Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮДЭД 27 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ

ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж өнөөдөр "Сайдын 30 минут" уулзалтад оролцож салбартаа өрнөж буй ажлуудаа танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

ҮХААЯ-наас “Хөдөө аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах төлөвлөгөө”-г боловсруулж, Засгийн газрын хурлаар баталсан байна. Тус төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, болзошгүй байгалийн гамшиг, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд, хэдэн арга хэмжээ авсан байна.

Тухайлбал, энэ жил нийт газар нутгийн 60 хувь нь бэлчээрийн ургалт сайн, 40,0 хувь нь гантай буюу гандуу байгаа аж. Улсын хэмжээнд 50,0 сая гаруй мал өвөлжиж хаваржих төлөвтэй байгаа тул нийт 1 сая 250,0 мянган тонн өвс, 98,0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 29,5 мянган тн өвс бэлтгэх даалгаврыг орон нутагт өгчээ. Хадлан бэлтгэлийн ажилд нийт 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100  хөдөлгөөнт гар хадуур,  453 том, дунд оврын трактор ажиллаж байгаа бөгөөд нийт 180 мянган хүн оролцож байна. Өнөөдрийн байдлаар нийт 968,7 мянган тонн өвс, 68 мянган тонныг бэлтгэжээ.

Шинээр 105.3 га отрын бүс бий болгожээ

Засгийн газрын тогтоолоор Ховд аймгийн Дарви сумын нутагт 105,3 мянган га бэлчээрийн талбайг баруун бүсийн аймаг дундын отрын бэлчээр болгон улсын тусгай хэрэгцээнд авах болжээ. Энэ онд 10 аймгийн 40 гаруй сумаас 1.5 сая хонь отрын бүсэд  өвөлжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд үүнээс 1.2 сая толгой малыг өвөлжүүлэх шийдвэр гаргажээ. Одоогоор аймгууд мал оруулж өвөлжүүлэх хуваарийг гарган, оторчдыг хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа аж.

850 үхэр нутагшуулжээ

Энэ онд гадаад орнуудаас 1000 үхэр оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд Франц, Герман, Словак улсаас өндөр ашиг шимт симменталь, монтбелъярд, хар тарлан үүлдрийн 850 үхэр импортлон нутагшуулжээ. Мөн ОХУ-аас 800 бүл зөг оруулж ирсэн бөгөөд зөгийний аж ахуй эрхлэгчдэд гурван жилийн хугацаатай эргэж бүлээр нь төлөх нөхцлөөр олгосон байна.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

ҮХААЯ-наас “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл”-ийг шинээр боловсруулж байгаа аж. Хуулийн төслийн хүрээнд мал эмнэлгийн салбарын мэргэжилтнүүдийн хурал зөвлөгөөн, бүсчлэн зохион байгуулсан онол-үйлдвэрлэлийн бага хурлуудад танилцуулж хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Шинээр боловсруулж буй хуулийн төсөлд мал эмнэлгийн албаны шуурхай, бэлэн байдлыг хангах, халдварт өвчний дэгдэлтийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, улмаар хүн амын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, малчин, мал, амьтны эзний үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг шинээр тусгажээ. Уг хуулийг боловсруулж дууссан бөгөөд Засгийн газрын хуралдаанд танилцуулахад бэлэн болжээ.

Улаанбуудайн ургац хураалт 95.2 хувтай байна

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөсөн байна. Энэ сарын 14-ний байдлаар 72.3 мянган га талбайг ангилан хадаж, 70.5 мянган га талбайг цайруулж, 225.1 мянган га талбайг шууд хурааж 463.1 мянган тонн үр тариа, хураан авчээ. Мөн 13.1 мянган га-гаас 160.0 мянган тонн төмс, 8.0 мянган га-гаас 101.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 95.2 хувь, төмсний хураалт 98,6 хувь, хүнсний ногооны хураалт 96.9 хувьтай явагдаж байна.

Шинэ ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан 25.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүд 199.6 мянган тонн, нийт 224.6 мянган тонн буудай борлуулагдаж үтрэм дээр 151.6 мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа аж.

Нөөцийн мах бэлтгэх компанийн сонгон шалгаруулалтыг дахин явуулна

Махны үнийг тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Дархан, Эрдэнэт хотын махны хэрэгцээг хангах зорилгоор “Дархан мийт фүүдс”, “Эрдмийт” компани тус бүр 1000 тонн мах нөөцлөх болж, бэлтгэл ажлаа хангаж дууссан байна. Улаанбаатар хотын хүн амын махны хэрэгцээг хангах компанийн сонгон шалгаруулалт маргаантай болсон тул сонгон шалгаруулалтыг дахин явуулах болжээ.

Мөн ҮХААЯ 23 гурилын үйлдвэртэй “Гурилын үнэ тогтворжуулах” гэрээ байгуулснаас есөн гурилын үйлдвэрт 27 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн гурилын үнийг хэрхэн тогтворжуулах талаар Монгол банк, арилжааны банкууд, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцсон байна. ҮХААЯ, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, МХЕГ-ын хамтарсан ажлын хэсэг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган аймгуудын гурилын үйлдвэрүүдийн элеваторын чанар байдалд дүгнэлт, шалгалт хийж байгаа аж.

ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж энэ сарын 06-08-ны хооронд Москва хотноо ажлын айлчлал хийжээ.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федоров, Мал эмнэлэг хорио цээрийн албаны дарга А.С.Данкверт нартай уулзан Монгол Улсаас ОХУ-д экспортолж буй мах, махан бүтээгдхүүн болон хөдөө аж ахуйн уламжлалт зарим бүтээгдэхүүнд ОХУ-аас ноогдуулж буй татварыг тэглэх, Махны экспортийн хорио цээрийн нөхцлийг хөнгөвчлөх талаар хэлэлцсэн байна. ОХУ-ын талаас Монголын талын татвар хөнгөвчлөх хүсэлтийг ОХУ-ын Засгийн газарт уламжилж, дэмжлэг үзүүлэх болжээ. Мөн экспортлох махны чанар, аюулгүй байдлын баталгааг хангасан тохиолдолд Монголын нийлүүлж чадах хэмжээгээр Оросын талаас махны импортын квот өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан