Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БИШГҮҮРЭЭР “ТОМ ХӨДӨЛНӨ ӨӨ”

Хоёр өдрийн өмнөөс л бага хүүхэд маань бишгүүр нэхээд суулгахаа байлаа. Яг үнэндээ надаас нэхээд байсан ч юм биш. Ээжийнхээ л ар өврөөр гүйгээд бишгүүр авч өг гэж нэхэх. Юу юугүй л нөгөө бишгүүр хэрэглэх өдөр нь болсон бололтой би гэдэг хүн бишгүүрийн эрэлд гарах болов оо.
Ажил тарах дөхжээ. Эхнэрээсээ,
-Бишгүүрийг чинь хаанаас авах юм бэ, зах дээр байдаг биз дээ, гэхэд
-Юун зах, Бөхийн өргөөний наана, Баянзүрх зах руу эргээд явахаар “Тотал мюзик” гэж дэлгүүр байгаа. Тэндээс л...
-Олохгүй бол яах уу, цаашаа зах ороод авчих уу 
-Юун зах вэ. “Ямаха” гэсэн бичигтэй, чанартай бишгүүр аваарай гэсэн гээд байхад, гэж ирээд нэг л ёозгүй хэлж байна аа. Уг нь том хүүхэддээ бага байхад нь захаас бишгүүр авч байсан санагдаад л захаас авчих санаатай хэлсэн юм. Тэгээд ч арай хямдхан гэж бодсон хэрэг л дээ.
Ингээд л бишгүүр авахаар явж өглөө. Зам бөглөөтэй болохоор алхчихав. “Захаас авч болдоггүй яадаг шидтэй эд байна аа, заавал брэндийнх нь дэлгүүрээс авах юм байх. “Universe Best Songs”-ийн дундуур гардаг рекламаар бол тэр “Тотал мюзик”-д нь учиргүй л тансаг төгөлдөр хуур энэ тэр зардаг. Бишгүүр нь аягүй бол үнэтэй байгаа даа. Зах дээр бол мянган төгрөг л байгаа биз. Үгүй ер нь бидний багад дуу хөгжмийн хичээл дээр нотны л дэвтэр авч ир гэдэг болохоос хөгжим энэ тэр нэхдэггүй л байсан. Хувийн сургууль болохоороо л ийм сүртэй хичээл заадаг юм болов уу. Мэргэжлийн хөгжимчин биш заавал брэнд гээд байхдаа ч яахав.
Гуравдугаар ангийн хүүхдүүд бишгүүрчин болчих нь юу л бол. Мөдхөн  биеийн тамирын хичээл дээр гүйлтийн зам авч ир гэх вий дээ. Төлбөр авч байж тэрнээсээ бишгүүрээ авчихаж болдоггүй л юм байх даа” хэмээн элдэв зүйлийн юм бодсоор бишгүүр авах дэлгүүрээ олоод очлоо. 

Өө хөөрхий, өнөөх дэлгүүр нь хаалттай. 

Үүдэнд нь утсаа оролдон зогсч байсан настай авгай, хүүхэн хоёроос хаалттай байгааг нь мэдсээр байж “Энэ дэлгүүр хаалттай байгаа юм уу” гээд асуучихлаа. Өнөө авгай харин “Хаалттай л байна, хагас сайнд ирэхэд бас л хаалттай байсан” гэв. Алга дарам цаасан дээр 454545, 9913.... гэсэн дугаар бичээд хаалган дээр нь наажээ.
-Энэ утсаар нь асуусан юм уу
-45-тай дугаар нь авдаггүй ээ, нөгөөх нь болохгүй байна гэж нөгөө авгай бухимдангуй өнгөөр хэллээ.
Би ч брэндийн бишгүүрээ авч чадахгүй болсон хойно зах явахаар шулуудаж юутай ч төлөвлөгөө өөрчлөгдсөнөө мэдэгдэхээр “жанжин” руугаа залгалаа. 
-“Байна уу, нөгөө бишгүүрийн дэлгүүр чинь хаалттай байна. Ер нь онгойдог юм уу, хагас сайнд ч бас онгойгоогүй гэнэ. Уг нь 19 цагаас хаана гээд хаалган дээрээ биччихсэн байх юм яах уу. “Баянзүрх” захын тоглоомын худалдаагаар нь орж үзэх үү” гэв.
-Саяхан л наад 9913.... гэсэн дугаар руу чинь залгасан юм даа. Онгорхой л байна гэсэн гэж надад нэг л итгэсэн янзгүй, захаас хямд, муу юм авах гээд байна уу гэсэн өнгө дуунаас нь илт.
-Тэгээд яах юм бэ, энэ дэлгүүрийн өөр салбар байдаг юм уу.
-Байдаг л гэсэн дээ, за байз... гэж байтал хажуунаас та нар ийм юм хайж байна уу гээд ууттай бишгүүр, сэтгүүл шиг юм барьсан хүүхэн, залуу хоёр асуулаа.
-Тийм, хаана зарж байна гэж бид гурав бараг л зэрэг шахам асуув. Хагас сайнаас хойш эргэлдсэн өнөөх авгай ч гэсэн алдсан зүйлээ олсон юм шиг царайд нь баярлангуй төрх гийлээ.
-Наагуур чинь онгойхгүй байна лээ араар нь тойроод... 
Үгийг нь ч гүйцэд сонсч амжилгүй дэлгүүрийн араар тойрохоор шурхийлээ. Араас яваа хоёроосоо өрс­­чих санаатай түргэн түр­гэн алхана. Тэрхэн зуур хөөр­хөн өрсөлдөгчид болоод хувирчихав. Яагаад ч юм тэр үед “бишгүүр их эрэлттэй байгаа юм байна, монголчууд бараг бүгдээрээ эндээс авч байгаа бололтой, түрүүлж очихгүй бол дуус­чих ч юм билүү” гэсэн бо­дол зурсхийсэн болохоор нарий­­хан явган замаар гүйцэж түрүүлэх зай өгөлгүй жирийлгэж өглөө. 
Гарааш бололтой, доошоо налуу подволийн том хаалга дэлгээстэй дүүрэн цаасан хайрцаг хураачихаж. Харалдаа дээд талынх нь цонхоор микрофон, хөгж­мийн төрөл бүрийн зэмсгүүд харагдана. Нөгөө дэлгүүр нь мөн бололтой. Ашгүй агуулахыг нь олоод ирчихэж. 
-Энэ хөгжим зардаг дэлгүүр нь мөн үү гэж гадаа нь зогсоо хүүхэн залуу хоёроос асуутал,
-Аан, энэ мөн мөн. Манайх харин ус алдаад...
-Өө ашгүй, нэг бишгүүр...
-Аан та эндээс авчих гээд хураалгаатай бараан дундаас нэг хүүхэн гарч ирээд хайрцаг нээж өнөөх бишгүүрийг чинь гаргаад ирлээ шүү. 6900 гэж дуулсан ч гэлээ “хэд билээ” гэж лавлалаа.
-6900 төгрөг.
Бишгүүрээ аваад үзэж байтал номыг нь авах юм уу, тавдугаар анги хүртлээ үздэг ш дээ гэж байна.
-Хэд юм.
-3000 
-За авъя, аягүй бол дараа нь дахиж явах гэж түвэг гэж хэлээд 10000 төгрөг сарвайгаад, багсайтал мөнгө барьсан хүүхнээс зуун цаасны хариулт аваад гарч өгөв өө. Өнөөх багахан хугацааны өрсөлдөгч болсон авгай, хүүхэн хоёр ч бишгүүр, ном авч байна. Бишгүүрийн гүйлгээ муугүй байгаадаг шүү.
Ажил эрт тарна гэж байх биш эргээд ажил дээрээ ирээд авсан бишгүүрээ үлээж үзэв ээ. Хөгжмийн нарийн мэдлэг, мэд­рэмж дутмаг миний хувьд авсан бү­тээг­­дэхүүндээ ганц л онош тавина. Лав л дуугарч байна. “Хүүхэддээ аваа юу, манайх бас авсан” гэж ирээд л ажлынхан бараг л бүгд бишгүүрчинтэй бо­лоод явчихав аа. Миний нө­г­өө хувийн сургууль л бо­ло­хоороо бишгүүр энэ тэр гэж элдвийн юм нэхлээ гэж бодсон маань эндүү байжээ. Хувь хувьсгалгүй биш­гүүрээр “амьсгалж” байгаа юмсанж. Ингээд ажлаар нэг бишгүүрийн хийгээд “бишгүүрчин” хүүхдүүдийн тухай яриа өрнөх нь тэр ээ. Сонсоод байтал за­рим сургуу­лийн багш нар нь “Ямаха”-гийн бишгүүр аваарай гэж чухалчилсан байх юм. Тэгээд орой харих замдаа барьсан бишгүүрийнхээ тухай бас л бодсон хэвээр. 
Бодоод байхад улсын... за, улсын байг ээ нийслэлийн сургуулиуд хувь хувьсгал гэлтгүй 3-5 дугаар ангийн дуу хөгжмийн хичээлээр бишгүүр заадаг болжээ дээ. Өөрт л тохиолдохгүй бол энэ нууцлаг ч гэмээр сурталчилгаа шаардахгүй бизнесийг тэр бүр анзаарахгүй нь байна шүү. Юу болоод гэнэт л иргэн бүрийг бишгүүрчин болгох лут зорилт энэ боловсролынхон тавьчихав. Манай улс чинь сүүлийн үед мянган бөх, арван мянган хурдан морь гээд үндэсний гэсэн бүхнээ л Гиннест оруулчих гээд зүтгээд байдаг болсон. Одоо бүр “том хөдөлж” дэлхийд танил зэмсгээр 100 мянган бишгүүрчний тоглолт хийж Гиннесийн амжилтын бүртгэлээ зузаатгах гэж байгаа ч юм уу гэсэн хөгийн зүйл ч бодож явлаа.

ТОМ ТЕНДЕРИЙГ “ТОТАЛ МЮЗИК”-Т ЗОРИУЛСАН ЮМ БИШ БИЗ

Улсын хэмжээнд албан бус тоогоор 136188 бишгүүрчинтэй болжээ. Тодруулбал, Ерөнхий боловсролын  сургуулийн 3-5 дугаар ангид энэ жил ийм тооны сурагч суралцаж байна. Тэд бүгд хөгжмийн хичээлдээ суухын  тулд бишгүүр хэрэглэх ёстой. Нэг бишгүүр 6900 төгрөг. Ингэж бодохоор 939,697,200 төгрөг буюу нэг тэрбум орчим төгрөгийн бишгүүр сурагчдад хэрэгтэй. Энэ мөнгө жил бүр шинээр гуравдугаар ангид элсэн орох хүүхдийн тоогоор буюу ойролцоогоор 300 сая төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг. Ингээд бодохоор яах аргагүй том хэмжээний бизнес болж байна. 
Хамт олон дунд өрнөсөн яриагаар бол заримын маань хүүхэд өнгөрсөн жилээс л бишгүүрчин болжээ. Харин багш нь анх бишгүүр авахад нь “Тотал мюзик”-ийг санал болж, зааж өгсөн гэнэ. Тэгэхээр энэ бизнес өнөө жилээс эхлээгүй бололтой. 

Бишгүүр бол хөгжим

Сэтгүүлч хүн хардах эрхтэй байдаг. Тийм ч учраас энэ ярианаас үүдэн хар бараан олон л бодол толгойд эргэлдэв. Гэхдээ юу юунаас урьтаж “Яагаад заавал бишгүүр гэж” гэдгийг тодруулахаар Боловсролын хүрээлэнгийн Хөгжмийн хичээлийн агуулга хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Х.Энхжаргалтай холбогдлоо. Учир нь, энэ хүн бага боловсролын шинэчлэлийн Хөгжмийн хичээлийн агуулгыг гардаж ажилласан нэгэн. 

Тэрээр “3-5 дугаар ангидаа хүүхдүүд нот үзэж эхэлдэг. Үзсэн хичээлээ хөгжмийн ямар нэг зэмсэг ашиглан туршилт хийснээр тэр хичээл нь хүүхдүүдэд үлдэж чаддаг. Яагаад бишгүүр хөгжмийг сонгосон бэ гэхээр хүүхдүүд аваад явахад хөнгөн. Олон улсын жишгээс авч үзсэн ч тэр хүүхдүүдэд хөгжимтэй харьцах дадал бий болгохдоо бишгүүрээс эхлэн заадаг. 
Мөн энэ хөгжмийг хүүхдүүд тоглосноор уушигны багтаамж нь сайжирна” гэв. Түүнээс багш нар яагаад заавал “Тотал мюзик”-ээс авахыг санал болгоод байгааг асуувал “Бишгүүр хөгжим нь өөрөө маш олон төрлөөр үйлдвэрлэгдсэн байдаг. Ялангуяа хятадаас орж ирдэг хөгжмүүд бол тоглоомын зориулалтаар хийгдсэн байдаг учраас хөгжим гэж хэлэхэд дуугаралт нь хэцүү. Нэг ангийн бүх хүүхэд олон янз дуугардаг бишгүүр хөгжим үлээж байна гээд төсөөлөөд үз дээ. Төсөөлөхөд ч бэрх. Тийм учраас нэг хөгөөр хөглөгдсөн хөгжмөөр жигдлэхийн тулд “Ямаха”-гийн бишгүүр гэж байгаа байх. Түүнийг нь ганцхан “Тотал мюзик” л оруулж ирдэг. Японд үйлдвэрлэгдсэн, шаардлага хангасан бишгүүр л дээ” гэв. 
Мөн тэрээр хөгжмийн хичээл ерөнхий боловсролын есдүгээр анги хүртэл ордог учраас тавдугаар ангиас цааш арай өөр хөгтэй, том бишгүүр, гитар, морин хуур, төгөлдөр хуур зэрэг хөгжим заах төлөвлөгөөг хичээлийн шинэчлэлд оруулахаар ярьж байгаа. Хүүхэд бүрт морин хуур зааж болно. Гэтэл нэг морин хуур доод тал нь 150-160 мянган төгрөг байгаа. Тийм үнээр хүүхэддээ айл бүр морин хуур авч өгч чадахгүй. “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд хичээлээсээ гадуур өөрийн сонирхсон хөгжмөөрөө хичээллэж болно. Хичээлээс гадуурх хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтууд сургууль бүрт өрнөж байгаа гэдгийг хэлсэн. 
Энэ багшийн яриаг сон­соод бишгүүр бол хөгжим. Тийм учраас заавал үндэс­нийх биш гэдгээр нь ч га­дуур­хах хэрэг алга гэдэг бодол төрөв. 

Хэнд хэрэгтэй тендер вэ 

Ийн тайвшраад өөр бас бус зүйл олж мэдэх санаатай интернэтийн хайлтын систем дээр “бишгүүр” гэж бичээд дарчихав. Хамгийн эхний нүүрэн дээр “Ерөнхий боловсролын сургуулиудад бишгүүр хөгжим нийлүүлэх” гэсэн бичиг гарч, хараа булаав. Орж үзвэл дунд сургуулиудад бишгүүр хөгжим нийлүүлэх байгууллагыг тодруулахаар БШУЯ-наас энэ оны наймдугаар сард тендер зарлагджээ.
Үүнийг уншчихаад 6900 төгрөгөөр бишгүүр хөгжим хүүхдэдээ худалдаж авч өгч байгаа маань салбар яамнаас хөнгөлсөн үнэ юм байна шүү дээ хэмээн бодсон ч тендерийн урилгыг уншаад зарим зүйлийг ойлгосонгүй.
Учир нь тус тендерийн шалгуурт нь “Тендерт оролцогч нь сүүлийн хоёр жил /2012он, 2013он/-ийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь 200,000,000.00 төгрөг болон түүнээс дээш байна хэмээн тусгажээ. Нийслэлд ийм орлого бүхий хөгжмийн дэлгүүр гарын таван хуруунд багтах төдий байгааг захын хөгжим сонирхогч хэлнэ. “Тотал мюзик”, “Монгол акустик” гээд л дуусчихна. Үлдсэн дэлгүүрүүд урд хөршөөс бараа оруулж ирж зардаг, бага гарынхан. 
Бас нэг гайхширмаар шалгуур нь “Сүүлийн гурван жилд /2011 он, 2012 он, 2013 он/-ийн хугацаанд энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх гэрээтэй ижил төстэй хамгийн багадаа нэг гэрээ гүйцэтгэсэн байна. Түүний үнийн дүн нь 100,000,000.00 төгрөг болон түүнээс дээш байна” хэмээн тодотгон заасан заалт. Хөгжмийн холбогдолтой том хэмжээний тендерийг ССАЖЯ-наас л зарладаг. Орон нутаг болон нийслэлийн чуулгуудад төсвийн мөнгөөр хөгжим худалдаж авахдаа хаа нэг зарладаг тендерт “Тотал мюзик” өрсөлдөгчгүй ялдаг гэдгийг олон хүн хэлдэг. Учир нь энэ дэлгүүр “Ямаха” брэндийн хөгжим оруулж ирдэг ганц газар. Мэргэжлийн урлагийн байгууллагад дуугаралт, үнэ, чанараараа тохирдог нь л энэ брэнд. Тийм учраас энэ салбарынхаа тендерт тус дэлгүүр монополь гээд хэлчихэд бараг л болохоор. 
Ингээд тус тендерийн учрыг лавлахаар тендрийн материал хүрээн авагч гэдэгт нэр нь тавигдсан БШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын мэр­гэжилтэн Л.Отгонсүрэнтэй холбогд­лоо. Тэрээр “Тенде­рийн материал хүлээн авах хугацаа дуусаад үнэлгээ хийж байгаа учраас одоо энэ талаар ярих боломжгүй” гээд утсаа тасалчихлаа. 
Ингээд бодохоор нөгөө 6900 төгрөг гэсэн үнэд салбар яам лав нөлөөлөөгүй аж. Гэхдээ 3-5 дугаар ангийнхан эцэг, эхийнхээ наагуур цаагуур гүйсээр аль хэдийнээ бишгүүртэй болчихсон байхад яамнаас зарласан тендер хэнд хэрэгтэй вэ гэдгийг ойлгосонгүй. Тендерт шалгарсан байгууллага ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй. 

“Тотал Мюзик” айл бүрийг бишгүүржүүлжээ

Уг нь “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Авьяас” хөтөлбөр хэрэгжээд гурав дахь жилтэйгээ золгож байна. Улсын хэмжээнд чамгүй амжилт гарсныг ярьж, бичихээрээ л нэг болсон. Энэ хөтөлбөр анх сургуулиудад хэрэгжиж эхлэхэд мөн л тендерийн хэл аманд орооцолдохгүй гэж сургууль бүрт 10 сая төгрөг өгч хөгжим хэрэгсэл авахуулж байсан билээ. Харин энэ удаа чухам юу хатгаад, хүүхдүүд бишгүүртэй болчихсон байхад бишгүүр нийлүүлэх тендер зарлачихав аа. Энэ хэн нэгний бизнест хөөрхөн дэмжлэг болчих гэсэн санаа биш байгаа гэж хардахтай зэрэгцээд зарим хүний амнаас жиг жуг яриа сонсов. 
Сураг ажиг тавих нь ээ бишгүүрийн бизнес зүгээр ч нэг тохиолдлоор “Тотал мюзик”-тэй холбогдоогүй гэсэн хар төрөх нь улам лавшраад байна шүү. Олон жил нам дарагдаж, сөрөг хүчний дүрд тоглосон ардчиллынхан ялснаар дээр дооргүй л эвтэйхэн суудалд сууж бага ч атугай хувь хүртчих санаатай толгойгоо гашилгацгаана. За тэгээд суудалтай болсон нэгнийгээ суудалгүй хоцорсон нөгөө нь шахааны үүр болгож ашиглах нь аль ч засгийн үед байсан жишиг. Энэ л зарчмаар “Тотал мюзик”-ийнхэн өөрсдийнхөө өнцгөөс ашиг олж харжээ дээ. Тэд зам, барилга энэ тэр гэж хэл амтай том тендер хөөцөлдсөнгүй. Жаахан овжин зан гаргаад салбар яамнаас зарласан тендерийн хариуг сонсолгүйгээр хам­гийн эвтэйхнээр хам­гийн хүр­тээмжтэй, тасралт­гүй үргэлжлэх зах зээл  эхлүүлжээ. 
Жил бүр гуравдугаар ан­гийн­­хан бишгүүрээ хайсаар л, багш нар нь дэлгүүрээ заасаар л байна биз. Тус дэлгүүрийнхэн Ерөнхийлөгчийн айл бүр морин хуураа залъя гэх уриалгаас урьтаад айл бүрийг бишгүүржүүлээд авах нь тодорхой болсон. 
“Тотал мюзик”-ийн эзэн өнөөдөр төрд зүтгэдэг улстөрийн албан хаагч нэгэнт болсон нь дуулдсан. Тэрээр АН-ыг төлөөлж нэгэн аймгийн Засаг ноён болж заларсан. Гэхдээ ингэлээ гээд бизнесээ орхихыг хүсээгүй нь тодорхой. Ямартай ч яамнаас зарласан тендер ямар учиртай вэ. Тэр тендерт төсөвлөсөн мөнгө хэнд очих гээд байгааг эргэн сурвалжлан хүргэнэ. 
Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан