Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УЙДААХ ЗАВГҮЙ УЛС ТӨР


Улстөрчдөөс бүрддэг улс төрийн ертөнц бужигнаантай байна. Хоёрхон хоногийн дотор, 48 цагийн хугацаанд Монголын улс төрд юу юу болоод өнгөрөв өө. Европ, Азийн орнуудын томоохон түншлэл АСЕМ-ын уулзалтыг манай улсад зохион байгуулах тов тодормогц Монголд төрийн эрх барьж буй намууд түншлэлээ баталгаажууллаа. Ерөнхий сайд парламентад эх орны эдийн засаг макро түвшиндээ дажгүй байна гэж ярихынх нь өмнөхөн өөрийг нь огцруулъя гэж УИХ-ын тогтоолын төсөл өргөн барихыг үзэв. Улс төр ийнхүү учраа олохгүй урд хойноо орж байх зуур төрийг тэргүүлэхээр түмэн олноос итгэл хүлээсэн эрхэм Ерөнхийлөгч Унгар улсад албан ёсны айлчлал хийгээд завгүй явна.


“Ардчилал жинхэнээсээ талийгч боллоо”

“Энхбаяр, Алтанхуяг хоёр нэгдлээ” гэж шуугиад эхэлсэн. Солонгосоос ирсэн экс Ерөнхийлөгч, танхимаа задалсан Ерөнхий сайд хоёр сиймхийг алдалгүй гэрээ байгуулж, 2024 он хүртэл төрийн эрхэнд байхаар тохиролцоод авлаа. Ингэхдээ улс төрд өнөөдөр олдсон боломжоо цаашид хадгалах зарчмаар буюу Ардчилсан нам 75 хувь, “Шударга ёс” эвсэл 25 хувийг аль ч шатанд хүртэнэ. Товчхондоо, хоёр намтай эвсэл байсан бол АН, МАХН, МҮАН гээд гурвуулаа болж аваад дараагийн гурван ч удаагийн сонгуульд “найзлах” аж. Тэдний тохиролцоо нь сонгуульд бие биедээ гай болж хоорондоо өрсөлдөх бус харин ч нэгнээ дэмжиж тэтгээд түүнийгээ хуваах тухай.

Үүнээс нэг л зүйлийг ойлгож болно. Парламентад хамгийн олон суудалтай Ардчилсан нам дараагийн гурван ч сонгуульд өвдөг шороодож, нүүрээ ороолгуулахаас эмээсэндээ ийм арчаагүй гэрээ санаачлан, байгууллаа.
Нөгөө талаас их намын бөөрнөөс сугарч унасан МАХН дараагийн гурван ч сонгуульд өнөөдрийнх шиг “өөх” олдохгүй байх вий гэж эмээсэндээ энэ гэрээг дуунаар дэмжин үзэглэв. Эрх баригчид энэ үйлдлээ “Засаглалын тогтвортой байдлыг хангаж, улс орноо хөгжүүлэх” хэмээн уран яруугаар тайлбарлаж байгаа ч эсрэг талд нь ардчиллыг “Ардчилсан” нам булшиллаа гэж эрс шулуунаар шүүмжлэх хүн ч олон байгаа юм.

Тэд гэрээнийхээ эхэнд “УИХ-ын 2012 оны сонгуулиар нийт сонгогчдоос манай намуудад итгэл үзүүлснийг АН болон МАХН хамтарсан Засгийн газар байгуулж тогтвортой ажиллах үүрэг даалгавар мөн гэж ухамсарлаад” гэж тодотгожээ. Гэвч өнөөгийн парламентын бүрэлдэхүүн нь зөвхөн 2012 оны нөхцөл байдалд тааруулсан сонголт гэдгийг “эвсэгчид” ойлгохгүй байгаа бололтой. Товчоор бол хамгийн сүүлийн парламентын сонгуулийн санал нь 2028 он хүртэл итгэж, сонгосон хэрэг биш. Жаран чавганц уралдуулсан ч нэг нь түрүүлдэгийн адил хоёр жилийн өмнө УИХ-д хүч үзсэн намуудаас арай дөнгүүр, найдаж болох нь л АН, “Шударга ёс” эвсэл байсан байж болох. Түүнээс биш 2016, 2020, 2024 оны сонгуулиар ч тэднийг тууштай дэмжинэ гэсэн үг биш юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэх, эрх чөлөө шударга ёс төлөвшүүлэх, улс орныхоо хөгжлийг хурдасгах, бүтээн байгуулалт хийх зорилтын хүрээнд манай хоёр нам Шинэчлэлийн Засгийн газар байгуулан хоёр дахь жилдээ ажиллаж байна. Монголд улс төрийн намууд хамтарч улс орныхоо хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө хамтран ажиллах бодит жишээг үзүүллээ” гэсэн. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Төр засгийн ажил тодорхой, урагшаа харсан байх ёстой, цаг алдаж болохгүй. Энэ гэрээнд гарын үсэг зурсан нь төр засгийн ажлыг цэгцэлж, том бүтээн байгуулалтын ажлыг хурдлуулна гэж найдаж байна.
Монголчууд бид цаг алдаж болохгүй, бид хөгжих ёстой, монгол хүн эх орондоо сайхан амьдрах ёстой, эх орондоо эзэн болох ёстой. Энэ бүхэнд хамтын ажиллагааны гэрээ тус болно” хэмээн ярилаа.

Манай улсын улс төрийн хамгийн халуун сэдэв болоод буй гэрээний асуудалд иргэд одоогийн эрх баригчийн нүхээ малтаж эхэллээ хэмээн харж байна. Гэвч эвсэж, хамтрах буюу өөрсдийнх нь хэлснээр “үйл ажиллагаагаа уялдууллаа” гэдэг 12 жил дараалан ард түмнээс дэмжлэг авах баталгаа биш юм. Ардчиллын “аминд хүрч”, жинхэнээсээ “талийгч” болгосон хүмүүст талархал бус ташуур очиж ч магадгүй нь.

АСЕМ Монголд

Монголын улс төр тогоондоо ид буцалж байхад дэлхийн улс орны анхаарал манай руу чиглэлээ. Ази-Европын уулзалт буюу “АСЕМ”-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг хоёр жилийн дараа манай улсад зохион байгуулах шийд гарсныг төрийн гурван өндөрлөг мэдэгдэв. УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар Төрийн ордонд мэдээлэл өгсөн бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали Улсын Милан хотоос цахимаар холбогдсон. Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтын ажиллагааны зарчимд тулгуурлаж өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явцыг АСЕМ гэж буй. Үүнд, Европын холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо/АСЕАН/-ны гишүүн 10 улс, Австрали, БНСУ, БНХАУ, Бангладеш, Казахстан, Монгол, Норвеги, ОХУ, Пакистан, Хорват, Швейцарь, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар гээд 53 гишүүн байдаг.

УИХ-ын дарга З.Энхболд “АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг 2016 онд Монгол Улс албан ёсоор зохион байгуулах эрхийг хүлээж авлаа. Энэ бол Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд хэрхэн үнэлэгдэж байгаагийн илэрхийлэл. Спортоор бол Олимп зохион байгуулах эрх авах хэмжээний чухал үйл явдал боллоо. Бид  уулзалтаа зохион байгуулах бэлтгэл ажлаа одооноос эхлэх хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв. Харин Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Энэ бол бидний өмнө хүлээж буй томоохон сорилт” хэмээн тодорхойлж байлаа. Учир нь, АСЕМ нь Ази, Европ хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, тулгарч буй сорилтыг хамтдаа даван туулах, хамтын шийдвэр гаргах олон талт яриа хэлэлцээний чухал суваг болж түүнийг зохион байгуулагч орон даргалдаг аж.

Ерөнхийлөгч Унгарт айлчиллаа

Хэлдэг гурав, хийдэг ганц гэдэг шиг Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч л хамгийн завгүй яваа нь. Тэрээр Италийн Милан хотод болсон АСЕМ-ийн дээд түвшний уулзалтад оролцож дуусаад Унгарт албан ёсны айлчлалаа эхлүүлсэн. Түүнийг Будапешт хотноо Унгарын Ерөнхий сайд  Виктор Орбан  парламентын ордныхоо өмнө хүндэтгэн  угтаж, өргөтгөсөн уулзалт хийжээ. Тэрээр “Бидний өвөг дээдсийн 1100 жилийн өмнө нүүдэллэн ирсэн үүх түүх, дотоод сэтгэлд түүхэн улбаатай төдийгүй Унгар Монгол хүмүүс ах дүү, дээд овгийнхоо тухай ярьдаг. Манай хоёр улсын хувьд хамтын ажиллагаагаа бүхий л хүрээнд  өргөжүүлэн хөгжүүлэх нь зүй ёсны хэрэг” хэмээн хүндэтгэлээ илэрхийлэв. Тус улс хөдөө аж ахуй, инженерийн технологийн салбарт нэлээд туршлагатай бөгөөд одоогоор 72 монгол оюутан сурч байгаа аж. Хэрэв манай улсаас хүсэлт гаргавал тэтгэлэгтэй оюутан хүлээн авахад бэлэн хэмээв.

Энэ онд Монгол, Унгар хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 64 жилийн  ой тохиож буй. Тус улсаас Улаанбаатар хотод элчин сайдын яамаа дахин нээхээр төлөвлөж  байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж угтан авсанд хариу талархал илэрхийлээд “Бид мал аж ахуй,малын эрүүлжүүлгийн асуудал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой. Мөн хүнсний үйлдвэр, усны аж ахуй, боловсрол, геологи, аялал жуулчлалын олон салбарт хамтрахад бэлэн байна. Суралцаж төгссөн оюутан эргээд дадлагажих боломж олгох тал дээр ажиллах хэрэгтэй” хэмээлээ. Уулзалтын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг  Унгарын Ерөнхийлөгч Янош Адер хүлээн авч  ганцаарчилсан уулзалт хийж, зоог барьжээ.
Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн маань “Унгар-Монголын бизнес форум”-д оролцож үг хэллээ. Бизнес форумд Монголын 26 компани, Унгарын 80 гаруй компанийн төлөөлөгч оролцсон байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Будапешт хотноо Төв Европын их сургуулийг үндэслэгч Жорж Соростой уулзаж, их сургуулиар зочлон лекц уншлаа.

Төрийн тэргүүний айлчлалтай давхацсан өөр нэг чухал үйл явдал нь Өтвөш Лорандын нэрэмжит Эрдмийн их сургуульд Монгол Судлалын Төв нээх ажиллагаа байжээ. Ерөнхийлөгч гадаад улсад Монгол орноо сурталчлахыг ихээхэн онцолдог учир Монгол судлалын төвийн нээлтэд оролцсон байна. Унгарын хамгийн эртний, хамгийн том энэ сургуульд 26 мянга орчим оюутан сурдагаас жил бүр долоон мянган оюутан 130 мэргэжлээр төгсдөг аж.

Ерөнхий сайд: Эдийн засаг макро түвшиндээ өсч байна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг парламентын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын макро эдийн засаг өнгөрсөн есөн сард макро түвшиндээ сайн байгаа гэж мэдээллээ. Жишээ нь, оны эхний хагас жилд 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ өмнөх оныхоос 5.3 хувиар өссөн. Оны үнээр тооцвол бүр 14.6 хувиар өссөн гэв. Уул уурхайн салбарын нэмэгдэл өртөг 16.1 хувь, хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг 16.3 хувиар тус тус өссөн нь эдийн засгийн бодит өсөлтөд гол нөлөөлсөн гэлээ. Мал аж ахуйн салбарт 17 сая төл хүлээн авч, малын тоо толгой 13 хувиар, тариалсан талбайн хэмжээ 437 мянган га-д хүрч, 6.6 хувиар өсчээ. Гадаад валютын төгрөгтэй харьцах ханш есдүгээр сард харьцангуй тогтворжиж, наймдугаар сарын түвшингээс бага зэрэг буурлаа. 2014 оны нэгдүгээр сараас хойш алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 2014 оны наймдугаар сард 14.9 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь тогтмол өндөр алдагдалтай гардаг байсан урсгал данс 126 сая ам.долларын ашигтай гарсантай холбоотой гэж тайлбарласан. Гадаад худалдааны нийт бараа эргэлт он гарсаар найман тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувийн өсөлттэй гэнэ.

Инфляцын түвшин 2014 оны есдүгээр сарын байдлаар оны эхнээс 8.5 хувь, өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 13 хувь тус тус өссөн аж. “Инфляцын түвшин өндөр байгаа хэдий ч өсөлтийн түвшин саарах хандлагатай байна” гэх өгүүлбэрийг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдсан. Цаашид он дуусахад нийт экспорт 5.3 тэрбум ам.доллар, тэр дундаа уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.2 сая, нүүрс 18 сая тоннд хүрэх төлвийг ажиглажээ. Харин нийт импортын хэмжээ 5.5 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцолж байв.

Харин УИХ-ын зарим гишүүдийн асуултад хариулахдаа тэрээр дараах зүйлсийг онцолсон. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийг төсвийн орлоготой уялдуулан хийдэг болохоор төсвийн орлого тасалдсан нь хөрөнгө оруулалтын санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаагийн шалтгаан гэж тэрээр хэллээ. Эбола вирусын халдвараас сэргийлэх талаар тодорхой мэдээллийг ҮАБЗ-д танилцуулан тус зөвлөлөөс зөвлөмж гаргасныг хил, гаалийн албадад хүргүүлээд байгаа аж. Эмч нарыг сургалтад хамруулан, бэлэн байдлаа ханган ажиллаж эхэлжээ. Эбола вирусын тархалт гарсан улс оронд зорчоод ирсэн 20-иод хүнийг хяналтад аван ажилласан гэв. Импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх 888 төсөл шалгаруулснаас 146 төслийн санхүүжилт батлагдаж, 211 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна.

“Ийм Ерөнхий сайдыг огцруулъя”

Солонгосын олон ангит кинонуудад л учир нь олдож, шийдэгдэх нь үү гэхэд дахиад нэг лай ланчиг ургадаг үйл явдал гардаг гэж бодтол Монголын улс төр ч түүнтэй агаар нэг аж. Бараг хоёр жилийн өмнөөс Засгийн газрын эсрэг олон янзаар цохилт, сөрөг довтолгоо хийж ирсэн Монгол Ардын намынхан энэ удаа ч зүгээр сууж тэвчсэнгүй. “Ийм Ерөнхий сайдтай байгаад яах юм, огцруулъя” хэмээн бүлгээрээ+2=бүгдээрээ гарын үсэг зуржээ. Тодруулбал, УИХ-д сонгогдсон тус намын 26 гишүүн дээр нэмээд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Л.Цог, Ардчилсан намаас Ж.Батзандан нар Ерөнхий сайдыг огцруулах хүслээ илэрхийлэв. Тэднийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар нар ангийн дарга З.Энхболдод тогтоолын төсөл өргөн барилаа.
Төслийн үндэслэлд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй. Төсвийн тухай хууль, тогтоомжийг удаа дараа зөрсөн. Засгийн газрын ажлыг зангидан зохион байгуулах үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, ноцтой алдаа дутагдал удаа дараа гаргасан. Тиймээс огцруулчихъя гэх саналаа өргөн барихаар болсон гэлээ. УИХ-ын даргад төсөл өргөн барьсан дөрвөн гишүүн тус бүр үндэслэлээ тайлбарлаж байсан ч дараах байдлаар тоймлож болох юм. Хуулийн хүрээнд дутуу ажиллаж, УИХ-ын тогтоол, түүний хэрэгжилтийг хангаагүй. Тиймээс хариуцлага тооцож, эрх ашгийн эрэмбэ ба ёс зүй, хуулийн хариуцлага тооцохыг шаарджээ. Засгийн газар судалгаагүй, бодлогогүй зарцуулсан их хөрөнгө улс орны эдийн засгийг өсгөх бус өвчлүүлж байгааг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын хөндлөнгийн байгууллагууд дүгнэлээ гэж хэлж байв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан