Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ яамдын сайдгүй өдрүүд эхэллээ


Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж зургаан яамыг нэгтгэж, гурав болгон өөрчилж байгаа. Тиймээс салбарын сайд нарыг нь эхлээд чөлөөлөх төсөл Засгийн газраас оруулж ирсэн. Тэр дагуу нь Төсвийн Байнгын хороо, Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод хуралдаж чөлөөлөх асуудлыг дэмжин чуулганы хуралдаанд шилжүүлэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар долоон сайдыг чөлөөлөх асуудал хэлэлцээд гишүүдийн дийлэнх нь дэмжсэн. Гэхдээ үүний өмнө гишүүдийн дунд багагүй маргаан өрнөсөн юм. Сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн Байнгын хороодын хуралдааны дүгнэлтэд сайн ажилласан гэж оруулсан нь маргааны үндэс болов.

УИХ-ын гишүүн О.Баа­санхүү: Сайн ажилла­сан учир сайд нарыг чөлөөллөө гэж ойлгогдож байна. Цомхотголд орсон хүмүүст дараа нь ямар албан тушаал өгөх вэ. МАН сайд нарыг томилох асуудалд завсарлага авсан нь төрийн тасралтгүй зарчмыг алдагдуулж байна. Яамдыг эзгүй тав хоног байлгах гээд байх шиг. Тийм бол энэ тав хоногт МАН-аас сайд тавьчихаж болохгүй юу. Энэ эзгүй байх хооронд төрийн өмч хөрөнгө алга болж, шамшигдах вий. Хариуцлагыг хэн хүлээх вэ.

Төсвийн байнгын хо­рооны дарга Ц.Даваасүрэн: Цомхотголд орсон хэрэг ч биш юм. Өмнө нь томилоод дараа нь чөлөөлдөг байсан. Энэ удаад чөлөөлчихөөд томилох асуудал оруулж ирлээ. Цомхотголд өртсөн хүмүүсийг дараа нь ажилд оруулах, урамшуулах зэргийг мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Ж.Энх­баяр: Байнгын хорооны дүгнэлтийг харахад сайд нарыг солих үндэслэл олж харахгүй байна. Төсөв санхүүгийн чиглэлээр үүргээ сайн гүйцэтгэсэн, сайн ажилласан гэж. Сайн ажилласан юм бол яагаад чөлөөлж байгаа юм. Улс төрийн хариуцлага тооцохгүй, өөрөө өргөдлөө өгөөгүй байхад нь сайдаас чөлөөллөө. Хоёрдугаар ээлж хоолонд орох гэж байгаа юм уу. Төрийг самарсан үйлдэл байна. Ерөнхий сайдыг чөлөөлөх асуудлыг өргөн барихаар болчихож. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монголын төрөөр тоглоод байгаа юм алга. Засгийн газрыг босгодог, бүтээдэг, эмхэлдэг зүйл бий. МАН-ыг засагт оруулаагүй учраас хоёр жил элдвээр харааж байна. Ж.Энхбаяр гишүүн та ч бас орон тоо гарахад сайд болоод явж л байсан. Аль болох засгийн ажлыг хэд хоногоор уяж байгаа л нэг хэлбэр. Төсвийн хэлэлцүүлгийг л хойш нь татаж байгаа гэсэн үг. М.Энхболд дарга мэдэж байгаа. Бүтцийн өөрчлөлт хий гэж та нар өөрсдөө хэлсэн. Харин ч хорин жил хийгээгүй ажлыг хоёр жилд энэ сайд нар хийсэн юм шүү. Та нар ч бас хэзээ нэг цагт засгийн эрх барина. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй шүү дээ.
Тус хуралдаанаар эхлээд Сангийн сайдаас Ч.Улааныг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд асуулт хариултын үеэр маргалдсан ч санал хэлэхээр танхимд ирсэн 61 гишүүний талаас илүү нь нэрээ бүртгүүлэв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат горимын санал гаргаж, УИХ-аас чөлөөлсөн тухай нэг л тогтоол гарах учир эхлээд Байнгын хороодын дүгнэлтийг бүгдийг нь сонссоны дараа асуулт, хариулт, саналаа нэгтгэе гэсэн нь дэмжлэг авсан юм. Үүний дараа асуулт хариултаар үргэлжилсэн.

УИХ-ын гишүүн Г.Баяр­сайхан: Ж.Энхбаяр гишүүн матарын нулимс унагаж байна. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг гишүү­дийн хүссэнээр л оруулаад ирлээ. Гэтэл завсарлага авчихлаа. Сөрөг хүчин нь бүтээлч байдлаар ажиллаачээ. Маш олон асуудал хойш тавигдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Дэм­бэрэл: Бүтцийн өөрчлөлтөө Засгийн газар буруу хийсэн. Бүтцийн өөрчлөлтийг шинээр томилогдсон Ерөнхий сайд л хийдэг жишиг бий. Ерөнхий сайд П.Жасрайн үед л нэг удаа бүтцийн өөрчлөлт оруулж байсан. Ер нь, Ерөнхий сайд нэг л удаа бүтцийн өөрчлөлт хийдэг байх ёстой. Бүтцийн өөрчлөлт хийнэ гэж тоглодог байдлыг болих хэрэгтэй.

Ерөнхий сайд Н.Ал­тан­­­­­­хуяг: Өмнө нь ийм то­хиолдол гарч байсан. 2012 оны нэгдүгээр сарын 2-нд ор гарахад үүргийг хариуцуулж байсан юм билээ. Нэг үүргийг нөгөөд нь хариуцуулна. 

УИХ-ын гишүүн О.Баас­анхүү “Бүтцийн өөрчлөлт хийхээр төрийн хэдэн албан хаагч цомхотголд өртөх вэ” гэж асуухад Сангийн сайд Ч.Улаан “Нийтдээ 140 гаруй хүнээр орон тоо цөөрнө. Төсвөөс 1.3 тэрбум төгрөг хэмнэнэ. Хэнийг чөлөөлөх, шилжиж ажиллах, хэд нь тэтгэвэртээ гарахыг мэдэхгүй учраас нарийвчилсан тооцоо гараагүй” гэж хариулсан.
Асууж, тодруулах ажил үүгээр дууссан учир гишүүд саналаа хэллээ. Мэдээж, завсарлага авсан асуудлыг эрх баригчдын бүлэг буруутгаж, цөөнх нь буруу жишиг тогтоож болохгүй, бүх сайдынхаа нэр оруулсан тохиолдолд хэлэлцэх нь зөв, увуулан цувуулан томилгоо хийхгүй гэж байр сууриа хамгаалсан. УИХ-ын гишүүд Сангийн сайдыг огцруулах асуудал МАН-ын бүлгээс оруулж байсан мөртлөө өнөөдөр чөлөөлөхийг эсэргүүцэж байгаа нь арга ядсан улс төр, ийм жүжиг тоглохоо зогсоохыг цөөнхийн бүлгээс хүсч байв. Сайд тус бүрээр санал хураалгахад МАН-ын бүлгийн гишүүд дэмжихгүй буюу чөлөөлөхгүй гэдэг санал өгсөн. Хамгийн хачирхалтай нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг чөлөөлөх асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд тэр чигээрээ эсэргүүцсэн юм. МАН-ын бүлэг хоёр ч удаа Н.Батбаярыг сайдаас огцруулах асуудал тавьж байсан учир чөлөөлөх үү гэхээр “үгүй” гэж байгаа нь сөрөх гэж сөрж буйг нь батлаад өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан