Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Алтанхуягийн эсрэг дахин нэг мэдэгдэл


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр олон нийтэд мэдэгдэл хийлээ. Тэрээр АН дарга Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авч байгаагаа илэрхийлэн нийслэлийн ардчилсан намын мэдэгдлийг хэвлэлийнхэнд танилцуулсан юм.

Энэ мэдээлэл намжаагүй байхад МоАХ-ны Өвөрхангай аймгийн салбар зөвлөлөөс Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн үзгэлсэн гэрээний эсрэг байгаагаа дурдаж мэдэгдэл гаргасан нь сошиал ертөнцөөр тарж эхэллээ.

Уг мэдэгдэлд "2014 оны 10-р сарын 18-нд АН-ын дарга Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар "АН, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээ" гэгчийг байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн сайтуудаар гарлаа.

1989 онд байгуулагдсан МоАХ бол АН-ын эцэг байгууллага. Энэхүү гэрээ гэгчийг МоАХ-ны Өвөрхангай аймгийн гишүүд дэмжигчид цочирдон гайхаж хүлээн авч үзлээ, харлаа. Улс даяар "Авилгын загалмайлсан эцэг" гэдэг нэрээрээ алдаршсан Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсныг МоАХ-ны гишүүд дэмжигчид, ардчиллын төлөө саналаа өгдөг мянга мянган хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг гэж үзэж байна.

Энэ гэрээг хийснээр намын эв нэгдлийг бусниулж, Ардчилсан нам цаашлаад Монголын ардчилалд итгэх олны итгэлийг сулруулж байгаа хариуцлагыг эрхэм намын дарга Н.Алтанхуяг та хүлээх ёстой.

Ардчилсан намын дүрмээ зөрчсөн энэ гэрээг АН-ын ҮЗХ нэн даруй хуралдаад шийдвэрээ гаргахыг шаардаж байна." гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан