Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Вандансүрэн: Нэгдлийн хөрөнгийг хувьчлуулах гэж тэмцэж байлаа


МоАХ энэ жил 25 жилийнхээ ойтой золгож байгаа билээ. 25 насны босгон дээр Монголын өнцөг булан бүрт ардчиллын үрийг суулгаж явсан анхдагчид манай сонины хойморт уригдаж байгаа юм. Энэ удаад Завхан аймгийн Цэцэн-Уул сумын МоАХ-ны салбар зөвлөлийн зохицуулагч А.Вандансүрэн, тэргүүлэх зөвлөлийн гишүүн С.Ганболд нартай сум орон нутагт нь ардчилсан хөдөлгөөн хэрхэн өрнөж байсан талаар ярилцлаа. С.Ганболд “МоАХ бол Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг өөрчлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг бий болгосон юм. Би тэр үед сумын ЕБС-д багшилдаг байлаа. Тэгээд биднийг сумын намын үүрийн дарга цуглуулаад нууц захидал яваад байна. Хэрэв та бүхэнд ирэх юм бол нам засгийнхаа өмнө шударгаар илчилж авч ирээрэй. Ардчиллыг дэмжсэн хурал зөвлөгөөнд оролцож болохгүй. Хэрэв оролцсон бол хатуу шийтгэнэ гэсэн үүрэг даалгавар өгч байлаа. Тэгээд МоАХ-ны тэр үеийн удирдлагуудыг ийм тийм нөхөр гэж муулдаг байсан. Гэсэн хэдий ч бид өөрийн итгэл үнэмшлээрээ өдий хүртэл явж ирлээ.  Одоо бол хувь хүний ардчиллын үзэл бодол цэгцэрч өөр өөрийн өнцгөөс ханддаг болсон. Иймд хамгийн гол нь тухайн сум орон нутаг бүр ардчиллын түүхээ үнэн  зөвөөр нь гаргаж цэгцэлж авах хэрэгтэй байгаа юм” хэмээн бидний яриа эхэлсэн.
Харин А.Вандансүрэнгийн яриаг уншигч танд хүргэе.

-Улаанбаатар хот төдийгүй аймгийн төвөөс алслагдсан суманд ардчилсан хөдөлгөөн анх хэрхэн өрнөж байв?
-Алс бөглүү гэлтгүй манай суманд 1990 оны нэгдүгээр сараас ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн. Манай сумын уугуул Гомбодорж багш аймгийн боловсролын хэлтэст ажиллаж байв. Тэр үед ажлын шугамаар ирэхдээ аймгийн төвд Ардчилсан холбоо байгуулагдлаа. Суманд салбар зөвлөл байгуулах хэрэгтэй байна.  Бидний үйл хэргийг дэмжих хүмүүс элсүүлж байгаарай. Би хэд хоноод эргэж ирж хурал хийнэ гэсэн. Тухайн үед би сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш байлаа. Ингээд гуравдугаар сарын 20-нд ирсэн. Миний өрөөнд найман хүн цуглалаа. Нэрийг нь дурдвал Амгаланбаатар, Магсаржав ах /ойлон Маагаа/, Батчулуун /сумын сайн дурын уран сайханч дуучин/, Ганболд, Цагаанхүү /багш/, Төмөрбаатар /эмч/,  Амартөр бид хэд байлаа. Манай суманд МоАХ анх ингэж байгуулагдсан түүхтэй. Миний хувьд амралтаар ирсэн оюутнууд, хот хүрээнээс ажлаар явсан хүмүүсийн ярианаас ардчилсан хөдөлгөөнийг дэмжих нь зүйтэй юм байна гэж ойлгосон  байсан.

-МоАХ байгуулагдахдаа нэ­лээд эсэргүүцэгч ихтэй, бэрх­шээлтэй байсан гэдэг. Танай суманд хэрхэн хүлээж авсан бэ?  
-Бид анхны хурлаараа хөтөлсөн протколын гар бичмэл нь бий. Мөн  МоАХ-ны зохицуулагч гэсэн үнэмлэхтэй. Түүнээс биш одооных шиг тамга тэмдэг байгаагүй. Гишүүний батлах өгч, гишүүн элсүүлсэн хүснэгт хийдэг байсан. Энэ бол түүх учраас одоо хүртэл хадгалж байдаг юм. Манай сумын МоАХ-ны анхны даргаар сумын их эмч Төмөрбаатар сонгогдож байлаа. Тэгээд МоАХ-ны тэргүүлэгч гишүүд  хүн нэмж элсүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч бид үйл ажиллагаагаа хамаагүй ил явуулж болохгүй.  Тэр үед сумын намын үүрийн дарга, сургуулийн захирал ардчиллыг эсэргүүцэнэ. Иймд бид дэмжих болов уу гэсэн хүндээ л хандаж нууц байдлаар ажилладаг  байсан. Тухайн үед МоАХ-нд элсэх хүн их олон байлаа. Манай сумын малчид говь руу нүүж отор хийж өвөлждөг. Тэгээд хавар нь говьд өвөлжөөд ирсэн Гэндэн гааяа, Чимэд аамаа нар гэр бүл, хүүхдүүдтэйгээ элссэн юм. Үүнээс хойш 1990 оны зургадугаар сард Ардчилсан нам байгуулагдаж, хүмүүсийн үзэл бодол,  цаг үе арай эерэг болж ирсэн. Манай сумын МоАХ-ны дарга Төмөрбаатар 1990 оны наймдугаар сард шилжээд явсан. Тэгээд МоАХ-ны даргын ажлыг би хүлээж аваад өнөөг хүрч байна.

-Ардчиллын анхдагчид маань хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, одоо ч зүтгэж байгаа гэдгийг хүмүүс мэднэ. Анхлан хийсэн ажлуудын тухай та дурсаач?
-Улс оронд Ардчилсан хувьсгал ялсны дараа өмч хувьчлал ид яригдаж эхэллээ. Гэтэл сум орон нутгийн удирдлагууд, нэгдлийн зөвлөлийн гишүүд өмч хувьчлал хийхгүй гэж хүчтэй эсэргүүцдэг  байв. Бид хийх нь зүйтэй, нэгдлийн хөрөнгө бол иргэдээс хураасан зүйл. Иймд иргэдэд буцаан өгч өмч хөрөнгөтэй болгох нь зүйтэй  гээд хурал зөвлөгөөн нэлээд хийж байлаа. Биднийг сумын иргэд ч дэмжиж  байсан. Ингээд нэгдлийн хөрөнгийг хувьчилж иргэд хувийн өмчтэй болсон юм. Энэ бүгд одоо түүх болоод л үлдэж дээ. Ер нь Ардчиллыг дэмжиж явсан хүмүүс тухайн үед их хавчигдаж  байсан. Эрх чөлөөтэй сайхан цаг ирсэн хэдий ч өнөөг хүртэл сайн нэр дуулалгүй хорвоог орхисон хүн олон бий.  Наад зах нь төрийн шагнал урамшуулал, дэмжлэг туслалцаа гээд олон зүйлээс байнга хасагдаж ирсэн. Гэсэн  ч итгэл, сэтгэл буураагүй ардчиллын төлөө зүрх сэтгэлээсээ зүтгэсэн юм. Ийм ахмадуудаа төр засаг  анхаарч үзээсэй л гэж бодож байна.

-Одоо танай суманд МоАХ-ны үйл ажиллагаа ямар хэмжээнд байна вэ?
-Ардчилсан холбооны үйл ажиллагаа 1996 оны сонгуулиас хойш орон нутагт суларсан. Өнгөрсөн онд МоАХ-ны анхдагч гишүүдийн хурал аймгийн төвд боллоо. Тэгээд  сум орон нутагт МоАХ-ны үйл ажиллагааг сайжруулах талаар ярьсан. Дараа нь МоАХ  суманд яаж үүссэн талаарх түүх, судалгаа хийх, анхдагч гишүүдийн нэрсийг тодруулах албан бичиг үүрэг авсан. Бид одоо анхдагч гишүүдийнхээ  анкет, түүх маягийн зүйл гаргаад байгаа. Аймгийн Ардчилсан холбооноос хүмүүс сумдаар явж цуглуулж авах, заавар зөвлөгөө өгнө гэсэн. Өнөөдөр анхны идэвхтэй гишүүдээс ихэнх нь бурханы оронд одсон.  Манай суманд анх Ардчилсан холбооны салбар байгуулж байсан найман хүнээс би л ганцаараа үлдээд байна. Амьд байгаа хүмүүс нь нийслэл, аймгийн төв рүү шилжээд явсан. Одоо л анхны гишүүдээ бүртгэж авч баталгаажуулахгүй  бол түүх гуйвуулж мэдэх нь. Би хамгийн анх ардчилсан холбоонд элсч байсан  гэх хүн захаас аваад гарч ирж байна. Тухайн үед энэ залуучуудыг буудаач гээд эсвэл өөр суртал ухуулга хийгээд явж байсан хүн ардчиллын анхдагч гэж яриад явдаг болж. Иймд бодит түүхийг үнэнээр бичих цаг үеийн шаардлага тулгарч байгаа юм.

 Т.ЖАНЦАН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан