Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДЭЛХИЙН ХҮН АМЫН 0,7 ХУВЬ НЬ НИЙТ БАЯЛГИЙН 41,6 ХУВИЙГ ЭЗЭМШДЭГ

Хэдхэн хоногийн өмнө Олон улсын валютын сангаас гаргасан илтгэлд дэлхийн эдийн засаг 2008 оны хямралын дараа хэт удаан сэргэж байгаа тул эргээд уналтад орох аюул үүсээд байгаа тухай анхааруулсан. Хөгжингүй эдийн засагтай АНУ, Их Британи гэх орнуудад эдийн засгийн идэвх өсч байгаа бол Японы өсөлт тун бага, евро бүсийн өсөлт итгэлгүй байна гэжээ. Дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэгддэг Хятадын эдийн засгийн өсөлт төлөвлөж байснаас бага өсч, удааширсан.Үүнийг дагаад олон оронд ажилгүйдэл, эдийн засгийн өсөлт удаашрах гэх мэт асуудал тулгарсан байна. Мөн энэ илтгэлд мэргэжилтнүүд улсын өрийг хяналтгүй нэмэгдүүлэхээс зайлсхийхийг уриалж. 
йн засгийн энэ бүх хэлбэлзэл, хямрал, өсөлт, удаашрал нь дэлхийн хэмжээнд баялгийн хуваарилалт ихээхэн нөлөөлж байдаг. 
Хувь хүний баялгийн хэмжээг гарал үүсэл голчлон шийддэг байсан үе өнгөрч орчин үед мэргэжил, албан тушаал ахих зэрэг олон зүйлээс шалтгаалдаг болсон. Гэхдээ дэлхийн хэмжээнд нийт баялгийн дийлэнхийг цөөн хэдэн хүн хянаж байдаг гэсэн тэгш бус байдал хэдэн зууныг даган өөрчлөгдөхгүй байгаа төдийгүй улам гүнзгийрсээр. Жишээлэхэд, 2008 оны хямралаас болж бага, дундаж орлоготой хүмүүс хамгийн их алдсан байхад хамгийн баян хүмүүс бага алдсан төдийгүй зарим нь улам баян болсон гэдэг. 
Баян ба ядуугийн эзлэх хувь 

ЯДУУ 

“Credit Suisse” банкнаас “Global Wealth Report 2014” судалгаанаас үзвэл дэлхийн хүн амын 69,8 хувь буюу 3 тэрбум 282 сая хүний нэг хүнд ногдох жилийн орлогын хэмжээ 10 мянган ам.доллараас бага байна. 

Ингээд ч зогсохгүй энэ 3 тэрбум 282 сая хүн дэлхийн нийт баялгийн 7,6 их наяд ам.доллараар үнэлэгддэг хувийг эзэмшдэг. 7,6 их наяд гэхээр их санагдаж болох ч олон тэрбумд хуваахаар дэлхийн хүн амын дийлэнх нь нийт баялгийн ердөө 2,9 хувийг эзэмшдэг болж таарна. Ийм хүний тоо Энэтхэг ба Африкийн орнуудад насанд хүрсэн хүн амын 90-ээс илүү хувийг эзэлдэг. 
ДУНДАЖ 
Дараагийн хэсэг нь жилд 10 мянгаас 100 мянган ам.долларын орлоготой хүмүүс. Тэд дэлхийн насанд хүрсэн хүн амын 21,5 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл тэрбум дөнгөж гарсан тоотой. Эзэмшдэг нийт өмчийн хэмжээ нь 31,1 их наяд ам.доллар буюу нийт баялгийн 11,8 хувь. Энэ давхаргад багтдаг хүмүүс нь үйлчилгээ ба бараа таваарын салбарыг өсгөдөг гол хөдөлгөгч хүч.

БАЯН 

Дэлхийн насанд хүрсэн хүн амын найман хувийг эзэлдэг үлдсэн 408 сая хүн жилдээ 100 мянгаас давсан ам.долларын орлоготой тул дэлхийн нийт баялгийн 41,3 хувийг буюу 108,6 их наяд ам.долларын өмчтэй. 

НЭН БАЯН 

Энэ баячуудын дотор бүр хэт баян 35 сая хүн байна. Дэлхийн насанд хүрсэн хүн амын ердөө 0,7 хувийг эзэлдэг эдгээр баячууд жилдээ сая ба түүнээс дээш ам.долларын орлоготой. Дэлхийн нийт баялгийн 44 хувийг эзэмшдэг. 

БАЯЧУУДЫН ХУВААРИЛАЛТ 

Баялаг нь тэгш бус хуваарилагдаж байгаа болохоор баячууд ч бас дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байх нь мэдээж. Хамгийн олон саятантай улс нь АНУ. Энд дэлхийн саятнуудын 41 хувь буюу 14,2 сая нь амьдардаг. Энэ бол үнэхээр лут үзүүлэлт. Сая ба түүнээс дээш ам.долларын хөрөнгөтэй хүмүүсийн тоогоор Америктай өрсөлдөж чадах улс гэж энэ дэлхий дээр байхгүй. Саятнуудын тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Японд гэхэд л нийт саятнуудын ердөө найман хувь нь ногдож байх жишээтэй. 
Нэн баян хүмүүсийн тоогоороо ч АНУ дэлхийд тэргүүлдэг. Дэлхий дээр 50 сая ам.доллар ба түүнээс дээш хөрөнгөтэй 128 200 хүн байдаг. Эдний 51 хувь нь буюу 65,5 мянга нь АНУ-д амьдардаг. 
Баян Америкчууд бизнес хийхдээ үнэхээр гаргууд. Санхүү, эдийн засгийн, улс төрийн элдэв хямрал болоход цөөн хэдэн баячууд л барьц алдаж хөрөнгө алдана уу гэхээс дийлэнх нь улам л бэлжээд, хөрөнгөжөөд байдаг. Түүх ч үүнийг гэрчилдэг. Тухайлбал, сүүлийн 40 жилийн дотор хамгийн баян америкчуудын орлого дөрөв дахин нэмэгдсэн. Америкийн хамгийн том банкууд хямралын дараа улам хүчирхэг, нөлөөтэй болсон. Ганцхан жилийн дотор саятнуудын тоо 1,629 мянгаар нэмэгдсэн. Их Британи, Герман, Франц, Итали, Австрали, Япон, Канад, Хятад зэрэг орны саятнуудын тоо өнгөрсөн жилийн хугацаанд мөн л нэмэгдсэн бол Индонези, Орос, Норвеги, Аргентин, Турк улсуудынх харин цөөрчээ. 

БАЯЛГИЙН ХУВААРИЛАЛТ 

Баян, ядуугийн ялгаа хэзээд байсаар ирсэн. Цаашдаа ч байсаар байна. Гэхдээ энэ ялгаа байгаа эсэхэд бус харин ялгаа улам нэмэгдэж байгаад гол асуудал буй. Улс орны баян, ядуугийн ялгааг судлахдаа Жини коэфициентийг ашигладаг. Индекс 0-тэй тэнцүү байна гэдэг хүн амын дундах баялгийн хуваарилалт төгс байгааг харуулна. Харин энэ индекс 100 байна гэдэг тэгш хуваарилалт огт байхгүй гэсэн үг. 
Дэлхийн хэмжээнд Жинигийн индекс 1820 онд 49 гэж тодорхойлогдож байснаас хойш 1950 он хүртэл тун бага өөрчлөгдөж байв. Харин 1950-1980 онуудад огцом унаж ирээд дараа нь дахин өсч 1820 оны түвшинд хүрсэн төдий цаашид өссөөр 2000 онд 66 болсон байх юм. Дэлхийн хэмжээнд баялаг өсөн нэмэгдсээр байгаа атал хуваарилалт нь улам бүр жигд бус болж байгаа нь тун түгшүүртэй. Баялгийн хуваарилалт тэгш бус байхыг дагаад улс төрийн тэгш бус байдал үүсч, улмаар эдийн засгийн хөгжлийн боломж тэгш бус болж нийгмийн “лифт” буюу доод давхаргаас дундаж руу, дунджаас дээд давхарга руу шилжих хөдөлгөөн тун бага, хөшүүн болдог. Цаашлаад тэгш бус байдал нэмэгдэхийг даган ядуу давхаргад үзүүлэх шаардлагатай тэтгэлэг, нийгмийн халамж үзүүлэх зайлшгүй шаардлага өснө. Эрс өөрчлөлт хийлгүйгээр нийгмийн халамж үзүүлсэн болоод хүн амын дийлэнх нь болсон ядуу давхаргыг тогтоон барих боломжгүй тул эсэргүүцлийн хөдөлгөөн, үймээн, бослого, хувьсгал гарах нь зөвхөн цаг хугацааны асуудал болж хувирна. 
Баялгийн хуваарилалт тэгш бус болоход нөлөөлж байгаа өөр нэг зүйл нь улс хоорондын эрх тэгш бус байдал. Өөрөөр хэлбэл баян ба ядуу орнууд хоорондын ялгаа улам нэмэгдэж байгаа байдал. Сүүлийн жилүүдэд энэ ялгаа улам л нэмэгдсэн. 
1820 онд дэлхийн хамгийн баян, хүчирхэг гүрэн байсан Их Британи нь тухайн үеийн дундаж ядуу улсаас тав дахин баян байжээ. Гэтэл өнөөдөр дэлхийн хамгийн баян АНУ нь дундаж ядуу улсаас 25 дахин баян болсон. Энэ ялгааг дагаад ядуу орны хөдөлмөрийн чадвар өндөртэй, идэвхтэй хэсэг нь амьдрах илүү сайн нөхцөл хайж баян улсууд руу олноор цагаачлах үзэгдэл үүсдэг. Нийгмийн хамгийн идэвхтэй хэсэг нь гадаадад ажиллахаар явахаар хүнд байдалд байсан ядуу оронд өөрчлөлт хийж эдийн засгаа хөгжүүлэх чадвар боломж улам л багасна. Улс орны баялгийн ялгаа эрс тэс байгаа дээр суурилсан улс төр ба шашны хэт явцуу үзэл газар авах эрсдэл нэмэгддэг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан