Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

14 градус гэв үү, өрөөндөө жаахан зутруу өвөлжих нь ээ дээ

Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр буй. Иймд одоо байгаа дулааны цахилгаан станцууд чинээндээ тултал ажиллаад ч хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүйд хүрсэн гэдэг. Иймд “ТЭЦ-3”-ыг 50 МВт, “ТЭЦ-4”-ийг 128 МВт-аар энэ онд өргөтгөж ашиглалтад оруулах болсон. Үүнээс гадна “Амгалан” дулааны станц шинээр барихаар төлөвлөсөн. Гэвч дулааны хоёр эх үүсвэр нь  ашиглалтад орох хугацаа хойшилсон юм. Иймд энэ өвөл Улаанбаатарын дулаан хангамж доголдож магадгүй боллоо хэмээн Эрчим хүчний инженерүүдийн холбооноос үзэж байна.   
 
Одоогоор “ТЭЦ-3”-ын өргөтгөл ашиглалтад орсон билээ. Ингэснээр цахилгаан 50 МВт, дулаан 100 ГКал цаг нэмэгдэж буй юм. Өнгөрсөн онд дулааны эх үүсвэр хүрэхгүй тул 100 гаруй барилгад дулаан өгөөгүй. Энэ онд эдгээр барилгыг төвийн дулааны шугамд холбосон. Иймд эдгээр барилга 85 Гкал цаг дулаан авах болжээ. Тэгэхээр “ТЭЦ-3”-ын өргөтгөл  энэ хэрэглээг л хангах хүчин чадал аж. “ТЭЦ-4”-ийн 100 МВт-ын өргөтгөл арваннэгдүгээр сарын 14-нд  ашиглалтад орох байв. Гэтэл ирэх оны нэгдүгээр сарын 20-нд  ашиглалтад орохоор болж хойшилсон.  Уг нь төлөвлсөн хугацаандаа ашиглалтад орсон бол  нийслэлд 123 МВт цахилгаан, 188 Гкал цаг  дулаан шинээр нийлүүлэх байлаа.
Ийнхүү ашиглалтад ороо­гүй тул урьдын адил хойд хөр­шөөс цахилгаан импортлох нь. Манай улс өнгөрсөн онд Оросоос 30 сая ам.доллараар  175 МВт цахилгаан худалдаж авсан байдаг. Цахилгааны хан­гамжаа ингээд шийдлээ гэ­­хэд дулааны хэрэгцээгээ яах вэ гэдэг асуулт гарч ирж буй аж.  
Амгаланд барьж буй  дулааны станц 300 Гкал цаг  дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ оны аравдугаар сарын 15-нд ашиглалтад орох байв. Гэвч ашиглалтад орох хугацаа нь бас л хойшлоод байгаа юм. Хэрэв уг  дулааны станц ашиглалтад орвол 13, 14, 15, 16 дугаар хороолол, Амгалан, Шар хадны  шинэ,  хуучин барилгуудыг  дулаанаар хангах ёстой.  
Улаанбаатар хотын дулаан хангамжийн талаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Самдан өчигдөр мэдээлэл хийв. Тэрээр “Улаанбаатарт олон барилга сүндэрлэн босч байна. Иймд дулааны хэрэглээ жил бүр өсөх болсон. Гэтэл дулаан хангамжийг сайжруулах ёстой “ТЭЦ-4”-ийн өргөтгөл, Амгалангийн дулааны станц ашиглалтад орох хугацаа хойшиллоо. Тэгэхээр энэ өвөл Улаанбаатарын дулаан хангамж доголдож магадгүй нь. Амгалангийн дулааны станц ирэх оны тавдугаар сард л ашиглалтад орж мэдэх юм. Яагаад гэвэл ажлын явц нь удаан, бэрхшээл нэлээд гарч байна. Тухайлбал, гадна инженерийн шугам сүлжээ алга. Бохир,  цэвэр усыг нийслэлээс шийдэх ёстой ч  коллекторыг  нь холбоогүй байгаа. Үүнээс гадна хөрсний усыг шавхраагүй  тул дулааны станцын барилгын суурь эвдэрч сүйдэх аюул тулгарлаа. Дулааны станц нүүрсээ татаж авах төмөр замын дэр модыг солиогүй байна. Хамгийн гол нь дулаан түгээх ёстой 770 метр шугамын төгсгөлд хоёр хаалт тавьж төвийн халаалтад есдүгээр сарын 15-наас өмнө холбох ёстой байсан. Одоо ингэж холбохын тулд  урьд нь хуучин халаалтын зуухнаас дулаан авдаг байсан “УС-15”-ын  60 айлын таван сууц, Хууль сахиулах их сургуулийн  60 айлын хоёр орон сууц, дахин төлөвлөлтөөр баригдсан 9 давхар орон сууцнуудын халаалтыг 48-72 цаг дулаан тасална гэсэн үг.  Мөн Амгалангийн дулааны станц өөрөө 35 барилга байгууламжаас бүрдэх юм. Үүний 20 гаруйг нь дулаанаар хангах ёстой. Тэгэхдээ уг дулааны станц өөрөө хангах учиртай. Эдгээр барилгууд бүгд дулаан авч байж дотор талдаа техник тоног төхөөрөмжөө угсрах ёстой. Арваннэгдүгээр сард  олон жилийн дунджаар 13.7 градус хүйтэн байдаг. Гэтэл ийм хүйтэнд ажил хийнэ гэж байхгүй. Иймд үүнийг яаж дулаанаар хангах вэ гэдэг нь толгойн өвчин болоод байна” гэж мэдээллээ.    
Амгалангийн дулааны станцыг хятадын хөрөнгө оруулалттай “СМЕК” компани түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй барьж буй. Тус компанийнхан уг дулааны станцыг ашиглалтад оруулах хугацаа яагаад сунжирч байгаад тайлбар хийжээ. Тэгэхдээ “Манай компани  дулааны цахилгаан станц барих талбайг хүлээж авахад газар дээр юу ч байгаагүй чөлөөлсөн байсан. Гэвч  газар дор маш их төмөр, бетон үлдсэн байлаа. Үүнийг зайлуулахад маш их хугацаа зарцуулж байна. Барилгын ажил эхлээгүй байхад  мэдсэн бол тэсэлгээ хийгээд цэвэрлэх байлаа” гэсэн байна.  
Ашиглалтад орох хугацаа хойшлоход нөлөөлж буй нэг том бэрхшээл нь хөрсний ус. Өөрөөр хэлбэл, Улиастайн амнаас эх аван урсдаг  горхи барилгын ажилд саад болж байгаа аж. Энэ ус өвөл хөлдөөд барилгын суурийг эвдэж болзошгүй байдалд хүргэжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр Шар хаданд орон сууц барьж байгаа. Эдгээр орон сууцны цэвэр, бохир ус зайлуулах коллектортой холбох ёстой.  Гэтэл  энэ ажлыг хийх хөрөнгийн эх үүсвэрийг  шийдэж амжаагүй өдий хүрчээ. Одоо л уг ажлыг хийх гүйцэтгэгч нь тодорч байна. 
Бас Улаанбаатар төмөр замтай 1.5 км замын дэр модыг солих  гэрээ хэлцлээ саяхан байгуулжээ. Дулааны станц ажиллаж эхлэх үед энэ замаар өдөрт 60 вагон нүүрс  татан авна.  
Үүнээс гадна дулааны шугам сүлжээг угсрахад маргаан гарсан гэнэ. Учир нь Улаанбаатар дулааны сүлжээ компани дулааны шугамын зарим тоног төхөөрөмж нь зураг төсөлд тусгасан евро стандартын шаардлага хангахгүй байна гэж мэдэгдсэн байна. Гэвч шаардлага хангаагүй тоног төхөөрөмжөө солиогүй аж. Ингээд тус байгууллага Мэргэжлийн хяналтын газарт хандан  шалгуулж дүгнэлт гаргуулжээ. Гэтэл уг төслийг хэрэгжүүлж буй хятадын “СМЕК” компани бид түлхүүр гардуулах нөхцөлтэй ажиллаж буй тул бүх хариуцлагыг үүрч байгаа гэсэн үг. Тэгэхээр бид стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн ашиг­лаж байгаа юм. Дулааны шугамд тавьж буй тоног төхөөрөмж нь  евро стандар­таар Хятадад үйлдвэрлэсэн гэж мэдэгдсэн байна. 
Монгол Улсын зөвлөх инженер Д.Самдангаас яагаад ийм маргаан гарсан, үнэхээр чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмж мөн эсэх талаар тодруулсан юм. Үүнд тэр  “Технологийн  тоног төхрөөмжид тухайн захиалагч байгууллага хяналт тавих ёстой. Эрчим хүчний яамны дэргэд өнгөрсөн онд Эрчим хүчний хөгжлийн төв байгуулсан юм. Энэ байгууллага Амгалангийн дулааны станцын барилгын ажилд хяналт тавих ёстой. Гэтэл хяналт тавиагүй. Энэ төв цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн Амгалангийн дэд станцаас дулааны станц хүртэл татсан  110 киловолтийн 900 метр урт өндөр хүчдэлийн шугамд хяналт тавьсан байна лээ. Гэвч 770 метр урт дулааны шугамд хяналт тавиагүй байна. Үүнээс шалтгаалж технологи, тоног төхөөрөмжийн  алдагдал гарсан гэж үзэж байгаа” хэмээн хариулав. 
Ингээд энэ өвөл Улаанбаатар хотын  дулаан хангамж доголдохгүй байх баталгаа бий эсэхийг асуухад “Дулааны Үндэсний диспетчерийн төвд би очиж уулзсан. Тэгэхэд тэд бид энэ жил “ТЭЦ-4”, Амгалангийн дулааны станцыг дулаан нийлүүлнэ гэж тооцоогүй. Зөвхөн нөөцийн горимоор л тооцсон. Эдгээр эх үүсвэрийн ашиглалтад  орох  хугацаа хойшилсон нь  асуудал биш гэсэн юм.  Гэвч дулааны хоёр томоохон эх үүсвэр ашиглалтад ороогүй байхад ямар нэг асуудалгүй байна гэж үгүй. Иймд энэ өвөл бид өрөөндөө 20 хэмийн дулаантай бус 14 хэмтэй байх нь. Тэгэхээр бид өнтэй өвөлжихийн тулд дулааны асуудлаа хэлэлцэж шийдэх ёстой болоод байна.  Дулаан цахилгаан дамжуулах сүлжээндээ байнга хөрөнгө оруулалт хийж байх ёстой” хэмээн мэдэгдэв. Улс орны хөгжлийн гол түлхүүрийн нэг  яах аргагүй цахилгаан, дулааны  хангамж юм. Бид сүүлийн арав гаруй жил дулааны тавдугаар цахилгаан станц барина гэж ярьж ирсэн. Гэсэн ч цаас, ам хоёроос газарт бууж барьж босгосон зүйл алга. Иймд эдийн засгийн өсөлтөө дагаад жил бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан дулааны хэрэглээгээ хангахын тулд нэн тэргүүнд хөрөнгө оруулалт хийхийг цаг үе шаардаж байна. Тэгэхгүй бол Улаанбаатар харанхуйлж, бас хөлдөж магадгүй болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан