэх боломж олгож байна. Харин үзэгчдэд хэвшмэл юмнаас салах шинийг хүлээн авч, ухаарч, нүдээ нээх боломж олгож байгаа юм. Илүү их тархи ажиллуулж үзэх бүтээлүүд хийж байна. Нобелийн шагналт Хорл Питрийн “Өчигдөр” гэдэг жүжгийг үзэж байгаад анхаарлаа хормын төдийд алдах л юм бол ойлгохоо больчихдог. Тийм учраас анхаарлыг яг барьж тэрний учир начрыг олох ёстой юм. Яг үүнтэй адил хормын төдийд төвөгшөөх боломж олгохгүй тийм л өрнөлтэй, үзэгчдийг уйдаахгүй байх жүжгүүд хийхийг зорьж байна. 

-Анзаарагдаж байгаа..? 

-Тийм ч учраас найруулагчид маань чөлөөтэй сэтгэх ёстой. Янз бүрээр, абсурдаар тавьж болно, цэвэр натур байж болно. Тэр ч бүү хэл соцреалист ч байхыг үгүйсгэхгүй. Энэ бол ердөө л тухайн уран бүтээлчийн сэтгэлгээний эрх мэдэл, хил хязгааргүй эрх чөлөө. 

-Театр магадгүй аль дээр үед ингэж чөлөөлөгдөх ёстой байсан болов уу? 

-Магад ч үгүй, энэ бол том эрх чөлөө. Та яаж ч хийж болно. Амьд хөгжимтэй, цирк оруулсан ч болно. Ер нь хэм хэмжээнд үл захирагдах ёстой, цаг нь болсон. 

-Би таны яриад байгааг “Чөлөөт хос” жүжгээс илүүтэй анзаарсан л даа. Ерөнхийдөө театрын урлагт дурлагсад анзаарч байгаа. Долоон жүжиг долоон өөр уур амьсгал бий болгож чадсан? 

-Тийм, өөр уур амьсгалыг дагаад огт өөр, тэр уур амьсгалд дасан зохицсон шинэ жүжигчид төрж байна. Товчхондоо, найруулагчаасаа аваад жүжигчид хүртэл нөгөө сэтгэлгээний эрх чөлөөг эдэлж эхэлж байна. 

-Тийм шүү, танай театрын дэргэдэх “Театр” студид жил тутам шинэ, чадварлаг жүжигчид сонгон шалгаруулалтаар элсч байгаа. Энэ жил түлхүү орж байх шиг санагдлаа? 

-Энэ бол ердөө л үзэгчдийн оюуны чадавхийг л дээшлүүлэх гэж хийгдэж байгаа ажил. Мөн цус сэлбэлт гэж болно. Манайх залуу уран бүтээлчдийг авдаг. “Театр” студидээ шалгаруулж чадаж байгаа нь цаашид жинхлэгдээд, ахиж дэвшээд явдаг. Эдгээр залуусаа ашиглаад Шекспирийн “Ромео Жулетта”-г тавих гэж байна. Нөгөө хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг ид насан дээрээ байгаа Ромео, Жулет олдсон хэрэг. Түүнчлэн Түвшин найруулагч маань Лодойдамба гуайн “Гарын таван хуруу”-г дахин амилуулах гэж байна. Гэхдээ орчин цагтаа тохируулж. Мөн миний хувьд Бурхан багшийн сургааль номлолоор цоо шинэхэн жүжгээ толилуулахаар зэхэж сууна даа. Үүнийг дээр дурдсан шинэ үеийнхэн л амь оруулна.

-Үүнтэй холбогдуулан асуухад театрт үнэхээр чадалтай жүжигчид орж ирдэг ч аргамжиж авч үлдэх юм алга. Өнгөрсөн хугацаанд үнэхээр чадалтай цөөнгүй Ромео, Жулеттанууд хувиараа юм хийгээд гараад явчихлаа шүү дээ? 

-Нэг ийм юм бий. Энэ театр гайхамшигтай 83 жилийн түүхтэй театр. Энд манай алтан үеийнхэн бүгд амьдарч эндээ амьдралаа дуусгасан. Энэ театрын нэрээр л овоглож явсан. Тиймээс энэ бол маш их буянтай газар. Энэ театр маш олон өндгийг дэгдээхэй болгосон. Далавч нь ургаад ирэхийн цагт үүрээ орхиод нисдэг нь хорвоогийн жам. Тийм үү, үгүй юу. Даль жигүүр нь ургаад ирэхийн цагт нисээд явдаг нь бий. Үүрэндээ үлдэж хоцрох нь ч бий. Тиймээс аль алийг нь буруутгаж болохгүй. Нэг том компаниас жижиг, охин компани өрх тусгаарлаад салаад л явдаг шүү дээ. Дараа нь том компани болдог. Гэхдээ нэг л зүйлийг мартаж болохгүй. 
Нисээд явсан хойноо театр руугаа битгий нулимаарай. Эхийнхээ хэвлий рүү нулимснаас өөрцгүй юм шүү. Хүн төрсөн эх рүүгээ нулимдаггүй биз дээ. Яг үүнтэй адил театр бол жүжигчдийн эх нь юм. Зарим нэг уран бүтээлч нулимдаг байхгүй юу. Эндээс алдар нэр олж, энд боловсорч, жүжигчин болох гараагаа эхэлж олны танилшуу юм болчихоод “Драмын театр...” гээд л муулдаг. Энэ бол тухайн хүний л оюуны цар хүрээ, хэмжүүр юм. Театраас гарах нь гарч, орох нь орж л байдаг юм... 

-Нулимж болохгүй? 

-Тийм. Театр гэдэг хөлөг онгоц урлагийн ертөнц гэгч зах хязгааргүй энэ том далайд хурдлах үе байна. Хөвөх үедээ хөвнө, хүч алдахдаа алдана. Тэр ч бүү хэл өөрийн тань оношилсноор зогсоно. Үүнтэй л адил. 

-Үүнтэй холбоотой асуулт. Театрын урлагийн үнэлэмжийг яаж тодорхойлдог юм бол. Үзэгчдийн тоогоор нь уу, тавигдаж буй жүжгээр нь үү? 

-Театрын урлагийн үнэлэмжийг урын сангийн бодлогоор нь л тодорхойлно. Тэр театр ямар уран бүтээл хийж чадаж байна вэ гэдгээр нь тодорхойлно. Жишээ нь, театрыг үзэгчдийн тоогоор нь дүгнэж байсан түүх байхгүй. Тухайн театр ямар ямар бүтээл тавьсан юм. Жишээ нь, Гамлет. “Гамлет” тавихад потенциал хэрэгтэй. Түүнийг тавих жүжигчин нь байна уу, хөгжмийг нь биччих зохиолч нь, тайзнаа амилуулах найруулагч нь байна уу. Тайзыг нь бүтээх зураач нь байна уу гэхчлэн энэ бол академик асуудал. Гётегийн “Фауст”-ыг тавьсан театр бол маш том театр шүү. Өөр жүжиггүй байя л даа, “Фауст”- ыг тавьсан гэвэл ямар ч театрын мэргэжилтнүүд алга ташина. Түүнээс түүхэндээ хэний ч юм сая гаруй жүжиг тавьсан байя л даа. Энэ бол тоо шүү дээ. 

-Үзэгчдийн тоо кино театраас театр руу хэлбийх нь ихсээд байгаа гэж ойлгож байна. Таны бодол? 

-Аль аль нь л хөгжиж байна. Би сая өөрөө ч нэг кино хийлээ. “Сүүлчийн шөнө” гэдэг киног минь хүмүүс маш сайхан үзэж байна. Орой бүр театрт байгаа юм шиг алга ташиж байна. Уран бүтээлч хүний хувьд энэ нь надад ихэд таашаалтай байна. Үзсэн хүмүүс “Ухаарал хайрлалаа, бодрол төрүүлж байна” гэж байгаа нь миний хүсэл биелж байгааг илтгэнэ. Би үзэгчдийг уйлуулж, дуулуулж, инээлгэхгээгүй. Би бодрол, хүн бүрт жижигхэн бодрол төрүүлэхийг хүссэн. Миний зорилго биелж байгаа нь тэр. Би бас мөнгө олох гэж хийгээгүй. Үүнтэй адил театр бол ийм л жанжин шугамыг баримталдаг соён гэгээрлийн өргөө. 

-Найруулагч хүнтэй яриа дэлгэснийх кино урлагийг орхигдуулж болохгүй. Миний мэдэхээр гурав дахь кино тань байх аа? 

-Тийм. Үүний өмнө хоёр кино хийсэн. 

-Дэлгэцийн урлагийн хувьд шинэ гэж болохоор..? 

-Тэгэлгүй яахав, дэлгэцийн урлагт би ч ногооноороо байна даа. /инээв/ 

-Ялгаа нь юу байх юм? 

-Ерөөсөө л адилхан байхгүй юу. Кино урлаг, тайзны урлаг хоёр бүх зарчим нь адилхан. Тиймээс мэргэжлийн найруулагч бидэнд кино хийх ерөөсөө төвөгтэй юм биш. Нэг нь камер, кадрын зохиомжинд л бүгдийг багтааж байгаа юм. Нөгөөдөх нь арай том фокуслаад тайзны зохиомжид багтаадаг. Гол ялгаа нь л энэ. Энд яахав жаахан жаахан ньюанс байдаг л даа. Тайзны тоглолт хамгийн арын ряданд хүргэхийн төлөө гэж мимик сайн ажиллах хэрэгтэй. Доз жаахан өндөр гэсэн үг. Харин кино бол илүү энгийн тоглох ёстой. Гэхдээ хэт энгийн гээд гудамжинд яваа юм шиг байж болохгүй. Зарим жүжигчид өмнөх кинонд нэг костюмтай л байсан дараагийн кинонд нэр, костюмных нь өнгө өөрчлөгдөөд нөгөө л үнэлгээ, жүжиглэлт, харц энэ тэр нь яг хэвээрээ, бахь байдгаараа. Угтаа чи бид хоёр нэг кинонд бие бие рүүгээ халуун ус цацъя л даа. Өмнөх киноны Доржоо нэг өөр, дараагийн киноны Баяраа бас нэг өөр хүлээж авах ёстой. Гэтэл ив ижилхэн. Үүнийг ямар дүр гэдэг юм. Ер нь, манайхны жүжигчинтэй ажиллах ажиллагаа тааруу шүү. 

-Тайз ч бай дэлгэц ч бай үзэгчид үнэлж дүгнэх нь тэдний эрх. Гэхдээ таны хэлсэнээр мэргэжлийн талаас нь үнэлж дүгнэх тодорхой шалгуур байх хэрэгтэй. Нөгөө л шүүмжийн асуудлыг сөхөх гээд байна л даа. Өдөр бүр нэг кино гарч байна. Гэтэл тоймтой шүүмж бичдэг хүн байхгүй. Нэр цохвол яруу найрагч П.Батхуяг л тогтмол бичиж байх шиг байна? 

-Үнэндээ шүүмж нь алга. Тэрийг цензурддэг механизм нь ч алга. Жишээ болгоход манай театр төрийн өмчит учир бүх юм дүрмээр явагддаг. Нэг жүжиг тавихын өмнө найруулагчдын хурлаар орно. Болох болохгүйг нь хэлнэ, хэлэлцэнэ. Угтаа тэгэж байгаа нь уран бүтээлчдэд л тус болох гээд байгаа хэрэг. Түүнээс хүн муулах гээд байгаа ч юм биш. 
Дараа нь уран сайхны зөвлөл гэх экспертүүдээс бүрдсэн хүмүүс үзнэ. Зохиолч, хөгжмийн зохиолч гээд хамаг л шилдгүүдийн өмнө шалгуулна. Эдгээр хүмүүс нийлж тухайн бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох виз олгох тухай ярьж байгаа юм. Сая энэ олон шалгуур, даваа давж олон хүнээс үг сонссоны дараа уран бүтээл нь чанаржина биз. Гэтэл нөгөө киноныхонд тийм юм огт байхгүй. Хийж дууслаа кино театруудаар цацчихна. Ямар ч хяналтгүйгээр нийгэмд хандаж байна шүү дээ. 

-Үүн дээр жишээ дурдвал дээхнэ “670” гээд кино гарсан даа, та үзсэн үү яасан. Их л хөгжилтэй, инээдмийн кино мэтээр сурталчилаад л байсан. Хүмүүс 10, 11 настай хүүхдүүдээ дагуулаад кино театрт очтол бараг эротик кино байж таарч байгаа юм. Ингэхээр цаана нь маш том ёс суртахууны асуудал ч сөхөгдөнө дөө? 

-Ярих юм биш. Одоо энэ кино шүүмж гэдэг юм мартагдах дөхөж байна. Шүүмжилж байгаа хүнээ дайсан болгож харна. Хүн ер нь хүнээс үг сонсох хэрэгтэй шүү. Тэгэж байж л хүн болно. 

-Одоо 20 эргэм насны залуус нэгдэн нийлж продакшн байгуулаад ёстой л киногоор бөмбөгдөж байна даа. Та тэдгээрийг үзэж байна уу? 

-Үгүй... 

-Яагаад..? 

-Яах юм, хайран цаг шүү дээ.

-Таны киног хүмүүс үзээд л байна шүү дээ. Хайран цаг, хайран мөнгө биш үү? 

-Би тийм юм хийхгүй л дээ. Бардам хэлчихье харин. /инээв/ Цагийг нь үрэх юм хийхгүй. 

-Таны “Бардам хэлчихье” гэдэг үгэн дээр дөрөөлөөд л нэг нь шүүмж бичих ёстой биз? 

-Тэгэлгүй яахав. Хэн хэнийгээ хурцалъя л даа. 

-Бид бардам байж чадахгүй байна уу? 

-Бардам байж болно. Бардам байхын ард хариуцлага гэж юм бий. 

-Мэргэжлийн байх..? 

-Мэргэжлийн байх хариуцлага, үүрэг гэж юм байна. Түүнийгээ яг мэргэжлийн хийж чадах ёстой. Хүнд хүргэх зүйл, хэлж ойлгуулах гэсэн санаагаа зөв боловсруулж байж хүргэх хэрэгтэй.
 
-Анзаараад байхад театрын урлаг ч тэр, кино нь ч тэр зохиолоор цангаж байгаа юм шиг санагддаг. Угтаа зохиол гэдэг сэтгэлгээний асуудал шүү дээ. Яагаад ийм сэтгэлгээний ядууралд ороод байгаа юм бол?

-Зохиолчдын яг тэр дундаа кино, театрын зохиолчдын ядууралд орчихсоон, үнэн. Манай театрын зүгээс таван жилийн өмнө яамтай хамтарч түүхэн жүжгийн зохиол зарласан. Энэ ажлыг эхлүүлснээр нөгөө үзэгчдийг огшоогоод байгаа “Тэнгэрийн хүү” жүжиг гарч ирсэн. Харин өнгөрсөн жил орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан зарлаж шилдгүүдээ тодруулчихсан. Яамны зүгээс арван сая төгрөгийн төсөв гаргаж өгсөн нь том дэмжлэг шүү. Санхүүгийн хувьд өдөөж өгч байгаа хэрэг. Ядаж л шагналын сан сайтай байвал оролцогчдын тоо өснө. Энэ мэт олныг өдөөж, анхаарлыг нь татах хэрэгтэй. Угтаа Монголд зохиол байтугайг биччих олон олон аавын хүү, ээжийн охин бий. Бид үнэнхүү чадалтай, потенциалтай улс шүү. 
Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаанд түрүүлсэн Аанхаа буюу Анхбаяр гээд залуу бий. Тэр л гэхэд уралдаанд би л түрүүлсэн гээд дээгүүр хараад байлгүй надтай ирж уулзаад заавар зөвлөгөө авч байх жишээтэй. Ингээд бие биеээсээ суралцаад хөгжих хэрэгтэй байгаа юм. Товчоор амбицлахгүй байх хэрэгтэй. Ер нь хүнд ийм зан хэрэггүй. Хүн хүнээсээ л суралцана. Насаараа сурсаар байгаад л дуусна. Миний мэдэхгүйг чи, чинийхийг би мэднэ шүү дээ. Хорвоо ерөөсөө л ийм. 

-Дээр дурдсан бурхан багшийн жүжгийн тухай дэлгэрүүлээч? 

-Тэр ерөөсөө л их энгийн. Бид зөв амьдрахгүй байна. Гэтэл зөв амьдрах ухагдахууныг бурхан багш Шагжамуни номлолдоо айлдчихсан байдаг. Үүний философийг л жүжиг болгох гэж байгаа хэрэг. Зарим нь шашныг асар том үзэл суртал гэх мэт сөрөг талаас нь тайлбарлах нь их. Яг үнэндээ мөн чанарыг нь ойлгоогүй ,хэт шашин талаас нь авч үзээд байгаа хэрэг. Угтаа бурханы шашны номлол сургаал аугаа зүйл. Шашин, шүтлэгээс илүү хүмүүний өөрөө өөрийгөө таньж мэдэх боломж, философи юм л даа. Би тэгэж л ойлгодог. “Чиний бурхан дээр биш дотор чинь бий, хүн бүр гэгээрэлд хүрч Будда болж чадна” гэсэн. Үүний тулд зөв л амьдармаар байна. Тэр мунхаглах, уур хилэн, атаа хорсол, тачаадах муу бүхнээ аваад хаячихъя. Хүн хүнээ хайрлъя. Тэртээ тэргүй бүгд л үхнэ. 
Төрөх, үхэх нь үнэн учир энэ бүгдээс хэзээ ч зайлахгүй. Бид зөв амьдарвал хойч үедээ зөв сайхан зам л үлдээнэ биз. Эцсийн дүнд хүн үр хүүхдийнхээ төлөө л амьдардаг шүү дээ. Миний, чиний хүүхдийн ялгаа юу байна. Хар, цагаан, шар бүр өнгөт арьстай гээд ялгаа юу байна. Хүүхэд л бол хүүхэд. Бидний хойч үе. Тиймээс энэ ертөнц амар амгалан баймаар байна. Энэ нь хүнээс л шалтгаалах зүйл. 
Энэ санааг л би жүжиг болгочих гээд л үзээд байгаа юм. Болно оо, ах нь хийнэ. Энэ бүтээл хүмүүст нэг юм өгнө. Толгой руу нь хөнгөхөн тогшиж “Нээрээ энэ чинь юу болоод байна” гэсэн бодол төрүүлнэ. Бага ч болов нүдийг нь нээнэ. Тэгэхгүй бол бид завгүй амьдралын урсгалд юуг ч сөхөөрөхөө больчихож. Яг л зомби шиг амьдраад байна.

0 Сэтгэгдэл
Би энэ нөхрийг ерөөсөө үнэлдэггүй .бусдын хийсэн кино үздэггүй гэдэг чинь мөн ч их биеэ тоож байна даа.Энэний хийсэн бүтээл туурвил гэж юу байхын найруулагч хүн зохиолчидын бүтээлийг л тайзан дээр таьж байгаа болохоос бүтээл туурвиж байгаа юм биш шүү.
Zov amidrah gj yag yu um be. Chinii bodol tas uur. Busdiih shaal uuur. Uheh turuhiin hoorond AmidrAl mash fucking shoort. U need money that is true. GoAl is money ans u say your children and wife never need money. Kkk. Suck ur dick. Not agreee call me 88000083
Хамгийн их уншсан